Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2017/00066

 

О.Аийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 224 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, Санырау овогт Он Аийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 1534090 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Он Аь миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6-р багт амьдардаг. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өлгий сумын нутаг дэвсгэрт шинээр байгуулагдсан хүүхдийн 16 дугаар цэцэрлэгт гэрээт туслах тогоочийн ажилд орсон боловч удалгүй ажлаас халагдсан юм. Миний бие уг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гомдол гаргасан. Шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 612 дугаар шийдвэр гарч намайг урьд эрхэлж байсан гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон юм Гэтэл Өлгий сумын 16 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй. Тийм учраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр тус шүүхэд хүсэлт гаргаснаар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх журмын дагуу үйлчлэгчийн ажилд орохоор болж гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дууссан юм. Миний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохгүй байна. Тийм учраас шүүхийн журмаар 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлмээр байна. Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч /Б.Б/-ээс ажилгүй байсан хугацааны цалин болох 1534090 /нэг сая таван зуун гучин дөрвөн мянга ер/ төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Өлгий сумын 9-р багийн иргэн О.Аийн Сум Дундын Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхэд гаргасан "Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгээс цалин нэхэх тухай" нэхэмжлэлтэй танилцаж доорх тайлбарыг гаргаж байна. Тус цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай,2 бүлэгтэй бөгөөд 2016 оны 3-р сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн .Үүнд Иргэн О.А нь Аймгийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 08 ний өдрийн А/208 дугаартай "Бүтэц орон тоо батлах тухай" захирамжийн дагуу тус цэцэрлэгт 2016 оны 03 дугаар сарын 01 ний өдөр гэрээт туслах тогоочоор түр томилон хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан боловч бүтэц орон тоо цалин хөлс нь баталгаатай бус гэрээт нэрийдлээр авч ажиллуулсан юм, Орон тоо цалин хөлс тодорхой бус хугацаатай гэрээгээр ажиллуулсан нь миний буруу биш аймгийн удирдлагуудын буруу үйл ажиллагаа гэдгийг цохон хэлмээр байна. О. А нь 3 сар гэрээгээр ажиллаад цалин нэхэж байгаа нь хуульд нийцэхгүй. Баян-Өлгий Өлгий Сумын Сум Дундын Анхан Шатны Хэргийн Шүүхийн 2016 оны 10-р сарын 13- өдрийн 613 дугаар шийдвэрийг би хүндэтгэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаар тушаал гаргаж О.Аийг ажилд авсан боловч маргаан хийгээд ажилд ороогүй тушаал авахгүй явчхаад шүүхэд ажилд эгүүлэн тогтоох гомдол гаргасан байна уг хэргийн шүүх хурал болоогүй байгаа??? . Ажилд нэн даруй эгүүлэн тогтоосон боловч өөрөө мэдсээр байж шийдвэрийг сайн биелүүлээгүй гэж шүүхээр албадан биелүүлэх шийдвэрийг давхар гаргуулан намайг худлаа гүтгэсэнд гомдолтой байна . Ажил голоод ажилд ороогүй байж хүн гүтгэж залилан мэхэлж дандаа хууль бус явуулгаа хийдэг .Цалин мөнгө нэхэхийн тулд худлаа хүн гүтгэж нэхэмжлэл гаргасанд би гомдолтой байна мөн ажилд орсон тушаал өгөөгүй гээд худлаа бичсэн байна тушаал авахгүй ажилд орохгүй гэж явчхаад нэхэмжлэлд тушаал өгөөгүй гэж гүтгэж бичсэн .Би бүх юмыг хуулийн дагуу явуулсан болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хэргийг нь дуусгавар болгосон юм. Дахиж ажилд эгүүлэн тогтоох тухай гомдол гаргасан байна. ... О.Аь нь 2016 оны 03 дугаар сарын 01 ний өдрөөс 07-р сарын 01-ний хүртэл гэрээ болон тушаалд хугацааг тодорхой зааж өгсөн үүнийг өөрөө сайн мэдэж байгаа боловч өнөөдөр юу ч мэдэхгүй дүр эсгэж байна. Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн 2016 оны жил, улирлын төсвийн хуваарилалтад 6,7,8 дугаар саруудад гэрээт ажилчдын цалин төсөвт тусгагдаагүй байгаа ба 2016 оны 09 дүгээр сараас эхлэн гэрээт орон тоо байхгүй болж төсөв мөнгө нь хасагдсан учир О.Аийн цалинг албан байгууллагаас төлөх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Засаг даргын хууль бус захирамжаараа дамжуулж төсөв хөрөнгө нь батлагдаагүй орон тоонд зарим нэр бүхий хүмүүсийг ажиллуулахыг надад үүрэг болгож захиргаадсан. Миний бие төрийн албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасны дагуу /Аймгийн засаг даргын захирамж хүчингүй болох хүртэл/ аргагүйн эрхэнд биелүүлсэн. Нэхэмжлэгч О.