| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2021/0401/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/435 |
| Огноо | 2021-07-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/435
2021 07 28 2021/ШЦТ/435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Шүүгдэгч Ж.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,
Хохирогч Б.Ариунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шил овогт Ж.Ат холбогдох эрүүгийн 2111 00000 0616 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Шил овогт Ж.А, Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 29-299 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22-371 тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:................................................./.
Шүүгдэгч ЖАыг /яллах дүгнэлтэнд дурдснаар/ 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22-371 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Б.Ариунгэрэлийн эрүүл мэндэд нь “...зүүн зовхи, зүүн чихний ард, зүүн эгэм, баруун хөх, шилбэнд цус хуралт, зүүн чихний дэлбэнд шарх ...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Тэгээд нэлээд согтоод байж байхад манай эхнэр Ариунгэрэл орой 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 22-371 тоотод байх гэртээ ирсэн юм. Тэгээд гэрт ирэхээр нь би гадуур яваад гэртээ байсангүй чи гээд маргалдаж байсан ба би нилээн их согтсон байсан болохоор юу хэлсэн ярьсан зүйлээ сайн санахгүй байгаа юм. Тэгсэн манай эхнэр Ариунгэрэл миний өөдөөс хэрүүл хийхээр нь миний уур хүрээд эхнэрийн толгой болон нүүр лүү гараараа цохиж байсныгаа санаж байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-35-36х/,
Шүүгдэгч Ж.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Ариунгэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр би ажилгүй амарч байсан юм. Тэгээд би гадуур ажил хөөцөлдөх ажилтай болоод Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 22-371 тоотод байх гэрээсээ 09 цагийн үед гарсан юм. Тэгээд гадуур явж байгаад орой19 цагийн үед гэртээ харьсан. Тэгээд гэрт ирсэн чинь манай хамтран амьдрагч Амарбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба намайг хараад гэнэт уурлаад хашаа хороо янзлах барилга байшингийн ажилтай байхад намайг ганцааранг нь ажил төрөл хийлгээд өөрөө ганцаараа гадуур явчих юм гээд үглээд байхаар нь би утсаа хараад сууж байтал намайг юм яриад байхад тоосонгүй гээд миний толгой болон зүүн талын хацар нүд болон чих хэсэг рүү цохиод зодоод байхаар нь би гараараа толгойгоо хаасан чинь миний зүүн гарын шуу руу цохиод байсан. Мөн намайг орноос унагаагаад хөл гар болон толгой руу 2-3 удаа өшиглөж намайг зодсон. Тэгээд би намайг битгий зодооч гэж гуйж байгаад болиулчихаад бие засаад ирье гэж худлаа ярьж байгаад гэрээс гараад цагдаад дуудлага өгөөд Амарбаярыг бариулаад явуулсан ...” гэх мэдүүлэг /хх-9х/,
Хохирогч Б.Ариунгэрэлээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би цагдаа дуудаад Ж.Аыг эрүүлжүүлэхэд өгсөн. Маргааш нь эрүүлжүүлэхээс гарч ирээд манай гэрийн хаалгыг сүхээр цавчиж орсон байсан. Залгаад хаалга янзалж өгөөч гэхээр утсаа авахгүй байсан. Хаалгаа янзлуулахыг хүсэж байна” гэв.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 4891 тоот шинжээчийн дүгнэлтэд: “Б.Ариунгэрэлийн биед зүүн зовхи, зүүн чихний ард, зүүн эгэм, баруун хөх, шилбэнд цус хуралт, зүүн чихний дэлбэнд шарх, гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-18-19х/,
Шүүгдэгч Ж.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-23х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-26х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Жалхаагийн Амарбаярыг /яллах дүгнэлтэнд дурдснаар/ 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22-371 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Б.Ариунгэрэлийн эрүүл мэндэд нь “...зүүн зовхи, зүүн чихний ард, зүүн эгэм, баруун хөх, шилбэнд цус хуралт, зүүн чихний дэлбэнд шарх ...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Ариунгэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаар гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй ба хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Ж.Аыг эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ат оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шил овогт Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг согтуугаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аыг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ат оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН