Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/451

 

 

 

 2021         08         02                                    2021/ШЦТ/451

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч Б.О /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Хохирогч Ц.Наранбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Од холбогдох эрүүгийн 2111 00000 0469 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Б.О, 1979 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Төв аймгийн Баян сумын 3 дугаар баг, Цавчир бамбар 3 дугаар гудамж 1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхит 4-2 тоотод түр оршин суух,

           Урьд: Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ............................

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 4-2 тоот дахь иргэн Ц.Наранбаярын эзэмшлийн хашаанд амьдарч байхдаа, түүнд мануулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 990.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 метрийн өндөртэй 1 ширхэг лед гэрлэн хаяг, 540.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 метрийн урттай 9 ширхэг гуалин мод, 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг шавар зуурагчны цахилгааны мотор, редуктор зэргийг завшиж бусдад нийт 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “ ...би хэлээгүй, өөрөө дур мэдэн зарсан юм. Намайг зарж борлуулаарай гэж зөвшөөрөл өгөөгүй юм ...би мэдэхгүй байна, үл таних хүмүүс ирээд л надаас худалдан аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-42-44х/,

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Надад мөнгөний хэрэг гараад 1900 1950 руу утсаар ярьж дуудлагаар очсон” гэв.

Хохирогч Ц.Наранбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үнэлгээний газар хуучин ашиглаж байсан редуктерийн үнэ таарсан байсан. Лед гэрлэн хаягийг багаар үнэлсэн байсан. Мөрдөгчдөө багаар үнэлсэн байна. Дор хаяж 2.000.000 төгрөг байх ёстой гэж бичгээр хүсэлт гаргаж өгсөн” гэв.

Хохирогч Ц.Наранбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2015 онд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 4-2 тоот өөрийн хашаандаа үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар байшин барилга бариулсан юм ... 2016 оноос Очирваань гэх хүн холбогдоод манай хашаанд өөрийн гэрээ бариад амьдрах болсон ба би уг хүнээс хашааны түрээсийн мөнгө төгрөг авдаггүй, хашаа эзэнгүй байлгаж байхаар гээд олон нялх нойтон хүүхэдтэй болохоор амьдруулж байсан ...2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хашаандаа очиход манай хашаанд хураалгатай байсан 9 ширхэг бөөрөнхий 2 метрийн урттай гуалин мод, 3 метрийн өндөртэй 1 метрийн өргөнтэй лед гэрлэн хаяг 1 ширхэг, цахилгаан мотор редуктор 1 ширхэг хамт алдагдсан байсан. Тэгээд эд зүйлээ хайгаад Очирвааниас асуухад Очирваань уг эд зүйлсийг 2021 оны 03 дугаар сард надад мэдэгдэхгүйгээр дур мэдэн аваад зарж борлуулсан байсан ...Очирваань нь манай хашаанд амьдарч байгаа тул өөрийн хашаанд байх эд зүйлсийг харж хандаж байхыг амаар хариуцуулан хэлж мэдэгдэж байсан. Түүнээс биш албан ёсоор бичиг цаасан дээр хүлээлцэж өгсөн баримт байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-10-11х/,

Гэрч Б.Оюунсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манайх манаачаар уг хашаанд бууж цалин мөнгө авахаар тохироогүй, мөн түрээсийн төлбөр ч бид нараас авч байгаагүй, зүгээр хашаагаа эзэнгүй байлгаж байхаар гээд л манайх болон ахыг амьдруулдаг юм ... Тэгсэн 2021 оны 04 дүгээр сарын эхээр хашаанд байсан цахилгааны мотор, редуктор болон 9 ширхэг гуалин бөөрөнхий хураалгаатай мод зэрэг харагдахгүй байхаар нь би ах Очирвааниас уг эд зүйлс хаачсан талаар асуухад ...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөнгөний хэрэг гараад зарчихсан гэсэн ...” гэх мэдүүлэг /хх-18х/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ЧД2-21-245 дугаартай дүгнэлт /хх-20-21х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-25-26х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Бямбаагийн Очирваань нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 4-2 тоот дахь иргэн Ц.Наранбаярын эзэмшлийн хашаанд амьдарч байхдаа, түүнд мануулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 990.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 метрийн өндөртэй 1 ширхэг лед гэрлэн хаяг, 540.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 метрийн урттай 9 ширхэг гуалин мод, 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг шавар зуурагчны цахилгааны мотор, редуктор зэргийг завшиж бусдад нийт 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Очирвааниас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “ ...би хэлээгүй, өөрөө дур мэдэн зарсан юм. Намайг зарж борлуулаарай гэж зөвшөөрөл өгөөгүй юм ...би мэдэхгүй байна, үл таних хүмүүс ирээд л надаас худалдан аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-42-44х/,

