Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/423

 

 

 

 

 

 

 

 

   2021        07          23                                   2021/ШЦТ/423

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч И.Ариунсанаа,

  шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/,

шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Л.С,   Б.Б нарт холбогдох эрүүгийн 2011 00000 0729 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1964 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт          тоотод оршин суух хаягтай, урьд 1999 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 224 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор хүний биемахбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

  Л.С, регистрийн дугаар  ,

2. Монгол Улсын иргэн, 1961 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 60 настай эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 2, хүүгийн хамт            тоотод оршин суух хаягтай, урьд

-Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540.000 төгрөгийн торгох ял,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

  Б.Б, регистрийн дугаар  

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Л.С нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Жигжид зуслан 4 дүгээр гудамжны137 тоотын гадна хохирогч Б.Бтай маргалдаж улмаар түүний зүүн талын шанаа руу гараараа цохиж, харилцан зодолдох явцдаа модоор баруун гарын булчин хэсэг рүү цохих зэргээр эрүүл мэндэд нь “...баруун бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, мөрний үений зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн шанаанд зулгаралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Жигжид зуслан 4 дүгээр гудамжны 137 тоотын гадна хохирогч Л.Стай маргалдаж улмаар харилцан зодолдож, түүний биеийг өшиглөж цохин эрүүл мэндэд нь“зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн баруун сарвууны ар гадаргуу, зүүн өвдөгний үений суналт, умдагны цус хуралт гэмтлүүд бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Улсын яллагчийн хэлсэнтэй хэлсэнтэй холбогдуулан ганц хоёр зүйл хэлье. Ялтан болгохын төлөө хэлж байна. Улсын яллагчийн яллах дүгнэлт дотор намайг зураг авсан гэж ярьж байна. Би хашааны зураг аваагүй. Б.Б нь өөр хүнд зодуулчихсан байсан учраас зүүн талын шанаа урагдчихсан байхаар тэр гэмтлийн зургуудыг авсан. Хашааны асуудлаас болоод түрж орж ирээд намайг зодсон. Хүүхдээрээ хүрз авхуулсан. Хүрзний ишээр намайг хайр гамгүй цохисон. Ингэж болдог юм уу? гэж асуухад тоохгүйгээр хайр гамгүйгээр цохисон. Би гартаа ганцхан утастай байсан. Энэ үйл явдлын талаар цагдаагийн байгууллага ч бичээгүй, прокурор ч бичээгүй байдаг. Энэ бол манай нийгэмд гарч байгаа алдаа. Б.Бтай ямар нэгэн байдлаар маргаагүй байхад шууд зодсон. Цагдаа дээр очсон чинь хашаагаа танаас нэхэхгүй гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагын хүмүүсийг таньж байсан. Улсын яллагчийн танилцуулж байгаа үйлдэл буруу байна. Б.Бгийн хүүхэд миний утсыг аваад халаасандаа хийсэн. Б.Б өөрөө шударга хүн. Хэрүүл хийхээрээ аймаар болдог. Алдаа гаргасан ч гэсэн чимээгүй явдаг төрлийн хүн. Б.Б намайг цохиж, зодчихоод зогсож болно. Гэхдээ зогсохгүй байсан. Гэтэл эмэгтэй хүнээс ийм харгис үйлдэл гарна гэж бодоогүй. Энэ талаар би дэлхийн олон улсын байгууллагад хандана. Яагаад манай Монгол улсын цагдаа, прокурорын байгууллага тэдгээр үйлдлийг шалгахгүй байгаа юм бэ?. Би дэлхийн олон улсын байгууллагад хандана. Цагдаа нь хамгаалаад мэдүүлгүүдээ буруу бичсэн. Жигжид зуслангийн Б.Бгийн шанаа руу цохиж гэж бичсэн байна. Би тэр өдөр Жигжид зуслан руу очоогүй. Ингэж худлаа хэрэг бүрдүүлсэн. Таны дээд талд төрийн тамга атгасан хүн байхад худлаа ярьж байна. Би яахав өөртөө өндөр эмчилгээ хийлгэсэн. Б.