| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0196/Э |
| Дугаар | 2021/ ШЦТ/293 |
| Огноо | 2021-05-24 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2021/ ШЦТ/293
2021 05 24 2021/ШЦТ/293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэйгээр,
улсын яллагч С.Мөнхгэрэл,
хохирогч Д.Баярцэцэг, Н.Мөнхзул,
гэрч Э.Шинэболд, А.Сэнгэмаа, Б.Эрдэнэсүх,
шүүгдэгч Ю Ё Х, орчуулагч Б.Даваадорж, түүний өмгөөлөгч С.Батчимэг,
шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю Ё Х, Боржигон овогт Н.Д нарт холбогдох эрүүгийн 2009012710169 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 04- ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсад төрсөн, 38 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй гэх, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Монгол Улсад тодорхой оршин суух хаяггүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх, Ю Ё Х
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймаг Улиастай хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо 73 дугаар байр 74 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигин овогт Н.Д
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю Ё Х, Монгол Улсын иргэн Н.Д нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралыг эх үүсвэр болгож бусдад нийт 62.855.200 төгрөгийн буюу их хэмжээний х
хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурорын нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасан, хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судлуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог.
1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Дг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю Ё Х-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож бусдад нийт 62.855.200 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Дээрх Н.Дгийн гэмт үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны үед нэр бүхий 39 хохирогчийн өгсөн мэдүүлэг, гэрч Т.Солонго, А.Сэнгэмаа, Ц.Тэмүүлэн, Б.Уранцэцэг, Э.Шинэболд, Б.Эрдэнэсүх нарын өгсөн мэдүүлэг, Н.Дгийн Худалдаа Хөгжлийн банк дахь 410042268 дугаартай дансны хуулга /3хх-ийн 34-38х/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, холбогдох материалууд /3хх-ийн 76-96х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон гэж үзжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Шинэболд, А.Сэнгэмаа, Б.Эрдэнэсүх нарын өгсөн: “...Ука /Н.Д/ нь захирал Ким буюу Ю Ё Х -ы хэлснийг орчуулдаг, хохирогч нартай гэрээ хийсэн мөнгийг өөрийн дансаар хүлээж аваад бэлэн мөнгө болгон захирал Ким буюу Ю Ё Х -д өгдөг байсан...” гэх ижил утга агуулга бүхий мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны үед нэр бүхий хохирогч нарын өгсөн: “...гэрээ хийх болон мөнгө өгөх үед Н.Д болон Солонгос захирал нар хамт байдаг байсан, Н.Д нь Солонгос захирлынхаа хэлснийг орчуулж өгдөг байсан...” гэх ижил утга агуулга бүхий мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэрч нарын мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудад тулгуурлан хууль зүйн дараах дүгнэлтийг шүүх хийв.
Шүүгдэгч Н.Д нь Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю Ё Х -тай 2020 оны 02 сард ажилд орох зорилгоор танилцсан байх ба улмаар Ю Ё Х -ы удирдлага дор ажиллаж, Ю Ё Х -ыг анхнаасаа хохирогч нарыг залилан мэхэлж буй сэдэлтийг мэдэлгүйгээр, өөрөө төөрөгдөлд орж өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, хий гэснийг нь хийж байсан нь тогтоогдож байна. Мөн нэр бүхий хохирогч нараас авсан мөнгийг хувьдаа авч зарцуулж байсан нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Харин нэр бүхий хохирогч нараас авсан мөнгөө Ю Ё Х -д өгч байсан болох нь шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Тиймээс Н.Дг нэр бүхий хохирогч нарыг анхнаасаа хуурч мэхлэх сэдэлттэйгээр Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю Ё Х -тай бүлэглэн залилсан гэх гэмт хэргийн шинжгүй тул түүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю Ё Х , Монгол Улсын иргэн Н.Д нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож бусдад нийт 62.855.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь залилагч этгээд олон давтамжтайгаар залилах гэмт хэргийг үйлдэж олж авсан мөнгөө өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэглэж, гэр бүлийн амьжиргаагаа залгуулсан байхыг ойлгодог. Гэтэл Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю Ё Х нь залилах гэмт хэрэг үйлдээд олсон мөнгөө өөрийн өдөр тутмын амьжиргаа буюу Монгол Улсад амьдарч байх хугацаандаа хэрэглэсэн, өөрийнхөө гэр бүлийнхээ хэрэгцээнд хэрхэн яаж хэрэглэсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй, нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул Нийслэлийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэснийг, шүүх Н.Дг цагаатгасан тул Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю Ё Х -ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю Ё Х нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Писс тауэр” гэх нэршилтэй барилгын 1105 тоотод 2020 оны 03, 04 дүгээр саруудад нийт 39 хохирогчоос үргэлжилсэн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос Улсад оюутан зуучлалаар суралцуулна, гэрээт ажилчнаар гэрээ байгуулахад зуучилна” гэх худал зарыг цахим орчинд байршуулан, улмаар хохирогч нартай хуурамч гэрээ хийж, нийт 62.855.200 төгрөгийг өөртөө шилжүүлэн, залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүхийн хэлэлцүүлэгт Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю Ё Х -ы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч С.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би фейсбүүк дээр тавигдсан зарын дагуу утсаар холбогдож Уранцэцэг гэж хүнтэй чатаар холбогдоод ирж уулзаарай гэсний дагуу 2020 оны 04 дүгээр сарын дундуур Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс тауэр 11 давхар 1105 тоотод үйл ажиллагаа явуулдаг Бүгд Найрамдах Солонгос Улс руу оюутан зуучлалын компани дээр очиж захираг Ким гэх Солонгос иргэн, менежер Даваасүрэн нартай уулзсан. Тэгэхэд Ким гээд захирал нь манай улсад короно вирус гараад ажиллах хүчний хомсдолд орсон учраас нэг жилийн гэрээтэй ажлын байр байгаа гэсэн. Тэгэхээр нь би өмнө хараар ажиллаж байгаа ирсэн гэдгээ хэлэхэд одоо бол боломжтой гэж захирал нь хэлсэн. Ингээд эхний ээлжид гэрээний төлбөр гэж 500,000 төгрөг, барьцаа 3,0 сая вонн болно гэсэн. Энэ барьцаа мөнгийг ямар учраас авч байгаа гэхээр Монголчууд очоод их харладаг учраас барьцаа авч байгаа юм. Энэ мөнгийг Солонгос Улсад очоод 1 сарын хугацаанд ажилласны дараа буцаан олгоно. Мөн виз 5 сардаа багтаж гараад гэрээгээр явна гэж хэлсэн. Энэ хугацаанд сүрьеэгийн шинжилгээ, ял шийтгэлгүй гэсэн хуудас, визний хураамж 60 доллар зэргийг 2020 оны 05 сарын 02-ны өдөр гэхэд бэлдэх шаардлагатай гэсэн. Ингээд би явахаар болоод 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ажлын гэрээ байгуулаад энэ өдрөө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр байрлах хуучнаар хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчим байрлах Хаан банкнаас Кек Юхагвон ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 428013950 тоот дансруу 6,840,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд намайг 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр материалтайгаа ирж уулзаарай гээд явуулсан. Түүнээс хойш би өдөр болгон очиж уулзаад явж байсан бөгөөд энэ хугацаанд 4 сарын 30-ны өдрийн онгоцоор таны материалыг явуулна гэсэн. 2020 оны 04 сарын 28-ны өдөр надтай холбоотой байсан Уранцэцэг гээд эмэгтэй залгаад эгчээ би ажлаасаа гарч байгаа шүү манай менежертэй шинэ гэрээ хийгээрэй гэсэн. Ингээд би нөгөө газраа дахин очоод гэрээгээ шинэчлэх гэхэд менежер гэх эмэгтэй нь Солонгос захирлын хамт байсан бөгөөд гэрээгээ цуцлаад мөнгөө авъя гэхэд маргааш гэрээгээ аваад ир тэгээд цуцлаад мөнгийг нь чинь өгье гэхээр нь хэлсэн үгэнд нь итгээд маргааш нь ирэхээр болоод явсан.
2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дахин очиход оффис дээр нь хүн байхгүй болохоор нь Уранцэцэгтэй холбоо бариад юу болсон талаар асуухад эгчээ манай Солонгос захирал эвгүй болчихлоо бид нар нэрээр нь Солонгос компани руу явуулж үзэхэд ажилладаггүй гэсэн наад хүн чинь 30-ны өдрийн онгоцоор буцах гэж байгаа та араас нь явж байгаад мөнгөө олж аваарай гэхээр нь Уранцэцэгээс менежер Даваасүрэнгийн утсыг олж аваад залгаад хүн байхгүй байна би цагдаад өргөдөл гаргалаа шүү гэхэд та байж бай одоо манай захирал очно хүлээж бай гэсэн. Тэгсэн чинь 30-40 орчим минутын дараа захирал Ким нь ирээд надад 500.000 төгрөг буцаан өгөөд гэрээгээ буцаан аваад мөнгө өгсөн гэсэн баримт үйлдсэн. Тэгэхээр нь би барьцаа мөнгөө яах юм бэ гэхэд барьцаа мөнгө их учраас төв компани руу явуулсан учраас нэг хоногийн дараа ирдэг удлаа гэхэд 5 сарын 01-ний өдөр орно гэхээр чи 30-ны өдрийн нислэгээр буцах гэж байгаа талаар хэлэхэд би явах болоогүй 30-ны өдөр Тэрэлж явна гэсэн. Тэгвэл би одоо цагдаад өргөдөл өглөө гэхэд өгч болно дараа нь мөнгийг чинь өгөхөөр өргөдлөө буцаагаад аваарай гээд гуйгаад байсан. Тэндээс гараад би Сүхбаатар дүүргийн цагдаа дээр очоод өргөдөл гаргасан. Надтай байгуулсан гэрээг 500,000 төгрөг өгөхдөө буцаагаад авсан. Энэ гэрээг би Уранцэцэг гэж хүнтэй байгуулсан бөгөөд захирал Ким гээд хүн өөрөө компанийн талаар танилцуулж байсан. Миний хувьд эхлээд оюутан зуучлалын гэрээг эхлээд байгуулсан. Дараа нь барьцаа мөнгөө өгчих юм бол ажлын гэрээ байгуулна гэхээр нь мөнгөө төлж ирээд ажлын гэрээ байгуулсан.
Миний хувьд нийт эхний 500,000 төгрөгийн Даваасүрэн гэж хүний данс руу шилжүүлсэн. Сүүлийн 6,840,000 төгрөгийг компанийн данс руу шилжүүлсэн. Миний хувьд 500,000 төгрөгөө эргүүлэн авсан, одоо үлдэгдэл 6,840,000 төгрөгөө компанийн захирал Солонгос иргэнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-13х/,
- хохирогч С.Түмэнжаргалын гаргаж өгсөн баримт/1-р хх-ийн 16-19/,
- хохирогч Б.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын сүүлээр байх Төв аймгийн зарын групп дээр оюутан сургалт зуучлал гэсэн зарын дагуу утсаар холбогдсон. Ингээд би энэ байгууллагаар оюутан зуучлалаар Бүгд Найрамдах Солонгос улс руу явъя гэж бодоод 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс малл худалдааны төвийн 11 давхар 1105 тоотод байрлах “Kim s Edu Korea" ХХК-ийн оффис дээр очиж Даваасүрэн гэж хүнтэй уулзсан. Тэгэхэд манай байгууллага, оюутан зуучлалаар их дээд сургуульд зуучилдаг газар гэж тайлбарласан. Тухайн үед миний хувьд хэлний бэлтгэлээр яваад тэндээ очоод ажил хийх сонирхолтой байна гэдгээ хэлсэн. Тэгэхэд манай компани Солонгос Улсад байдаг компанитай хамтран ажилладаг энэ компани тус улсдаа усан онгоцны хоёр үйлдвэртэй тэндээ ажилтан зуучилж байгаа гэсэн. Мөн энэ үйлдвэрт гэрээ байгуулаад зуучлуулах юм бол барьцаа 2-3 сая воныг барьцаалж бүртгүүлнэ гэсэн. Ингээд бүртгүүлсний дараа Солонгосын үйлдвэрийн гэрээ байгуулах юм гэсэн. Миний хувьд энэ байгууллагаар дамжуулан оюутан зуучлалаар явахаар тохироод 2020 оны 04 сарын 03-ны өдөр оюутан зуучлалын гэрээ байгуулаад 500,000 төгрөгийг бэлнээр Даваасүрэн гэж хүнд өгөөд баримт бичүүлэн авсан. Ингээд үүнээс хойш бодож байгаад үйлдвэрт нь гэрээгээр явъя гэж бодоод 2020 оны 04 сарын 23-ны өдөр очиж уулзаад дахин өөр гэрээ байгуулаад 6,780,000 төгрөг тушаасан. Энэ мөнгийг тухайн үед бэлнээр Даваасүрэн гэж хүнд тушаагаад баримтаа авсан. Ингээд миний хувьд нийт 7,280,000 төгрөгөө тушаасан байна. Би дээрх тушаасан мөнгөнөөс өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийг эргүүлэн аваагүй байна.
Би 2020 оны 04 сарын 23-ны өдөр Даваасүрэн гэж хүнтэй уулзсан. Энэ компанийн захирал гэх Солонгос залуу байсан. Энэ хүнтэй орчуулагчаар дамжуулан ярихад манай байгууллага нь оюутан зуучлал болон гэрээгээр ажилтан явуулах боломжтой гэхээр нь түүнд итгэсэн. Миний хувьд мөнгөө өгөх болсон шалтгаан нь очиж уулзахад өөрийн гэсэн оффистой, олон ажилтантай мөн захирал нь Солонгос хүн болохоор найдвартай байх гэж бодоод мөнгөө өгсөн. Надад сүүлд байгуулсан гэрээ бол байхгүй. Энэ гэрээ Даваасүрэн гэж хүнд байгаа.
