Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/407

 

 

 

 

 

 

 

 

   2021        07          09                                   2021/ШЦТ/407

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, 

улсын яллагч Р.Энх-Оюун,

  шүүгдэгч С.З, Г.О нар /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Г.О,   С.З нарт холбогдох эрүүгийн 2111 00034 0051 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн бизнесийн удирдлага мэргэжилтэй, Бөмбөгөр худалдааны төвд лангуу түрээслэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-1           тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй,

  Г.О / /,

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Шууд ТВ худалдааны зөвлөх ажилтай, ам бүл-2, дүүгийн хамт          тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй,

  С.З / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар байрны 05 тоотод хамтран байр түрээслэгч С.З-тай өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цэвэрлэгээ үйлчилгээнээс болж маргалдан бие биедээ халдаж байсан таарамжгүй харьцаанаас үүдэн толгойн тус газар нь аягаар цохих, үсдэх, гараас нь базаж маажих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.З нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар байрны 05 тоотод хамтран байр түрээслэгч Г.О-тэй цэвэрлэгээ үйлчилгээнээс болж маргалдан харилцан зодолдож, духнаас нь цус гарсныг хараад түүнийг түлхэж унаган толгой, нуруу хэсэгт олон удаа өшиглөх, нүүрэнд цохих, үснээс нь зулгааж чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар  сарын 08-ны өдөр болон 10-ны өдөр Г.О өөрөө намайг зодсон. Тухайн үед Г.О-ийн машин явах боломжгүй байсан учраас Г.О өөрийн найз Анхбаяр гэдэг хүнийг дуудуулж оройн 22 цагийн орчимд “Мөнгөн Гүүр” эмнэлэг орсон. Тухайн үед Г.О-ийн хамрын нуруун дээр нь зулгаралт огт байгаагүй. Тэр орой гэрч Энхмандал тортой чихэр, боов барьсан Г.О-өөс уучлалт гуйж орж ирсэн. 2020 оны 12 дугаар  сарын 10, 11 өдөр Г.О надтай хамт Мөнгөн Гүүр эмнэлэг орсон. Тэр үед Г.О ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй. Тухайн үед шинжээч эмчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учраагүй байсан учраас эмнэлгийн тусламж аваагүй гэж бодож байна. Иймд би хэргийн бодит үнэнийг тодруулах хүсэлтэй байна. Учир нь зодуулсан хүн нь зодсон мэтээр дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна. Шинжээч эмчийн дүгнэлтэд Г.О-ийн биед гэмтлийн хөнгөн зэрэг учирсан гэж үзсэн. Гэмтлийн хөнгөн зэрэг гэдэг нь хүний биеийн нэг хувьтай тэнцэх гэмтлийг гэмтлийн хөнгөн зэрэг гэж үздэг. Гэтэл Г.О-ийн биед учирсан гэмтэл нь гурвыг харьцах нь гурав аравны таван сантиметр хэмжээтэй байдаг. Гэтэл миний гуяд учирсан 14.5 сантиметр хэмжээтэй гэмтэлд яагаад гэмтлийн зэрэгт ороогүй мөртлөө Г.О-ийн биед учирсан 3.5 см хэмжээтэй гэмтлийг гэмтлийн зэрэг авч үзсэнд гомдолтой байна. Хэрэв би энэ хүний нүд рүү хэрэв цохисон бол яагаад нүдэнд гэмтэл тогтоогдоогүй юм бэ гэдгийг тодруулахаар хүсэлт өгсөн. Мөн Анхбаяр, Болдбаяр, Энхмандал гэсэн гэрчүүд бол 2020 оны 12 дугаар сарын 10, 11-ний орой болсон үйл явдлуудыг бүгдийг нь харсан. 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр амралтын өдөр байсан учраас эмнэлэг ажиллахгүй байсан. Тийм учраас  би Энхмандалаас гуйгаад шархаа цэвэрлүүлээд сууж байсан гаднаас Г.О гаднаас хуушуур барьж орж ирсэн. Шаардлагатай гэж үзвэл тухайн үед байсан гэрчүүдийг оролцуулах боломжтой. Учир нь хавтаст хэрэгт энэ хэрэгт шаардлагатай баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж чадаагүй. Шинжээч эмчийн дүгнэлтэд миний биед учирсан гэмтлийг гэмтлийн зэрэгт авч үзээгүй. Би энэ талаараа шинжээч эмчид хэлэхэд “...чи гэмтлүүдийнхээ зургийг аваад мэдүүлэгтэйгээ хамт өгчих...” гэж хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.О-ийн нүдэнд цус хурсан гар болон хөлд нь шарх учирсан гэхэд нь би гэрч Энхмандалыг “...чи очоод бодит байдлыг хэлээд өгөөч...” гэсэн. Би мэдүүлгээ өгсөн гэж хэлж байсан. Тухайн үед Энхмандалын Г.О-ийн хавтаст хэрэгт хавсаргасан зургийг хараад “...яагаад ийм зураг өгсөн юм. Би худал мэдүүлэг өгсөн юм шиг болоод байна...” гэж хэлж байсан. Би тухайн зургийг томруулаад хавтаст хэрэгт хавсаргасан. Тухайн зургийг томруулаад харахаар бодит зураг биш гэдэг нь харагдаж байгаа. Би анх хэргийн материалтай танилцахад миний 1 ширхэг СД байхгүй байна гэдгээ шүүгчийн туслахад хэлсэн. Тэгэхэд шүүгчийн туслах “...анх хэрэгт 1 ширхэг СД ирсэн. Өөр СД ирээгүй...” гэж хэлсэн. Тэгэхээр нь прокурорын туслахаас асуухад шүүхэд шилжүүлсэн гэж хэлсэн. Чиний СД-ийг мэдээлэл лавлагааны ажилтан Баттулга гэдэг хүнд хүлээлгэж өгсөн. Шүүхээс чиний СД-ийг унших боломжгүй СД байна гэж хэлээд буцаасан гэж хэлсэн. Иймд тухайн Сд-ийг шүүх хүлээж авсан эсэхийг тодруулмаар байна. Г.О миний толгой руу цохисноос болж би 3 сар гаруй хугацаанд эмнэлгээр явж байна. Толгой өвдөх зовуур байнга илэрч байгаа. Миний духан дээр учирсан сорвины хэмжээ бол шинжээчийн эмчийн дүгнэлтэд дурдсанаар 2.2 сантиметр гэж дүгнэсэн. Бодитоор учирсан сорив нь 4 сантиметр орчим байдаг. Г.О-өөс 5.000.000-6.000.000 төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй. Би цаашид гарах эмчилгээний зардалаа Г.О-өөс нэхэмжилнэ. Хэргийн материалд хураагдсан аяга бол хулсан аяга. Гэтэл Г.О мэдүүлэгтээ хатуу хуванцар аяга гэж мэдүүлсэн байдаг...” гэв.

