| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0562/и |
| Дугаар | 00562 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 00562
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: “ЖИ-МОБАЙЛ” ХХКомпаний нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Хөвсгөл аймаг дахь Жи-Мобайл салбарын захирал ажилтай, Мөрөн сумын 7 дугаар багийн 29-р байрны 17 тоотод оршин суух “Боржигон” овогт Бямбажавын Байгальмаа /РД-78123003/
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын хүүхдийн цэцэрлэгт багш ажилтай, тус сумын 4 дүгээр багийн нутаг Алтгана гэх газарт оршин суух, “Шарнууд” овогт Хишигсүрэнгийн Наранцацрал /ТА-80112709/-т холбогдох,
Жи-Мобайлын ИР10 төхөөрөмж зээлээр авсны үнэ, алданги нийт 330.000 /гурван зуун гучин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Байгальмаа, хариуцагч Х.Наранцацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч “ЖИ-МОБАЙЛ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Наранцацрал нь Жи-Мобайл ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240.000 төгрөгийн ИР10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, дуусах нөхцөлтэйгөөр худалдан авсан.
Иймд Х.Наранцацралаас төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220.000 төгрөг, гэрээний 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 110.000 төгрөг буюу нийт 330.000 төгрөгийг гаргуулан өгч авч өгнө үү гэжээ
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Байгальмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Наранцацралын шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа тайлбарыг ойлгож байгаа ба манай салбар дээр юм уу худалдаж авсан газраа өөрөө төхөөрөмжөө өгөөд засуулах, тохиргоо хийлгэх боломжтой байтал 2 жил гаран өөрөө дээрээ байлгасан байна шүү дээ. Одоо алданги нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд хариуцагч Х.Наранцацралаас 220.000 төгрөг гаргуулахад татгалзах зүйлгүй эвлэрч байна гэв.
Хариуцагч Х.Наранцацрал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Улаанбаатар хотын Жи-Мобайлаас авсан уг төхөөрөмжийг одоо хүртэл ашиглаж чадахгүй байгаа ба янзлаад өгөөч гэхэд за гэж хэлж байсан сүүлдээ утсаа авахгүй болсон ба надад бас ажил гараад өдий хүрчихлээ. Нэгэнт л авчихсан юм чинь одоо нэхэмжлэж байгаа төхөөрөмжийн үнэ 220.000 төгрөг гаргуулна гэдийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд Жи-Мобайлын нэхэмжилсэн 220.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Х.Наранцацралаас ИР10 төхөөрөмж үнэ, алданги нийт 330.000 /гурван зуун гучин гурван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд: “....алданги нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна.Иймд хариуцагч Х.Наранцацралаас 220.000 төгрөг гаргуулахад татгалзах зүйлгүй эвлэрч байна....” гэх тайлбар,
Хариуцагч Х.Наранцацралын: “.... Жи-Мобайлын нэхэмжилсэн 220.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна. ...” гэж шүүх хуралдаанд тайлбар мэдүүлэгч өгч байгаа энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Байлгальмаа, хариуцагч Х.Наранцацрал нар нь 330.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас “220.000 төгрөг”-ийн хэмжээнд харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 10.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 220.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 7.250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ Нь:
1. Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК, хариуцагч Х.Наранцацралаас 330.000 /гурван гучин мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөг гаргуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.550 /арван мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Наранцацралаас 7.250 /долоон мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