Миний хувьд өөрийн 7,280,000 төгрөгөө Солонгос иргэн болон гэрээ байгуулсан Даваасүрэн нараас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 2х/,
- хохирогч Б.Ууганбаяраас гаргаж өгсөн баримтууд /1-р хх-ийн 26-33/,
- хохирогч Д.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын дундуур байх фейсбүүк дээр Уранцэцэг гэж хүн Бүгд Найрамдах Солонгос Улс руу сургалт болон ажлын гэрээгээр явуулна гэсэн зар байршуулсан байсан. Ингээд би постон дээр нь өөрийн утасны дугаараа үлдээсэн байсан чинь 2020 оны 04 сарын 19-ний өдөр Уранцэцэг гэж эмэгтэй залгаад 4 сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс тауер төвийн 11 давхар 1105 тоот өрөөнд очиж Уранцэцэг гэж эмэгтэй хүнтэй уулзсан. Уранцэцэг нь манай байгууллага оюутан зуучлал болон гэрээгээ Солонгос улс руу явуулах боломжтой гэхээр нь би гэрээгээр явахаар болоод урьдчилгаа 1.000.000 сая төгрөг болдог гэхээр нь 500.000 төгрөгийг өгөхдөө тус компанийн захирал гэх хүнтэй уулзсан. Энэ хүн тухайн үед тодорхой зүйл хэлээгүй бөгөөд Уранцэцэг гэж хүн манай байгууллага найдвартай гэхээр нь бэлнээр 500.000 төгрөг өгөөд мөнгө өгсөн баримт бичүүлж аваад “Оюутан зуучлалын гэрээ” байгуулсан. Ингээд гэрээнд заасны дагуу барьцааны мөнгө болох 3,0 сая вонн байршуулах шаардлагатай гэсэн. Тэгэхээр нь би 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 3,0 сая вонтой тэнцэх хэмжээний 6,8 сая төгрөгийг бэлнээр аваачаад захирал гэх залууд нь бэлнээр өгсөн. Тухайн үед менежер гэх эмэгтэй Уранцэцэг нар хамт байсан. Энэ өдөр мөнгөө өгөөд Ажлын гэрээ гэх Солонгос Англи үсгээр бичсэн гэрээг байгуулсан. Тэгээд хүлээж байгаарай 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэхэд урилга нь ирнэ хүлээж бай гэсэн. Ингээд удаагүй байхад цагдаагийн байгууллагаас намайг дуудсан. Би 2020 оны 04 сарын 20-ны өдрийн гэрээг Уранцэцэг гэж хүнтэй байгуулсан. 2020 оны 04 сарын 28-ны өдрийн гэрээг байгуулаад гарын үсэг зурах үед захирал Ким Уранцэцэг болон менежер гэх эмэгтэйтэй нийлээд 3 хүн байсан. Би Солонгос захиралтай нь уулзахад манай компани найдвартай гаргаж өгнө очоод сайн ажиллаарай гэж хэлж байсан. Би өөрийн 7,300,000 төгрөгөө Солонгос захирлаас нэхэмжилж байна. Учир нь виз гаргаж өгнө гээд худлаа хэлээд авсан учраас энэ хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-38х/,
- хохирогч Д.Баярцэцэгийн гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 40-46х/,
- хохирогч С.Ивгээлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын дундуур байх манай эхнэр Баярцэцэг фейсбүүк зарын дагуу Бүгд Найрамдах Солонгос Улсруу сургалт болон ажлын гэрээгээр явуулна гэсэн зарын дагуу очиж уулзсан байсан. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр очиж уулзаад бэлнээр 500,000 төгрөг тушаагаад “Оюутан зуучлалын гэрээ” байгуулсан байсан. Үүний дараа 2020 оны 04 сарын 28-ны өдөр очиж уулзаад Ажлын гэрээ байгуулаад 3,0 сая вонтой тэнцэх хэмжээний мөнгө болох 6,800,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Миний хувьд энэ асуудлын талаар мэдэж байсан боловч очиж уулзаагүй. Гэхдээ энэ өгсөн мөнгө бол миний өөрийн мөнгө учраас хохирогчоор орох болно.
Би 2020 оны 04 сарын 20-ны өдрийн гэрээг Уранцэцэг гэж хүнтэй байгуулсан. 2020 оны 04 сарын 28-ны өдрийн гэрээг байгуулаад гарын үсэг зурах үед захирал Ким, Уранцэцэг болон менежер гэх эмэгтэйтэй нийлээд 3 хүн байсан гэж манай эхнэр надад хэлсэн. Тийм учраас тухайн үед Солонгос захиралтай юм байна гэж бодоод итгээд мөнгө өгсөн. Миний хувьд нийт 7,300,000 төгрөгийг энэ компанид бэлнээр аваачиж тушаасан, Би өөрийн 7,300,000 төгрөгөө Солонгос захирлаас нэхэмжилж байна. Учир нь виз гаргаж өгнө гээд худлаа хэлээд авсан учраас энэ хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-49х/,
- хохирогч С.Ивгээлийн гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 50-55х/,
- хохирогч Н.Мөнхзулийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын эхээр байх интернэтээр Бүгд Найрамдах Солонгос улсад гэрээгээр явуулна гэсэн зарын дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс тауэр төвийн 1105 тоот өрөөнд Kim s Edu боловсролын төв дээр очиж менежер Ука, Солонгос захирал нартай уулзсан. Тэгэхэд тухайн хоёр хүн манай байгууллага өмнө нь өөр орнуудаас ажилчид авдаг байсан. Одоо Монгол Улсаас цөөн хүнийг ажлын урилгаар гаргана гэж хэлсэн. Ингээд явахын тулд эхний ээлжид манай дансанд мөнгө байршуулах шаардлагатай гэсэн. Эхний ээлжид 500,000 төгрөг байгуулаад гэрээ байгуулна, үүний дараа 3,0 сая вонтой тэнцэх хэмжээний мөнгийг байршуулна гэж хэлсэн. Энэ байршуулсан мөнгөө очиж ажиллаад эхний сарын цалин дээр буцаагаад авна. Хэрвээ явахгүй бол мөнгийг 100 хувь эргүүлэн олгоно гэсэн. Тэгэхээр нь би энэ өдөр мэдээлэл аваад 2020 оны 04 сарын 08-ны өдөр “Оюутан зуучлах гэрээ” байгуулаад 500,000 төгрөгийг менежер Ука гэж хүнд бэлнээр өгсөн. Тухайн үед гэрээг нь Ука гэж хүнтэй байгуулаад та хүлээж байгаарай гэсэн. Үүний дараа 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр утасдаад юу болж байгаа талаар асуухад үлдэгдэл мөнгөө байршуулах шаардлагатай гэж менежер Ука надад хэлэхээр Хас банкны салбараас Кек Юхагвон ХХК-ийн дансруу 6.800.000 төгрөг шилжүүлээд баримтаа үзүүлээд компаниас баримт бичүүлэн авсан. Үүнээс хойш би хүлээгээд байж байхад менежер Ука нь надруу залгаад манайх явуулах боломжгүй болсон цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Би 2020 оны 04 сарын 08-ны өдрийн гэрээг Ука гэж хүнтэй байгуулсан. 2020 оны 04 сарын 22-ны өдрийн гэрээг байгуулаад гарын үсэг зурах үед захирал Ким менежер Ука нартай байгуулсан. Би Солонгос захиралтай нь уулзахад манай компани найдвартай гаргаж өгнө очоод сайн ажиллаарай гэж хэлж байсан. Мөн Солонгос захирал нь Ука гэж хүндээ Солонгос хэлээр яриад зөвлөгөө өгөөд түүнийг нь Ука гээд хүн орчуулж хэлээд байсан. Мөн намайг очих болгонд компанийн захирал гэх Солонгос иргэн байдаг байсан. Би өөрийн 7,3 сая төгрөгөө Солонгос Улсын иргэнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-58х/,
- хохирогч Н.Мөнхзулийн гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 60-63х/,
- хохирогч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 03 сарын 15-ны орчим байх фейсбүүкээс Бүгд Найрамдах Солонгос Улсруу оюутан зуучлалаар явуулна гэсэн зарын дагуу утсаар холбогдож мэдээлэл авахад надад товч мэдээлэл өгөөд дэлгэрэнгүй мэдээллийг манай байгууллага дээр ирж аваарай гэсэн. Ингээд би 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс тауэр төвийн 1105 тоотод байрлах Kim s Edu төв дээр очиж Ука гээд эмэгтэйтэй уулзсан. Ингээд би сургуулийн шугамаар бол явж чадахгүй, очоод гэрээт ажилтнаар явах хүсэлтэй байна гэдгээ хэлсэн. Тэгэхэд Ука гээд эмэгтэй нь та манай Солонгос захиралтай уулзаарай гэсэн. Ингээд би Солонгос захиралтай нь Ука гэж хүнээр орчуулга хийгээд уулзсан.
Тэгэхэд Солонгос захирал нь манай Улсад өвчин гарсантай холбоотой Хятад. Филиппин хүмүүсийг ажлаас нь халсан байгаа. Манай компани нь шуудангийн том компанитай ажилтан их хэрэгтэй байгаа гэж хэлсэн. Ингээд намайг эхний ээлжид урьдчилгаа 500,000 төгрөг өгөөд гэрээ байгуулаад баталгаажуулчих гэсэн. Тэгээд би 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр очиж уулзаад ‘Оюутан зуучлалын гэрээ” байгуулаад 500,000 төгрөгийг бэлнээр Даваасүрэн гэж хүнд өгөөд баримт бичүүлэн авсан. Тухайн үед мөнгийг өгөх үед Солонгос захирал нь хамт байсан. Түүнээс хойш хүлээгээд байж байхад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр залгаад одоо жинхэнэ гэрээгээ хийнэ материалыг чинь цааш нь явуулах гээд байна та ирж гэрээгээ хийнэ үү 3,0 сая воноо тушаачих гэсэн. Тэгэхээр нь надад 3,0 сая вонтой тэнцэх хэмжээний мөнгө байхгүй. Харин сая төгрөг байна гэж хэлсэн. Тэгэхэд Ука гээд эмэгтэй нь та юу ч гэсэн хүрээд ир гэхээр очиж уулзаад байгаа нь 3,0 сая төгрөг байна гэхэд үлдэгдэл мөнгийг нь удаахгүй хийгээрэй гээд 2,8 сая төгрөгийг нь Кек Юхагвон ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 428013950 тоот дансруу хийгээд, бэлнээр 200,000 төгрөгийг Укад өгөөд нийт 3.0 сая төгрөгийн баримт бичүүлэн авсан. Мөнгө төлсний дараа очоод 1 cap ажиллаад цалингаа авсны дараа надаас авсан 3,0 сая төгрөгийг буцааж өгнө гэж хэлсэн. Ингээд би хүлээгээд байж байхад удалгүй Ука гээд эмэгтэй залгаад болсон асуудлын талаар хэлээд цагдаад шалгагдаж байгаа талаар надад хэлсэн. Миний хувьд нийт 3,5 сая төгрөгийг Кек Юхагвон ХХК-нд төлсөн. Энэ мөнгийг Солонгос захирал болон Ука нараас нэхэмжилж байна. Миний хувьд хохирлын мөнгө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-66х/,
- хохирогч Э.Мөнх-Эрдэнийн гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 66-77х/,
- хохирогч С.Бадамсэдийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын эхээр байх Бүгд Найрамдах Солонгос Улсруу оюутан зуучлалаар явуулна гэсэн зарын дагуу Уранцэцэг гэж хүнтэй холбогдсон. Ингээд би 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс тауэр төвийн 11 давхарт байрлах Kim s Edu сургалтын төв дээр очиж Уранцэцэг гэж хүнтэй уулзсан. Уранцэцэгтэй уулзсаны дараа компанийн захирал гэх Солонгос захиралтай уулзсан. Тухайн үед Уранцэцэг гээд эмэгтэй нь Солонгос захирлын хэлж байгааг надад орчуулж байсан. Уранцэцэг нь орчуулахдаа манай компани энэ жилээс ажлын гэрээгээр явуулдаг болох гэж байгаа эхний ээлжид жилийн хугацаагаар явуулна, Солонгос Улсад вирус гарсан учраас ажиллах хүч муу байгаа учраас тийм учраас 1-2 удаа иргэдийг гэрээгээр ажилд авна гэсэн. Манай компаниар явахын тулд эхний ээлжид 500,000 төгрөг тушаагаад оюутан зуучлалын гэрээ байгуулна. Тэгээд хэд хоногийн дараа ажлын гэрээ ирэхээр дараагийн гэрээгээ байгуулна гэсэн. Миний хувьд энэ компаниар дамжуулан явахаар болоод энэ өдрөө “Оюутан зуучлалын гэрээ” гэрээ байгуулаад бэлнээр байгуулсан. Энэ гэрээ компанийн менежер гэх хүнтэй байгуулсан. Миний хувьд Уранцэцэг гэж хүнтэй холбогдоод оффис дээр нь очоод менежер гэх эмэгтэйтэй уулзаад компанийн талаар мэдээлэл авсан. Мөн үүнээс гадна энэ компанийн захирал солонгос хүнтэй уулзаж байсан.
Үүнээс хойш 2020 оны 04 сарын 10-ны орчим байх надруу Уранцэцэг яриад ирээд уулзах боломжтой юу гэхээр нь очиж уулзахад менежер эмэгтэй, Солонгос захирал хоёр тусдаа өрөөнд авч уулзаад чиний гэрээ ирсэн гэрээгээ хийхийн тулд барьцаа болох 3,0 сая вонн байршуулна гэхээр нь та нар 500,000 төгрөгөөр гэрээ хийгээд болно гэсэн биздээ яагаад ингэж байгаа юм бэ гэхэд хүмүүс очоод ихээр харлах магадлал ихтэй учраас барьцаа авч байгаа юм. Тэгэхээр нь би тухайн өдөр мөнгө байхгүй байсан учраас төлж чадаагүй. Үүнээс хойш 2-3 хоногийн турш Уранцэцэг залгаад та ирж гэрээ хийхгүй бол хоцрох гээд байна гэхээр нь мөнгө цуглуулж байгаад 5,0 сая төгрөг болгоод очиж уулзсан чинь ямар ч байсан энэ мөнгөөр гэрээ хийе, энэ мөнгөн дээрээ 10 хоногийн хугацаанд 500,000 төгрөг нэмээд нийт 5,5 сая төгрөгөөр явуулж өгье гэж менежер гэх эмэгтэй хэлсэн. Ингээд би гэрээгээ хийгээд мөнгөө бэлнээр өгөөд баримт бичүүлэн авсан. Тухайн үед надад Солонгос хэл дээр бичсэн 2 хуудас гэрээн дээр гарын үсэг зуруулаад надад өгөөгүй. Нэг хувийг нь танд өгөх ёстой гэхдээ Солонгос Улсруу явуулаад гэрээг баталгаажаад ирсний дараа нэг хувийг нь өгье гээд хоёр гэрээг аваад үлдсэн. Хамгийн сүүлд байгуулсан гэрээг 2020 оны 04 сарын 23-ны өдөр менежер эмэгтэйтэй байгуулсан. Тэрнээс хойш надтай дахиж холбогдоогүй. Намайг тухайн хүмүүс 2020 оны 05 дугаар сарын эхээр явуулна гэж байсан.
Миний хувьд нийт эхний 5,500,000 төгрөгийг энэ байгууллагад өгсөн. Би өөрийн мөнгөө менежер эмэгтэй болон Солонгос захирлаас нэхэмжилнэ. Солонгос иргэний ярьсан зүйлийг менежер гэх эмэгтэй орчуулж өгч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-80х/,
- хохирогч Б.Бадамсэдийн гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 82-84х/,
- хохирогч Т.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...фейсбүүк дээр Солонгос руу зуучлах талаар зарыг манай эгч хамгийн эхэлж хараад надад хэлэхээр нь 80990059 дугаарын утас руу Уранцэцэг гэдэг хүнээс залгаж хүүхдээ сургуульд зуучлуулах талаар асуухад Солонгос Улсын сургуулиудад зуучилна, албан ёсны баталгаатай, манай захирал ирчихсэн байгаа, хэрвээ хүүхдүүдээ сургуульд нь явахаар болбол захирал өөрөө дагуулаад сургууль руу нь хүргэж өгнө, ямар ч эрсдэлгүй гэж хэлсэн. Мөн тэр эмэгтэй хэлэхдээ тодорхой хоног заачихсан, энэ хугацаанд бүртгүүлбэл 20 хувийн хөнгөлөлттэй, мөнгөө бэлнээр авчирвал нэмээд 5 хувийн хөнгөлөлттэй гэхээр нь гэр бүлээрээ ярьж байгаад 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Писс тауэрийн 11 давхарт 1103 тоотод очиж уулзахад яг оффисын зориулалттай газар байсан. Өрөөнийхөө дотор талдаа Kim’s edu гэсэн самбартай, сургуулиудын танилцуулгууд нь тараах материал бэлдчихсэн байхаар нь бүр итгээд найдвартай юм байна гэж бодсон. Оффис дээр нь очоод Уранцэцэг болон 2-3 эмэгтэй байсан, Ким захирал нь өөрөө бас байсан.
Бид нар бараг хамгийн эхнийх нь шахуу хүмүүс байсан, тэгээд Уранцэцэгээс асуухад менежер Даваасүрэнтэй танилцуулсан, харин Ким захирал гэсэн хүн нь намхан нуруутай, шар царайтай залуу байсан. Тэр нь Монголоор ярьж чадахгүй, бусад нь бидэнд орчуулга хийж өгч байсан. Тэгээд энэ өдрөө Оюутан зуучлалын гэрээг Ким захиралтай нь байгуулсан. Сургуульд явуулахад сургуульд тушаах 2.600.000 вон, сургуульдаа очихдоо тэр мөнгөө сургуульдаа тушаана, зуучлалын хөлс нь 999,000 төгрөгөөр 25 хувь хөнгөлөөд 750,000 төгрөг болсон. Гэрээг байгуулсны дараа надад Хаан банкны 5014388445 дугаартай данс руу би өөрийн хаан банкны 5753398767 дугаартай данснаас интернэт банкаараа шилжүүлсэн. Гэрээн дээрээ байгууллагын тамгаа дар гэж хэлэхэд Ким захирал нь гарч ирээд өөрөө гэрээн дээр гарын үсэг зураад тамга байхгүй гэж хэлсэн. Манай нөхөр хамт явж байсан учраас яагаад тамга тэмдэг байдаггүй юм, энэ чинь тэгвэл хүчингүй шдээ гэхэд шинээр захиалчихсан байгаа, удахгүй гарчихна, гарахаар нь дуудаад тамга дарчихъя, манай Солонгост тамга гэж дарагддаггүй бид нар гарын үсгээ зурчихдаг гэж орчуулагчаараа дамжуулж хэлсэн. Дараа нь 3-4 хоногийн дараа над руу залгаж гэрээн дээрээ тамгаа даруулаарай гэхээр нь очиж тамга даруулсан.
Тэд нар өөрсдөө хэлэхдээ 2020 оны 06 сарын 30-аас өмнө материалаа бүрдүүлж өгөөрэй, тэр үед сургуулийн урилга ирчихнэ гэж хэлсэн. Манай хүүхэд Амарбаясгалан нь насанд хүрээгүй учраас би өөрийн нэрээр гэрээ байгуулж, мөнгөө өөрийнхөө дансаар шилжүүлсэн. Үүнээс өөрөөр мөнгө өгөөгүй.
Оюутан зуучлалын гэрээ нь их хувиараа байгаа. тэр газрын Ким захирал, менежер Даваасүрэн, Уранцэцэг нартай уулзаж мэдээлэл авсан. Ким захирал нь өөрөө гарч ирээд бидэнд тайлбарласан. Мөн бид нар хамгийн эхний хүмүүс нь байсан бололтой, гэрээн дээрээ 1 дугаар өгөөд мөн мөнгөө шилжүүлэх болоход аль данс руугаа мөнгөө авахаа мэдэхгүй, чи би гэцгээгээд нэг хүний данс өгсөн, одоо тэр нь хэний данс байсныг санахгүй байна, менежерийнх нь данс байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг/1-p хх-ийн 85-87х/,
- хохирогч Т.Оюунбилэгийн гаргаж өгсөн баримтууд /1-р хх-ийн 89-93х/,
- хохирогч Б.Наянбуугийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 сарын дундуур байх фейсбүүкээс Kim s edu korea гэсэн фэйж хуудсан дээрээс оюутан зуучлалаар Солонгос Улсруу явуулна эхний 20 хүн урамшуулалтай гэсэн зар байсан. Энэ зарын дагуу 2020 оны 04 сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс тауэр төвийн 11 давхарт байрлах оффис дээр очоод Энхжаргал гээд мэдээллийн ажилтантай уулзсан. Ингээд тухайн хүнээс мэдээлэл аваад гэртээ очиж аав, ээждээ хэлсэн. Тэгэхэд манай аав ээж зөвшөөрсөн учраас 2020 оны 04 сарын 17-ны өдөр нөгөө газар очиж тухайн компанийн захирал Солонгос Улсын иргэнтэй уулзаж мэдээлэл аваад гэрээгээ байгуулахаар тохироод Худалдаа хөгжлийн банкны данс руу 399,000 төгрөг шилжүүлээд гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь ямар учиртай эхний 5 хүнд багтсан учраас 20 хувь хөнгөлсөн гээд дээрх мөнгийг авсан. Дараа нь виз мэдүүлэх үед үлдэгдэл төлбөр болох 400,000 төгрөгийг авна гэж хэлсэн. Тухайн үед компанийн захирал гэх хүн нийт хэлний бэлтгэл, байрны төлбөр нийлээд арван хэдэн сая төгрөг болно гэхээр нь гэртээ очоод тооцоод үзэхэд энэ жилдээ явж чадахааргүй болсон учраас буцаж очиж уулзаад гэрээгээ цуцлаад урьдчилгаа мөнгөө авъя гэхэд 5 сарын 05-ны өдөр Солонгос Улсаас мөнгө орж ирэхээр данс руу чинь мөнгийг нь буцаагаад өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй явж байна. Гэрээг цуцлахдаа надаас буцаагаад авсан. Одоо надад байхгүй. Мөн мөнгө тушаасан баримт нь байхгүй. Миний хувьд өөрийн 399,000 төгрөгийн хохирол учраад байна. Энэ мөнгөө БНСУ-ын иргэн захирал залуугаас нэхэмжилж байна. Мөн үүнээс гадна компанийн менежер Даваасүрэн гэж хүн хамт байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-96х/,
- хохирогч Б.Наянбуугийн гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 98-103х/,
- хохирогч Г.Одхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Писс Тауерт явж байгаад 11 давхарт 1103 тоотод Солонгост зуучилна гэсэн байхаар нь орж Номуун гэдэг менежертэй уулзсан. Тэгэхэд эхний ээлжид материалаа бүрдүүлээд зуучлалын 1 сая төгрөг болно. Урьдчилгаанд 50 хувийг өгч болно гэж хэлсэн. Тэгэхээр нь Сөүл хотод байдаг сургуулийг сонгоод зуучлалын 500,000 төгрөгийг тэндээ байхдаа мобайл банкаараа шилжүүлсэн...гэрээгээ байгуулах гэтэл тамга тэмдэг дараагүй бас дахиж шинэчилсэн учраас хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Одоо надад гэрээ байхгүй тамга даруулах гээд үлдээчихсэн. Мөнгө өгснөөс 14-21 хоногийн дараа сургуулийн урилга ирнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/1-p хх-ийн 104-105х/,
- хохирогч Г.Одхүүгийн гаргаж өгсөн баримтууд /1-р хх-ийн 107-110х/,
- хохирогч Г.Ойдовын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай эхнэр Ундрахын фейсбүүк хаягруу холбогдоод манай Kim s Edu korea боловсрол зуучлалын газар байгаа юм. Солонгос Улсруу явах ах дүү найз нөхөд байвал манай компани зуучилна би өөрөө дарга нь байгаа юм гэж танилцуулсан. Тэгээд өөрийн байгууллагын Kim s Edu korea байгууллагын линк явуулаад орж танилцаарай Монгол хүн байгаа гэж бичиж явуулсан. Ингээд манай эхнэр линкрүү нь ороод чат бичээд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Писс тауэрийн 11 давхарт байрлах 1105 тоот өрөөнд очиж тус компанийн менежер Ука буюу Даваасүрэн гэж хүнтэй уулзсан. Ингээд Даваасүрэн нь Солонгос захирлын хамт надтай уулзаад 7-8 сургуулийн танилцуулга үзүүлээд төлбөрөө 100 хувь төлөөд явах боломжтой гэсэн бөгөөд төлбөр арван хэдэн сая төгрөг болсон юм. Манай эхнэр Ундрах Солонгос Улсад сурдаг учраас миний хувьд сурах сонирхол байхгүй ажиллах хүсэлтэй байна гэдгээ хэлэхэд Ким гээд захирал нь орчуулагч Даваасүрэнгээс дамжуулан хэлэхдээ манайх Солонгос Улсад байдаг аялал жуулчлалын компанийн охин компани байгаа юм. Ажилд хүн явуулахад хууль бус учраас нууцаар 10 хүн авч явах гэж байгаа гэж хэлсэн. Сургалтын зуучлалын хөлс нь 900,000 төгрөг байдаг гэхдээ сургууль биш ажил зуучилж байгаа учраас 500,000 төгрөг өгчих явуулаад өгье, өвчин гарсан учраас гадаад ажилчдаа явуулсан. Тэр газарт нь хүнгүй байгаа учраас Монгол хүмүүс авах сонирхолтой учраас та хоёрт боломж байгаа тийм учраас гэрээ байгуулаад 500,000 төгрөгөө өгчих 2020 оны 04 сарын 23-ны дотор материалаа явуулаад 04 дүгээр сарын 30-ны дотор Солонгос талаас урилга буюу ажилд тэнцсэн гэсэн бичиг явуулна. Ингээд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэхэд визээ гаргаад гэрээний ажилчид тэнцээд аваад явна гэсэн. Ингээд энэ өдрөө менежер Даваасүрэн гэж хүнтэй “Оюутан зуучлалын гэрээ” байгуулсан. Энэ гэрээг байгуулах болсон учир нь Ажлын гэрээ бэлэн болоогүй учраас энэ гэрээг байгуулна гэсэн. Мөн 2020 оны 04 сарын 11-ний өдөр гэхэд ажлын гэрээ бэлэн болоод цаанаас ирэх материал бэлэн болно гэсэн. Тэгээд бид хоёр тухайн үед мөнгөний боломж байхгүй учраас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 410042268 дугаарын данс руу гүйлгээний утга хэсэг дээр Ойдов гээд 500,000 төгрөгийг эхнэр Ундрахын Хаан банкны 5022868227 тоот данснаас шилжүүлсэн.
