Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2017/00063

 

С.Жгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 дугаар багт оршин суух, С овогт Сы Жгийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.А, нэхэмжлэгч С.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид К.Е, М.Э, хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ц сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай Сы Жг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан тус сумын 3 дугаар цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Гомдол гаргагч С.Ж би Ц сумын 3-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Ажилд томилох тухай" 01 дүгээр тушаалаар тус цэцэрлэгийн "нярав"-ын албан тушаалд томилогдсон бөгөөд ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн зорилтыг зохих ёсоор хэрэгжүүлэн үр бүтээлтэй ажиллаж ирсэн ба ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Гэвч шинээр томилогдсон 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ш.М нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр намайг үүрэгт ажлаас маань халсан тул үүнийг эс зөвшөөрч тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ажил олгогч Б/01 дүгээр тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 5.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн ба тушаах хэсгийн нэг дэх заалтад "Тус цэцэрлэгийн нярав ажилтай С.Ж нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгтэй хайнга хандаж, хариуцсан эд хогшлыг алга болгож, улмаар бэлнээр тоолуулж байсан нь хяналт, шалгалтаар тогтоогдсон тул 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй" гэж дурджээ. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.К нь ажиллах хугацаандаа албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж байгууллагын эд хөрөнгө болох 38 ширхэг сандал, 10 ширхэг ширээг хувьдаа ашигласан нь хууль, хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон байхад уг асуудлаар намайг буруутган ажлаас халсан нь илт хууль бус байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийн талаар зохицуулсан байх бөгөөд хуулийн 40.1.5-т зааснаар буюу "мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах бүрэн эрхтэй байна. Тухайн байгууллагын мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан буюу нярваар ажиллаж байсан С.Ж би дээрх зөрчилд ямар нэгэн хэлбэрээр холбогдоогүй, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй харин ч эрхлэгчээр ажиллаж байсан А.К нь байгууллагын эд хөрөнгийг ажлын бус цагаар нуугдмал аргаар байгууллагын эд хөрөнгийг авч яваад өдий хүртэл өгөхгүй ашиглаж ирснийг шат дараалан эрхлэгчээр ажиллаж ирсэн Х.М болон Ш.М нарт тухай бүрт цаг алдалгүй танилцуулан мэдэгдэж ирсэн боловч Ш.М нь цэцэрлэгийн удирдлагын хувьд уг асуудалд дорвитой арга хэмжээ авч ажиллалгүй "бэлнээр тоолуулж байсан нь хяналт, шалгалтаар тогтоогдсон" гэх үндэслэлгүй шалтгаанаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халснаар миний хөдөлмөрлөх эрх ноцтой байдлаар зөрчигдөж байна. Иймд ажил олгогч Ш.М нь намайг ажлаас үндэслэлгүй халсан нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байгаа тул Ц сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын хүүхдийн 3-р цэцэрлэгийн "нярав"-ын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Ц сумын 3 дугаар багийн иргэн С.Жгийн гаргасан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

Ш.М би Ц сумын 3 дугаар Цэцэрлэгийн эрхлэгчээр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр томилогдсон.

1. Би С.Жтай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан. Уг гэрээний 3 дахь заалтад талуудын хүлээх эрх үүргийг заасан, Нярав хүлээх үүргийн 3-д заахдаа: "Цэцэрлэгийн өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдалд, хадгалалт хамгаалалтад тогтмол хяналт тавьж, эд хөрөнгөө эзэмшигч тус бүрд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй ажиллана" гэж хариуцсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгаж, хамгаалж, хадгалж, хяналт тавих үүргийг хүлээсэн байдаг. Тус хөдөлмөрийн гэрээний гэрээг цуцлах, зүйлийн 5 дугаар заалтын 5.1-д Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцална гэж заасан юм.

2. Намайг ажлаа аваад байхад сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/147 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг тус 3 дугаар цэцэрлэгт эд хөрөнгийн тооллого үзлэг хийсэн. Энэ үзлэг, тооллогоор Нярав С.Жгийн хариуцсан эд хөрөнгөнөөс хүүхдийн 10 ш ширээ, 38 ш сандал дутсан юм. 1ш ширээ нь 67948 төгрөг бөгөөд 10 ш нь 678480 төгрөг, 1 ш сандал нь 12540 төгрөг х 38 ш нь 476520 төгрөг бүгд 1155800 төгрөгийн хохирол Цэцэрлэгт учирсан. Өөр олон эд зүйл хөрөнгийг бусдад өгч тараасан байсан нь илэрсэн. Нярав С.Ж нь тайлбарлахдаа: "10 ш ширээ, 38 ш сандлыг урьд өмнө нь Цэцэрлэгийн эрхлэгч байсан А.Кд 2015 онд өгсөн. Бусад эд хөрөнгийг гадны хүмүүст тараасан байгаа. Авч ирж тавья" гэсэн.

