Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 065

 

Ж.Бауыржаны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух Ботахара Едил овогт Жекейханы Бауыржаны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Ардабек, нэхэмжлэгч Ж.Бауыржан, түүний өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн төлөөлөгч Х.Хайрат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие анх Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий Боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2013 оны 9 дүгээр сарын 01-ны өдрийн Ажилд томилох тухай 25 дугаар тушаалаар тус сургуулийн иргэний боловсролын багшаар томилогдсон юм. Түүнээс хойш тухайн орон тоонд ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Ажилд томилох тухай 95 дугаар тушаалаар түүх нийгмийн багшийн цаг гарсан учир багшаар томилогдсон юм. Харин өмнө тус сургуулийн захирлаар ажиллаж байсан А.Майрагийн гаргасан тушаал ёсоор би түүх, нийгмийн багшаар ажиллаж түүх, нийгмийн багшийн хичээлийг заах ёстой байсан боловч тус сургуульд шинээр захирлаар томилогдсон Х.Хайрат нь надад түүх, нийгмийн хичээлийг зааж болохгүй гэсэн учраас иргэний боловсролын багшийн ажлыг хийж байгаа юм. Ж.Бауыржан би 2016 оны 9 дүгээр сард иргэний боловсролын чиглэлээр 19 цагийн хичээл зааж байсан бол Х.Хайрат захирал ирснээс хойш 10 цагаар бууруулж одоо 9 цагийн хичээлийг заадаг болсон юм. Ер нь Х.Хайрат нь тус сургуулийн захирлын ажилд томилогдсоноос хойш намайг ажлаас зайлуулахын тулд хичээлийн цагийг хорогдуулах, түүх, нийгмийн багшийн хичээлийг заалгахгүй зэрэг хууль бус ажиллагаа явуулсан явдалд гомдолтой байна. Эцэст сургуулийн захирал Х.Хайрат нь намайг ямар ч шалтгаангүй ажлаас чөлөөлөв. Ажил олгогчийн намайг багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Ажил олгогч Ж.Бауыржан намайг ажилд авахад анх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т зааснаар хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан юм.

2. Ажил олгогч Ж.Бауыржан надад ажлаас чөлөөлөх тухай урьдчилан мэдэгдээгүй, ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй юм.

3.Ж.Бауыржан миний ажиллаж байгаа багшийн ажлын байрны орон тоо цомхтгогдоогүй, орон тоог цөөрүүлээгүй юм.

4.Захирал Х.Хайрат намайг ямар ч шалтгаангүй зөвхөн үзэл бодлоор хавчин гадуурхаж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