Үүнээс хойш хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад 2020 оны 04 сарын 10-ны өдөр менежер Даваасүрэн гэж хүн рүү залгаад юу болж байгаа талаар асуухад гэрээ бэлэн болсон ирж уулзах шаардлага байхгүй, 3,0 сая вонныг Солонгос дансанд хий, аль эсвэл 3,0 вонтой тэнцэх хэмжээний Монгол мөнгө буюу 6,800,000 төгрөг бэлнээр авчирч өг гэж хэлсэн. Хамгийн ихдээ 6 cap гэхэд явчихна тэндээ 1 cap ажиллаад эхний сарын цалингийн хамт 3,0 сая вонныг хамт өгнө яагаад хурдан өгч байгаа гэхээр Солонгос дансанд их хэмжээний мөнгө байлгахаар татвар төлдөг учраас харлахгүй гэсэн баталгаа болгож 3,0 сая вонныг нэг cap баталгаа болгож авна гэсэн. Мөн эхний сарын цалин нь 2,5 сая вонн гэж хэлсэн. Ямар ажил хийнэ гэхээр каргоны бараа ачдаг ажил хийнэ гэсэн. Мөн Стар ким гэж хүн нь тус улсдаа ачаа зөөдөг каргоны компанитай, ачаа ачдаг ажил хийлгэнэ гэсэн. Нэг жилийн гэрээтэй явах бөгөөд өөрөө сайн ажиллах юм бол 3 жил болгож сунгана гэсэн. Энэ асуудал хууль бус учраас өөрийн итгэж найддаг найдвартай 2-3 хүн аваад ирээрэй ажлын гэрээгээр гаргая гэсэн. Түүнээс хойш залгахгүй байж байгаад 2020 оны 04 сарын 27-ны өдөр ажил дээр нь яваад очиход нөгөө Солонгос захирал болон Даваасүрэн, бас танихгүй нэг эмэгтэй байсан. Энэ үеэр Даваасүрэнтэй ярихад мөнгө олдохгүй хэцүү байна яг найдвартай юу гэж асуухад найдвартай гэж хэлсэн. Тэгэхээр нь мөнгө олдохгүй байна дараагийн ээлж хэзээ бэ гээд асуухад дараа нь гэрээний нөхцөл өөрчлөгдөөд үл хөдлөх барьцаалдаг болж байгаа гэсэн. Тэгвэл та хоёр одоо л явах боломж байна. Манай Улсаас 30-ны өдөр чартер нислэг явна энэ нислэгээр бичиг баримтуудаа явуулах гэж байгаа 4 сарын 29-ний өдөр мөнгөө авчраад өгчих гэхээр нь 6,8 сая төгрөг олоод мөнгөө шилжүүлэх гээд залгасан чинь утас нь холбогдох боломжгүй байсан бөгөөд ажил дээр яваад очсон чинь хаалга нь цоожтой луйвардуулсан хүмүүсээ надруу залгаарай гээд утсаа үлдээгээд явсан байсан.
Миний хувьд Даваасүрэн буюу Ука гэж хүнтэй гэрээ байгуулсан. Тухайн үед Ука гэж хүнийг Даваасүрэн гэж хүн гэдгийг нь мэдээгүй. Миний хувьд Даваасүрэн, Стар Ким гэж хүнтэй л харьцсан. Өөр ямар нэгэн хүмүүстэй харьцаагүй. Миний хувьд өөрийн 500,000 төгрөгөө Ким болон Даваасүрэн нараас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111 -113х/,
- хохирогч Г.Ойдовын гаргаж өгсөн баримт/1-р хх-ийн 115-118х/,
-хохирогч Г.Энхнямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрөө Солонгос Улс руу явахаар сургуульд явахаар судалж, зөндөө олон газартай холбогдож уулзаж байгаад 2020 оны 03 дугаар сарын 20-ны үеэр фейсбүүк дээр Kim’s edu гэсэн сургууль руу зуучилна гэсэн зарын дагуу хэд хоногийн дараа Чингэлтэй дүүрэг Писс тауэрын 11 давхарт 1103 тоотод очиход үүдэндээ хаягтай оффисын өрөө байсан. Тэр газарт Ким гээд солонгос захирал нь өөрөө байсан ба надад нэрийн хуудсаа өгөөд, тэр байгууллагынх нь ажилтнууд гээд ойролцоогоор 5-6 хүн ажиллаж байсан.
Тэгээд сургуульд хэрхэн явуулах талаар тодруулахад эхлээд хэлний бэлтгэлд яваад дараа нь сургуульдаа сурна, зуучлалын урьдчилгаанд 1 сая төгрөг болно, тэрний 50 хувийг нь эхэлж өгөөд, сургуулиас хариу ирэхээр нь үлдсэн 50 хувиа өгөөрэй гэж хэлсэн учраас 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дахиж ирж Даваасүрэн гээд менежер хүүхэнтэй уулзаж бүртгүүлж гэрээ хийж 500,000 төгрөгийг бэлнээр Даваасүрэн гээд эмэгтэйд өгсөн.
Сургуулиас 2020 оны 04 дүгээр сардаа багтаад хариу нь ирнэ гэж байсан боловч хариу ирээгүй, тэр байгууллага нь худлаа байсан. Одоогоор өөрийнхөө өгсөн 500,000 төгрөгөө буцааж аваагүй байгаа.
Надад гэрээ эх хувиараа байгаа. Гэрээг Даваасүрэн гээд менежер эмэгтэйтэй уулзаж байгуулсан. Надтай харьцаж мэдээлэл өгсөн хүн нь Даваасүрэн байгаа юм, мөн надад нэрийн хуудсаа өгсөн хэр нь Ука гэсэн нэр байсан. Гэрээгээ байгуулахдаа Солонгос захиралтай уулзсан, гэхдээ Монголоор ярьж чаддаггүй учраас юм яриагүй...” гэх мэдүүлэг /1-p хх-ийн 119-120х/,
- хохирогч Г.Энхнямын гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 122-125х/,
- хохирогч З.Билгүүтээгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сард фейсбүүк дээр Солонгост зуучилж сургуульд явуулна гэсэн утгатай зарыг хараад хамгийн эхлээд ажилтных нь бололтой 89921727 дугаар луу залгаж асуухад өөрийнхөө холбогдох бүх лавлагааг аваад ирээрэй гэсэн учраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Писс тауэрын 11 давхарт 1103 тоот очиход Kim’s edu гэсэн хаягтай газар байсан. Ороод менежер Даваасүрэн гэсэн эмэгтэйтэй уулзаад сургуульд суралцах талаар мэдээлэл авахад олон сургуулиас сонголт хийнэ гэхээр нь 2 сургууль сонгосон. Бичиг баримтаа бүрдүүлж өгөөд урьдчилгаа 500,000 төгрөг болно, сургуулиас урилга ирсний дараа үлдэгдэл 7-8 сая төгрөг, үлдсэн зуучлалын 500.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд сургуулиа сонгочихсон учраас 500,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5653004369 дугаартай данснаас Даваасүрэнгийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд Орлогын баримт үйлдэж гарын үсэг зурсан. Ингэхдээ Даваасүрэнтэй Оюутан зуучлалын гэрээг байгуулсан. Гэрээг байгуулсны дараа 7 хоногийн дараа эргээд холбогдоно, сургуулиас урилга ирнэ, тэр хооронд мөнгөө бэлдэж байгаарай гэж хэлсэн боловч 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр менежер Даваасүрэнгийн фейсбүүк рүү юу болж байгаа талаар асуухад манай захирал луйвардсан байна, цагдаа дуудсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-128х/,
- хохирогч З.Билгүүтээгийн гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 129-133х/,
- хохирогч Д.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын дундуур манай найз Билгүүн Солонгос руу хэлний бэлтгэлд явуулах зар гарсан байна гэсний дагуу би судалсан. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс тауэр 11 давхар 1105 тоотод үйл ажиллагаа явуулдаг Бүгд Найрамдах Солонгос Улсруу оюутан зуучлалын компани дээр очсон. Тэнд Ука менежер байсан. Эхний ээлжид сургууль төгссөн гэрчилгээг Гадаад явдлын яамаар Аписголи хийлгүүлээд, урьдчилгаа мөнгө тушаа гэсэн. Тэгээд би 500,000 төгрөгийг тушаа гэж байсан. Ука гэдэг менежерийн данс руу хий гэхлээр нь тэр менежерийнхэн өгсөн данс руу хийхэд Н.Д гэдэг хүний данс байсан.
2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Kim’s Edu Korea LLC гэдэг компанийн нэрээр менежер Ука гэдэг нэрийн хуудастай ,гарын үсэг зурахаараа Н.Д гэдэг хүнтэй Оюутан зуучлалын гэрээ №103 гэсэн гэрээ байгуулж байсан.Энэ компанийн хүмүүстэй уулзсан. Төлбөр мөнгийг виз гарсны дараа даруй шилжүүлэх ёстой, эхний удаад зуучлалын хөлс болох 500,000 төгрөгийг тушааж байж цаашаа мэдүүлэг явуулна гэж байсан. Солонгос захиралтай уулзаж байсан. Ука гэх менежертэй хамт хоорондоо юм яриад байсан. Анх бүртгүүлээгүй байхад байнга залгаж материалууд чинь яаж байна гэж асууж сурагладаг байсан. Мөнгөө шилжүүлсний дараа утасдахаа больсон. Түүний дараа залилсан гэх асуудал гарсан.
Миний хувьд нийт эхний 500,000 төгрөгийн Даваасүрэн гэж хүний дансруу шилжүүлсэн. Өөр бусад хохирол байгаа банкны лавлагаа авахад бид хувь хүнээс 150.000 төгрөг өгч лавлагаа авч байсан. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг/1-p хх-ийн 134-137х/,
- хохирогч Д.Тэмүүлэнгийн гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 139-144х/,
- хохирогч Ё.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 сарын 01-ний өдөр Фейсбүүк дээр Kim’s Edu Korea гэсэн зарын дагуу Солонгос Улс руу сургуульд зуучилна гэсэн байсан. Тэгээд би уг зарын дагуу холбогдсон. Чатаар холбогдоход та ирж уулзах шаардлагатай гэсэн. Тэгэхлээр нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс тауэр 11 давхар 1105 тоотод очсон. Тэнд Даваасүрэн гэх эмэгтэй нэг Солонгос захирал гэх эрэгтэйн хамтаар байж байсан. Би өөрийнхөө талаар ярьсан би Солонгост 2014-2019 он хүртэлх хугацаанд байхдаа хараар байсан. Одоо миний виз ямар шугамаар гарах бололцоотой бэ гэхэд Корона өвчин гарсан Солонгос Улсад ажиллах хүч муу байгаатай холбоотой энэ жил гэрээний ажилчид бүртгэгдээгүй тул манай компани өөрийнхөө нэрээр гэрээний ажилчид авах гэж байгаа гэж ярьсан. Хэрвээ таны виз гарчих юм бол энэ зуучлалын хөлсийг чинь манай компани авна, хэрвээ виз чинь гарахгүй бол таны 500,000 төгрөгийг буцаагаад өгчихнө, танд ямар нэгэн хохирол байхгүй гэж хэлж байсан. Солонгос захирал гэх залуутайн би биечлэн уулзсан. Тэр хүн дээрх миний хэлснийг хэлсэн. Ука гэх менежер нь орчуулж байсан. Ука гэх эмэгтэйн мөнгө тушаасан орлогын баримтад дээрээ нябо Даваасүрэн гэж бичиж өгч байсан. Миний хувьд урьдчилгаа гэж 500,000 төгрөгийн Даваасүрэн гэх хүний данс руу шилжүүлсэн байдаг. Манай нөхөр Батсүхийн Батхүү мөн энэ компанид гэрээний ажилчнаар бүртгүүлэхээр бас хандсан байсан учраас би нийт 1,000,000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5055325327 дугаарын данснаас Даваасүрэнгийн Хаан банкны данс руу шилжүүлж байсан. Манай нөхрийн зөвхөн овог нэр гэрээ нь тус тусдаа бичигдсэн. Түүнээс би өөрийн данснаас 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү. Ямар ч гэсэн зуучлалын хөлс болох 500.000 төгрөгийн гэрээ гэж байгуулсан байдаг. Хүн тус бүрээр нь зуучлалын хөлс болох 500,000 төгрөгийн гэрээ хийсэн байгаа. Харин 2 хүний нэрээр хийсэн 1,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-148х/,
- хохирогч Ё.Ууганцэцэгийн гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 152-158х/,
- хохирогч Г.Өлзийжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сард фейсбүүк дээр 40 хүртэлх насны хүмүүс сургалтад хамрагдах боломжтой гэсэн зарын дагуу Болорцэцэг гэх хүнтэй утсаар холбогдсон. Болорцэцэг нь БНСУлсад суралцахад зуучилна гэж тайлбарлаж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 410042268 гэсэн худалдаа хөгжлийн банканд Даваасүрэн гэх хүний дансруу 499.000 төгрөгийг шилжүүлсэн...би болорцэцэг гэгчтэй 4 сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан. Даваасүрэн Солонгос захирал нь гээд нүдний шилтэй Солонгос хүн байсан. Даваасүрэн нь орчуулга хийгээд Солонгос захирал нь урьдчилгаа 50 хувь хийчих. Виза гарсны дараа 50 хувь хийх боломжтой..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 93-94х/,
- хохирогч М.Цагаадайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ука гэдэг менежер нь 2020 оны 03 дугаар сарын сүүлчээр фейсбүүк дээр Солонгос Улс руу хэлний бэлтгэлээр зуучилж өгнө гэсэн зар тавьсан байсан. Энэ зарын дагуу Ука гэдэг хүнтэй холбогдон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс тауэр 11 давхар 1105 тоотод үйл ажиллагаа явуулдаг Бүгд Найрамдах Солонгос Улсруу оюутан зуучлалын компани дээр очсон. Тэр үед Ука гэх менежертэй уулзсан. Надад тэр хүмүүс хэлэхдээ “Солонгосын сургалт 5 сард эхэлдэг тул яаралтай бичиг баримтаа өг гэж байсан. Эхний удаад бичиг баримтаа бүрдүүлж өгье гэхэд урьдчилгаа мөнгөө заавал хий гэж байсан. Тэгэхлээр би өөрийн урьдчилгаа болох 600,000 төгрөгийг мобайл банкаар Ука гэсэн менежерийн нэр нь Н.Д гэдэг юм байна лээ. Тэр хүний данс руу шилжүүлсэн. Тэгсэн Ука гэх менежер нь хэлэхдээ 4 сардаа багтаад хариу ирнэ, сургалтынхаа төлбөрийг тушаачих юм бол визэндээ орно гэж ярьж байсан. Оюутан зуучлалын гэрээ 2020 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр Н.Дтэй байгуулсан байдаг юмаа. Хэл мэдэхгүй учраас Солонгос захиралтай уулзаагүй түүнээс тэр захирал нь Ука гэх менежертэйгээ хамт байсан. Миний хувьд 600,000 төгрөгийн Даваасүрэн гэж хүний дансруу шилжүүлсэн. Уг компанийн мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 159-162х/,
- хохирогч М.Цагаадайгаас гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 164-166/,
- хохирогч Б.Солонгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Фейсбүүк дээр Kim’s Edu Korea гэсэн зарын дагуу Солонгос Улс руу хэлний бэлтгэлд зуучилж өгнө гэсэн зар тавигдсан байсан. 2020 оны 04 дүгээр сарын эхээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс тауэр 11 давхар 1105 тоотод үйл ажиллагаа явуулдаг Бүгд Найрамдах Солонгос Улсруу оюутан зуучлалын компани дээр очиход Ука гэх эмэгтэй менежер нь гэсэн. Тэр эмэгтэйтэй уулзахад уг хүн надад сургуулиа танилцуулсан. Би тэр сургуулиас нь 2 сургуулийг сонгосон. Тэр хүний заавар танилцуулга гэсэн юм өгсөн түүнийхэн дагуу би материал бүрдүүлсэн. Урьдчилгаа мөнгө гэж 600,000 төгрөг бэлнээр өгсөн. Хоёр талаасаа гэрээ байгуулан гэж гэрээ байгуулсан. Миний өгсөн материалуудыг сургууль руу нь явуулаад 4 сарын сүүлчээр 5 сарын эхээр надад хариу өгнө гэж байсан.
