Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/421

 

 

 

 

 

 

 

 

   2021        07          23                                   2021/ШЦТ/421

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Чинзориг,

хохирогч Б.Маамуу,

  шүүгдэгч В.Л /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   В.Л-д холбогдох эрүүгийн 2103 00000 0137 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Би эс би” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт   тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

  В.Л, регистрийн дугаар  .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч В.Л нь 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 13 цаг 58 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Улаанбаатар” их дэлгүүрийн хойд замд “Тоёота Камри” маркийн 88-65 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.10 дахь заалт “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно.” мөн дүрмийн 16.1 дэх заалт “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Маамууг мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч В.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Анхаарал болгоомжгүй байдлаас болж настай хүнд гэмтэл учруулсан, гэмшиж байна. Цаашид замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 508 000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө...” гэв.

Хохирогч Б.Маамуу нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шинээр  хохирлын баримт гаргаж өгч байна. Нийтдээ 438 280 төгрөг байгаа. Надад гомдол санал байхгүй. Би гайгүй хөдөлгөөнтэй байж байгаад гайгүй болгоод авах бодолтой байна. Би яваандаа нэг зураг авхуулах санаатай байна...” гэв

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,

Камерын бичлэг үзлэг хийсэн “...Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Самсунг” гар утасны худалдааны төв хойшоо харсан хаалганы дээд талд байрлах зүүн хойшоо харсан хяналтын камерын бичлэгийг үзэхэд явган хүний зам харагдаж байв. Бичлэгийн он, сар, өдөр цаг, минут нь 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14:04:49 цагаас эхэлж, 14:07:38 цагт дууссан, 2 минут 41 секундийн бичлэг байлаа. Явган зорчигч Б.Маамуу нь 14:05:20 цагт замын хойд талын явган хүний гарцаар баруунаасаа зүүн тийшээ баруун гартаа цагаан жижиг зүйл бариад алхаж яваад 14:05:39 цагт хойноосоо урагшаа зам хөндлөн гарах гээд зохицуулдаггүй явган хүний гарцаар алхана. 14:05:56 цагт баруунаасаа зүүн тийшээгээ явсан 3 эгнээтэй замын 1 дүгээр эгнээ рүү орох үед “Тоёота Камри” маркийн 88-65 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэгт мөргөгдөн газарт унаж байна. “Тоёота Камри” маркийн тээврийн хэрэгсэл нь явган хүний гарцруу ойртох үедээ хурдаа хасалгүй шууд гарц руу орж байсан ба тоормос гишгээгүй нь бичлэгээс харагдаж байлаа...” гэх тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Маамуугийн “...Чингэлтэй дүүргийн “Улаанбаатар” их дэлгүүрийн хойд талын замаар зам хөндлөн гарах гээд хойноосоо урагшаа чиглэлд 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн орчимд явж байгаад автомашины зүүн урд дугуйны крылоны дээд хэсэгт баруун тохой, ташаа хэсгээрээ мөргөгдөж газарт унасан. Би зам хөндлөн гарах үедээ явган хүний гарцын зүүн талаар явсан. Гарцтай 2 алхмын зайтай явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч А.Пүрэвтогтохын “...2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1 дүгээр төрөх орж үзүүлэх гээд Цамбагараваас явсан. 1 дүгээр төрөх рүү өөрийн “Тоёота Камри” маркийн 88-65 УАМ улсын дугаартай машинтай явсан ба автомашиныг найз В.Лгаар бариулаад явсан.../... “Улаанбаатар” их дэлгүүрийн арын замаар баруунаасаа зүүн тийшээ чиглэлд 14 цагийн орчимд явж байхад явган хүний гарц өнгөрөх үед гэнэт хойд талаас настай эрэгтэй хүн 2 дугаар эгнээнд явж байсан том ачааны машины урд талаас гарч ирээд автомашины зүүн урд дугуйны крылоны дээд хэсгийг баруун тохой хэсгээрээ мөргөж газарт унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34- 35х/,

Гэрч Э.Энхтуулын “...Манай найз А.Пүрэвтогтох 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр над руу залгаад найз нь жирэмсэн гадуур явж эмнэлэгт үзүүлмээр байна машин барих хүн байна уу гэхээр нь надад жолооны үнэмлэх байхгүй, харин манай найз В.Л жолооны үнэмлэхтэй гэсэн чинь найзаар чинь машин бариулаад эмнэлэг ороод ирье гэхээр нь найз В.Лд хэлсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд В.Л бид 2 А.Пүрэвтогтохтой уулзаад.../... “Улаанбаатар” их дэлгүүрийн арын замаар баруунаасаа зүүн тийшээгээ замын 1 дүгээр эгнээгээр, явган хүний гарц дөнгөж өнгөрөх үед зүүн гар буюу хойд талаас настай хүн гүйц гарч ирээд автомашины зүүн урд талын дээд хэсгийг мөргөөд унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4410 дугаартай “...Б.Маамуугийн биед баруун талын 10, 11, 12 дугаар хавирганы хугарал, бүсэлхийн 1, 2, 3, 4 дүгээр нугалмын баруун талын хөндлөн сэртэгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 80/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 78/, жолоодох эрхий лавлагаа /хх 79/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх 82/ зэргийг шинжлэн судаллаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч В.Л нь 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 13 цаг 58 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Улаанбаатар” их дэлгүүрийн хойд замд “Тоёота Камри” маркийн 88-65 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.10 дахь заалт “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно.” мөн дүрмийн 16.1 дэх заалт “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Маамууг мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дүгээр хуудас/, Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/, хохирогч Б.Маамуугийн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч А.Пүрэвтогтохын мэдүүлэг /хх-ийн 34- 35х/, гэрч Э.Энхтуулын мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4410 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч В.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөн Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар В.Л-д холбогдох эрүүгийн хэрэг өршөөлийн хуульд хамрагдаж байх тул өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Маамуу нь мөрдөн байцаалтын шатанд 505.700 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч В.Л нь 508.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Мөн шүүх хуралдаанаар хохирогч Б.Маамуу нь 438.280 төгрөгийн эмчилгээний баримт гаргаж өгсөн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч В.Л-гаас 438.280 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Маамуу  -д олгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Маамуу нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   В.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар В.Л-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч В.Л-гаас 438.280 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Маамуу  -д олгосугай.

4. Хохирогч Б.Маамуу нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч В.Л нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