Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2015/0528/з |
Дугаар | 379 |
Огноо | 2016-11-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 379
О.Машбатын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч О.Машбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, Л.Лхасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхбаяр, А.Энхмаа нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 580 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор О.Машбатын нэхэмжлэлтэй, Гадаад хэргийн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр: Дипломат албан тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 16 дугаар зүйлийн 16.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Машбатын Гадаад хэргийн сайд нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 340 тоот тогтоолыг үл биелүүлэн О.Машбатыг Америкийн Нэгдсэн Улсын Сан-Франциско хотод суух Ерөнхий Консулаар ажиллуулахаар явуулаагүй эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
Дипломат албан тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 13 дугаар зүйлийн 13.3, 131.3 дугаар зүйлийн 131.3.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Машбатад 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс болох 34618 (гучин дөрвөн мянга зургаан зуун арван найм) ам.доллар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, тухайн хугацааны цалин хөлс, төрийн алба хаасны нэмэгдэл, эрдмийн зэргийн болон онцгой нөхцөлийн нэмэгдлийг гадаад оронд суух Ерөнхий консулын дипломат албан тушаалыг Гадаад хэргийн яамны Газрын захирлын албан тушаалтай адилтгах албан тушаалын цалингаар буюу ТТ-17 зэрэглэлээр дүйцүүлэн зохих журмын дагуу тооцож, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн олгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 580 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын албан гэснийг албаны гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 24 дүгээр зүйлийн 24.1 гэснийг, 2 дахь заалтаас 9 дүгээр зүйлийн 9.1.2, 131.3 дугаар зүйлийн 131.3.1 гэснийг тус тус хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 371 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар О.Машбатыг АНУ-ын Сан франциско хотод суух Ерөнхий консулаар ажиллуулахаар явуулаагүй Гадаад харилцааны сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон бөгөөд уг шүүхийн шийдвэрт хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийн уг хэсэг хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Үүгээрээ хариуцагч өөрийнхөө үйлдэл буруу болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Нэхэмжлэгч О.Машбат нь Дипломат албан тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан бүрэн эрхийнхээ дагуу гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар, 2001 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 168 дугаар тогтоолоор нэхэмжлэгч сард 2700 ам.доллар авах эрхтэй юм.
Мөн Дипломат албан тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасны дагуу нэхэмжлэгч О.Машбатын албан тушаалын үндсэн цалинг 2700 ам.доллар байхаар тогтоосон бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохдоо орон зайгаас хамааруулж гадаад харилцааны яамны газрын захирлын албан тушаалын цалинтай дүйцүүлэн олгох тухай зохицуулалт Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжид байхгүй болно.
Гэтэл шүүх хуулийн дээрх заалтад заасан "суугаа орны амьжиргааны өртөг, амьдралын нөхцөлийг харгалзах" зохицуулалт дипломат ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгоход хамаарахгүй боловч анхан болон давж заалдах шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
2. Хэрэглэх ёсгүй хууль/ сайдын тушаал/-ийг хэрэглэсэн талаар: Шүүх "тухайн харилцааг шууд зохицуулсан хууль тогтоомжийг хэрэглэх ёстой" байтал Гадаад хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2001 оны 05/06 дугаар тушаал болон Гадаад хэргийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/85 дугаар "Төрийн захиргааны албан тушаалыг дипломат албан тушаалд дүйцүүлэн шинэчлэн батлах тухай" тушаалыг үндэслэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хуулийн шаардлагыг зөрчиж байна.
Гадаад хэргийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/85 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг судалж үзэхэд Дипломат албан тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримталсан байна.
Үүгээр Гадаад хэргийн сайд Дипломат албан тушаал, дипломат цолны нэмэгдлийг төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэлтэй нийцүүлэх жишиг, түүнчлэн дипломат албан тушаалд дэвшүүлэх, албан тушаал бууруулан ажиллуулах нөхцөл, болзлын тухай журам батлах эрхтэй бөгөөд тушаалд цалин хөлсний хэмжээ, түүнийг дүйцүүлэх талаар дурдагдаагүй, зохицуулагдаагүй байтал шүүх уг тушаалыг хэрэглэж байгаа нь үндэслэлгүй юм.
Гадаад хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2001 оны 05/06 дугаар тушаалын тухайд "дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж буй албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох болон хүн амын орлогын албан татварын тооцоо хийх хөдөлмөрийн хөлсийг тодорхойлоход баримтлах албан тушаалын жагсаалт" бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгоход дүйцүүлэх талаар зохицуулалт огт биш юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус “Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар, 2001 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 168 дугаар тогтоолын дагуу хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 34618 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгч О.Машбатад олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс зөвхөн шүүхийн шийдвэрийн цалин гаргуулах хэсэг буюу ажилгүй байсан хугацааны цалин 34618 америк долларыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хяналтын гомдол гаргасан байна.
Дипломат албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа дипломат ажилтны цалин хөлсийг суугаа орны амьжиргааны өртөг, амьдралын нөхцөлийг харгалзаж, Засгийн газар тогтоохоор зохицуулжээ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд тухайн улсад бодитой ажиллаж амьдраагүй тул хуулийн дээрх зохицуулалт хамаарахгүй ба энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг багасгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “орон зай хамаарахгүй” гэх гомдол хуулийн үндэслэлгүй бөгөөд дээр дурдсанаар тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуульд дипломат төлөөлөгчийн газарт “ажилласан” гэх нөхцөлийг заасан, энэ нөхцөлийг хангасан тохиолдолд америк доллараар тооцож, цалин олгох ёстой.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “учирсан хохирол гаргуулах эрхтэй, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох” тухай гомдлын хувьд:
Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, Дипломат албаны тухай хуулийн 9.1.2 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий албан тушаал нь төрийн тусгай албан тушаалд хамаарах ба Дипломат албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлсийг тогтоох журмыг нарийвчлан зохицуулсан байна.
Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн цалин хөлсний харилцааг нарийвчлан зохицуулсан дээрх хуулийг хэрэглэх болохоос Иргэний хуулийн холбогдох заалтыг энэхүү маргаанд хэрэглэхгүй.
Шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс Гадаад хэргийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/85 дугаар тушаалаар баталсан Төрийн захиргааны албан тушаалыг дипломат албан тушаалд дүйцүүлэн шинэчлэн батлах тухай шийдвэрийг үндэслэн төрийн тусгай албан тушаалын ТТ-17 зэрэглэлтэй адилтгаж нэхэмжлэгчийн авбал зохих цалин хөлсийг тооцсон нь буруу биш байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “сайдад тушаал гаргах эрх олгогдоогүй” гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Дипломат албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар дипломат албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэлтэй нийцүүлэх жишиг батлах эрхийг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосон, энэ хүрээнд Гадаад хэргийн сайдаас тушаал гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2016/0580 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