Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2018/ДШМ/55

 

 

 Ц.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхбат,

Шүүгдэгч Ц.Б ,

Нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ц.Б холбогдох 201619000049 дугаартай 871 хуудас, 4 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Нийслэлийн Налайх ....... тоотод оршин суух, Төв аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, НЩ.... дугаарын регистртэй, Ц.Б ,

 

Ц.Б нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багт оршин суух иргэн Б.Буянжаргалын “Зар мэдээ” сонинд өгсөн үхэр зарна гэх зарын дагуу 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б.Буянжаргалаас 73 тооны үхрийг залилан мэхлэн авч 42.530.000 төгрөгийн хохирол, /Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэршандын 23-2 тоотод оршин суух иргэн Д.Оюунчулуунаас 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үхэр мал өвсгүй боллоо гэж түүний 216 боодол өвсийг залилан мэхэлж авч 1.404.000 төгрөгийн хохирол, /Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо “Цоохорны гарам” гэх газар оршин суух иргэн Н.Оюунгэрэлийн мал зарна гэх зарын дагуу 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 95 толгой хургатай хонь, 85 толгой ишигтэй ямааг залилан мэхлэн авч 17.250.000 төгрөгийн хохирол, / Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршин суух иргэн Ц.Цэрэн-Очироос 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 4 тооны үхрийг залилан мэхлэн авч 2.500.000 төгрөгийн, Э.Алтан-Эрдэнээс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3 тооны үхрийг залилан мэхлэн авч 1.700.000 төгрөгийн, Д.Ганбатаас 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 7 тооны үхрийг залилан мэхлэн авч 3.050.000 төгрөгийн, Э.Гантогоогоос 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5 тооны үхрийг залилан мэхлэн авч 4.500.000 төгрөгийн, Б.Төмөртогоогоос 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5 тооны үхрийг залилан мэхлэн авч 2.500.000 төгрөгийн нийт 24 тооны үхрийг давтан үйлдлээр залилан мэхлэх замаар авч 14.250.000 төгрөгийн, / Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бусдын 4 тооны бярууг өөрийн бяруу гэж хохирогч Я.Баасансүрэнд худал хэлж, хуурах аргаа урьдчилгаа хэлбэрээр 500.000 төгрөг авч бусдад бага хэмжээний хохирол, нийт бусдад 75.934.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолоор: 

Шүүгдэгч Ц.Б-г бусдын эд хөрөнгийг хуурч, байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-н 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл баривчлагдсан 3 хоног, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 176 хоног, 2017 оны 05 дугаар сарын 11- ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 хоног, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 15 хоног, нийт цагдан хоригдсон 289 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ц.Б , хохирогч Б.Буянжаргал нарын хоорондын ярианы бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хүртлэх хугацаагаар хавтаст хэрэгт үлдээж,

 Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, мөрдөгчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч Ц.Б-н эзэмшлээс Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Энгэршандын 21 дүгээр гудамжинд байрлах 3 ширхэг тоосгон байшинг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид буцаан олгохыг, шүүгдэгч Ц.Б эс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос 3.000.000 төгрөгөнд тооцож хохирогч Б.Буянжаргалын нэр дээр шилжүүлсэн гэх газрын гэрчилгээг хохирогч Б.Буянжаргалаас гаргуулан уг газрын хууль ёсны өмчлөгчийн нэр дээр шилжүүлж буцаан олгохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б эс нийт 52.426.000 /тавин хоёр сая дөрвөн зуун хорин зургаан мянга/ төгрөг гаргуулан хохирогч ИЭ82081813 дугаарын регистртэй, Шарнууд овгийн Бүргэдийн Б.Буянжаргалд 26.930.000 /хорин зургаан сая есөн зуун гучин мянга/ төгрөг, хохирогч ЖИ66090702 дугаарын регистртэй, Цагаан овгийн Дарийн Оюунчулуунд 1.046.000 /нэг сая дөчин зургаан мянга/ төгрөг, хохирогч ШЕ79012368 дугаарын регистртэй, Монгол овгийн Норовцэмбэлийн Оюунгэрэлд 10.450.000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, хохирогч НС69062977 дугаарын регистртэй, Боржигон овгийн Цэрэнпилийн ЦэрэнОчирт 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, хохирогч ЦЕ80062471 дугаар регистртэй, Боржигон овгийн Эрдэнэбаганы Алтан-Эрдэнэд 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг, хохирогч НИ66011219 дугаарын регистртэй, Шуудай овгийн Доржцэдэнгийн Ганбатад 3.050.000 /гурван сая тавин мянга/ төгрөг, хохирогч НУ62120356 дугаарын регистртэй Бичээч овгийн Банзайгийн Гантогоод 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч НУ57041151 дугаарын регистртэй, Бичээч овгийн Банзайгийн Төмөртогтоод 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг тус тус олгож,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б  нь давж заалдах гомдолдоо: “Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүх хурлаар орсон. Тус хурлын 99 дугаартай шийтгэх тогтоолд гомдолтой байна. Миний амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би амьдрал ахуйдаа хэрэглэсэн зүйл байхгүй. Иргэн В.Буянжаргалтай хийсэн гэх үхрийн наймааг ченж Дашдондог, Баярбаясгалан нартай хамтарч хийсэн байдаг. Анх эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж шалгахад Дашдондог нь гэрчээр оролцон худал мэдүүлэг өгсөн байдаг. Уг нь энэ хэрэгт Дашдондог нь урьдчилгаа мөнгө, санхүү байр сав болон тээврээр хангаж оролцсон, мөн тус үхэр малаас 20 толгой үхэр таслан авсныг харсан гэрч Жаланаажав, Баярбаясгалан нар нь мал тасалж байхыг харсан, гэхдээ хоорондоо юу ярсныг мэдэхгүй гэж гэрчилсэн. Дашдондогтой удаа дараа уулзаж байсан, хохирлыг чинь төлнө гэж итгүүлэн хууран мэхлэн цаг хугацаа хожиж хариуцлагаас мултарч байна. Намайг цагдан хоригдож байхад удаа дараа шалгуулах хүсэлт өгч байсан. Мөн Налайх дүүргийн харьяат иргэн Ганболд нь надад үлдсэн үхрээс 20 гаран толгой үхэр авч төлбөрт нь Ланд-80 маркийн машин өгсөн боловч тэр машиныг би хохирогч Буянжаргал болон ах Батбаяр нарт өгсөн. Уг өдрөөс хойш Батбаяр нь машины нэрийг шилжүүлж авах гэж над руу ярихад нь би иргэн Ганболдод хэлсэн. Нөгөө хүмүүс нь машиныхаа нэрийг шилжүүлж өг гэсэн. Гэтэл энэ машин манай найзын нэр дээр байдаг юм одоохондоо Монголд байхгүй байгаа гээд үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярьж хугацаа алдагдуулаад байсан учир би Буянжаргалд эргүүлэн өгсөн. Ганболдоос үлдэгдэл үхрээ авах гэсэн боловч хөдөө гаргасан, авчирч өгнө үгүй бол мөнгийг нь өгнө, чи цагдаа шүүх гээд яахав адилхан залуу улс гээд өдийг хүрч намайг хохироосон. Үүнд миний буруу зүйл бас байна. Тухайн үед нь шат шатны хуулийн байгууллагад хандахгүй тус улсуудыг бодож байж хугацаа алдсан. Мөн миний бие эдгээр улсуудаас болж хохирсон ч, хохирогч нартай өөрийн боломж бололцоогоороо төлбөр мөнгөө өгч байсан. Энэ бүгдийг хохирогч нар бүгд мэдэж байгаа болно. Тус хэрэгт хохирогч, нэхэмжлэгчээр оролцсон иргэн Д.Оюунгэрэл болон Ц.Цэрэн-Очир нарын нэхэмжилсэн мөнгөн дүн, зөрүүтэй буруу гарсан байх тул авч шалгаж өгнө үү. Би иргэн Д.Оюунгэрэлтэй 2015 оны 09 сард бог малын наймаа хийх үедээ ярилцаж тохирсон 17 2500 00 сая төгрөгнөөс тухайн үед 7250000 төгрөгийн, мөн үлдсэн арван сая төгрөгөн дээр гэрээ хийснээс хойш бэлнээр 1 сая төгрөг, Оюунгэрэлийн дансанд болон бусад хэлбэрээр 1 сая төгрөгийг тус тус өгч үлдэгдэл төлбөр 8 сая байгаа болно. Мөнгө авсан гэдгээ хэлдэг боловч эцсийн үлдэгдэл дээр зөрүү гарч байгааг, мөн Оюунгэрэлээс авсан малд улсын үнэлгээ хийгээгүй байгааг авч үзнэ үү. Хохирогч Ц.Цэрэн-Очирт өгсөн төлбөрөөс түүний эхнэр Гэрлээд өгсөн 350000 төгрөг хасагдаж ороогүй анхан шатны шийтгэх тогтоолд Ц.Цэрэн-Очирын хохирол 2250000 төгрөг гэсэн байдаг боловч бодит хохирол нь 1900000 төгрөг иргэн Гэрлээ нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг болно. Иргэн Оюунчулуунаас авсан 216 боодол асуудал дээр миний танил найз Болдбаатар надаар яриулж авсан байдаг. Гэтэл байцаагчтай зам шалгалтаар явж, Болдбаатарыг хайсан боловч ажил дээрээ байхгүй байсан учир байцаагч нь надад хэргийн оролцогчоор чиний найз нөхөд болон хүмүүсээс чинь байцаалт авна гэж хэлээд Болдбаатарын оронд миний найз Сосорбарамын, мөн жолооч Хишгээ гэх залуугийн оронд миний танил дүү Мөнхбаатарыг хөтөлж байцаалт авсан. Миний бие нь бусдыг санаатай залилан мэхлэх санаа зорилго агуулаагүй. Наймаа хийсэн хүмүүст хаяг, нэр, утсаа үнэн зөв хэлж, төлбөрөө бага зэргээр ч болов төлж байсан. Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хохирлоо өгч байсан. Мөн Дашдондог болон Ганболд нар нь мөнгөө хохирлоо өгсөн байсан бол хохирлын хэмжээ багасах байсан. Иймд дахин нягтлан шалгаж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б  гаргасан тайлбартаа: “ ... Буянжаргалын 73 үхрийн хэрэгт Дашдондог хамтран оролцсон тул түүнийг дахин шалгах, Оюунгэрэлийн хохирлыг буруу тооцсон, Оюунчулууны өвсний үнэлгээг гаргуулах, одоо мөрдөн байцаалтад Соёл-Эрдэний хохиролтой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа тул уг хэргийг энэ хэрэгтэй нэгтгүүлэн шалгаж өгнө үү” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Г.Энхбат гаргасан тайлбартаа: “Дашдондог бол энэ хэрэгт хамааралтай гэдэг үндэслэлээр анхан шатын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яригдсан. Анх 73 тооны үхрийг худалдаж авахдаа Дашдондогоос 10 сая зээлж авсан байдаг. Ямар нэгэн хэлбэрээр мал аваагүй 10 сая төгрөг зээлж, авсан гэж хэлдэг. Ц.Б  дахин гэмт хэрэг үйлдэж, хохирогч Соёл-Эрдэнэд 15 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдэж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар хэргийг нэгтгэн шалгах шаардлагатай байна. Иймд Ц.Б холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б “Буянжаргалын 73 үхрийн хэрэгт Дашдондог хамтран оролцсон тул түүнийг дахин шалгах, Оюунгэрэлийн хохирлыг буруу тооцсон, Оюунчулууны өвсний үнэлгээг гаргуулах, одоо мөрдөн байцаалтад Соёл-эрдэний хохиролтой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа тул уг хэргийг энэ хэрэгтэй нэгтгүүлэн шалгуулах” хүсэлтийг гаргажээ.

