Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2017/00054/И |
Дугаар | 146/ШШ2017/00099 |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 146/ШШ2017/00099
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, 12-6 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, Боржин овгийн Цоодолын Нямдэлгэр /РД:ЙР67030561/-ийн хүсэлттэй,
“Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Нямдэлгэр, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Нямдэлгэр шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “...Ц.Нямдэлгэр миний бие нь 1983 оноос 1987 онд Хархорин сумын Сангийн Аж Ахуйд төлчин саальчнаар 1987-1995 онд үйлдвэр дундын аж ахуйд хоньчноор ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт орсон, гарсан тушаал байхгүйн улмаас ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд миний бие Хархорин сумын Сангийн Аж ахуйд 1983-1987 он хүртэл, үйлдвэр дундын аж ахуйд 1987-1995 он хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Миний хөдөлмөрийн дэвтэр өргөж авсан аав болох Нямдоржоор овогтой байгаа. Миний бичиг баримтууд төрсөн эцэг болох Цоодолоор овогтой тул 049764 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Цоодолын Нямдэлгэр миний бие мөн болохыг тогтоож өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Нямдэлгэр нь “Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтүүдийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ц.Нямдэлгэр нь №049764 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 00/001112 дугаартай “төрсний бүртгэлийн лавлагаа”, №000201002 дугаартай нийгмийн дээтгалын дэвтэр, Хархорины сангийн аж ахуйн даргын 1983 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 115 дугаартай “Илгээлтийн эздийг ажилд томилж, цэргийн албанд татагдсан ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Хархорины сангийн аж ахуйн даргын 1987 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаартай “ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “Нямдоржийн Нямдэлгэр” гэж зөрүүтэй байгаа боловч Иргэний үнэмлэхэнд овог нэр нь “...Боржин овгийн Цоодолын Нямдэлгэр” гэсэн ба хүсэлт гаргагч Ц.Нямдэлгэр шүүх хуралдаанд тайлбарласан“...миний төрсөн эцгийг Цоодол гэдэг. Би бага байхдаа Нямдорж гэдэг айлд үрчлүүлж байсан бөгөөд тухайн үед албан ёсоор бичиг баримт аваагүй. Хөдөлмөрийн дэвтэрт өргөмөл аав Нямдоржоор овоглож бичсэн байна. Миний бүх бичиг баримт өөрийн төрсөн эцэг Цоодолоор явдаг...” тайлбар, гэрч Н.Дашням, Ц.Нямсүрэн нар “...Цоодолын Нямдэлгэр нь бага байхдаа Лувсандэндэвийн Нямдорж гэдэг хүнд өргүүлж байсан. Тухайн үед албан ёсоор өргүүлсэн гэсэн бичиг баримт үйлддэггүй байсан болохоор баримт байхгүй байгаа. Төрсөн эцэг нь Доржийн Цоодол гэдэг хүн байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Иймд хүсэлт гаргагч Ц.Нямдэлгэрийн №049764 дугаартай 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон “Нямдорж овогтой Нямдэлгэр” гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржин овгийн Цоодолын Нямдэлгэр мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Мөн хүсэлт гаргагч Ц.Нямдэлгэр нь
- 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд малчнаар,
- 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Үйлдвэр дундын аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1454 дугаартай Архивын лавлагаа, №049764 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Гурил тэжээлийн “Ган Тээрэм” компанийн ерөнхий захирлын 1995 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаартай “тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаал, Хархорины сангийн аж ахуйн даргын 1983 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 115 дугаартай “Илгээлтийн эздийг ажилд томилж, цэргийн албанд татагдсан ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Хархорины сангийн аж ахуйн даргын 1987 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаартай “ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Д.Тайвантөмөр, Л.Нармандах, Д.Батболд, О.Пүрэвээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ц.Нямдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4. дэх хэсэгт зааснаар Боржин овгийн Цоодолын Нямдэлгэрийг “Нямдорж овогтой Нямдэлгэр” гэсэн №049764 дугаартай 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржин овгийн Цоодолын Нямдэлгэрийг
- 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд малчнаар,
- 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Үйлдвэр дундын аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН