Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/434  

 

2021          07         28                       2021/ШЦТ/434  

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч И.Ариунсанаа,

Шүүгдэгч Д.Н /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Иргэний нэхэмжлэгч Б.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жүгдэр овогт Д.Нд холбогдох эрүүгийн 2111 00299 0552 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 05ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Жүгдэр овогт ДН, Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 11ий өдөр Завхайн аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, 2 дүү, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 12-7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............................................./.

Шүүгдэгч Д.Н /яллах дүгнэлтэнд дурдснаар/ нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны шөнө А.Анхболдын машиныг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт жолоодон явж байхдаа Б.Ганжаргалын “Айфоне экс эс” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.050.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Нгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Шөнө унтаж байхад 02 цагийн үед Анхболд хамаатны дүү Шинэбаяр болон Гантулга нарын хамтаар ирээд намайг аваад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхит гэх газар очсон. Тэнд очоод Шинэбаяр, Гантулга нар үлдээд би Анхболдыг аваад автомашиныг жолоодоод гэр лүүгээ явсан. Анхболд нилээн их согтсон тасраад унтаад яваад байсан. Би явж байгаад автомашины голын хайрцгийг нээж үзэхэд айфоне экс эс загварын гар утас байсан уг утсыг авчихсан юм ...” гэх мэдүүлэг /хх-113-114х/,

Шүүгдэгч Д.Нгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.  

Иргэний нэхэмжлэгч Б.Билгүүнээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би Айфоне загварын гар утас засдаг бөгөөд фейсбүүкээс эвдэрсэн утас авдаг бөгөөд Айфоне хэрэглэгчид гэх групп дээрээс зарын дагуу Д.Н гэдэг хаягаас над руу зурвас бичсэн бөгөөд би уулзаж утсыг нь авсан. Нийт 650.000 төгрөг авах ёстойгоос 340.000 төгрөг авах дутуу байгаа. 340.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Б.Ганжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр найзуудын хамт явж байгаад Хайлаастаас Анхболдын машиныг аваад цэцэрлэгт хүрээлэн орсон. Явж байхдаа Намуунд утсаа өгөөд цэнэглэчих гэж хэлсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байх ЭБО төвийн үүдэнд ирээд Шинэбаяр, Гантулга нар Анхболдын машиныг аваачиж өгөхөөр явсан. Би утсаа байхгүй байгааг мэдээд Намуунаагаар Шинэбаяр луу залгуулж утас аваарай гэж хэлүүлсэн. Маргааш өглөө нь Шинэбаяраас утсаа асуутал мартсан байна гэж хэлсэн. Орой нь Анхболдын гэрт очиж утсаа асуусан чинь машинаа угаалгасан утас гарч ирээгүй гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-20-21х/,    

Гэрч О.Шинэбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би тухайн өдөр хамаатны ах Анхболдын машиныг авч явж байгаад машиныг нь өгөх гээд хөдлөхөд Ганжаргал утас цэнэглээрэй гэж хэлсэн. Тэгээд Гантулга бид 2 хөдлөөд Салхит 2 дээр очиход Анхболд ах нилээн согтсон байхаар нь машины хойно суулгаад гэрийнх нь үүдэнд очиход найз охин Нямсүрэн гэрээс нь гарч ирээд буцаад Салхит 2 ороод Гантулга бид 2 Анхболд ахын найзуудтай нь уулзаж байсан чинь Нямсүрэн машиныг аваад явсан. Тэгээд Батхүүгээр хүргүүлж байхдаа Нямсүрэн рүү залгаад машин дотор утас байгаа одоо очоод авъя гэж хэлсэн. Анхболд ахын үүдэнд ирээд хашаа руу нь ороод машиных нь хаалгыг татсан чинь цоожтой байсан. Нямсүрэн миний гар утсыг гаргаж өгсөн. Тэгээд машинаас нь цамц утас цэнэглэгч, повер банк, Гантулгын утас зэргийг авсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд Ганжаргал надаас утсаа нэхсэн. Тэгэхээр нь чиний гар утас Анхболд ахын машинд байгаа байх гэж хэлсэн. Ганжаргал утас цэнэглээрэй гэж хэлэхэд утас нь машины голын хайрцаганд байсан ...” гэх мэдүүлэг /хх-39-40х/,

Гэрч А.Анхболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Шинэбаяр машин ирж авчихаад шөнө 02 цагийн орчимд авчирч өгсөн байх. Тэгээд Шинэбаяр, Гантулга 2 утас цэнэглэгчээ мартчихлаа гээд ирээд авсан.  Маргааш нь Ганжаргал ирээд ахаа машинд чинь утсаа үлдээсэн юм шиг байна гээд машин ерөөсөө хөдлөөгүй, ороод үз гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-34-35х/,

Гэрч Г.Чулуунчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр найз Нямсүрэн өөрийн Д.Нямка гэсэн фейсбүүк хаягнаас зурвас бичээд найз нь айфоне экс эс загварын гар утас олсон юм, уг гар утас кодтой юм байна, зармаар байна ... гэж асуусан. Тухайн үед анзаараагүй байж байгаад айфоне сонирхогчид гэсэн фейсбүүк групп дээр код гаргана гэсэн itgel munkh нэртэй хүний зар гарч ирэхээр нь зургийг нь аваад Нямсүрэн рүү явуулсан. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Нямсүрэн надтай холбогдоод нөгөө гар утсаа хүнд үзүүлэх гэсэн юм найзтайгаа хамт яваад өгөөч гэсэн. Тэгээд хамт яваад гар утас авах залуутай Нямсүрэн уулзаад 650.000 төгрөгөөр зарах болсон. Тэр залуу дансаар мөнгөө шилжүүлнэ гэхэд Нямсүрэнд данс байхгүй байсан тул миний данс руу шилжүүлсэн. Тэгээд миний данснаас АТМ орж мөнгөө авсан ба мөнгөө авахдаа 600.000 төгрөгийг Нямсүрэн өөрөө аваад 50.000 төгрөгийг хамт явж өгсөнд баярлалаа гээд үлдээсэн ...” гэх мэдүүлэг /хх-103х/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-69-71х/,

Скайтел ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 21/3217 дугаартай албан бичиг /хх-68х/,

Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-61-62х/,

Шүүгдэгч Д.Н болон иргэний нэхэмжлэгч Б.Билгүүн нар фейсбүүкээр харьцсан зурвасны зураг болон гар утас 650.000 төгрөгөөр худалдсан баримт /хх-73-74х, 76х/,

Хохирогч Б.Ганжаргалын гар утсыг иргэний нэхэмжлэгч Б.Билгүүнээс хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-77-80х/,

Шүүгдэгч Д.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-85х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Дашгэндэнгийн Нямсүрэн /яллах дүгнэлтэнд дурдснаар/ нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны шөнө А.Анхболдын машиныг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт жолоодон явж байхдаа Б.Ганжаргалын “Айфоне экс эс” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.050.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсаны улмаас 1.050.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Ганжаргалын гар утсыг буцаан өгч хохирлыг барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Б.Билгүүнд учруулсан хохирол болох 650.000 төгрөгнөөс 310.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 340.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Билгүүнд олгох нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Д.Нг эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жүгдэр овогт Д.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсаны улмаас 1.050.000 төгрөгний хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Нгээс хохирлын 340.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Билгүүнд олгосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ё.ЦОГТЗАНДАН