Шүүгдэгч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. С.З-ын нэхэмжилсэн хохирол, төлбөрийг төлж барагдуулахад бэлэн байна...” гэв

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч С.З-ын “...2021 оны 01 сарын 08-ны өдөр гал тогооны өрөөнд Мандал, Г.О 2-той таарахад Г.О над руу ойртоод юу яриад байгаа гичий вэ, бичиг наасан байж худлаа яриад яваад байх юм гээд шууд над руу дайрсан. Холдох гэтэл намайг мөрлөөд буланд шахахад Мандал салгасан. Тэгээд өрөө рүүгээ явж байтал араас үсдэж дараад гар хөлөөс базаж маажсан...10-ны өглөө гал тогооны өрөөнд таараад чи намайг зодоод ийм болгочихсон байна хардаа гэхэд хохь чинь надаас өөр хүн байсан бол чамайг алах байсан юм гээд өмнөх шигээ зодох гээд дайрсан. Тэгээд гартаа аягатай халуун ус барьж явснаа цацах гээд гарыг нь түлхэж асгасан. Тэгэхэд барьж байсан аягаараа миний толгой руу цохиод үснээс зулгаасан. Тэгж байхдаа 2 гараас зуураад базаж маажсан. Энэ үед миний духнаас маш их цус гарсан... Би түүний нүүр ам руу хүрээгүй. Хоорондоо зууралдсан Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. Би Г.О-өөс өөрийгөө хамгаалсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 16-17 дахь хуудас/,