А нь тушаал болон гэрээнд заасан хугацаандаа 3 сар ажиллаад гэрээ дуссанаас хойш 8,9,10,11 дүгээр сарын цалин нэхэх үндэслэлгүй байна. Гэрээт ажилчдын цалинг төсөв мөнгө 2016 оны 06 дугаар сараас 01-ээс 2016 оны 09 дүгээр сар хүртэл тусгагдаагүй болон 09 дүгээр сараас гэрээт ажилтны цалин хөлс хасагдсан жилийн төсвөө баримтад хавсарсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 224 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс нэхэмжлэгч О.Аийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1497264 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Аьд олгож, илүү нэхэмжилсэн 38906 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие 16-дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б тус цэцэрлэгт холбоотой Өлгий сумын 9- дүгээр багийн иргэн О.Аийн нэхэмжлэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 07-р сарын 01-ний хүртэл улирлын гэрээт туслах тогоочоор түр хугацаагаар гэрээ байгуулан тохиролцсоны үндсэн дээр ажилласан .Гэрээний дагуу зуны улиралд гэрээт туслах тогооч ажиллахгүй ..2016 оны 03 дугаар сарын 01-ээс 2016 оны 07-р сарын 01- ний хороонд хугацаатай гэрээгээр ажиллана гэдгийг О.А танилцаж гарын үсэг зурж ,хүлээн зөвшөөрсөн тухайн гэрээгээр нотлогдож байна Тэгсэн мөртлөө 6 сарын цалин нэхэж байгаа нь үндэслэлгүй. Зуны улиралд 06 дугаар сарын 01-ээс 09 дүгээр сар хүртэл боловсролын салбарын сургууль цэцэрлэгийн сурагч.хүүхэд амрах учраас тухайн 6,7,8 саруудад амардаг. Санхүүгийн болон төсвийн хуваарилалтад 6,7,8 дугаар саруудад төсөвт 00-гэснийг нотлох баримтад тусгагдсан. Тухайн үед байнгын орон тооны багш.ажилчид ээлжийн амралт авч ,зөвхөн манаач нар үлдэж ажилладаг. О.Аь нь 3 дугаар сард түр гэрээгээр орсон ба ажилласан хугацаа дөнгөж 3 сар учир .ээлжийн амралт авах эрх үүсээгүй. Уг 3-сард төсөвт О.Аийн цалинг тусгаагүй, ээлжийн амралт олгох боломжгүй учир уг 3- сарын цалин нэхэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. О.Аь нь би 2016-оны 03-р сарын 01-ээс 2016 оны 07-р сарын 01- ний хороонд түр томилон, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсугай гэж дурдаж гаргасан энэ тушаалыг О Аь нь гардан авсан учир сайн мэдэж байгаа. Тэр үед О.Аийг гэрээт туслах тогоочоор түр тушаал гаргахдаа хөдөлмөрийн хугацаатай гэрээ болон тушаалд зааж өгсөн. О Аь нь 2016 оны 6,7,8 дугаар саруудад ажил хийж байгаад гэнэт чөлөөлөгдсөн мэтээр худлаа хүн гүтгэж цалин нэхсэнд гомдолтой байна. Мөн 9 сараас гэрээт ажилтны орон тоо хасагдсан төсөв нь батлагдаагүй хасагдсан учир цалин төлүүлэх тухай шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна. О.Аь нь 2016 оны 7 дугаар сарын 01 ний өдрөөс эхэлж ажлаас чөлөөлж 7 дугаар сард 54000 төгрөгийн цалин авсан нь О.Аийн 0997797 дугаартай нийгмийн даатгалд бичилт хийснээр нотлогдож байна. О.Аийн 7 дугаар сарын 01-ээс эхэлж ажлаас чөлөөлж, анхан шатны шүүхийн шийдвэрээр 2016 оны 11- р сарын 16-ны өдөр ажилд эргүүлэн тогтоосон боловч О.Аь нь гэрээт тогоочоор ажилд орохгүй бүр орон тооны ажилтан болгож тушаал өг мөн өмгөөлөгч бидэнд байнгын ажлын байртай болгож өг гэж хэлээрэй гэж хэлсэн, гэрээт ажилтан бол ажилд битгий ороорой гэж хэлсэн гээд ажилд орохгүй гээд яваад өгсөн. ... О.Аь нь ажилд ороогүй байж цалин нэхэж байгаа нь залилан хийж байгаа хэрэг гэж ойлгож байна. 2016 оны 6 сард ажиллаагүй боловч цалингаа аваагүй 6 сарын цалинг нэмж нэхэмжилж байгаа нь О.Аь нь тэрээр 2016 оны 6 дугаар сарын цалин хөлсөө Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129,1 -т заасан хугацаанд нэхэмжлээгүй учир хүчингүй гэж бодож байна. Иймд цэцэрлэгээс цалин нэхсэн нэхэмжлэл үндэслэлгүй, төсөв мөнгөний хүрэлцээгүй гэдгийг нотлох баримтаар хавсаргасан. Хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж давж заалдаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч О.Аь нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 1534090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилтны ажилгүй байсан хугацаа, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрын хэмжээг тус тус зөв тодорхойлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үндэслэлтэй шийдвэр гаргажээ.

 

О.Аь нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр, Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаар тушаал зэрэг бичмэл баримт, зохигчийн тайлбараар, ажилтан ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө сард 270000 төгрөгийн цалин хөлс авч байсан нь Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тус тус тогтоогдсон байна.

 

Хариуцагчийн тайлбараас үзвэл, төсөв мөнгөний хүрэлцээгүй гэсэн үндэслэл, шалтгаан нь ажилтны ажилгүй байсан хугацаанд нөхөх олговор авах эрхийг хязгаарлахгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийг давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

С.ӨМИРБЕК