| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0561/и |
| Дугаар | 00561 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 00561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар баг Хайст оршин суух “Авид” овогт Доржийн Гансүх /РВ-67072806/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах суулцуулан.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Гансүх шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.Гансүх нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 01-нд МХЗЭ-ийн илгээлтээр МАА-д томилогдсон юм. Түүнээс хойш үхэрчнээр тус нэгдэлд 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал нэгдэл тартал нь ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр бичиг баримтаа үрэгдүүлсэн тул Соёл нэгдлийн 70 дугаар данс шүүлгэхэд 1984 оны 7 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан хугацаа, мөн 1987 оны 2,3,4,7 сарууд бичигдээгүй учир тооцогдохгүй байгаа юм.
Иймд Д.Гансүх миний бие Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал үхэрчнээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Гансүх нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймаг, Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал үхэрчнээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 3/27 дугаартай архивын лавлагаа, цалин хөлсний түүвэр,
Хөвсгөл аймгийн Соёл нэгдлийн даргын 1984 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай “....ерөнхий боловсролын сургуулиас МХЗЭ-имйн илгээлтээр МАА-д хуваарилагдаж ирсэн 21 сурагчдыг үхэрчнээр 7-р сарын 1-нээс томилон....” гэх Ажилд томилох тухай тушаалыг хуулбар,
Гэрч Ч.Цоодолын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “....1984 оноос 1989 оныг дуустал Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 2 дугаар бригадад үхэрчин байсан. Гансүхийн эцэг нь их сайн малчин байсан. Аймгийн 2 удаагийн аварга Гансүх аймаг улсын шагнал байхгүй ч баярын бичиг зэргээр шагнуулдаг байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Лхагваажийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “....1984 онд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд илгээлтээр гарч ирж байсан. 1984 оноос 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Үхэр голдуу малладаг байсан. Сайн малчин байсан. Эцэг нь аймгийн хоршоо аварга малчин байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Д.Гансүхийн ажиллаж байсан талаарх холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 10/156 дугаартай “....Баянзүрх сумын “Соёл” нэгдлийн даргын 1984 оны 6 дугаар сарын 14-ний 15 дугаар тушаалыг хавсралт байхгүй тул тушаалыг хуулбарлаж хүргүүлэв. Мөн нэгдлийн 1984-1990 оны тушаалыг шүүж үзэхэд Д.Гансүхийг томилсон чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Гансүх шүүхэд “....биеийн байдал улмаас 2017 оны 6 дугаар 05-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү....” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Авид” овогт Доржийн Гансүх /РВ-67072806/-г Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