шүүгдэгч Б.Очирвааниас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Надад мөнгөний хэрэг гараад 1900 1950 руу утсаар ярьж дуудлагаар очсон” гэв.

хохирогч Ц.Наранбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Үнэлгээний газар хуучин ашиглаж байсан редуктерийн үнэ таарсан байсан. Лед гэрлэн хаягийг багаар үнэлсэн байсан. Мөрдөгчдөө багаар үнэлсэн байна. Дор хаяж 2.000.000 төгрөг байх ёстой гэж бичгээр хүсэлт гаргаж өгсөн” гэв.

хохирогч Ц.Наранбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2015 онд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 4-2 тоот өөрийн хашаандаа үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар байшин барилга бариулсан юм ... 2016 оноос Очирваань гэх хүн холбогдоод манай хашаанд өөрийн гэрээ бариад амьдрах болсон ба би уг хүнээс хашааны түрээсийн мөнгө төгрөг авдаггүй, хашаа эзэнгүй байлгаж байхаар гээд олон нялх нойтон хүүхэдтэй болохоор амьдруулж байсан ...2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хашаандаа очиход манай хашаанд хураалгатай байсан 9 ширхэг бөөрөнхий 2 метрийн урттай гуалин мод, 3 метрийн өндөртэй 1 метрийн өргөнтэй лед гэрлэн хаяг 1 ширхэг, цахилгаан мотор редуктор 1 ширхэг хамт алдагдсан байсан. Тэгээд эд зүйлээ хайгаад Очирвааниас асуухад Очирваань уг эд зүйлсийг 2021 оны 03 дугаар сард надад мэдэгдэхгүйгээр дур мэдэн аваад зарж борлуулсан байсан ...Очирваань нь манай хашаанд амьдарч байгаа тул өөрийн хашаанд байх эд зүйлсийг харж хандаж байхыг амаар хариуцуулан хэлж мэдэгдэж байсан. Түүнээс биш албан ёсоор бичиг цаасан дээр хүлээлцэж өгсөн баримт байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-10-11х/,

гэрч Б.Оюунсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манайх манаачаар уг хашаанд бууж цалин мөнгө авахаар тохироогүй, мөн түрээсийн төлбөр ч бид нараас авч байгаагүй, зүгээр хашаагаа эзэнгүй байлгаж байхаар гээд л манайх болон ахыг амьдруулдаг юм ... Тэгсэн 2021 оны 04 дүгээр сарын эхээр хашаанд байсан цахилгааны мотор, редуктор болон 9 ширхэг гуалин бөөрөнхий хураалгаатай мод зэрэг харагдахгүй байхаар нь би ах Очирвааниас уг эд зүйлс хаачсан талаар асуухад ...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөнгөний хэрэг гараад зарчихсан гэсэн ...” /хх-18х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ЧД2-21-245 дугаартай дүгнэлт /хх-20-21х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24х/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-25-26х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Очирваанийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшиж нийт 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Дамно хөрөнгийн үнэлгээний тайлангийн үнэлгээний дүнгээр хохирогчийн эд хөрөнгө нь 1.650.000 төгрөг /хх-20-21х/-р үнэлэгджээ.

Шүүгдэгч Б.О нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлын 1.650.000 төгрөгнөөс хохирогч Ц.Наранбаярт 200.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 1.450.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ц.Наранбаярт олгох нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Очирваанийг эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,   36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Очирваанийг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Очирвааниас хохирлын 1.450.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Наранбаярт олгосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ё.ЦОГТЗАНДАН