Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/365

 

 

 

 

 

 

 

 

   2021        06          28                                   2021/ШЦТ/365

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Чимгээ,

  шүүгдэгч Д.Ш /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ш-т холбогдох эрүүгийн 2111 00356 0445 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, Алтан анжис хүнсний дэлгүүрийн худалдагч, ам бүл 4, хүүхдүүдийн хамт      тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

  Д.Ш, регистрийн дугаар  .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Ш нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Алтан анжис” нэртэй дэлгүүрт худалдагч хийж байхдаа үйлчлүүлэгчийн мартаж гээгдүүлсэн “ХААН” банкны картыг тохиолдлын шинжтэй олж авч, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж мөнгийг нь завших сэдэлт төрснөөр тус банкны Хайлааст салбарын “АТМ”-аас 550.000 төгрөгийг гарган авч завшсанаас Ж.Эрдэнэд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тэр өглөө дэлгүүр онгойлгоод байж байтал манайхаар байнга үйлчлүүлдэг Эрдэнэ орж ирсэн. Юмаа аваад гараад явсан байсан. Би явж байгаад орж ирэхэд нэг карт байсан. Эхлээд посс дээрээ уншуулаад 10.000 төгрөг уншуулсан.Шууд л 2211 гэсэн код толгойд ороод ирсэн. Дараа нь дахин АТМ дээр 530.000 төгрөг уншуулсан. Би тэр хүнд үнэнээ хэлэх гэж байхад шүүх цагдаа болчихсон байсан. Бид эртнээс найзалж нөхөрлөж ирсэн...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ж.Эрдэнийн “...2021 оны 03 дугаар сарын 24-ний өглөө 08:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтан анжис” нэртэй хүнсний дэлгүүр орж 7100 төгрөгөөр 2 хайрцаг тамхи аваад банкны картаа пост машинд уншуулаад гарахдаа тухайн дэлгүүрт банкны картаа мартсан юм шиг байна билээ. Тэгтэл 12:03 цагт миний картаас 10.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн тухай гар утсанд мэдээлэл ирэхээр нь гайхаад картаа хайтал байхгүй байсан. Тэгэхээр нь дэлгүүрт үлдээсэн байна гэж бодоод нөгөө дэлгүүр рүү явж байхад дахин 540.000 төгрөгийн зарлага гарсан. Тэгээд дэлгүүр дээр очиход худалдагч эмэгтэй ямар ч карт үлдээгээгүй, би хараагүй мэдэхгүй гээд байсан. Хяналтын камерыг чинь үзье гэхэд би камераа шүүж ажиллуулж мэдэхгүй гээд байхаар нь цагдаад хандсан. Би тэр үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тамхи авахаар ороход өглөө эрт байсан болохоор дэлгүүрт хүн байгаагүй. Би тэр дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг болохоор муу юм саналгүй худалдагчид нууц дугаараа хэлээд картаа уншуулсан. Миний данснаас 550.000 төгрөг алдагдсан. Би худалдагч эмэгтэйгээс дахин дахин картаа алга болгочихлоо, танай дэлгүүрт үлдээсэн байна ахдаа гаргаад өгчхөөч гэж зөндөө гуйсан боловч би аваагүй, мэдэхгүй гээд уурлаад байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 20-21-р хуудас/,

Жүгдэр Эрдэнээгийн эзэмшдэг ХААН банкин дахь 50244119440 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 6-р хуудас/,

“Like” нэртэй ломбардын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон эд мөрийн баримтаар тооцсон бичлэг бүхий Сиди /хавтаст хэргийн 34-37-р хуудас/,

Шүүгдэгч Д.Ш-ийн “...2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр манайхаар байнга үйлчлүүлдэг Эрдэнэ гэх залуу өглөө эрт орж ирээд 2 хайрцаг тамхи авч тооцоо 7100 төгрөг болсныг өөрийн картаар уншуулаад, картын нууц кодыг надад хэлж би тэрийг нь пос машинд хийж уншуулаад гарсан, тухайн үед би найз Дорждэрэмийг Хархорин зах дээр хүргэж өгчхөөд эргэж ирээд дэлгүүртээ сууж байтал тавиур дээр ногоон өнгийн хаан банкны виза картаа нэг нь үлдээгээд гараад явчихсан байсныг олсон...10.000 төгрөг уншуулсан чинь шууд уншсан...шууд 540.000 төгрөгийг бэлнээр аваад банкны сарын төлбөрөө төлчихсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69-р хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 56/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ш нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Алтан анжис” нэртэй дэлгүүрт худалдагч хийж байхдаа үйлчлүүлэгчийн мартаж гээгдүүлсэн “ХААН” банкны картыг тохиолдлын шинжтэй олж авч, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж мөнгийг нь завших сэдэлт төрснөөр тус банкны Хайлааст салбарын “АТМ”-аас 550.000 төгрөгийг гарган авч завшсанаас Ж.Эрдэнэд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ж.Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 20-21-р хуудас/, Ж.Эрдэнээгийн эзэмшдэг ХААН банкин дахь 50244119440 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 6-р хуудас/, “Like” нэртэй ломбардын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон эд мөрийн баримтаар тооцсон бичлэг бүхий Сиди /хавтаст хэргийн 34-37-р хуудас/, шүүгдэгч Д.Ш-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Хохирогчийн дэлгүүрээр үйлчлүүлээд явахдаа гээгдүүлсэн “ХААН” банкны картыг тохиолдлын шинжтэй олж авч, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж мөнгийг нь завших /өөртөө захиран зарцуулсан/, бага хэмжээнээс дээш буюу 550 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Шүүгдэгчийн хувьдаа завшсан 550 000 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа.

Шүүгдэгч Д.Ш нь “ХААН” банкны картыг бусдын эзэмшлийнх болохыг мэдсээр байж өөртөө авч захиран зарцуулсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсэж, уг хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байсан байна гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон байна.

 Иймд шүүгдэгч Д.Ш-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Улсын яллагч: Д.Ш-т 750 нэгж буюу 750 000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан.

Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйчлэл дээр маргахгүй, хохирлыг бүрэн төлсөн, хөнгөн ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

Шүүх шүүгдэгч Д.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал /хохирлоо төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Д.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Д.Ш нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Хохирогч Ж.Эрдэнэ нь “...Д.Шээс мөнгөө дансаар буцаагаад авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Д.Шийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Д.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