Хохирогч Г.О-ийн “...Би 2020 оны 11 дүгээр сард тус нийтийн байранд орсон. Намайг нүүж ороход С.З гэх эмэгтэй тус нийтийн байранд амьдардаг байсан. Ингээд С.Зтай танилцсан. Намайг амьдарч байх хугацаанд С.З нь байнгын гүтгэх, доромжлох, дээрэлхэх үйлдэл гаргадаг байсан. усанд ороод гараад ирэхэд С.З хар өнгийн үс барьж ирээд энэ чиний үс үү, чи душ дотор их бохир заваан хэрэглэж байна, энэ бохир үсээ ав, үүдний өрөөний шалан дээр чиний үс унаад би өөрийнхөө өрөө рүү авч ороод байна, чи үсээ ав гэх зэргээр гүтгэдэг байсан. Би шар үстэй ш дээ гэхэд угаас чинь хар өнгийн үс гарч ирсэн байгаа биз дээ гэдэг. Ам нь өмхий царайлчхаад гээд гадаад үзэмжийг гоочилж доромжилдог. Гал тогооны өрөөнд байсан шүүгээнд өөрийнхөө эд зүйлийг хийсэн чинь нэг орой ирэхэд миний эд зүйлийг эмх замбараагүй болгоод өөрийнхөө том хоолны савыг хийгээд тавьчихсан байсан гэх мэтээр дээрэлхэх үйлдэл гаргадаг. Гал тогооны өрөөнд хоолоо хийх гээд бэлтгэж байхад хажуугаар дайраад плитка дээр саваа тавьчихдаг. Хөргөгчид битгий муудах зүйл хийгээд бай гэх мэт дандаа доромжлох байдлаар харьцдаг. Удаа дараа нойлын өрөөнд бичиг үлдээж байсан 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гал тогооны өрөөнд муудалцаад би түрүүлж түүний нүүр лүү гараараа 1-2 удаа цохиход миний үснээс зуураад бид хоёр үсдэлцсэн. Тэгээд үснээс хоёр гараараа зуураад тавихгүй байхаар нь би нэг гараараа үснээс нь зуураад нөгөө гараараа гуяны дотор талаас нь базсан. Би түрүүлж түүний үсийг тавиад зодоон дууссан. Зодооны дараа С.З-ын гар нь маажуулсан, гуя нь хөхөрсөн байсан. Харин миний зүүн нүдэнд цус хурсан байсан.,.2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үүдний өрөөнд тааралдахад сорвины тос авч өгөөрэй, ам нь өмхийрсөн, бүдүүн шар муур гэснээс болж маргалдаж эхэлсэн. Тэгснээ С.З над руу дөхөж ирээд амандаа шүлсээ хуримтлуулж байгаад нүүр лүү нулимсан, тухайн үед би халуун устай аяга барьж байсан нөгөө гараар түүн рүү далайхад С.З миний аягатай усыг түлхээд харилцан бие биеэ түлхэлцэж байхад С.З миний гартаа барьсан устай аягыг унагаасан. Би аягаа газраас аваад С.З руу шидээд хоорондоо барилцаж, цохилцон үснээсээ зулгаалцсан. Би С.З-ын дээрээс дараад унахад тэрээр намайг цохисон. Нэг харсан чинь С.З-ын нүүр цус болсон байсан. Тэгээд зодоон зогссон. Би айгаад дахиж тэр хүнд гар хүрээгүй. Дараа нь С.З намайг 2 удаа нүүр лүү алгадаад нуруун дээр 3 удаа гараараа цохисон. Тэгтэл С.З 00 өрөө лүү орж нүүрэн дэх цусаа хараад улам уурлаад намайг өрөөндөө байхад араас ирж түлхэж унагаагаад дээрээс нэг хөлөөрөө дэвхэцсэн. Нуруу, толгой хаа хамаагүй хяналтаа алдсан байдалтай өшиглөсөн. Тэр үед би Мандалд цагдаа дууд гэж хэлэхэд Мандал бид хоёрыг салгаж чадахгүй болохоор хажуу өрөөний залууг дуудаж бид хоёрыг салгасан Тэгээд С.З надаас салаад дахиж орж ирээд хаа хамаагүй өшиглөсөн. Миний нүүр лүү цохиод урд үснээс зулгаагаад үүд рүү чирсэн. Би өрөөний хаалганы хажууд доош хараад мөлхсөн байдалтай байхад нөгөө залуу орж ирээд салгасан. Дахиж орж ирэх гээд байхаар нь би өрөөнийхөө хаалгыг түгжсэн. Өрөөндөө ороод толинд хартал миний хоёр нүд улайгаад цус хурсан байсан.. шинжээчийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй. Дээрх гэмтлийг С.З намайг зодож учруулсан. Мөн 13456 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй. Дээрх гэмтлийг би учруулсан. Маргах зүйл байхгүй. Бид хоёр харилцан зодолдсон юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би С.З-ын эмчилгээний зардалд 189.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/,

