Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/376

 

 

 

 

 

 

 

 

   2021        06          30                                   2021/ШЦТ/376

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч И.Ариунсанаа,

хохирогч М.Түмэнжаргал,

шүүгдэгч Б.Д /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Б.Д-д холбогдох эрүүгийн 2011 01405 0201 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт            тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

  Б.Д, регистрийн дугаар  .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 7 сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамжны 787 тоотод М.Түмэнжаргалыг “хүүхэд айлгалаа” гэх шалтгаанаар гараараа цохиж эрүүл мэндэд нь “...тархи доргилт, дээд нэг шүдний булгарал, дух, дээд уруул, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Хохирол төлбөрт дансаар 235 000 төгрөг төлсөн байгаа.Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Хохирогч М.Түмэнжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би энэ хүнийг олох гэж нилээн хэцүү байсан. Б.Дгийн хувьд өөрийн гэсэн тодорхой оршин суугаа хаяг байхгүй. Б.Дгийн хүүхдүүд нь өөрийнхөн хүүхдүүд биш юм байна. Өөрийн гэсэн хүүхэд байхгүй. Би энэ хүнийг олох гэж их хөөцөлдсөн. Шүүгдэгч балмагдсан гэж ярьж байна. Хүүхдүүд нь тоосго шидээд болдоггүй би сануулж хэлж байгаад ийм асуудал болсон. Би тэр хүүхдүүдийн ээж аав хоёрт нь энэ талаар хэлэх гэж байсан. Миний толгой тархи өвдөөд, чих өвдөж байгаа. Би мөрдөн шалгах ажиллагааны үед хохирлоо төлүүлж авсан. Би 235.000 төгрөг авсан. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү. Одоогоор бол гомдол саналгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч М.Түмэнжаргалын “... 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би гэртээ ганцаараа хагас шил архи уугаад байж байгаад өмнөх өдөр нь манай хажуугийн хашаанаас хүүхдүүд нь хашаа руу төмөр чулуу шидээд байсан болохоор хашаан дотор байгаа машин тэрэг эвдчихэж магад гэж бодоод уг айл руу орсон юм. Өмнөх өдөр нь би бас уг айлд орсон боловч гэрт нь том хүмүүс байхгүй байсан. Уг айл манай хажууд нүүж ирээд удаагүй олон бага насны хүүхэдтэй айл байсан. Тэгээд уг айлын том хүмүүстэй уулзахаар яваад ортол том хүн байгаагүй 3-4 орчим насны хүүхдүүд байхаар нь би тэд нараас “ аав ээж чинь хаана байна, уулзах хэрэгтэй байна, намайг Түмэнжаргал гэдэг юм, том хүнтэй уулзах хэрэгтэй байна” гэж хэлээд 5-10 орчим минут байж байгаад “ аав ээжийгээ уулзуулаарай” гэж хэлээд гэртээ ороод ганцаараа сууж байтал гаднаас хажуу айлын залуу гэнэт орж ирээд намайг ширээний хажууд сууж байхад шууд гараараа хүчтэй цохиж аваад араас нь үргэлжлүүлэн олон удаа хатуу зүйлээр цохиод байсан. Би өөдөөс нь эсэргүүцэж байгаад дийлэхгүй ухаан алдаж унасан, хэсэг хугацааны дараа сэрэхэд би гэртээ ганцаараа хэвтэж байсан. Эхнэр рүүгээ утсаараа ярих гэтэл миний гар утас байхгүй болохоор нь хажуугийнхаа айл руу орж ар утсаа нэхсэн чинь уг айлын эмэгтэй хүн надад миний утсыг “та утсаа манайд унагасан байсан” гээд надад өгсөн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-24 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 8576 дугаартай “...М.Түмэнжаргалын биед тархи доргилт, дээд нэг шүдний булгарал, дух, дээд уруул, баруун, зүүн нүдний дээд , доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..Нэг шүдний булгарал нь гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 5 хувиар алдагдуулна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.Д-гийн “...2020 оны 07 сарын 25-ны өдөр 20 цагийн орчим Өгөөмөр захаас гэр рүүгээ эхнэрийн хамт явж байхад гэрээс манай охин ээж рүүгээ яриад нэг согтуу ах орж ирчхээд гэрээс гарахгүй байна гэхээр нь бид 2 сандарч гэртээ очоод...би уур хүрээд уг айл руу ортол нэг согтуу настайвтар эрэгтэй хүн гэр дотроо ширээнийхээ хажууд сууж байхаар нь би түүнийг согтуу манай гэрт орлоо гэж уурласан чинь өөдөөс уг согтуу хүн чи хэн юм гээд маргалдаад байхаар нь уурандаа түүнийг гараараа нэг удаа алгадаад, гараа зангидаж байгаад 2 удаа нүүр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-р хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 64/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 7 сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамжны 787 тоотод М.Түмэнжаргалыг “хүүхэд айлгалаа” гэх шалтгаанаар гараараа цохиж эрүүл мэндэд нь “...тархи доргилт, дээд нэг шүдний булгарал, дух, дээд уруул, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч М.Түмэнжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 21-24 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 8576 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/, шүүгдэгч Б.Д-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтэндээ:

240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан,

Шүүгдэгч Б.Д нь өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол төлөгдсөн, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал /гэм буруу маргаагүй, ам бүл 7, шүүгдэгч торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү / зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хохирогч М.Түмэнжаргал нь “...хохирлын мөнгө болох 235.000 төгрөгийг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх тул шүүгдэгч Б.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч М.Түмэнжаргал нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хохирогч М.Түмэнжаргал нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