Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 040

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж-ийн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Д-д холбогдуулан гаргасан Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 05/17 дугаар дүгнэлтээр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Д-ын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 21-03/008/04 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг  2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 5/17 дугаар дүгнэлтэндээ: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор би Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Д нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 3-34 тоотод оршин суугч худалдагч Д.А нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бүрт ул мөр тогтоох бүртгэл хөтлөөгүй байсан нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/12 дугаар удирдамжийн дагуу хийсэн “Нийтийг хамарсан баяр, ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” урьдчилсан сэргийлэх хяналтаар илэрсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад заасны дагуу шийтгэл оногдуулахаар байна.

Гэтэл дээрх зөрчилд шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг буруу бичсэн байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон  Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Д-ын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 21-03/0008/04 дугаартай шийтгэлийн хуудсын 1 дэх заалтад “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг...” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар ...” гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Д би Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2018 оны 1 сарын 15-ны өдрийн 01/12 дугаар удирдамжаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхдээ иргэн Д.А-д “Хүнсний бүтээгдэхүүний ул мөр тогтоох бүртгэл хөтлөөгүй байсан” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн  дахь хэсгийн 5.3 дахь заалтад заасны дагуу шийтгэл оногдуулахдаа заалт хэсгийг буруу бичсэн алдаа гаргасан.

Хяналтын прокурор Т.Ж-ийн 5/17 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх алдааг засах боломжтой тул зөрчлийг засаж ажиллана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 05/17 дугаар дүгнэлтээр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Д-ын 2018 оны 1 сарын 24-ний өдрийн 21-03/0008/04 дугаартай шийтгэлийн хуудсын шийтгэх хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар” гэж өөрчлүүлэхээр дүгнэлт бичиж ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Д нь Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 05/17 дугаар дүгнэлтэнд дурдсан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Д-ын 2018 оны 1 сарын 24-ний өдрийн 21-03/0008/04 дугаартай шийтгэлийн хуудсын шийтгэх хэсгийн 1 дэх заалтыг  “Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар” гэж өөрчлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Ж-ийн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Д-д холбогдуулан гаргасан Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 05/17 дугаар дүгнэлтээр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Д-ын 2018 оны 1 сарын 24-ний өдрийн 21-03/008/04 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

            4.Энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.ЯНЖИНДУЛАМ