Гэрч Б.Энхмандалын “...2020 оны 12 сарын 08-ны өдөр гал тогооны өрөөнд Г.О-тэй С.З-ын төвөгтэй ааш зангийн талаар ярьж байхад С.З гэнэт гарч ирж маргаад С.З Г.О нарын хооронд шүүгээ булаацалдсан болон ОО душны өрөөний цэвэрлэгээний талаар маргалдаж хоорондоо үсдэлцсэн. Тэр үед Г.О С.З-ыг мөрлөсөн, би голоор нь орж салгаад тэр 2 өрөө өрөөндөө орсон. Тэгээд хоёр өдрийн дараа намайг гал тогоо болон үүдний хэсгийг шүүрдэж байтал Г.О гал тогооны өрөөнд орж ирээд өөртөө уух юм хийгээд ууж байх шиг байсан Тэгээд би Г.О-тэй хамт хоол унд хийж идэх тухай ярилцаж байтал С.З өрөөнөөсөө маш их ууртай гарч ирээд Г.О-өд хандаж чи сорвины тос авч өг, энийг хар гээд орилоод байсан. Тэгээд тэр хоёр маргалдаад хэрэлдэж байснаа бие биеэ үсдээд, газар унаад С.З-аас аймаар их цус гараад зодоон их ширүүн болсон. Би арай гэж тэр хоёрыг салгасан. Г.О бушуухан шиг 00 орж нүүр амаа угаагаад өрөө рүүгээ яваад ортол С.З өөрөөсөө гарсан цусыг хараад улайраад Г.О-ийн өрөө рүү ороод зодож эхэлсэн. Г.О хүнээс цус гаргаснаа мэдээд өөрөө айгаад С.З-д зүгээр л зодуулж эхэлсэн. С.З-ын үс нь задгай арзайсан нүүр нь цус болсон байдалтай Г.О рүү дайраад гараараа хаа сайгүй цохиод байсан. Тэгээд би салгаж чадахгүй болохоор хажуу өрөөний залууг дуудаж тэр хоёрыг салгасан. Удалгүй цагдаа нар ирээд С.З, Г.О нарыг аваад явсан. С.З-ын духанд шарх үүссэн, Г.О-ийн нүд нь улайгаад цус хурсан байсан. Тэр хоёр харилцан бие биеэ зодсон. Ердөө цэвэрлэгээнээс болж маргалдсан...3-ын хувьд их төвөгтэй ааш авиртай. Ойр тойрны хүмүүсийг тавгүй байдалд хүргэдэг гэдгээ өөрөө мэддэггүй. Хоёрын хооронд жижиг сажиг зүйлээр хэрүүл үүсгээд байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь хуудас/,