5.Ажил олгогч намайг ажлаас чөлөөлсөн тухай тушаал гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийн ямар нэг заалтыг баримтлаагүй нь тухайн тушаал хууль ёсны эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Миний бие Ж.Бауыржан ажил олгогчийн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тушаалыг хууль бус эрхийн акт гэж үзээд өөрийн зөрчигдсөн хөдөлмөрлөх эрхийг минь дахин сэргээхээр шүүхэд гомдол гаргаж байна. Иймд Ж.Бауыржан намайг Ерөнхий Боловсролын 4 дүгээр дунд сургуулийн иргэний боловсролын багш эсхүл түүх, нийгмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Ж.Бауыржан 2012 онд Чингис хаан Дээд сургуульд Англи хэлний багш-нийгмийн ажилтан мэргэжлээр суралцан 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 06 тоот тушаалаар Англи хэлний багш-нийгмийн ажилтан бакалаврын зэргээр төгссөн. 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 95 тоот захирлын тушаалаар Түүх-нийгмийн ухааны багшаар томилсон бөгөөд 9 цагийн Иргэний боловсролын хичээл заалгаж 2016 оны 9, 10 дугаар сард үндсэн багшийн нормативаар цалин олгосон нь Бага, дунд боловсролын тухай хуулийг зөрчсөн явдал мөн байсан. Бага, дунд боловсролын тухай хуулиар багшийн долоо хоногийн ажлын цаг нь 40 байна. Сургуулийн багш долоо хоногт 34 цагтай тэнцэх стандартыг хэрэгжүүлэх ажил 6 цагтай тэнцэх буюу ажлыг тус тус гүйцэтгэнэ. Стандартыг хэрэгжүүлэх ажилд ногдох 34 цагийн 19 цаг нь хичээл заах цагт зориулагдана гэж заасан байдаг. /Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаартай тушаалыг хавсаргав/. Нэхэмжлэгч Ж.Бауыржаныг 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 25 тоот тушаалаар Иргэний боловсролын цагийн багшаар ажилд томилсон нь мөн адил зөрчилтэй мэргэжлийн бус багшийг томилсонтой холбоотой. Миний бие захирал Х.Хайрат нь захирлын ажилд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн томилогдон ажилласнаас хойш ард иргэдийн өргөдөл гомдлын мөрөөр цагийн түр багш нарын бичиг баримттай /диплом, багшлах эрх гэх мэт/ танилцаж үзэхэд Ж.Бауыржан нь Англи хэлний багш-нийгмийн ажилтан мэргэжилтэй болох нь тогтоогдсон. Гэтэл аймгийн 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Хайрат нь цагийн түр багш Ж.Бауыржан Англи хэлний багш-нийгмийн ажилтан мэргэжилтэй цаашид Иргэний боловсрол хичээл зааж болох болохгүй эсэх талаар албан бичиг явуулахад Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 3/27 албан тоотоор Иргэний боловсролын хичээл зааж байгаа нь зөрчилтэй байна. Иргэний боловсролын хичээлийг түүх-нийгмийн ухааны багш мэргэжилтэй, багшлах эрхтэй хүн заах болно гэсэн Мэргэжлийн Хяналтын Газрын дүгнэлт гарсан болно. Мөн энэ талаар сургуулийн дотоод хяналтын дүгнэлтэд тусгаж, зөрчлийг арилгахыг зөвлөсөн. Иймд цагийн багш Ж.Бауыржаныг цаашид ажиллуулах боломжгүй болсон учраас Иргэний боловсролын багшийн үүрэгт ажлаас 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн юм гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Ботахара Едил овогт Жекейханы Бауыржаныг Өлгий сумын Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суугч иргэн Жекейхан овогтой Бауыржаныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэн Ж Бауыржан нь 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилд анх орохдоо захирал асан А.Майраг хууран мэхэлж, Багш-нийгмийн ажилтан мэргэжилтэй хэмээн Англи хэлний багш - нийгмийн ажилтны дипломыг хуулбарлахдаа Англи хэлний гэдэг мэргэжлийн үгийг хасаж хуулбарлаж танилцуулснаар иргэний боловсролын багшаар томилогдсон нь зөрчилтэй байсан байна.

 

Үүнийг нотлох гол баримт бол Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газарт 2015 оны 06-р сард гаргасан 4/258 тоотоор Өлгий сумын 1-р багийн иргэн Б.Гүлжайнагийн өргөдөлд Иргэний боловсролын хичээлийг мэргэжлийн бус хүн зааж байгаа талаар дурдахад .... Харин мэргэжлийн Багш-нийгмийн ажилтан мэргэжилтэй ба иргэний боловсролын хичээлийн 12 цагтай цагийн багшаар ажиллаж байгаа учир өргөдөлд дурдсан зөрчил тогтоогдоогүй байна гэсэн нь албан тоотоор нотлогдож байна. Энэ нь захирал асан А.Майра болон Аймгийн Мэргэжлийн Хяналтын улсын байцаагч нарыг хуурч мэхэлсэн Англи хэлний мэргэжлийг хасан хуулбарласан явдал мөнөөс мөн. Ингэж Ж.Бауыржан нь анхнаас Англи хэлний багшийн мэргэжилд дур сонирхолгүй нийгмийн ухааны хичээлд дуртай болохоо харуулсан болно.