3. С.Ж нярав нь Цэцэрлэгийн дээрх хөрөнгүүд болох 10 ш ширээ, 38ш сандлыг 2016 оны байгууллагын өмч хөрөнгийн тооллогоор бэлнээр тоолуулж, бусдад ашиглуулан тарааж эд хариуцагчийн үүргээ санаатайгаар биелүүлээгүй хууль зөрчиж байсан байна. Тус Цэцэрлэгийн эрхлэгч С.Ж нь Хөдөлмөрийн гэрээнд заасан "Цэцэрлэгийн өмч хөрөнгийг бүрэн, бүтэн, хадгалж хамгаалах хяналт тавьж ажиллах үүргээ" санаатайгаар биелүүлээгүй зөрчсөн нь илэрсэн тул Хөдөлмөрийн гэрээнд гэрээг цуцлах 5.1-д заасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан "Зөрчил илэрснээс хойш" 1 сарын дотор тус Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тус тус үндэслэн Цэцэрлэгийн нярав С.Жг Цэцэрлэгийн эрхлэгч би өөрийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн юм. Би энэ тушаалаа үндэслэлтэй гэж үзэж байгаа тул С.Жгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаар шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.Жгийн Ц сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай Сы Жг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын 3-р цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний 202 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч С.Ж би 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гардан авч эс зөвшөөрч дараах үндэслэлээр хэргийг хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамаарА , ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байгаа ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй гэж үзэж байна.

С.Ж миний бие Баян-Өлгий аймгийн Ц сумын 3-р цэцэрлэгийн эрхлэгч А.Кы 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн нярвын ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

А.К тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж 2015 оны 11 дүгээр сарын 20-ны орой буюу Бямба гаригт 5-6 цагийн үед манаач Ш. Кын ээлжид нөхрийнхөө хамт цэцэрлэг дээр ирж өөрт байсан түлхүүрээр цэцэрлэгийн агуулахыг онгойлгож тэнд байсан байгууллагын ширээ сандлыг дур мэдэн авч явсан талаар өөрт нь удаа дараа хэлж, сандал ширээг буцааж авч ирэхийг шаардаж байсан боловч өгөлгүй байсаар ажлаас чөлөөлөгдөж явсан.

2016 оны 01 дүгээр сарын 01 -нд тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажилласан Х.Мд өмнө ажиллаж байсан эрхлэгч А.К цэцэрлэгээс ширээ сандал авч яваад буцааж авч ирж өгөхгүй байгаа талаар танилцуулж, Цэцэрлэгийн эрхлэгч Х.М А.Кд ширээ сандал авч ирж өгөх талаар удаа дараа шаардлага тавьж байсан тул миний бие 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ц сумын хэсгийн төлөөлөгчид хандан гомдол гаргаж шалгуулсан.

Миний гомдлыг цагдаагийн байгууллага шалгаад А.Кыг бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр шийдвэрлэсэн.

А.К нь цэцэрлэгийн ширээ сандлыг завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч цэцэрлэгээс авсан ширээ сандлыг буцааж өгсөн. Миний бие нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар өөрийгөө хариуцлага алдаагүй, надаас шалтгаалахгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэж, цэцэрлэгийн өмч хөрөнгийг А.К гэдэг хүн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа завшсан, болохыг нотолсон. Монгол Улсын үндсэн хууль, эрүүгийн хуулинд хэн нэгэн этгээдийн гэм бурууг өөр хүн хүлээнэ гэсэн заалт байхгүй. Гэм буруутай этгээд өөрөө хариуцлага хүлээх ёстойг хуульчилсан байдаг юм байна.

шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан Ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон, ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.-гээд надад оногдуулсан сахилгын шийтгэлийг үндэслэлтэй байна гэж үзэж эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалтыг сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж иргэн намайг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Миний бие эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн А.Кы өмнөөс хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээх ёсгүй.

Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тус тус захиргааны санаачилгаар хэд хэдэн удаа сануулга авах тухай заасан байдаг бөгөөд миний бие сануулах арга хэмжээ авч байгаагүй.

Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гарснаас хойш 6 сар илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд энэхүү зөрчил гарсан эсэхийг Ш.Мийн өмнөх эрхлэгч болох Х.М тухайн үед мэдэж байсан талаар гэрчилж баримт гаргаж өгсөн байдлыг шүүх анхаарч үзээгүй сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байхад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байгаад шүүх дүгнэлт хийлгүй миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж иргэн миний эрх ашгийг хохироож байна гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний 202 дугаартай шийдвэрийг хянан үзэж хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баян-Өлгий аймгийн Ц сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн нярваар ажиллаж байсан С.Жгийн тус цэцэрлэгт холбогдуулан гаргасан эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06 өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгож, цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Ажил олгогч 2017 оны 10 сарын 10 өдрийн Б/576 дугаартай за01 дүгээр сарын 06 өдрийн Б/01 дугаартай тушаалаар Монгол улсын Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.2.7, 11.2.11, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 5.1 дэх заалтуудыг үндэслэн тус цэцэрлэгийн нярав ажилтай С.Жг Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүрэгт хайнга хандаж, хариуцсан эд хогшлыг алга болгож, улмаар бэлнээр тоолуулж байсан нь хяналт, шалгалтаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогч нэхэмжлэгч С.Жг ажлаас чөлөөлөхдөө Ц сумын Засаг даргын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай Ц сумын 3 дугаар цэцэрлэгт шалгалт хийсэн тухай хурлын тэмдэглэлээр 10ш ширээ, 38ш сандал байхгүй болох нь илэрсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэж С.Жг нярвын ажлаас чөлөөлсөн боловч Ц сумын Засаг даргын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай Ц сумын 3 дугаар цэцэрлэгт шалгалт хийсэн тухай хурлын тэмдэглэлээр 10ш ширээ, 38ш сандал байхгүй болох нь тогтоогдсон боловч тухайн үед нярваар ажиллаж байсан С.Жгийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад Ц сумын Засаг даргын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай Ц сумын 3 дугаар цэцэрлэгт шалгалт хийсэн тухай хурлын тэмдэглэлээр нотлогдсон гэж анхан шатны шүүхдүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Ц сумын 3 дугаар цэцэрлэгээс алга болсон гэх 10ш ширээ, 38ш сандлыг тухай үед тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.К нь 2015 оны 11 сарын 20-ны өдөр цэцэрлэгийн агуулгаас ачиж явсан болох нь манаач Ш.Кын тодорхойлолт, Ц сумын хэсгийн төлөөлөгч Ж.Еын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, тодорхойлолт, 2017 оны 01дүгээр сарын 25-ны өдрийн 5/19 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор нотлогдож байна. 10ш ширээ, 38ш сандлыг А.К нь өгөхгүй байгаа талаар нэхэмжлэгч С.Ж нь 2016 оны 01 сарын 01-нээс 2016 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Х.Мд мэдэгдэж, удаа дараа шаардсан боловч өгөөгүй болох нь 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн Х.Мгийн тодорхойлолтоор нотлогдсон байна.

Баян-Өлгий аймгийн Ц сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн 10ш ширээ, 38ш сандлыг А.К нь тус цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд авч явж, эргүүлж өгөөгүй ба С.Ж нь цагдаагийн газарт гомдол гаргаснаар уг эд хөрөнгийг цагдаагийн байгууллагаас хүлээн авч цэцэрлэгт хүлээлгэж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байхад ажил олгогч С.Жг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

Ажил олгогч С.Жг ажлаас чөлөөлөхдөө байхгүй эд хөрөнгийг бэлнээр тоолуулж байсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон гэх болов энэ энэ үндэслэлээ ажил олгогч нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Баян-Өлгий аймгийн Ц сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн 10ш ширээ, 38ш сандлыг эрхлэгчээр ажиллаж байсан А.К авч явсанд нэхэмжлэгч С.Жгийн буруутай үйлдэл тогтоогдоогүй байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, буруу тайлбарлаж хэрэглэсэн байхад ажилтны гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. Нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар тухайн хэрэгт хамаарА талаас үнэлэх журмыг зөрчжээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар дүгнээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр ажилтан С.Жг Баян-Өлгий аймгийн Ц сумын хүүхдийн цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ц сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай Сы Жг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Сы Жг тус сумын 3 дугаар цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын дурдсугай гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

Д.КӨБЕШ