Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/442

 

 

 

 

  2021         07          29                                   2021/ШЦТ/442

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

хохирогч Т.Сайханцэцэг, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр,

шүүгдэгч Н.М,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Алтай овогт Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111 0042 80477 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, дүрслэх урлагийн дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 9-144 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Алтай овгийн Н.М           

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Н.М нь хохирогч Т.Сайханцэцэгийг найз залуу А.Мөнхнасантай хардсаны улмаас хутгаар гар, хөлийг нь зүсэж, биед зүүн шуу, баруун өвдөг, шилбэ, хүзүүнд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.М нь 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 66 тоотод  хохирогч Т.Сайханцэцэгийг найз залуу А.Мөнхнасангийн гэрт, орон дээр нь унтаж байсан гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хутгаар гар, хөлийг нь зүсэж, биед зүүн шуу, баруун өвдөг, шилбэ, хүзүүнд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Намайг гэрт ороход Сайханцэцэг унтлагын өрөөний орон дээр унтаж байхаар нь сэрээгээд чи хэн бэ босооч гэхэд хөнжлөө татаж толгойгоо бүтээгээд намайг доромжлоод байхаар нь чи одоо яв гэхэд явахгүй хэл амаар доромжлоод байхаар нь айлгах үүднээс хутга барьсан. Тэгээд ноцолдож байх үед гар болон хөлийг нь зүсэж гэмтээсэн байна. Хутгаар зүсэж гэмтээсэн нь миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 38х/,

  • хохирогч Т.Сайханцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 04 цагийн үед найз болох Анандын Мөнхнасангийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 66 тоотод байрлах гэрт нь ирэхэд А.Мөнхнасан гэртээ ганцаараа байсан ба А.Мөнхнасан бид хоёр “ЭДЭН” гэх нэртэй 0.75, 0.5 литр билүү сайн мэдэхгүй байна би 3 хундага уусан ба харин А.Мөнхнасан 4-5 хундага архи уугаад хоорондоо юм ярьж байгаад би тэдний гэрийнх нь унтлагын өрөөнд унтсан ... Харин А.Мөнхнасан зочны өрөөний буйдан дээр унтана гэж байгаад унтахгүй шууд ажилдаа явсан ... А.Мөнхнасантай 1 сарын өмнө хажуу өрөө түрээслүүлнэ гэсэн зарын дагуу холбогдож танилцсан ... надад хандаж “миний найз охин өөр хүнтэй явалдаж байгаад надад баригдаад тэгээд бид хоёр салчихсан, надад хэцүү байна, чи ирээд хань болоод өгөөч, жоохон ярилцаж сууя” гэхээр нь би 04 цагийн үед ирсэн ... өглөөний 06 цаг өнгөрч байхад унтаад эргээд гэнэт 10 цаг өнгөрч байхад сэрсэн чинь миний дээр хар өнгийн цамцтай огт танихгүй нэг эмэгтэй хүн өвдөглөөд дээр гарчихсан хутга, заазуур хоёрыг хооронд нь хавираад дуу гаргаж, шууд хутгаа миний хоолойнд тулгаад “чи манай нөхрийн гэрт юу хийж байгаа юм бэ” гэхээр нь би юм ч хэлж чадаагүй ... яг юу болсныг мэдэхгүй байна ... би шууд шоконд орсон ба тэр эмэгтэйг аль нэг хөлөөрөө түлхсэн ба түлхэх үед миний зүүн гарын шуу хэсэг рүү тэр эмэгтэй гартаа барьж байсан хутгаараа зоохоор нь би шууд орилоод тэр эмэгтэйг болиулахын тулд “болио, хүн аллаа ш дээ” гэхэд миний баруун хөлийн өвдөг рүү хутгаар нэг удаа, мөн миний баруун хөлийн шилбэ хэсэг заазуураар байхаа нэг удаа зүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

- гэрч А.Мөнхнасангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...10 цаг 54 минутад манай найз охин Мягмарханд надруу залгаад чиний энэ хүүхнийг чинь би хутгаар зүсчихсэн гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15х/,

- гэрч В.Мандахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг Т.Сайханцэцэгтэй видео дуудлага хийгээд ярьж байхад цаана нь нэг эмэгтэй “чамайг алсан ч яадгийн” гээд хэлж дуугарч байсан ...” гэх мэдүүлэг /хх-ий 16х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2549 дугаартай “... Т.Сайханцэцэгийн биед зүүн шуу, баруун өвдөг, шилбэ, хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40х/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2х/

- хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7х/,

- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн19х/,

- эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18, 20-32х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Н.Мыг хохирогч Т.Сайханцэцэгтэй эр эмийн хардалтын улмаас ахуй хэрэглээний хутга хэрэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Т.Сайханцэцэгт эмчилгээний зардал нийт 222.120 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байх ба шүүгдэгч Н.М нь уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоол гарах үед хохирлоо төлж барагдуулсан  гэж шүүх үзэв. 

            Харин хохирогч Т.Сайханцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг ёсчлон баталжээ.

Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад: “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт: “...энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол Эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт: “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу Эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд Н.Мын 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн өршөөлд хамруулахгүй байх гэмт хэрэгт ороогүй. Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байгаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

  

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 11.5 см урттай, иш нь 10.5 см урттай шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, мөн ажлын хэсэг нь 18 см урттай, иш нь 11 см урттай шар өнгийн иштэй заазуур 1 ширхэг зэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Алтай овогт Нэргүйн Мягмархандыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч Н.Мад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Н.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Хохирогч Т.Сайханцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмт хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 11.5 см урттай, иш нь 10.5 см урттай шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, мөн ажлын хэсэг нь 18 см урттай, иш нь 11 см урттай шар өнгийн иштэй заазуур 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

6. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт заасныг баримтлан прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.БАТГЭРЭЛ