2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Kim’s Edu Korea LLC гэдэг компанийн нэрээр менежер Ука гэдэг нэрийн хуудастай, гарын үсэг зурахаараа Н.Д гэдэг хүнтэй Оюутан зуучлалын гэрээ байгуулж байсан. Энэ компанийн хүмүүстэй уулзсан.Төлбөр мөнгийг виз гарсны дараа даруй шилжүүлэх ёстой, эхний удаад зуучлалын хөлс болох 600,000 төгрөгийг тушааж байж цаашаа мэдүүлэг явуулна гэж байсан. Солонгос захирлын харсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170-171-р хуудас/,
- хохирогч Б.Солонгоос гаргаж өгсөн баримтууд /1-р хх-ийн 173-176х/,
- хохирогч Б.Тамирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 04 дүгээр сарын эхээр өөрийн фейсбүүкээр Kims Edu Korea гэх нэртэй фэйж хуудсанд Солонгос Улсруу оюутан сургахаар зуучилж өгнө гэсэн зар байсны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Peace tower” 11 давхарт 1105 тоот өрөөнд очиход Уранцэцэг гэх 20 гаран насны эмэгтэй намайг хүлээн авч уулзаад өөрийн байгууллагын талаар танилцуулж хэд хэдэн сургуулиас сонголт хийгээд сурч болно гэж боломжуудын талаар санал болгож хэлсэн. Тухайн байгууллагын захирал нь Солонгос Улсын иргэн байсан бөгөөд захиралтай нь бас уулзсан. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тухайн байгууллага дээр очиж оюутан зуучлалын гэрээ байгуулан урьдчилгаа 500,000 төгрөгийг ба өөрийн Хас банкны 5001552449 дугаарын данснаас мобайл банкаар тухайн байгууллагын Худалдаа хөгжлийн банкны Даваасүрэн гэж эзэмшигчтэй дансруу шилжүүлсэн. Хохирол 500,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-179х/,
- хохирогч Б.Тамираас гаргаж өгсөн баримтууд /1-р хх-ийн 181-183х/,
- хохирогч Т.Эрдэнэтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын сүүлээр байх Солонгос дахь Монголчууд, Солонгос дахь 3 сараар аялагчийн нэгдсэн групп гэсэн фэйж хуудаснууд дээр “Солонгос Улсын их дээд сургуулиудад хамгийн хямд зардлаар суралцаж ажиллаж амьдрах хүсэлтэй хүмүүс доор дугаараа үлдээнэ үү” мөн “Солонгос хэлийг хамгийн хямд зардлаар эх оронд очиж сурч боловсронгоо ажиллаж амьдрах хүсэл зорилготой хүмүүс байна уу” гэсэн зарын дагуу би өөрийн нэр, утасны дугаарыг коммент хэсэг дээр нь бичиж үлдээсэн. Тэгтэл маргааш нь миний утсаар надтай холбогдоод боломжтой бол ирээд уулзаарай гэсэн. Ингээд би 2020 оны 03 сарын сүүлээр буюу надтай утсаар ярьсны маргааш нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс малл худалдааны төвийн 11 давхар 1105 тоотод байрлах “Kim s Edu Korea” ХХК-ийн оффис дээр очиж менежер Ука /Даваасүрэн/ гэх хүнтэй уулзсан. Тэгэхэд манай байгууллага Солонгос Улс руу хөдөлмөрийн гэрээгээр найдвартай явуулдаг гэж байсан ба тэр үед компанийн захирал гэх Солонгос залуу орж ирээд Даваасүрэнгээр дамжуулан орчуулга хийлгэж надтай ярилцсан. Тэгэхэд өөрийгөө Солонгос Улсад шуудан, усан онгоцны 2 компанитай 200 ажилтан хэрэгтэй байгаа юм халдварт өвчин гарсан гээд өөр бусад орноос хүн хүч авч болохгүй байгаа юм. Монголоос 200 хүн бүртгэж авч явах юм гэж байсан. Ингээд би уулзчихаад яваад 2020 оны 04 сарын 04-ний өдөр оюутан зуучлалын гэрээ байгуулаад зуучлалын хөлс гэж 500,000 төгрөг авсан. Дараа нь Солонгос Улсаас урилга ирэхээр 3 сая воныг барьцаалж бүртгүүлнэ гэсэн. Надад мөнгө тушаасан баримт байгаа. Би 500,000 төгрөгөө АТМ-ээс Даваасүрэнгийн данс руу шилжүүлсэн.
Би 2020 оны 03 сарын сүүлээр Даваасүрэн гэж хүнтэй уулзсан. Энэ компанийн захирал гэх Солонгос залуу байсан. Энэ хүнтэй орчуулагчаар дамжуулан ярилцсан. Миний хувьд өөрийн 500,000 төгрөгөө Солонгос иргэн болон гэрээ байгуулсан Даваасүрэн нараас нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 185-186х/,
- хохирогч Т.Эрдэнэтөгсийн гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 188-189/,
- хохирогч Э.Эрдэнэцацралын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай дүүгийн найз Эрдэнэсүх гэх залуу манай дүүд хэлснээр Солонгос Улсруу гэрээт ажилчид сурахаар жуучлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Kims Edu Korea” ХХК-д ажилд орсон. Тэгээд манай дүү Шинэболд надад санал тавьсны дагуу би Солонгос Улсруу гэрээт ажилчны материал бүрдүүлж гэрээ байгуулсан. Тухайн үед 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5135438853 дугаарын данснаас Даваасүрэнгийн 410042268 дансруу шилжүүлсэн. Гэрээ байгуулах үед 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Солонгосоос хариу ирнэ гэж байсан тэгэхээр нь визэнд оруулна гэж байсан. Тухайн үед цаг үеийн нөхцөл байдал хэцүү байгаа манай компани тусгай онгоц явуулах боломжтой гэж байсан...” гэх мэдүүлэг /1-p хх-ийн 191-193х/,
- хохирогч Э.Эрдэнэцацралын гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 195-198х/,
- хохирогч Ц.Лхагважаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхрийн найз Төгсөө гэдэг залуу өөрөө Солонгос Улсад олон жил ажиллаж байгаад ирсэн ба Төгсөө нөхөр бид 2-д Солонгос явах санал тавиад Kims Edu Korea ХХК талаар хэлсэн. Ингээд нөхөр бид хоёр Төгсөөгийн хамт 2020 оны 04 дүгээр сарын эхээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс Молл худалдааны төвийн 11 давхар 1105 тоотод байрлах Kims Edu Korea ХХК-ийн оффис дээр очиж Даваасүрэн гэгчтэй уулзсан. Тэгэхэд манай байгууллага найдвартай явуулдаг одоо Солонгос Улсад ажлын байр их байгаа гэж тайлбарласан. Мөн манай компани Солонгос Улсад байрладаг цэвэрлээ үйлчилгээний компанитай хамтран ажилладаг энэ компанид ажилтан зуучилж байгаа гэсэн. Мөн энэ ажилд гэрээ байгуулаад жуучлуулах юм бол барьцаа хүн тус бүрийн 2-3 сая вонн барьцаалж бүртгүүлнэ гэсэн ингээд бүртгүүлсний дараа Солонгосын үйлдвэрийн гэрээ байгуулах юм гэсэн. Тэгээд би 6-7 хоногийн дараа энэ компани дээр очоод оюутан зуучлалын гэрээ байгуулаад 500,000 төгрөгийг өгөөд Даваасүрэн гэгчээс баримт бичүүлж авсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 199-201х/,
- хохирогч Ц.Лхагважаргалын гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 203-206х/,
-хохирогч П.Ренегийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би ер нь Солонгос Улсруу сургуульд явахаар судалж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс Молл худалдааны төвийн 11 давхарт байдаг I TOP EDU гэдэг Солонгос Улсруу оюутан жуулчлалын компани дээр очиж уулзаад түүний хажууд байдаг Kims Edu Korea гэдэг нэртэй Солонгос Улсруу оюутан сургадаг гэх компани байсан. Тэгээд би уг байгууллага дээр очиж уулзахад манайх Солонгос Улсад маш олон сургуультай хамтран ажилладаг Солонгос Улсад ч энэ үйл ажиллагааг явуулдаг гэж байсан. Ингээд би 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Kims Edu Korea ХХК-ийн ажилтан Сэнгэмаа гэгчтэй оюутан зуучлалын гэрээ байгуулан урьдчилгаа 600,000 төгрөгийг ах Уранбатын Хаан банкны 5022350501 дугаарын данснаас интернэт банкаар худалдаа хөгжлийн банкны 410042268 дугаарын дансруу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208-209х/,
- хохирогч П.Ренегийн гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 211-217х/,
- хохирогч С.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2020 оны 04 дүгээр сарын эхээр байх фейсбүүк үзэж байгаад Kims edu Korea гэсэн пэйж хуудсан дээр Бүгд Найрамдах Солонгос Улсруу оюутан зуучлалаар ажилд явуулна гэсэн зар байсан. Тэгэхээр нь утсаар холбогдоод 2020 оны 04 сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс тауэр төвийн 11 давхарт байрлах оюутан зуучлалын газар очиж Шинэболд гэж хүнээс мэдээлэл аваад тухайн байгууллагын менежер Ука гэж хүнтэй уулзсан. Тэгэхэд таны суралцах нас бол хэтэрсэн учраас харин гэрээт ажилтнаар явах боломж байна гэж хэлсэн. Мөн Ука гэж хүнээс гадна Солонгос захирал нь гэх эрэгтэй хүн байсан. Тухайн хүн нь Солонгос хэлээр яриад Ука гэж хүн орчуулга хийсэн. Тэгэхэд манай Солонгосчууд найдвартай виз гарна, хэрвээ виз гарахгүй бол төлбөрийг чинь эргүүлээд өгнө гэсэн. Тийм учраас гэрээт ажилтнаар явахын тулд эхлээд Оюутан зуучлалын гэрээ байгуулаад урьдчилгаа 500.000 төгрөгийг яаралтай тушаах хэрэгтэй гэсэн. Ингээд би 2020 оны 04 сарын 09-ний өдөр очиж уулзаад Оюутан зуучлалын гэрээ байгуулаад 500,000 төгрөгийг Даваасүрэн гэж хүний Худалдаа хөгжлийн банкны дансанд тушаагаад бэлэн шилжүүлсэн баримт бичүүлэн авсан. Ингээд манай байгууллага тантай эргэн холбогдоно та гадаад паспортоо захиалаад байж бай гэж хэлсэн. Мөн тань руу 10 хоногийн дараа эргэн холбогдох болно гэсэн. Түүнээс хойш 10 хоногийн дараа дахин холбогдоод та ирж уулзаарай ажлын гэрээ баталгаажуулах гэсэн юм гэхээр нь би ажил ихтэй байсан учраас очиж уулзаж чадаагүй. Ингээд түүнээс хойш надруу дахин залгаагүй. Миний хувьд Даваасүрэн буюу Ука Солонгос захирал нараас өөрийн 500,000 төгрөгөө нэхэмжилж байна. Миний мөнгөнөөс өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийг буцааж олгоогүй байна. Энэ асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү. Миний хувьд хохирлоо авчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй. Манай Солонгосчууд найдвартай виз гарна, хэрвээ виз гарахгүй бол төлбөрийг чинь эргүүлээд өгнө. Манай Улсад өвчин гарсан учраас таны ажлын виз удах юм бол мөнгийг эргүүлэн олгоно гэсэн. Ука менежер нь болохоор тухайн Солонгос хүний хэлсэн зүйлийг орчуулж өгөөд байсан ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 82-83х/,
- хохирогч С.Гансүхийн гаргаж өгсөн баримт /2-р хх-ийн 85-88х/,
- хохирогч П.Мишээлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр фейсбүүк үзэж байгаад Kim s Edu korea гэж байгууллагын талаар мэдээлэл авсан. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс тауэр төвийн 11 давхарт байрлах Kim s Edu korea байгууллага дээр очиж зуучлагч Тэмүүлэн гэж хүнтэй уулзсан. Тэгэхэд надад байгууллагын талаар мэдээлэл БНСУ-д оюутан зуучлалаар явахаар болсон. Ингээд би урьдчилгаа 500,000 төгрөгийг байгууллагын менежер Даваасүрэн гэж хүний Худалдаа хөгжлийн банкны дансруу шилжүүлээд “Оюутан зуучлалын” гэрээ байгуулсан. Үүнээс хойш зуучилж өгсөн Тэмүүлэн гэж хүүхэдтэй байнга холбоотой байсан бөгөөд мэдээлэл авахад удахгүй сургуульд явуулна гэж хэлдэг байсан. Мөнгө өгснөөс хойш 5-6 хоногийн дараа манай ээж наад байгууллага дээрээ очиж уулзаад гэрчилгээг нь хараадах гэхээр нь би очиж уулзахад надад харуулахгүй байсан бөгөөд яагаад харуулахгүй байгаа талаар Солонгос захирлаас асуухад надад харуулах эрх байхгүй, Солонгос Улсад байдаг төв компаниасаа асууж байгаад харуулах боломжтой гэж хэлсэн. Мөн миний материалыг явуулсан талаар асуухад явуулсан гэхдээ энд харуулах боломжгүй бид нар эрх байхгүй гэж Солонгос иргэн хэлсэн. Тухайн үед хэлсэн зүйлүүд худлаа юм шиг санагдахаар өөрийн өгсөн материалаа буцаагаад аваад мөнгөө буцааж авмаар байна гэсэн шаардлага тавихад 4 дүгээр сарын 29-ний өдөр өгнө гэсэн. Тэгээд би 2020 оны 04 сарын 30-ны өдөр компани дээр очиход хүн байхгүй түгжээтэй байсан бөгөөд жижүүрээс нь асуухад тогны мөнгөө төлөөгүй гэж хэлсэн. Миний хувьд Тэмүүлэн гэж хүүхэдтэй гэрээ байгуулсан. Тухайн компанийн Солонгос захирал болон менежер Даваасүрэн нартай уулзаж байсан. Би өөрийн 500,000 төгрөгөө Солонгос иргэн болон менежер Даваасүрэн нараас нэхэмжилж байна. Учир нь Даваасүрэн гэж хүн бүх зүйлийг өөрөө хийж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 218-220х/,
- хохирогч П.Мишээлийн гаргаж өгсөн баримт/1-р хх-ийн 222-224х/,
- хохирогч Э.Халиунаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын эхээр байх фейсбүүк дээр Бүгд Найрамдах Солонгос Улсад сургуульд зуучилна гэсэн зарын дагуу доор нь өөрийн утсаа үлдээсэн. Ингээд надруу Kim s Edu korea сургалтын төвөөс холбогдоод ирж уулзаж мэдээлэл аваарай гэж хэлэхээр нь 2020 оны 04 сарын 07-ны өдөр байх Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Писс тауэр төвийн 11 давхарт очиж Ука гээд менежертэй уулзаад мэдээлэл авахад 6 сарын эхээр гэхэд хүмүүсээ бүртгэж дуусаад явуулна гэсэн. Мөн гэрээний зуучлалын хөлс 500,000 төгрөг авна гэсэн. Ингээд би мөнгөө бэлдээд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дахин очиж уулзаад 500,000 төгрөгийн тус байгууллагын менежер Ука буюу Даваасүрэн гэж хүний Худалдаа хөгжлийн банкны дансанд мөнгөө тушаагаад баримт бичүүлэн аваад “Оюутан зуучлах гэрээ”-г Даваасүрэн гэж хүнтэй байгуулсан. Миний хувьд өөрийн бичиг баримтуудаа өгсөн. Ингээд сүүлд надруу Ука гээд эмэгтэй залгаад миний бичиг баримтуудыг эргүүлэн өгсөн байгаа. Одоо миний хувьд өөрийн 500,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-227х/,
- хохирогч Э.Халиунаагийн гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 229-232х/,
- хохирогч Ж.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын дундуур байх манай Шинэчимэг намайг Өмнөговь аймагт байх ажил дээрээ байхад утсаар яриад БНСУ-руу зуучлалаар явуулдаг газар хүмүүс бүртгэж байна гэхээр нь би утасны дугаарыг нь аваад ярьж мэдээлэл авсан. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод ирээд эхнэр Шинэчимэгийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс тауэр төвийн 11 давхар 1105 тоот өрөөнд очиж Тэмүүлэн гэж хүнтэй уулзсан. Ингээд тухайн хүнээс мэдээлэл аваад Оюутан зуучлалаар явахаар бол тус байгууллагын менежер эмэгтэй болон Солонгос захирал Ким гэж хүмүүстэй уулзсан. Тухайн хүмүүс нь 6 сарын сүүлээр нислэг явж эхэлнэ. Тэгээд Солонгосын их сургуулиуд зуны бүртгэлээ авч эхэлсэн. Тийм учраас зуны элсэлтээр явуулна гэж хэлсэн. Ингээд энэ өдрөө гэрээ байгуулаад Оюутан зуучлалын гэрээ байгуулаад менежер эмэгтэйн дансруу нь 600,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн энэ өдөр манай эхнэр Шинэчимэг надтай адилхан “Оюутан зуучлалын гэрээ" байгуулаад 600,000 төгрөгийг менежерийн дансруу шилжүүлсэн. Ингээд гэрээгээ байгуулаад бичиг баримтуудаа бүрдүүлээд өгчих удахгүй хариу хэлнэ гэж хэлсэн. Түүнээс хойш бид хоёр ярих байх гээд хүлээж байсан боловч дахин яриагүй.
Би 2020 оны 04 сарын 14-ний өдөр гэрээ байгуулах үед Тэмүүлэн гээд мэдээллийн ажилтан байсан бөгөөд энэ хүүхдээс гадна менежер эмэгтэй Солонгос захирал хамт байсан. Энэ хоёр хүн ерөнхийдөө мэдээлэл өгөөд байсан. Миний хувьд өөрийн 600,000 төгрөгөө менежер Даваасүрэн болон Солонгос захирлаас нэхэмжилж байна. Учир нь Даваасүрэн гэж хүний дансруу мөнгөө шилжүүлсэн бөгөөд Солонгос захирлын ярьсан бүхнийг нь орчуулж өгч байсан...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 96-98х/,
- хохирогч М.Шинэчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Дорноговь аймаг Сайншанд суманд байх гэртээ байхдаа 2020 оны 04 дүгээр сарын эхээр байх фейсбүүкээс "Kim s Edu korea” байгууллагын танилцуулгыг нь хараад холбоо барих утсаар нь Тэмүүлэн гээд мэдээллийн ажилтантай ярьж мэдээлэл авсан. Энэ талаар Өмнөговь аймаг ажиллаж байгаа нөхөр Бямбасүрэнтэй утсаар холбогдоод хэлсэн. Тэгээд нөхрийн амралтыг тааруулж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нөхөр Бямбасүрэнгийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс тауэр төвийн 11 давхарт байрлах “Kim s Edu korea” байгууллага дээр очиж Тэмүүлэн гэж мэдээллийн ажилтантай уулзаад дараа нь менежер эмэгтэйтэй уулзсан. Энэ хүнээс бүрдүүлэх материалын жагсаалтыг гаргуулан аваад энэ байгууллагаар дамжин явахаар болсон. Тэгээд эхний ээлжид урьдчилгаа 600,000 төгрөг тушаах шаардлагатай гэхээр нь гараад Даваасүрэн гэж хүний Худалдаа хөгжлийн банкны дансруу нөхөр Бямбасүрэгийн мөнгийг өөрийн мөнгөний хамт тус тусад нь 600,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд буцаж ороод мөнгө тушаасан баримт бичүүлж аваад гэрээгээ байгуулсан бөгөөд тухайн үед захирал нь гэх Солонгос Улсын иргэн байсан. Энэ захирал гэх эрэгтэйгээс нь тамга тэмдэг байгаа юм уу гэхэд манай Улсад шинээр байгуулагдаж байгаа гэсэн. Мөн өвчин гарсан учраас нислэг явах талаар асуухад 6 cap гэхэд манай улс энэ өвчнийг байхгүй болгохоор ажиллаж байгаа тийм учраас 6 сараас эхлэн хэвийн ажиллаж эхлэх учраас санаа зовох зүйл байхгүй гэж хэлсэн. Ингээд нөхөр бид хоёр “Оюутан зуучлалын гэрээ” байгуулаад явсан. Мөн бид хоёрын бичиг баримтаа бүрдүүлээд өгсний дараа 7-14 хоногийн дараа хариу хэлнэ гэсэн. Түүнээс хойш ярих байх гэж бодоод хүлээгээд байж байсан. Би 2020 оны 04 сарын 14-ний өдөр гэрээ байгуулах үед Тэмүүлэн гээд мэдээллийн ажилтан байсан бөгөөд энэ хүүхдээс гадна менежер эмэгтэй Солонгос захирал хамт байсан. Энэ хоёр хүн ерөнхийдөө мэдээлэл өгөөд байсан. Миний хувьд өөрийн 600,000 төгрөгөө буруутай хүнээс мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104-106х/,
- хохирогч М.Шинэчимэгийн гаргаж өгсөн баримт /2-р хх-ийн 108-111х/,
- хохирогч Б.Энххүслэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын дундуур хамаатны эгч Оюунбилэгээс БНСУлсруу сургуульд зуучлан явуулдаг газар байна би хүүхдээ явуулах гээд бүртгүүлсэн. Чи сонирхож үзээч гэж хэлсний дагуу 03 дугаар сарын сүүлээр оффис дээр нь очиж Энхрийгэрэл гэдэг охинтой уулзаж мэдээлэл авсан. Уг мэдээллийг гэрийнхэндээ хэлж ярилцаад бүртгүүлэхээр болж Энхрийгэрэлийн хэлсний дагуу 850,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хаан банкны 5926176057 дугаарын данснаас 410042268 дугаарын дансруу 1 удаа шилжүүлсэн. Ингээд Даваасүрэн гэх менежертэй оюутан зуучлалын гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233-236х/,
- хохирогч Б.Энххүслэнгийн гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 238-239/,
- хохирогч Б.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр танил хүнээс гадаад руу хямдхан гаргана гэсэн яриагаар Ука гэх эмэгтэйн утасны дугаарын олж аваад түүнтэй утсаар яриад Улсын Их Дэлгүүрийн баруун талд байх Комеди Клуб гэх байрны 11 давхарт очиж уулзахад Ука гэх эмэгтэй бас нэг ажилтныхаа хамт байсан. Ука нь Солонгос Улсруу яаралтай 1-5 жилийн хугацаатай ажлын гэрээгээр хүмүүс явуулах хэрэгтэй болж хямдхан үнээр хурдан шуурхай виз гаргаж өгөх болсон үнэ нь 1 хүний урьдчилгаа 500,000 төгрөг, барьцаа 3 сая вонн өгнө гэж хэлсэн. Ингээд би нөхөр Хишигбаатарын хамт ажлын гэрээгээр явахаар болж урьдчилгаа төлбөр тус бүр 500,000 төгрөгийг хаан банкны 5033636587 дугаартай данснаас тэр өдрөө 428013950 дугаарын дансруу шилжүүлсэн. Ингээд гэрээ хийх болоход оюутан зуучлалын гэрээ гэх гэрээг байгуулахаар болж үүнийгээ олон хүн бүртгэж байгаа болохоор бөөгнүүлж тоог нь гаргана гэж тайлбарласан. Мөн 2020 оны 05 дугаар сарын 15-ны дотор БНСУ-с үндсэн ажлын гэрээ ирнэ, тэгэхээр энэ гэрээгээ солино гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241-243х/,
- хохирогч Б.Энхжаргалын гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 245-247х/,
- хохирогч С.Хишигбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр Б.Энхжаргал өөрийн танил дүүгээс БНСУлсруу явуулж өгөх газар байна гэсэн яриаг сонсоод надад хэлж бид 2 хамт Улсын Их Дэлгүүрийн баруун талд байх Комеди Клуб гэх байрны 11 давхарт очиж Ука гэх охинтой уулзсан. Ука нь манай компани БНСУлсруу яаралтай гэрээний ажилтан гаргах гэж байгаа үүний тулд 1 хүний урьдчилгаанд 500,000 төгрөг. Барьцаанд 3 сая вонн өгнө гэж тайлбарласан ингээд эхнэр бид 2 ярилцаад зөвшөөрч Хаан банкны 5033636587 дугаартай данснаас тэр өдрөө 428013950 дугаарын дансруу 1 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд оюунтан зуучлалын гэх гэрээ байгуулсан. Ука нь өөрийн гар утсаар Солонгос захирал гэх хүнрүүгээ яриулсан. Би Солонгос хэл мэддэг учраас захиралтай нь яриад хамгийн цаад талын хугацаа 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэхэд Солонгос Улсруу явуулж өгнө. Би Е Март дэлгүүрт явж байна ярилцах боломжгүй байна гээд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 248-250х, 2-р хх-ийн 1х/,
- хохирогч С.Хишигбаярын гаргаж өгсөн баримт /2-р хх-ийн 3-5х/,
- хохирогч Э.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын эхээр фейсбүүкээр оюутан залуучуудыг Солонгос Улсад сурах болон ажиллах боломж байна гэсэн зарын дагуу утсаар холбогдож Писс Туаэрийн 11 давхарт 1105 тоот өрөөнд Ука гэх эмэгтэйтэй уулзсан. Ука нь БНСУлсад 1 жилийн хугацаатай ажиллах боломжтой цайны газар эсхүл цэвэрлэгээний ажил байна. Солонгост очоод 1 байранд 10 хүн байна. Байрны төлбөрийг хувааж төлнө, урьдчилгаа 500.000 төгрөг төлнө. Дараа нь ажлын гэрээ хийхэд 3 сая вонныг Монгол мөнгөнд шилжүүлж эсхүл вонноор нь өгнө гэсэн. Үүнээс хойш 10 хоногийн дараа бодож байгаад очиж гэрээ хийе гэхэд заавал мөнгөө авчирч ирээд гэрээ хийнэ гэсэн. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр орлогын ордер тасалбар бичиж өгч, оюутан зуучлалын гэрээ угаасаа хийх ёстой гээд хийсэн. Үүнээс хойш 1 удаа утсаар ярихад Ука ажлын гэрээ хийх юу болж байна гэхэд. 3 сая вонн өгөхөөр ажлын гэрээ хийж БНСУлруу явуулна, мөнгөө өг гэсэн. Тэгэхээр нь би мөнгөө өгөөгүй өнөөдрийг хүрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6-9х/,
- хохирогч Э.Наранчимэгийн гаргаж өгсөн баримт /2-р хх-ийн 11-12х/,
- хохирогч Ш.Хосбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний төрсөн ах Ялалт нь фейсбүүкээс БНСУ-руу явуулах зар харж намайг хамт очиж уулзъя гээд 2020 оны 04 сарын 21- 14 ний өдөр “Peace tower’’-ын 11 давхарт 1105 тоот байранд очиж Даваасүрэн буюу Ука гэж эмэгтэй хүнтэй уулзсан. Ука нь манай компанийн толгой компани нь БНСУ- д агуулахад ажилчин авахаар болж хэл улстай урьд нь БНСУ-д амьдарч байсан хүмүүсийг авч байгаа бүртгүүлэхэд 500.000 төгрөг, ажлын гэрээ хийхдээ 3 сая воныг авна” гэж ярьсан. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 500.000 төгрөгийг төлж “Оюутан зуучлалын гэрээ”-г байгуулсан. Үүнийгээ манай байгууллага оюутан зуучлалаар дагнасан байгууллага гэж тайлбарласан. Мөнгийг Голомт банкны 1605158243 дугаарын данснаас ах Ялалтын мөнгөтэй хамт Хаан банкны Укагийн хэлсэн дансруу шилжүүлж орлогын ордер бичиж өгч санхүүгийнхээ тамгыг дарсан. Үүнээс хойш 8 хоногийн дараа Ука миний утасруу залгаад ирж уулзаач, ажлын гэрээгээ байгуулаач гэхээр нь очиж уулзахад 3 сая воныг нэхээд байсан тухайн үед Солонгос захирал нь байсан урьдчилгаа 1,5 сая вон өг гэхээр нь өгөхгүй виз гарсны дараа өгнө гэхэд тэгье болж байна гэж зөвшөөрч салсан. 2020 оны 05 сарын 02-ны өдөр Ука надруу залгаад манай захирал залилан хийсэн байна цагдаагаас дуудвал очоорой гэж хэлээд таг алга болсон. Ингээд би дуудагдан ирж мэдүүлэг өгч байгаа минь энэ юм. Урьд нь оффисын байран дээр нь очиход захирал нь гэх Солонгос залуу нэг удаа орж ирж байсан бөгөөд би мэндлээд л өнгөрч байсан. Оффис дээр нь анх очиход нийт 6 хүн ажиллаж байсан ба дараа нь очиход Ука Солонгос захиралтайгаа хоёулхнаа тогоо таслуулчихсан мөнгөө төлөөгүй гээд сууж байсан.
Укагийн яриагаар Е-7 буюу Солонгосын талаас урьд ажиллаж байсан хүнээ буцаан ажиллуулахаар татах эрхтэй виз бөгөөд сүүлдээ Е-9 болж гэрээгээр ажиллах виз болно гэж өөрчилж хэлж байсан. Өмнө нь харлаж байсан хүмүүст боломжийн визний төрөл шүү, сарын цалин 2,5-2,8 сая вон, агуулахад по барих, амьдрах байр хоол нь цаанаасаа гэсэн. Мөн барьцааны 3 сая воныг Солонгост очихоор нь буцаагаад егнө гэж тайлбарлаж байсан. Би Хөдөлмөрийн яамнаас Е-7 визний ангилал нь Е-9 болж өөрчлөгдөхөөр нь асуухад хувь компани ажлын гэрээгээр ажиллуулна виз гаргана гэж байхгүй гэж хэлсэн. Ийм учраас би 3 сая воныг төлөөгүй юм. Миний хувьд өөрийн 500.000 төгрөгөө Солонгос иргэн болон гэрээ байгуулсан Ука нараас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14-16х/,
- хохирогч Ш.Хосбаярын гаргаж өгсөн баримт /2-р хх-ийн 18-19х/,
- хохирогч Ш.Ялалтын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 03 дугаар сарын сүүлээр фейсбүүк дээр БНСУлсад ажлын гэрээгээр гаргана гэсэн зар байхаар нь холбогдоод, зарын дагуу утсаар нь утасдсан. Ингээд би энэ байгууллагаар ажлын гэрээгээр Солонгос Улсруу явъя гэж бодоод 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс Молл худалдааны төвийн 11 давхарт 1105 тоотод байрлах Кимс Еду Кореа ХХК-ийн оффис дээр очиж Даваасүрэн гэгчтэй уулзсан. Тэгэхэд ажлын гэрээгээр Солонгос явахад манай компани зуучилж өгдөг компани гэж тайлбарласан. Тэнд очоод ажил бэлэн байгаа, агуулахад ажиллуулна. Сарын 2.5-3 сая вонн цалинтай, ажлын гэрээний Е-9 гэсэн визтэй болгоно. 1 жилийн гэрээ компани хийж өгнө гэхээр нь итгээд эхлээд оюутны зуучлалын гэрээ байгуулаад 500,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Гэтэл маргааш нь хүрээд ир оюутан зуучлалын гэрээгээ цуцлаад ажлын гэрээ хийсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 224-р хуудас/,
- хохирогч Ш.Ялалтын гаргаж өгсөн баримт /2-р хх-ийн 26-30х/,
- хохирогч Н.Одонтунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр фейсбүүк дээр оюутан зуучлалын гэрээгээр гаргана гэсэн зар байхаар нь утсаар холбогдсон. Ингээд энэ байгууллагаар оюутан зуучлалын гэрээгээр Солонгос Улс явъя гэж бодоод 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс Молл худалдааны төвийн 11 давхарт 1105 тоотод байрлах Кимс Еду Кореа ХХК-ийн оффис дээр очиж Эрдэнэсүх, Даваасүрэн гэх 2 хүнтэй уулзсан. Тэгэхэд оюутан жуулчлалын гэрээгээр Солонгос Улсруу явахад манай компани зуучилж өгнө гэж тайлбарласан. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр оюутан зуучлалын гэрээ байгуулаад 839,300 төгрөгийг бэлнээр өгөөд Даваасүрэн гэгчээр баримт бичүүлж авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 36-38х/,
- хохирогч Н.Одонтунгалагийн гаргаж өгсөн баримт /2-р хх-ийн 40-44х/,
- хохирогч Л.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2 хүүхдээ Солонгост сургалтад явуулах гээд 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр фейсбүүк дээр БНСУлсад суралцуулна гэсэн зар байхаар нь холбогдсон. Ингээд би энэ байгууллагад оюутан зуучлалаар 2 хүүхдээ БНСУ явуулъя гэж бодоод 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс Молл худалдааны төвийн 11 давхарт 1105 тоотод байрлах Кимс Еду Кореа ХХК-ийн оффис дээр очиж Даваасүрэнтэй уулзсан. Тэгэхэд манай байгууллага оюутан зуучлалаар их дээд сургуульд жуучилдаг газар гэж тайлбарласан. Тухайн үед манай 2 хүүхэд хэлний бэлтгэлээр очиж суралцах сонирхолтой байсан юм. Ингээд энэ өдрөө оюутан зуучлалын гэрээ байгуулж 699,300 төгрөгийг дансаар шилжүүлж Даваасүрэн гэх хүнээр баримт бичүүлж авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 45-50х/,
- хохирогч Л.Энх-Амгалангийн гаргаж өгсөн баримт /2-р хх-ийн 51-57х/,
- хохирогч Г.Хонгорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын сүүлээр фейсбүүк дээр БНСУлсад суралцуулна гэсэн зарын дагуу утсаар холбогдсон.ингээд энэ байгууллагаар оюутан зуучлалаар Солонгос Улсруу явъя гэж бодоод 4 сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс Молл худалдааны төвийн 11 давхарт 1105 тоотод байрлах Кимс Еду Кореа ХХК-ийн оффис дээр очиж Даваасүрэнтэй уулзсан. Тэгэхэд манай байгууллага оюутан зуучлалаар их дээд сургуульд жуучилдаг газар гэж тайлбарласан. Тухайн үед би хэлний бэлтгэлээр яваад тэндээ очоод сурах сонирхолтой гэдгээ хэлсэн. Миний хувьд энэ байгууллагаар зуучлалаар явахаар тохироод 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулаад 699,600 төгрөгийг бэлнээр Даваасүрэн гэх хүнд өгөөд баримт бичүүлэн авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 58-62х/,
- хохирогч Г.Хонгорцэцэгийн гаргаж өгсөн баримт /2-р хх-ийн 64-68х/,
- хохирогч С.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын сүүлээр манай найз залуугийн ээж фейсбүүк дээр БНСУлсад оюутан зуучлалын гэрээгээр гаргана гэсэн зар байхаар нь зарын дагуу холбогдсон. Ингээд энэ байгууллагаар оюутан зуучлалын гэрээгээр Солонгос Улсруу явъя гэж бодоод 4 сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс Молл худалдааны төвийн 11 давхарт 1105 тоотод байрлах Кимс Еду Кореа ХХК-ийн оффис дээр очиж Даваасүрэнтэй уулзсан. Тэгэхэд манай байгууллага оюутан зуучлалаар их дээд сургуульд жуучилдаг газар гэж тайлбарласан. Тухайн үед би хэлний бэлтгэлээр яваад тэндээ очоод сурах сонирхолтой гэдгээ хэлсэн. Миний хувьд энэ байгууллагаар зуучлалаар явахаар тохироод 2020 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр гэрээ байгуулаад 699,600 төгрөгийг бэлнээр Даваасүрэн гэх хүнд өгөөд баримт бичүүлэн авсан...” гэх мэдүүлэг /2-p хх-ийн 69-73х/,
- хохирогч С.Нямдаваагийн гаргаж өгсөн баримт /2-р хх-ийн 75-80х/,
- гэрч Д.Оюунсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай байх манай ажил дээр Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким гэж хүн Монгол Улсын иргэн хоёр залуугийн хамт ирж надтай уулзсан. Тухайн үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар дамжуулан ирсэн бөгөөд хамт ирж уулзаад манай 1105 тоот өрөөг түрээсэлнэ гэсэн. Ингээд тухайн байранд сургалтын үйл ажиллагаа явуулна гэж байсан бөгөөд сарын 3,0 сая төгрөгөөр жилийн хугацаанд түрээслэхээр болоод гэрээ байгуулаад гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөр болон нэг сарын барьцаа төлбөр болох 6,0 сая төгрөгийг тушаасан. Ингээд 3, 4 сарын түрээсийн төлбөрөө хугацаандаа төлсөн. Одоо 5 сарын төлбөрийг энэ сарын 27-ны өдөр төлөх ёстой юм..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 139-140х/,
- гэрч Т.Солонгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 04 сарын 21-ний өдөр найз Шинэболдоор дамжуулан Kim s Edu компанид мэдээллийн ажилтнаар орсон юм. Тухайн үед сарын 700,000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Манай компани боловсролын чиглэлээр буюу Солонгос Улсад оюутан зуучлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Мөн ороод удаагүй байхад өөрийнхөө компанид ажиллах хүч авч эхэлнэ гэсэн. Манай компанийн захирлаар Ким гэдэг Солонгос Улсын иргэн ажилладаг байсан юм. Манай компани боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Солонгос Улсын 14 их дээд сургуультай гэрээтэй ажилладаг бөгөөд Монгол оюутнуудыг хэлний бэлтгэлд зуучилж хүмүүст сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг утсаар өгөөд ирсэн иргэдэд компанийн талаар мэдээлэл өгдөг байсан. Энэ компани 2020 онд шинээр байгуулагдсан учраас Солонгос Улсад төв компани нь байдаг гэсэн. Компанийн салбарт Вьетнам, Тайланд Улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад энэ жилээс эхлэн ажиллаж байгаа гэсэн. Kim s Edu компани нь 2020 оны 04 сарын дуустал 6 сарын хичээлийн бүртгэлийг авсан бөгөөд 5 дугаар сард хүмүүс нь явах ёстой байсан. Компанийн ажилтнууд нарийн асуудлыг бол мэддэггүй, иргэдэд мэдээлэл өгсний дараа захирал Ким, менежер Ука, ахлах ажилтан Уранцэцэг нар тусад нь аваад өрөөнд оруулаад уулздаг байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 125-126х/,
- гэрч А.Сэнгэмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай арван жилд нэг сургуульд сурдаг байсан Энхрийгэрэл гээд охин өөрийн фейсбүүк хаяг 2020 оны 03 дугаар сарын орчим байх сургалтын төвд туслах ажилтан авна гэсэн зар байршуулсан байсан. Энэ дагуу би түүнтэй чатаар холбогдоод мэдээлэл авсан. Тэгэхэд Монгол Улсад шинээр байгуулагдаж байгаа компани байгаа юм гэсэн. Тэгэхээр нь чи ажиллаж байгаа юм уу гээд асуухад ажиллаж байгаа гээд надад утасны дугаар өгсөн. Ингээд би маргааш нь байх Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс тауэр төвийн 11 давхар 1105 тоотод байрлах Kim s Edu зуучлалын төв дээр очиж анкет бөглөөд менежер Ука болон захирал Солонгос Улсын иргэнтэй уулзаад ярилцлагад ороод маргааш хариу хэлнэ гэсэн. Маргааш нь менежер Ука надруу мессеж бичээд тэнцсэн байна баяр хүргэе ажилдаа ирээрэй гэсэн. Ингээд би 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр очоод ажиллаж эхэлсэн. Тухайн үед надад эхлээд 1,0 сая төгрөг өгнө гэж байгаад сүүлдээ 700,000 төгрөг болсон. Ажиллаж байх хугацаанд хүмүүс олох юм бол нэг хүнээс 100,000 төгрөгийн урамшуулал олгоно гэж хэлсэн.
Миний хувьд энэ байгууллагад мэдээллийн ажилтнаар орсон бөгөөд компанийн үйл ажиллагаа олон нийтэд сурталчилж, иргэдийн дугаарыг нь аваад мэдээлэл өгөөд ирж уулзаарай гэж хэлдэг байсан. Ингээд тухайн иргэн компани дээр ирж уулзахаар нь мэдээллээ дахин өгөөд гэрээ байгуулахаар бол менежер Ука болон захирал Ким нартай уулзуулдаг байсан. Мөн тухайн иргэн нь гэрээ байгуулаад төлбөрөө төлөхдөө бэлнээр болно дансаар тушаадаг байсан.
Миний хувьд ажиллаж байх хугацаандаа 450,000 төгрөгийн цалин авсан. Мөн 1 иргэнийг зуучилж гэрээ байгуулсан. Тухайн иргэн нь 600,000 төгрөгийг менежер Укагийн дансруу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 127-129х/,
- гэрч Ц.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын эхээр байх 20-ны орчим байх Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Писс тауэр төвийн гадуур явж байгаад БНСУ-ын туг байхаар нь зуучлалын газар байж магадгүй гээд дотогшоо ороод манаачтай нь уулзаад заалгуулаад орсон. Ингээд Kim s Edu боловсролын төв дээр очоод менежер Укатай уулзаад Солонгос Улсруу 3 сарын хугацаатай явах мэдээлэл өгөөч гэхэд манайх оюутан зуучлалаар явуулдаг тиймээс аяллын визний мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Орой нь гэртээ хариад фейсбүүк хараад байж байхад Солонгос Улсын оюутан зуучлалын компанид ажилтан авна гэсэн зарын дагуу хаягийг нь хараад маргааш нь очоод Ука менежертэй уулзаад анкет бөглөөд тухайн өдрөө ярилцлагад ороод захирал Солонгос Улсын иргэнтэй уулзахад надад боломжийн ярьсан зүйл нь таалагдсан бөгөөд сард 1,0 сая төгрөгийн цалин өгье гэсэн. Мөн манай байгууллагад 7 хоногийн дотор нэг хүн зуучлаад олж өгвөл үндсэн ажилтнаар авъя гэсэн. Ингээд би 10 хоногийн дараа оюутан зуучлалын гэрээ хийгээд олсон. Тэгээд үндсэн ажилтны хөдөлмөрийн гэрээг захирал Солонгос иргэнтэй байгуулсан. Миний хувьд 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл ажиллаад 100,000 төгрөгийн цалин авсан. Энэ цалинг надад хэлэхдээ гэрээ хийх хүртэл авсан цалин гэж хэлсэн.
Миний ажил бол өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан группэд зарж оруулж хүмүүсээ татаад ирж уулзах байгууллагын талаар мэдээлэл өгөөд тухайн хүмүүс нь гэрээ байгуулахаар бол надтай гэрээ байгуулдаг байсан. Миний хувьд нийт 5 иргэнтэй гэрээ байгуулсан. Хамгийн сүүлд ажлаас 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр захирал намайг өрөөндөө дуудаж уулзаад 6 сарын элсэлт аваад дууссан тийм учраас ажилтнуудаа амраана гээд надад 10 хоногийн хугацаатай амраад ажилдаа хүрээд ир гэсэн. Тэгээд би амраад 3-4 хонож байхад Номуун гээд охинтой уулзахад ажил дээр захирал хүмүүсийн мөнгийг аваад зугтах гэж байсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 136-137х/,
- гэрч Б.Уранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Анх Ким хэлэхдээ эхний ээлжид оюутан зуучлалын гэрээг 500,000 төгрөг төлөөд хийнэ. Энэ гэрээ бол манай боловсролын төвийг хамгаалж үлдэхийн тулд хийж байгаа гэрээ гэсэн. Ингээд 2020 оны 04 сарын 19-нөөс 23-ны өдрийн хооронд барьцаа мөнгөө өгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулна. Ингээд 24-ний өдөр албан ёсоор мөнгө болон гэрээгээ шилжүүлнэ. Түүнээс хойш 11 хоногийн дараа ажлын урилга ирнэ. Ингээд визэндээ ороод 7-14 хоногийн виз гараад хамгийн эхэндээ 5 сарын 20-ны өдөр явна, удлаа гэхэд 6 сарын эхээр явна гэж хэлж байсан. Манай компани Ким захирлын хэлж байгаагаар “КМК” нэртэй компанитай хамтран ажилладаг гэж байсан бөгөөд энэ компани тус Улсын 4 хотод усан онгоц, интернэт дэлгүүрийн үйлдвэртэй гэж ярьж байсан бөгөөд эхний ээлжид Ансан хот дах интернэт дэлгүүрт ажилтан авна гэж байсан. Эхний ээлжид 400-500 хүн явуулна. Гэхдээ эхлээд 100 хүн явуулна, яагаад гэвэл короногоос болоод хүмүүс нутаг буцсан мөн гадаад оюутнууд нутаг буцсан гэж байсан. Үүнээс болоод үйлдвэрүүд хаалга барих гээд байна яаралтай өөрийн төв компанид ажиллах хүч авч байгаа. Бидэнд мөнгө биш ажиллах хүч хэрэгтэй гэсэн. Барьцаа мөнгийг очоод эхний сарын цалингаас буцаан авна гэж ярьж байсан. Гэрээг анхандаа компанийн тамга тэмдэг байхгүй учраас гэрээ хийж байгаа хүмүүс ирээд тамга тэмдэг шаардаж эхэлсэн. Үүнийг нь захиралд хэлэхэд гадаад хүн болохоор удаад байна. Би уг нь мөнгийг нь өгсөн байгаа гэж хэлж байсан. Ингээд би явсаар байгаад тамга гараад ирэхээр санаа амарсан. 2020 оны 04 сарын 26-ны хоёр хүн ирээд маргаан үүсгэсэн. Тухайн хоёр хүн ямар ч бичиг баримтыг хуурамчаар хийж болно гэхээр нь хүнээс асууя гэж бодоод Солонгост амьдардаг хүнээр асуулгахад “КМК” компани байдаг. Гэхдээ энэ компани гадаадаас ажиллах хүч авч байгаагүй, мөн энэ хүнийг ажилладаггүй гэж хэлсэн. Тэгээд компанид нь ийм дуудлага хэд хэдэн удаа ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 118-121х/,
- гэрч Э.Шинэболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зарын дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Писс тауэр төвийн 1105 тоотод очиж Ука гэж хүнтэй уулзаж ажлын ярилцлагад орсон. Тэгэхэд Ука менежер компанийн талаар надад танилцуулаад чи 5 хоногийн хугацаанд нэг хүн олох юм бол ажилд авна гэж хэлсэн. Ингээд би тухайн компанийг постын дагуу сурталчлаад нэг хүн олоод 2020 оны 04 сарын 02-ны өдөр очиж уулзсан. Тухайн үед эгч Эрдэнэцацралыг дагуулж очоод Ука болон Солонгос захиралтай уулзуулахад чамайг оюутан зуучлалаар явуулах боломжгүй юм байна, харин ажлын визээр гаргаад өгье Солонгос Улсын компани байгаа юм. Тэр компанид 1 жилийн гэрээгээр явуулж өгье гэрээ хийхийн тулд эхлээд 500,000 төгрөг өгөх шаардлагатай. Үүний дараа 2020 оны 04 сарын 19-нөөс 21-ний өдрийн хооронд дуудна. Энэ дуудсанаас хойш 3,0 сая вон байршуул түүний дараа материал бүрдүүлээд Солонгос талруу явуулна. Чиний виз гарах магадлал маш өндөр гарахгүй байх боломжгүй гэж захирал Солонгос нь хэлсэн. Мөн Ким захирал нь элчин сайдын яаманд таньдаг хүнтэй гэж байсан.
Миний хувьд 2020 оны 04 сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд Ука менежер бид нарт мэдээлэл өгөөд бид нар түүний дагуу иргэдтэй яриад компанийн талаар мэдээлэл өгөөд хүмүүс ирж уулзаад гэрээгээр явахаар бол захирал менежер хоёртой тусад нь уулзуулдаг байсан. Цаад талын өрөөнд ороод юу ярьдаг байсан талаар мэдэхгүй байна. Намайг сарын 700,000 төгрөгөөр ажиллуулна гээд захирал Ким гарын үсэг зурсан. Мөн Ким захирал 7 хоног болгон өрөөндөө дуудаж уулзаад чи маш сайн хүн олж байна. Тийм учраас чиний цалинг нэмэх боломжтой өшөө сайн ажиллах юм бол урамшууллын юм бэлдсэн байгаа, төв компаниас эрэгтэй ажилчид авч болохгүй гэсэн. Чамаас гадна хоёр эрэгтэй авсан байгаа энэ хоёр хүнийг хална гэхдээ чамайг халахгүй, чи өөртөө их итгэлтэй юм байна, чамтай адилхан хүн байна уу тэгвэл ажилд авна шүү гэсэн. Мөн захирал бид нарын оффисын эд зүйлд явуулахдаа дандаа хувь хүний баримт авхуулдаг байсан. Мөн манай компанийн төв салбар нь байдаг талаар тодруулахад компани нь байдаг боловч Ким захирлыг ажилладаггүй гэсэн бөгөөд та нар наад хүнээ болиул гэж хэлсэн. Миний хувьд ажиллаж байх хугацаандаа нэг ч төгрөгийн цалин аваагүй бөгөөд 04 сарын 21-ний өдөр захирал дуудаж амраагаад 5 сарын 04-ний өдөр хүртэл амраахаар болсон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 131-132х/,
- гэрч Б.Эрдэнэсүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэр Уранцэцэг зарын дагуу Кимс Иду компанид зарын дагуу ажилд орсон юм. Миний хувьд тухайн үед хамт анкет бөглөсөн боловч манай эхнэрийг түрүүлж ажилд авсан. Ингээд 04 дүгээр сарын 28-ны өдөр компаниас дуудаад мэдээллийн ажилтнаар авсан. Тухайн үед захирал гэх Кимтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаад сарын 700,000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Манай компани боловсролын чиглэлээр буюу Солонгос Улсад оюутан зуучлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Мөн ороод удаагүй байхад өөрийнхөө компанид ажиллаж хүч авч эхэлнэ гэсэн. Гэхдээ энэ асуудлыг бол утсаар ерөөсөө хэлж болохгүй ирээд мэдээлэл ав гэж хэлээрэй гэдэг байсан. Ирсэн хүн болгонтой өөрөө биечлэн уулзаж гэрээ байгуулж мөнгөө тушаасан тохиолдолд тэр дор нь гаргаж мөнгийг нь авхуулаад өөрөө бэлнээр авдаг байсан. Энэ асуудлыг менежер Даваасүрэн хийдэг байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 123х/,
- нэгжлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 149-156х/,
- МИАТ ХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 04/865 дугаартай албан бичиг /3-р хх-ийн 23х/,
- Кимс Иду Кореа /Kim’s Edu Korea/ боловсролын төв гэсэн танилцуулга /3-р хх-ийн 24х/,
- Ажлын байрны түрээсийн гэрээ /3-р хх-ийн 26-31х/,
-Кек Юхагван ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банк дахь 428013950 дугаартай дансны хуулга /3-р хх-ийн 32-33х/,
-шүүгдэгч Н.Дгийн Худалдаа Хөгжлийн банк дахь 410042268 дугаартай дансны хуулга /3-р хх-ийн 34-38х/,
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, холбогдох материалууд /3-р хх-ийн 76-97х/,
-Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2-5а/4567 дугаартай албан бичиг, түүний хавсралт /3-р хх-ийн 103-104х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Ю Ё Х -ыг шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үргэлжилсэн үйлдлээр нийт 39 хохирогчоос “Бүгд Найрамдах Солонгос Улсад оюутан зуучлалаар суралцуулна, гэрээт ажилчнаар гэрээ байгуулахад зуучилна” гэх худал зарыг цахим орчинд байршуулан цахим хэрэгсэл ашиглан, улмаар өөрөө дээрх чиглэлээр Бүгд Найрамдах Солонгос Улсад үйл ажиллагаа явуулдаг компанид ажилладаггүй атлаа бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч нартай бичгийн гэрээ хийж, бусдаас их хэмжээний буюу нийт 62.855.200 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Монгол Улсын иргэн болон Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн хоёрыг тодорхой хэмжээний гэмт буруутай гэж үзэж байна” гэжээ.
Монгол Улсын иргэн Н.Д нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтад тулгуурлан шүүх хууль зүйн дүгнэлт хийж залилах гэмт хэргийн сэдэлтгүй гэж үзэн гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгасан болно.
Тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд байхад 39 хохирогчийн нийт 62.855.200 төгрөгийн хохирлыг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю Ё Х нь бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю Ё Х -д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирол нөхөн төлсөн, хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тохирох хэмжээгээр хорих ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 3 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн, Кек Ювагхон ХХК-ийн тэмдэг 1 ширхэг, Кек Ювагхон ХХК-ын гэрчилгээ 1 ширхэг, компанийн дүрэм 4 хуудас, хөдөлмөрийн гэрээ 60 хуудас, 108 хуудас зарлагын баримт, Ким Иду Кореа байгууллагын танилцуулга, ногоон хавтастай БНСУ-ын сургуулийн танилцуулга зэрэг нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий бичгийн баримтууд байх тул хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.
Эд мөрийн баримтаар хураан авсан Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа Самсунг Кор Ай5 маркийн зөөврийн компьютер 7 ширхэг, Эпсон брэндийн өнгөт принтер, Эйч Пи брэндийн принтер, загвар тодорхойгүй Нокиа гар утас 4 ширхгийг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж олж авсан эд зүйл байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Боржигин овогт Н.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Нийслэлийн прокурорын газраас Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю Ё Х -ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн Ю Ё Х -ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ю Ё Х -д 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ю Ё Х -д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Ю Ё Х -ы цагдан хоригдсон нийт 1 /нэг/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан, энэ өдрөөс эхлэн тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 3 ширхэг, Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа Кек Ювагхон ХХК-ийн тэмдэг 1 ширхэг, Кек Ювагхон ХХК-ын гэрчилгээ 1 ширхэг, компанийн дүрэм 4 хуудас, хөдөлмөрийн гэрээ 60 хуудас, 108 хуудас зарлагын баримт, Ким Иду Кореа байгууллагын танилцуулга, ногоон хавтастай БНСУ-ын сургуулийн танилцуулга зэргийг хэрэгт нь үлдээсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан эд мөрийн баримтаар хураан авсан Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа Самсунг Кор Ай5 маркийн зөөврийн компьютер 7 ширхэг, Эпсон брэндийн өнгөт принтер, Эйч Пи брэндийн принтер, загвар тодорхойгүй Нокиа гар утас 4 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхийг Мөрдөн байцаах албаны хэлтэст даалгасугай.
9. Худалдаа Хөгжлийн банкин дахь 428013950, 410042268 дугаартай данснуудыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгсэхгүй болгосугай.
10. Шүүгдэгч Ю Ё Х -д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
11. шүүгдэгч Н.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
12. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
13. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ю Ё Х -д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Н.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.АРИУНБОЛД