Гэрч Ц.Цэнгэлбаярын “...би 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр тус нийтийн байранд нүүж ирсэн. Маргааш нь өрөөндөө унтаж байтал Мандал эгч хаалга тогшоод гараад ир гэхээр нь гараад манай хажуу талын шар үстэй эгчийн өрөөнд ороход 2 эмэгтэй хүн хоорондоо үсдэлцсэн байхаар нь духандаа шархтай эмэгтэйгийн үсэдсэн гарыг салгаад өрөөнөөс гаргасан. Тэгээд өөрийнхөө өрөөнд ороод подволкоо өмсөөд гараад иртэл нөгөө 2 эмэгтэй дахиад зодолдоод байх шиг болохоор нь ортол шар үстэй эмэгтэй нь буйдангийн хажуугаар хажуулдсан байдалтай орчихсон, дух нь гэмтсэн эмэгтэй дээр нь гарчихсан байхаар нь салгаад өрөөнөөс гаргасан. Өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-р хуудас/,

Гэрч Д.Мөнгөншагайгийн “...тэр өдөр Тэс-112 чиглэлд Чингэлтэй дүүргийн 2, 1-р хороог хариуцан цагдаа жолооч Болдсүхийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Ингээд 11:45 цагийн үед хамт байр түрээсэлдэг эмэгтэй толгой руу цохиод хагалчихлаа гэсэн дуудлага ирсний дагуу хэрэг учрал болсон гэх газарт очиход С.З гэх эмэгтэйн духнаас цус гараад хатсан байдалтай байсан. Харин нөгөө эмэгтэйд илтэд харагдах хүнд гэмтэл харагдаагүй, маажсан, улайсан байсан санагдаж байна. хоёулаа харилцан зодолдсон байсан. Гэхдээ илтэд эвдэрч гэмтсэн, цус болсон зүйл байгаагүй. Тухайн үед энгэрийн камер ажиллахгүй байсан тул заримдаа өөрсдийн гар утсаар бичлэг хийх тохиолдол байдаг боловч тэр бичлэг одоо бол байхгүй, өдөртөө 20 гаруй дуудлагад очдог болохоор тэр бүр гар утсаар бичлэг хийж хадгалах боломжгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13456 дугаартай “...С.З-ын биед тархи доргилт, духны шарх, баруун зүүн сарвуу, баруун дунд хурууны зулгаралт бүхий шинэ гэмтэл, баруун шууны дотор тал, баруун зүүн сарвуу, баруун дунд, ядам хуруу, зүүн шилбэний зулгаралт, 2 бугалга, зүүн гуяны цус хуралт бүхий хуучин гэмтлүүд тогтоогдсон, учирсан гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тархи доргилт, духны шарх, баруун зүүн сарвуу, баруун дунд хурууны зулгаралт бүхий шинэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун шууны дотор тал, баруун зүүн сарвуу, баруун дунд, ядам хуруу, зүүн шилбэний зулгаралт, 2 бугалга, зүүн гуяны цус хуралт бүхий хуучин гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6- д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатарын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13451 дугаартай “...Г.О-ийн биед зүүн нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруу, доод уруул, баруун тохой, зүүн шуунд зулгаралт, зүүн дал, баруун шуунд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47-р хуудас/,

