Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 039

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫН

ЗАРИМ ХЭСГЭЭС ТАТГАЛЗСАН, НЭХЭМЖЛЭГЧ

ХАРИУЦАГЧ НАРЫН ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би Д.О-ийн Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар Буянт сумын мал эмнэлэг үржлийн тасгийн хүнсний аюулгүй байдал, малын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа ажлаа хуулийн дагуу гүйцэтгэж байгаад 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр жирэмсний амралтаа авсан. 2017 оны 11 сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Намайг ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4 дэх заалтуудыг үндэслэн хууль зөрчиж намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, миний Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой хохироож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Д чөлөө авсан тул миний бие Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн нэхэмжлэлийн шаардлагын хувьд ажилд эгүүлэн томилуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа боловч ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй юм гэжээ.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Ш.Д бид дараах нөхцөлтэйгөөр эвлэрч байна.

  1. Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа “...Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
  2. Хариуцагч Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Д нь Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт Д.О-ийн мэргэжлийн тохирох сул орон тоо гарсан тохиолдолд уг албан тушаалд нэн тэргүүнд томилно. Д.О нь төрийн албаны сонгон шалгаруулалтанд 80 % дээш оноотойгоор тэнцсэн байх шаардлагатай гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч Д.О нь Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан хэсгийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.О болон хариуцагч Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Д нар “...ажилд эгүүлэн томилуулах...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд “...Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт Д.О-ийн мэргэжлийн тохирох сул орон тоо гарсан тохиолдолд уг албан тушаалд нэн тэргүүнд томилох...”-оор харилцан буулт хийж эвлэрлийн гэрээг 2018 оны 6 дугаар сарын 14-ны өдөр бичгээр байгуулж, хоорондоо тохиролцон, гарын үсэг зуран баталгаажуулж, маргаанаа дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар Д.О-ийн Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар “...Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт Д.О-ийн мэргэжлийн тохирох сул орон тоо гарсан тохиолдолд уг албан тушаалд нэн тэргүүнд томилох...”-оор эвлэрсэн эвлэрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.СОНИНБОЛОР