 

Нээлттэй хичээлд нь сууж нийгмийн ухааны багш нар хэлэлцүүлэг хийхэд Ж.Бауыржаны заасан хичээл хангалтгүй болж дүгнэгдсэн. Миний бие захирал Х.Хайрат нь Боловсролын салбарт 33 жил ажиллахдаа удирдах ажилтан 26 жил хийж гүйцэтгэхдээ мэргэжилтэй багш нарыг үндэслэлгүй ажлаас халж байгаагүй. 2016 оны 11-р сараас эхлэн 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдон ажлаа эхэлснээс хойш ард иргэдийн өргөдөлтэй танилцахад тус сургуульд мэргэжлийн бус багш нар хичээл зааж байна гэсний мөрөөр шалгахад Иргэний боловсролын хичээлийг Англи хэлний багш - нийгмийн ажилтан мэргэжилтэй Ж.Бауыржан нь зааж байгаа нь тогтоогдсон. Баян-Өлгий аймгийн Ерөнхий Боловсролын сургуулиуд Элсэлтийн Ерөнхий Шалгалтаар улсад 21-р байранд, 4 дүгээр бүрэн дунд сургууль ЭЕШ-ын дүнгээр 22 сургуулиас 19-р байранд байгаа нь муу хүүхэд гэж байдаггүй, багш боловсон хүчний мэдлэг чадвар сул мэргэжлийн бус багш нар хамаа хамаагүй хичээл заадагтай шууд холбоотой. Иргэн

 

Ж.Бауыржаны зааж байсан Иргэний боловсролын хичээлээс, сурагчдаас мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авч үзэхэд:

 

Иргэний боловсрол хичээлийн түвшин тогтоох шалгалтын дүн

2017.01.20

Д/д

Анги

Нийт сурагч

Үүнээс оролцсон

А

В

С

D

F

Амжилт

Чанар

Дүн

1

38

30

     

5

25

15%

0%

F

2

27

24

   

2

3

19

12%

0%

F

3

21

15

     

2

13

12%

0%

F

4

19

18

   

3

2

13

25%

0%

F

5

23

17

 

1

   

16

5%

3%

F

6

32

26

     

2

24

6%

0%

F

7

34

30

3

 

2

5

20

30%

10%

F

8

29

26

2

2

2

 

20

18%

13%

F

9

27

27

 

2

1

4

20

21%

7%

F

 

Нийт

250

213

5

5

10

23

170

16%

4%

F

 

Нийт 8, 7-р ангийн 9 бүлгээс 250 сурагчдаас 213 сурагч дүгнэгдэж сурлагын амжилт 16%, онц сайны эзлэх хувь 4%-тай байгаа нь ажилд мэргэжилд тэнцэхгүй байгааг ил тод харуулж байна Түүнээс гадна түвшин тогтоох шалгалтын дүн маш доогуур, сурагчдын Иргэний боловсролын талаар мэдлэг муу байгааг харуулж байна.

Иргэн Ж Бауыржантай холбоотой холбогдох материалуудыг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн үед бүрдүүлэн хүргүүлсэн бөгөөд шүүхийн хавтаст хэрэгт байгаа болно.

Иргэн Ж.Бауыржаныг Иргэний боловсролын хичээл заах багшаар эгүүлэн тогтоосон нь арай л хууль зүйн үндэслэлд тохирохгүй шийдвэр боллоо. Харин Англи хэлний багш болон Нийгмийн ажилтны мэргэжлийн сул орон тоо гарсан тохиолдолд ажилд авч ажиллуулахад татгалзах зүйлгүй билээ. Энэ байдлаас болж ажилд эргүүлэн тогтоосон ард түмний үр хүүхэд мэдлэг боловсролгүй болж хохирох тал цаашид улам газар авч хүрээ тээлэх талтайг анхааран анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ж.Бауыржан нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ж.Аргынбайн нэрэмжит ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

 

Ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг тохирох хэсгийг баримтлаагүй, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан журмыг зөрчсөн буюу хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул ажилтан Ж.Бауыржаныг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ж.Аргынбайн нэрэмжит ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн иргэний боловсролын багшаар эгүүлэн томилсон нь үндэслэлтэй болжээ. Сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай тушаалд Ж.Бауыржаныг нийгмийн ухааны багшийн ажлаас чөлөөлсөн боловч тэрээр ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө тус сургуульд иргэний боловсролын багшаар ажиллаж байсан нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгох тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК