Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2023/0293

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Р.М нарын 6 иргэний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Нэхэмжлэгч: Р.М, З.П, Ц.Н, Н.Я, Д.Б, Л.Х нар

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нар

Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргын хохирол нөхөн олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянгол дүүргийн 10-р хороо, 22-1, 22-2 байрны дэргэдэх газар дээр байсан автомашины 2 гараж, хүнсний дэлгүүр, З.Пийн эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гараж, Ц.Нгийн эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гараж, Н.Яын эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гараж, Д.Бы эзэмшиж, ашиглаж байсан автомашины 3 гараж, Л.Хийн эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гаражийг албадан буулгаж газар чөлөөлсний хохирол нөхөн олгохыг нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг даргад даалгах, Р.М, З.П, Ц.Н, Н.Я, Д.Б, Л.Х нарын Баянгол дүүргийн 10-р хороо, 22-1, 22-2 байрны дэргэдэх газар дээр байсан 9 ширхэг авто гаражийн барилгын хохиролд 94,500,000 төгрөг, 1 хүнсний дэлгүүрийн барилгын хохиролд 28,800,000 төгрөг, нийт 123,300,000 төгрөг, Р.Мын хүнсний дэлгүүрийн дотор байсан эд зүйлс /шилэн босоо лангуу, хөлдөөгч 2 ширхэг, ундааны хөргөгч 1 ширхэг, улбар шар өнгийн 150м өндөртэй шилэн лангуу, цахилгаан жин/-ийн хохирлын 3,400,000 төгрөг, Р.Мын эзэмшиж байсан хүнсний дэлгүүрийн 10 сарын хугацаанд олох ёстой ашиг орлого 22,500,000 төгрөг, нийт 149,200,000 төгрөгийн хохирлыг нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргаас гаргуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0079 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.Б, Ц.Н, Н.Я, Л.Х, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Э, нэхэмжлэгч Р.Мын өмгөөлөгч Л.О, хариуцагч Баянгол дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2021/0683/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Р.М, З.П, Ц.Н, Н.Я, Д.Б, Л.Х нар нь нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан “нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргын хохирол нөхөн олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянгол дүүргийн 10-р хороо, 22-1, 22-2 байрны дэргэдэх газар дээр байсан автомашины 2 гараж, хүнсний дэлгүүр, З.Пийн эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гараж, Ц.Нгийн эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гараж, Н.Яын эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гараж, Д.Бы эзэмшиж, ашиглаж байсан автомашины 3 гараж, Л.Хийн эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гаражийг албадан буулгаж газар чөлөөлсний хохирол нөхөн олгохыг нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг даргад даалгах, Р.М, З.П, Ц.Н, Н.Я, Д.Б, Л.Х нарын Баянгол дүүргийн 10-р хороо, 22-1, 22-2 байрны дэргэдэх газар дээр байсан 9 ширхэг авто гаражийн барилгын хохиролд 94,500,000 төгрөг, 1 хүнсний дэлгүүрийн барилгын хохиролд 28,800,000 төгрөг, нийт 123,300,000 төгрөг, Р.Мын хүнсний дэлгүүрийн дотор байсан эд зүйлс /шилэн босоо лангуу, хөлдөөгч 2 ширхэг, ундааны хөргөгч 1 ширхэг, улбар шар өнгийн 150м өндөртэй шилэн лангуу, цахилгаан жин/-ийн хохирлын 3,400,000 төгрөг, Р.Мын эзэмшиж байсан хүнсний дэлгүүрийн 10 сарын хугацаанд олох ёстой ашиг орлого 22,500,000 төгрөг, нийт 149,200,000 төгрөгийн хохирлыг нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргаас гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0079 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.М нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, газар чөлөөлсний хохирлыг нөхөн олгохгүй байгаа нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Р.Мын эзэмшиж байсан 2 автогаражийг албадан буулгасны хохиролд 18,020,256 төгрөгийг, З.Пийн эзэмшиж байсан 1 автогаражийг албадан буулгасны хохиролд 9,010,128 төгрөгийг, Ц.Нгийн эзэмшиж байсан 1 автогаражийг албадан буулгасны хохиролд 9,010,128 төгрөгийг, Н.Яын эзэмшиж байсан 1 автогаражийг албадан буулгасны хохиролд 9,010,128 төгрөгийг, Д.Бы эзэмшиж байсан 3 автогаражийг албадан буулгасны хохиролд 27,030,384 төгрөгийг, Л.Хийн эзэмшиж байсан 1 автогаражийг албадан буулгасны хохиролд 9,010,128 төгрөгийг, Р.Мын эзэмшиж байсан хүнсний дэлгүүрийг албадан буулгасны хохиролд 23,104,052 төгрөгийг тус тус олгохыг нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, үлдэх “Р.Мын хүнсний дэлгүүрийн дотор байсан эд зүйлс / шилэн босоо лангуу, хөлдөөгч 2 ширхэг, ундааны хөргөгч 1 ширхэг, улбар шар өнгийн 150м өндөртэй шилэн лангуу, цахилгаан жин/-ийн хохирлын 3,400,000 төгрөг, Р.Мын эзэмшиж байсан хүнсний дэлгүүрийн 10 сарын хугацаанд олох ёстой байсан ашиг орлого 22,500,000 төгрөгийн хохирлыг нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргаас тус ту гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагауудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхээс “1998 оны Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.2-т зааснаар тухайн үеийн Ерөнхий архитектор буюу Барилга, хот байгуулалтын албаны дарга маргаан бүхий гаражуудыг барих зөвшөөрлийг олгосон байх тул нэхэмжлэгч нарын автогараж газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гараж, хүнсний дэлгүүр нь газрын албан ёсны эрхийн гэрчилгээгүй бөгөөд газрын төлбөр тогтоосон актаар ашиглуулж байсан ба Баянгол дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд тус газрыг чөлөөлсөн.

Мөн шүүхээс “Р.М нь хүнсний дэлгүүрийг 2005 оноос өмнөх хугацаанд эзэмшсээр ирсэн болох нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлын байрны тухай” 11-16/126-1308 тоот дүгнэлт, үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, Улаанбаатар цахилгаан сүлжээ хувьцаат компанийн “Техникийн нөхцөл олгох тухай” албан бичгүүдээр тогтоогдож байна” гэж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг тус тус зөрчсөн

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо:

Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/189 дүгээр захирамжид “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3 дахь хэсэг, нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/608 дугаар захирамж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 онд батлагдсан эскиз зураг, ЕГШИФР:ТК/20/09/30 ажлын зургийг тус тус үндэслэн гарсан.

Тус захирамжийн зорилго нь нийтийн эрх, ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс, тус дүүргийн 10 дугаар хорооны байр барьж, тухайн хорооны 8,000 гаруй иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг ойртуулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-1, 22-2 дугаар байрны зүүн талд байрлах газрын зөвшөөрөлгүй гаражуудыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, газрын зөрчил арилгаж ажилласан.

Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 он, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс тухайн байршилд байрлах гаражуудын эздэд сонсох ажиллагааны мэдэгдлийг тараасан.

Уг сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр болон 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд нэхэмжлэгч нарын иргэдээс Баянгол дүүргийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан санал, хүсэлт, холбогдох нотлох баримтаа бичгээр гаргасан. Дээрх иргэдийн санал, хүсэлт, холбогдох нотлох баримтыг судалж үзээд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12/619 дүгээр албан бичиг, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 09/764 дүгээр албан бичгээр санал хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай хариуг хүргүүлсэн.

Дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу маргаан бүхий газрын суурин болон хээрийн судалгааг хийх, төлөвлөлт, хэрэгцээ шаардлага, хууль зүйн үндэслэлийг нягтлан судалсан.

Нэхэмжлэгч Л.Х 2007 онд, Р.М 2010 онд, З.П 2016 онд, Ц.Н, Д.Б нар 2018 онд, Н.Я 2020 онд тус тус газрын төлбөр төлснөөс хойш дахин төлөөгүй. Тухайн маргаан бүхий газрыг Баянгол дүүргийн 10 дугаар хорооны байр барих зориулалтаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэх тухай нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан Нийслэлийн 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2020 оны ?5 дугаар сарын 04-ний өдрийн А/608 дугаар захирамж гарсан. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан Баянгол дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий гаражуудыг чөлөөлж, газрын зөрчил арилгахаар тусгагдсан зэрэг нь тухайн газрыг чөлөөлөх үндэслэл болсон.

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-аар зохицуулах бөгөөд тус журмын 3.1-д “Өмчлөх, эзэмших эрх бүхий газар Иргэний хуулийн 8562-т заасан газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарах тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө буюу барилга байгууламж, Газар чөлөөлөх зардал зэргийг нөхөн олгохоор заасан. Өөрөөр хэлбэл, уг газарт өмчлөх, эзэмших эрх үүссэн, тухайн эзэмших, өмчлөх эрх бүхий газарт байрлах эд хөрөнгө, түүнийг чөлөөлөхтэй холбоотой зардлыг нөхөн олгохоор заасан.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтална” гэж заасныг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн шийдвэр илт үндэслэлгүй байна.

“Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” гэж тодотгосны учир нь хэрэв хууль бус үйлдэл бол хамгаалахгүй гэдгийг тодруулан зааж байгаа тодотгол юм. Тухайлбал, зөвшөөрөлгүй газарт гараж барьчхаад дараа нь захиргааны байгууллага зөвшөөрөл олгох үүрэгтэй, албадан буулгавар нөхөн олговор олгох ёстой гэж захиргааны байгууллагаас шаардах боломжгүй юм.

Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий тоосгон гаражуудыг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй бөгөөд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй этгээд болох нь 1. Захирамжийн үндэслэл, 2. Хэргийн материалд цугларсан болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримтууд, 3. Баянгол дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болон бусад төрийн захиргааны байгууллагуудаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон холбогдох баримтаар тогтоогддог тул анхан шатны шүүхийн шийдвэр илт үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгч нараас талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Р.М, З.П, Ц.Н, Н.Я, Д.Б, Л.Х нар нь нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан “нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргын хохирол нөхөн олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянгол дүүргийн 10-р хороо, 22-1, 22-2 байрны дэргэдэх газар дээр байсан автомашины 2 гараж, хүнсний дэлгүүр, З.Пийн эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гараж, Ц.Нгийн эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гараж, Н.Яын эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гараж, Д.Бы эзэмшиж, ашиглаж байсан автомашины 3 гараж, Л.Хийн эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гаражийг албадан буулгаж газар чөлөөлсний хохирол нөхөн олгохыг нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг даргад даалгах, Р.М, З.П, Ц.Н, Н.Я, Д.Б, Л.Х нарын Баянгол дүүргийн 10-р хороо, 22-1, 22-2 байрны дэргэдэх газар дээр байсан 9 ширхэг авто гаражийн барилгын хохиролд 94,500,000 төгрөг, 1 хүнсний дэлгүүрийн барилгын хохиролд 28,800,000 төгрөг, нийт 123,300,000 төгрөг, Р.Мын хүнсний дэлгүүрийн дотор байсан эд зүйлс /шилэн босоо лангуу, хөлдөөгч 2 ширхэг, ундааны хөргөгч 1 ширхэг, улбар шар өнгийн 150м өндөртэй шилэн лангуу, цахилгаан жин/-ийн хохирлын 3,400,000 төгрөг, Р.Мын эзэмшиж байсан хүнсний дэлгүүрийн 10 сарын хугацаанд олох ёстой ашиг орлого 22,500,000 төгрөг, нийт 149,200,000 төгрөгийн хохирлыг нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

3. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан.

3.1. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтны нийтийн эрх зүйн харилцаанд үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, үйл ажиллагаа нь хохирол шаардах урьдчилсан нөхцөл болох бөгөөд үүний улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлоо шаардах эрх үүснэ. Өөрөөр хэлбэл, энэхүү эрхийг шаардах эрхтэй этгээд нь зөвхөн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас хохирсон этгээд байна.

3.2. Гэтэл анхан шатны шүүх “... хариуцагчид нь бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг нарийвчлан шинжлэн судалсны үндсэн дээр бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна ... учир нь 1995 онд тухайн үеийн хотын ерөнхий архитектор буюу Барилга, хот байгуулалтын албаны дарга нь тухайн автогаражуудыг барих зөвшөөрлийг олгосон зэрэг онцлог үйл баримтыг харгалзан үзэж, нарийвчлан шинжлэх судалсны үндсэн дээр шийдвэр гаргах үүргээ хариуцагч биелүүлээгүй байна ... газар албадан чөлөөлсний хохирол, нөхөн олговрын асуудлыг хэрхэхийг шийдвэрлэлгүйгээр маргаан бүхий объектуудыг албадан буулгасан хариуцагчийн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан.

4.1. Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/189 дүгээр захирамжид “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3 дахь хэсэг, нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/608 дугаар захирамж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 онд батлагдсан эскиз зураг, ЕГШИФР:ТК/20/09/30 ажлын зургийг тус тус үндэслэн ... Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 22а байрны зүүнэ тал, 27а байрны хойд талд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “Хорооны цогцолбор барилга” барих газарт зөвшөөрөлгүй баригдсан 57 ширхэг тоосгон гарааш, 1 ширхэг хүнсний дэлгүүрийн барилгыг тус тус албадан буулгаж газар чөлөөлсүгэй ...” гэжээ.

4.2. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл хариуцагч захиргааны байгууллагууд нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй байх ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.Х 2007 онд, Р.М 2010 онд, З.П 2016 онд, Ц.Н, Д.Б нар 2018 онд, Н.Я 2020 онд тус тус газрын төлбөр төлснөөс хойш дахин төлөөгүй, нэхэмжлэгч нарын хувьд бүгд маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй буюу Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт тус тус заасныг зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газар эзэмшиж байжээ.

4.3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс “... эдгээр хүмүүс 1995 оноос гараж, хүнсний дэлгүүр барьж тухайн газрыг эзэмшиж ирсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой” гэж тайлбарлаж байх боловч дээр дурдсанчлан нэхэмжлэгч нар нь газрын хууль ёсны эзэмшигч биш, 2002 оны Газрын тухай хууль батлагдахаас өмнө газар дээр гараж, хүнсний дэлгүүр барьсан хэдий ч Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/189 дүгээр захирамж гарах хүртэл 20 гаруй жилийн хугацаанд хууль ёсоор газар эзэмших эрхийг олж авах, гэрчилгээ гаргуулах талаар эрх бүхий этгээдэд хандаж байсан баримт байхгүй тул энэ тохиолдолд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд хамаарахгүй. Газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийн хувьд газар эзэмших, ашиглах аливаа эрх хамгаалагдахгүй юм.

5. Мөн анхан шатны шүүх “... Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын ерөнхий архитектор, Барилга, хот байгуулалтын албаны дарга н.Жадамбаа 1995 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газрын зөвшөөрлийн тухай” 3/444 дүгээр албан бичигт ... 12 гаражийн барилгыг үргэлжлүүлэн барихыг зөвшөөрөв гэсэн байна ... уг албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч нар нь 1995 оноос эхлэн маргаан бүхий автогаражуудыг зохих зөвшөөрлийн дагуу хууль ёсоор, эзэмшиж, ашиглаж ирсэн болох нь тогтоогдож байна” гэж хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

5.1. Дээрх 3/444 дүгээр албан бичиг нь баригдаж эхэлсэн 12 гаражийн барилгыг үргэлжлүүлэн барихыг зөвшөөрсөн агуулгатай болохоос нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн, зөвшөөрөл олгосон шийдвэр гэж үзэхгүй тул маргаан бүхий газар болон түүнтэй холбоотой хохирлоо шаардах эрх нэхэмжлэгч нарт үүссэн гэж үзэхгүй.

6. Нэхэмжлэгч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасны дагуу нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан боловч нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан захиргааны байгууллага хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нараас Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/189 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар маргаагүй.

6.1. Хариуцагчаас хууль ёсны газар эзэмших эрхгүй, зөвшөөрөлгүй баригдсан 57 автомашины гараж, 1 хүнсний дэлгүүрийг албадан буулгах талаар нэхэмжлэгч нарт мэдэгдэж, сонсох ажиллагаа хийсэн, захирамжтай холбоотой хүсэлт, гомдолд холбогдох хариуг өгч, хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийсэн байх бөгөөд хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж дүгнэсэн аливаа шийдвэр гараагүй байна.

6.2. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Газрын тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг эзэмших эрх үүсээгүй бөгөөд зохих зөвшөөрөлгүй баригдсан автомашины гараж, хүнсний дэлгүүрийг албадан буулгасан хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм. Энэ талаарх хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0079 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.М нарын 6 иргэний гаргасан “нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргын хохирол нөхөн олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянгол дүүргийн 10-р хороо, 22-1, 22-2 байрны дэргэдэх газар дээр байсан автомашины 2 гараж, хүнсний дэлгүүр, З.Пийн эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гараж, Ц.Нгийн эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гараж, Н.Яын эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гараж, Д.Бы эзэмшиж, ашиглаж байсан автомашины 3 гараж, Л.Хийн эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гаражийг албадан буулгаж газар чөлөөлсний хохирол нөхөн олгохыг нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг даргад даалгах, Р.М, З.П, Ц.Н, Н.Я, Д.Б, Л.Х нарын Баянгол дүүргийн 10-р хороо, 22-1, 22-2 байрны дэргэдэх газар дээр байсан 9 ширхэг авто гаражийн барилгын хохиролд 94,500,000 төгрөг, 1 хүнсний дэлгүүрийн барилгын хохиролд 28,800,000 төгрөг, нийт 123,300,000 төгрөг, Р.Мын хүнсний дэлгүүрийн дотор байсан эд зүйлс /шилэн босоо лангуу, хөлдөөгч 2 ширхэг, ундааны хөргөгч 1 ширхэг, улбар шар өнгийн 150м өндөртэй шилэн лангуу, цахилгаан жин/-ийн хохирлын 3,400,000 төгрөг, Р.Мын эзэмшиж байсан хүнсний дэлгүүрийн 10 сарын хугацаанд олох ёстой ашиг орлого 22,500,000 төгрөг, нийт 149,200,000 төгрөгийн хохирлыг нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