Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 146/ШШ2017/00101

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Хархорин сум, 2 дугаар баг, Мойлт 12-14 тоотод оршин суух, ЙР82020566 дугаарын регистртэй, Дашдэлэг овгийн Базарсадын Баярмаа

“М.Батбаатарыг эрэн сурвалжлуулах” тухай хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Баярмаа, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Баярмаа шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “...2016 оны 05 сард М.Батбаатарт эцэг тогтоолгох хүүхдийн тэтгэлэг гаргуулах өргөдөл гаргасан боловч М.Батбаатар нь Сүхбаатар дүүргийн 8-р хороо Н.Содномын гудамж 52 дугаар байрны 7 тоотод оршин суудаггүй хаяг тодорхойгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул М.Батбаатарыг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байгаа тул эрэн сурвалжилж олж өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2003 оноос эхлэн М.Батбаатартай хамт амьдарсан. 2006 онд охин Ариунтунгалагийг төрүүлсэн. 2006 онд М.Батбаатар нь Солонгос явлаа гээд таг алга болсон. Гэнэт 2013 онд над руу яриад би Солонгосоос ирсэн байна. Уулзъя гэж залгасан. Тэгээд уулзахад би өөрийн гэсэн гэр бүлтэй болсон гэж хэлсэн. Одоо М.Батбаатарыг олж уулзаад эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй шүүхэд хандсан...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Баярмаа нь “М.Батбаатарыг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

М.Батбаатар нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, нарны замын 103-1-78 тоот, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Н.Содномын гудамж 52 дугаар байр, 7 тоотод оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2016/00130 дугаартай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагч Б.Баярмаагийн тайлбар  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул Мижигдоржийн Батбаатарыг РД:ВЮ72052171/ эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ба Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам 103-1-78 тоотод / хамтран амьдрагчтайгаа/ оршин суудаг, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Н.Содномын гудамж 52 дугаар байр, 7 тоотод оршин суудаг хаягтай Мижигдоржийн Батбаатарыг /РД:ВЮ72052171/ утас 98892288 эрэн сурвалжилсугай.

2. Мижигдоржийн Батбаатарыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч Б.Баярмаад /утас 99322029/ мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ДАГИЙМАА