 

 Прокурор Г.Энхбат “Ц.Б  дахин гэмт хэрэг үйлдэж, хохирогч Соёл-Эрдэнэд 15 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдэж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар хэргийг нэгтгэн шалгах шаардлагатай байна. Иймд Ц.Б холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэх  санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй  гэж үзлээ.

 

Ц.Б-н холбогдсон хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулаагүй байна.

Энэ тохиолдолд тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар өөрт холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн хүсэлт, хэргийг нэгтгүүлэхээр буцаах прокурорын саналыг тус тус хүлээн авах  нь зүйтэй гэж давж заалдах  шатны шүүх дүгнэв.

Прокуророос Ц.Б-г “Э.Алтан-Эрдэнийн 3 үхрийг залилан мэхлэн авч 1700000 төгрөгийн хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн байх ба мөрдөн шалгах ажиллагаагаар “11 үхрийг 9 сая төгрөгөөр тооцож авсан” болох нь хохирогч Э.Алтан-Эрдэнийн мэдүүлэг /3 хавтас 10-14 хуудас, 2 хавтас 243 хуудас /, шүүгдэгчийн анхан болон давж заалдах шатны шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, хохирол барагдуулсан талаарх мэдүүлэг /2 хавтас 243 хуудас/ зэргээр тогтоогдсон байна.

Гэтэл яллах дүгнэлтэд “Э.Алтан-Эрдэнийн 3 үхэр, хохирол 1700000 төгрөг” гэж тусгагдсан, анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх ба энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Иймд дээрх алдааг зөвтгүүлэх шаардлагатай гэж үзлээ.

 

 Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалд заасан үндэслэлээр Ц.Б  холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэв.

 

 Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасантай холбогдуулан шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Ц.Б  авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол,  эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                        ШҮҮГЧИД                              Т.ЭНХМАА

 

                                                                                       Г.БОЛОРМАА