Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/419

 

 

 

 

 

 

 

 

   2021        07          23                                   2021/ШЦТ/419

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Ц.Майбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжин,

  шүүгдэгч С.М /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   С.М-д холбогдох эрүүгийн 1811 02416 0031 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн цахилгаан механикийн инженер мэргэжилтэй, хуваариа цахилгаанчин хийдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт   тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

  С.М /РД: /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.М нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “Монкон констракшн” ХХК-д ажиллаж байх хугацаандаа “нүдний болор солиулах хагалгаа хийлгэнэ, cap бүрийн цалингаасаа суутгаж төлнө” гэж хуурч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бодь цамхгийн 11 дүгээр давхрын 1100 тоотоос Худалдаа хөгжлийн банкны 452574437 дугаартай дансаар 2,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.Би зээл авсан нь үнэн. Би тухайн мөнгийг төлөөгүй нь үнэн. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад ийм зүйл болсон. Компанийн хууль  ёсны төлөөлөгчөөр дамжуулан уучлалт гуйж байна. Цаашид зөв амьдарна нь 3 дугаар эмнэлэгт нүдээ үзүүлсэн. 2 нүдэндээ болор солиулъя гэж бодсон боловч мөнгө олдохгүй байхаар нь цалингийн зээл авчихсан. Нүд өвдөөд энэ хугацаанд айхтар ажил хийж чадаагүй. Хохирлоо төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээж, ойлгож байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжин нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Нүдний хагалгаа хийлгэнэ мөнгө зээлээч гэх хүсэлт гаргасан байдаг. Манай компани Оюу Толгойн төсөл хэрэгжүүлсэн. Хүүгүй мөнгө зээлэхээр 2.000.000 төгрөгийг түүнд зээлсэн. Цаашид тогтвор суурьшилтай ажиллахаар болсон болохоор түүний эрүүл мэндийг бодож манай компанийн зүгээс удирдлагууд мөнгө зээлсэн болно. Манай компанийн нөүтбүүкийг өгөхгүйгээр хаяж явсан байдаг. Хүүгүй зээлсэн 2.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл аваагүй байгаа. Эдийн засаг, цаг хугацаагаараа хохирсон хэдий ч нэхэмжлэхгүй байгаагаа цохин тэмдэглэж байна...” гэв

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Отгонжаргалын “...2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нүдний болор солиулах хагалгаа хийлгэх шаардлагатай болсон тул 2,500,000 төгрөг яаралтай хэрэгтэй байна, цалингийн урьдчилгаа болгож зээлж өгнө үү, цалингаасаа сар бүр суутгуулах байдлаар зээлээ төлж барагдуулна гэх хүсэлт бичгээр гаргасан. Манай компани С.М хүсэлтийг хүлээн авч 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр С.М Худалдаа хөгжлийн банкны данс болох 452574437 дугаартай данс руу 2,500,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Бодь цамхгийн 11 дүгээр давхрын 1100 тоотоос интернэт банкаар шилжүүлсэн. Ингээд мөнгө шилжүүлснээс хойш С.М нь нүдний болор солиулах хагалгаандаа ороогүй бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажиллаагүй, албан ёсоор хүсэлт гаргаж чөлөө аваагүй. Мөн компаниас С.М ирж асуудлаа шийдвэрлэхийг мэдэгдсэн боловч ерөөсөө огт холбогдохгүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.М-ын “...Би 2017 оны 10 дугаар сараас эхлэн “Монкон констракшн” ХХК-д цахилгааны инженерээр ажилд орсон. Түүнээс хойш ажлаа хийж байгаад 2018 оны 1 дүгээр сарын 20-ны орчим нүд өвдөөд байхаар нь нүдэнд эмчилгээ хийлгэхээр 2,500,000 төгрөгийг цалингаасаа сар бүр хувааж төлөх нөхцөлтэйгөөр 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 452574437 дугаарын дансаар авсан юм. Тухайн үед би эхлээд нүднийхээ болрыг солиулъя гэсэн боловч нүдний болор солиулахад зардал мөнгө нь их гарах болсон учраас нүдний болор солиулаагүй, өөр зүйлд уг мөнгөө хэрэглэсэн юм. Мөн тухайн үед ажилдаа явна гэж бодсон боловч онгоцны нислэгээс хоцорчхоод ажилдаа явж чадаагүй учраас шууд ажлаасаа гарчихсан юм. ...Дээрх мөнгөнөөс 500,000 төгрөгийг миний цалингаас суутгаж авсан байсан. Үлдсэн 2,000,000 төгрөгийг 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр барагдуулах боломжтой юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 дугаар хуудас/,

Шүүгдэгч  С.М зээл хүссэн "... Яаралтай нүдний хагалгаанд орох шаардлага гарсан тул 2,5 сая төгрөгийн цалингийн урьдчилгаа олгож тусална уу. Сар тутам 500,000 төгрөгийг суутгаж 5 сарын дараа барагдуулах хүсэлтэй байгаа...” гэх гараар бичсэн өргөдлийн хуулбар /хх-ийн 95 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.М-д мөнгө шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 96 дугаар хуудас/,

Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 115-119 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 135/ зэргийг шинжлэн судаллаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.М нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “Монкон констракшн” ХХК-д ажиллаж байх хугацаандаа “нүдний болор солиулах хагалгаа хийлгэнэ, cap бүрийн цалингаасаа суутгаж төлнө” гэж хуурч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бодь цамхгийн 11 дүгээр давхрын 1100 тоотоос Худалдаа хөгжлийн банкны 452574437 дугаартай дансаар 2,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Отгонжаргалын мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, шүүгдэгч  С.М мэдүүлэг /хх-ийн 132-133 дугаар хуудас/, шүүгдэгч  С.М зээл хүссэн гараар бичсэн өргөдлийн хуулбар /хх-ийн 95 дугаар хуудас/, шүүгдэгч С.М-д мөнгө шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 96 дугаар хуудас/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 115-119 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч  С.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан бусдыг хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч  С.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар С.М-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан  С.М эрх бүхий байгууллагын хяналтан дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгав.

Шүүгдэгч С.М нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, ажил, эрүүл мэндийн үйлчилгээ, туслалцаа авах, оршин сууж байгаа дүүргээсээ гарахгүй байх, түүнчлэн хийх гэж буй бусад ажил, хөдөлмөрөө тодорхой болгон ажил, оршин суух газрынхаа хооронд явах маршрутаа эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр тогтоолгож болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний цагдан хоригдсон 39 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, нийт 10 сар, 21 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт 2.500.000 төгрөгийн хохирол учирснаас 500.000 төгрөгийг  С.М цалингаас суутган авсан, үлдэгдэл хохирол болох 2.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.М-с 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Монкон Констракшн ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   С.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан бусдыг хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар С.М-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан  С.М эрх бүхий байгууллагын хяналтан дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.

5. Шүүгдэгч С.М нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, ажил, эрүүл мэндийн үйлчилгээ, туслалцаа авах, оршин сууж байгаа дүүргээсээ гарахгүй байх, түүнчлэн хийх гэж буй бусад ажил, хөдөлмөрөө тодорхой болгон ажил, оршин суух газрынхаа хооронд явах маршрутаа эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр тогтоолгож болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний цагдан хоригдсон 39 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, нийт 10 сар, 21 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.М-с 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Монкон Констракшн ХХК - д олгосугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шүүгдэгч С.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч С.С.М шүүх хуралдааны танхимаас сулласугай. 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

12. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