Шинжээч Т.Амартүвшингийн “...С.З-ын биед учирсан тархи доргилт, духны шарх гэмтлүүд нь дангаараа тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин баруун зүүн сарвуу, баруун дунд хурууны зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, учирсан гэмтэлд эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 28-с доош хоногийн дотор эдгэдэг учир хөнгөн гэмтэлд хамааруулна... С.З-ын 2020.12.11-ний КТГ-ийн хариуг үзлэг хэсэгт бичихдээ бичиглэлийн алдаа гаргасан байна. зүүн талын зулай хэсгийн хуйханд бага зэрэг зөөлөн эдийн хавангийн өөрчлөлттэй гэснийг өөрчлөлтгүй гэж алдаатай бичсэн боловч гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-37-р хуудас/,

Шинжээч Г.Энхбаатарын “...Г.О-ийн биед учирсан зүүн нүдний алимны салстын цус хуралт, хамрын нуруу, доод уруул, баруун тохой, зүүн шууны зулгаралт, зүүн дал, баруун шууны цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-р хуудас/,

С.З-ын амбулаториор үйлчлүүлэгчдийн картын хуулбар, Мөнгөн гүүр эмнэлгийн 2020.12.11-ний өдрийн толгойн КТГ-ийн шинжилгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 78-91-р хуудас/,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар байрны нийтийн гал тогооны өрөөний хяналтын камерийн бичлэг бүхий хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 130-131-р хуудас/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62, 63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 77,107/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар байрны 05 тоотод хамтран байр түрээслэгч С.Зтай өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цэвэрлэгээ үйлчилгээнээс болж маргалдан бие биедээ халдаж байсан таарамжгүй харьцаанаас үүдэн толгойн тус газар нь аягаар цохих, үсдэх, гараас нь базаж маажих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.З нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар байрны 05 тоотод хамтран байр түрээслэгч Г.Отэй цэвэрлэгээ үйлчилгээнээс болж маргалдан харилцан зодолдож, духнаас нь цус гарсныг хараад түүнийг түлхэж унаган толгой, нуруу хэсэгт олон удаа өшиглөх, нүүрэнд цохих, үснээс нь зулгааж чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Зын мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь хуудас/, хохирогч Г.Оийн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/, гэрч Б.Энхмандалын мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь хуудас/, гэрч Ц.Цэнгэлбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 29-р хуудас/, гэрч Д.Мөнгөншагайгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13456 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатарын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13451 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47-р хуудас/, шинжээч Т.Амартүвшингийн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-37-р хуудас/, шинжээч Г.Энхбаатарын мэдүүлэг /хавтаст хэргийн 38-р хуудас/, С.Зын амбулаториор үйлчлүүлэгчдийн картын хуулбар, Мөнгөн гүүр эмнэлгийн 2020.12.11-ний өдрийн толгойн КТГ-ийн шинжилгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 78-91-р хуудас/, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар байрны нийтийн гал тогооны өрөөний хяналтын камерийн бичлэг бүхий хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 130-131-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч С.З, Г.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар Г.О, С.З нарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.З-аас нийт 1.156.700 төгрөгийг гаргуулан хохирогч Г.О-өд,

шүүгдэгч Г.О-өөс нийт 217.264 төгрөгийг гаргуулж хохирогч С.З-д тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хуванцар аяга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цагаан өнгийн 1 ширхэг сиди, мөн С.З-ын шүүх хуралдаанд шинээр гарган өгсөн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Г.О,   С.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар Г.О, С.З нарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.З-аас нийт 1.156.700 төгрөгийг гаргуулан хохирогч Г.О-өд,

шүүгдэгч Г.О-өөс нийт 217.264 төгрөгийг гаргуулж хохирогч С.З-д тус тус олгосугай.

4. Шүүгдэгч С.З, Г.О нар нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хуванцар аяга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цагаан өнгийн 1 ширхэг сиди, мөн С.З-ын шүүх хуралдаанд шинээр гарган өгсөн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.З, Г.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