Б манай нөхрийг хүчиндсэн гээд манай нөхрөөс 1.500.000 төгрөг авсан. Би чинь 60 хүрч байгаа хөгшин чавганц шүү дээ. Намайг өмөөрөх цагдаа, прокурор, өмгөөлөгч байхгүй байж болно. Корона гээд бүх хүнийг гаргахгүй байхад намайг дуудсан. Тэгээд би очсон. Би буулгасан хашааны зураг аваагүй. Б.Б нь хүүхэдтэйгээ нийлээд намайг цохисон. Надад яллах дүгнэлт өгөхдөө тухайн үед ковид гарсан гээд 12 дугаар сарын 3-ны өдөр дуудсан. Би яллах дүгнэлттэйгээ танилцая гэхэд эхлээд гарын үсгээ зурчих дараа нь танилцчих гэж хэлсэн. Тэгээд туслах нь гүйгээд явчихсан. Надад гарын үсгээ зурчихаад өгнө гэж хэлсэн. Би төрийн албан хаагч худлаа залилангаар үйлчилж болдог юм уу? Цаана нь прокурор яаж байна гэж асууж байгаа нь утасны цаанаас сонсогдсон. Мөрдөгч Билгүүнээ ярьсанаар танд гарын үсэг зурахаас өмнө танилцуулаад дараа нь гарын үсэг зуруулах ёстой байсан гэж хэлсэн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор хүсэлт шийдвэрлэх тухай гээд 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Жигжид зуслангийн 4-137 тоотод ингэж бичсэн байдаг. Би  тэнд байгаагүй. Б.Б түрүүчийн хоёр хурал дээр хоёр удаа уучлалт гуйсан. Доржготов гэх цагдаа хэргийн бодит байдал дээр байгаагүй байхад гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Хэргийн бодит байдлыг хараагүй хүнээр яагаад гэрчийн мэдүүлэг аваагүй байгаа юм бэ?. Тэр хүн чинь хэргийн бодит байдал дээр байгаагүй. Таны хэрэг бүрдэлт дээр цагдаа нар оролцсон учраас та гомдлоо Нийслэлийн цагдаа руу бичиж өгч болно гэж хэлсэн. Би гомдлоо бичиж өгсөн байдаг. Би анх өмгөөлөгчгүй байсан. Би өөрийгөө хуулийн шалгалт өгч байна гэж үзсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үндэсний хүрээлэнгийн дүгнэлт бол хуурамч байдаг. Шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээч эмчээр Ганцэнгэл эмч оролцсон. Шинжээчийн дүгнэлтийг шударга, хууль ёсны гэж үзэхгүй байна. Хүн харахад гэмгүй мөртлөө хэлэх үгээ мессежээр бичдэг. Намайг уурлалаа гээд нэг удаа цохиж болно. Гэхдээ зөндөө цохисон байдаг. Улсын яллагчийг хэргийг бодитоор тогтоож чадаагүй байна. Тухайн үед болсон хэргийг гүтгэж бичсэн байдаг. Тухай үед болсон үйл явдлыг чи а гээд хэлчих, чи б гээд хэлчих гээд гүтгэж бичдэг. Б.Б бол шударга миний буруу гэж хэлээд уучлалт гуйвал би түүнийг уучлахад бэлэн. Хүний эрүүл мэндийн зөөлөн эдийн гэмтэл гэдэг бол 1.5 жилээс байтугай 2,3 жилийн хугацаанд эдгэрдэг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр луйвар гарсан. Б.Б нь намайг яагаад карантин тавигдсан үед дуудаад байгаа юм бэ? гээд манай өмгөөлөгч болон гэрчийг чичилж зодсон...” гэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай хашааг хулгайлж аваад талыг нь будаад талыг нь будаагүй байгаа. Бид хоёр харилцан зодоон хийсэн нь үнэн. Би өөрөө, өөрийгөө шархтуулахгүй. Л.Сгийн нөхөр нь түүнийг зоддог. Хэрвээ би түүнийг зураг дээр байгаа шиг зодсон бол дуудлагаар ирсэн цагдаа харах ёстой. Миний гарт хүрз байсан хүрзээр цохисон. Би өөртөө арга хэмжээ авхуулаад ч хамаагүй энэ хүнд арга хэмжээ авхуулмаар байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед 100.000 төгрөгөөр торгосон. Чингэлтэй дүүргийн татварын алба орж ирээгүй гээд тэрийг тусгаж өгөөрэй. Миний эрх чөлөөнд халдсан. Би улсын яллагч, Доржготов, гэрч гээд бүгдийг нь танихгүй. Энэ хүний зан байдлын хувьд асуудалтай учраас энэ хүнд арга хэмжээ авхуулмаар байна. Манайх хашаанд 3 байшинтай. Нэг байшиндаа амьдраад, нөгөө хоёр байшинг нь түрээсэлдэг. Энэ хүний гэм бурууг тогтоож өгнө...” гэв

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Бгийн “...Миний бие Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Жигжид зуслан 4-137 тоот хаяг зуслангийн байшиндаа байхад оройн 21 цагийн үед манай хөрш Өлзий над руу утсаар “танай гадаа гагнуураар юм хийгээд байна” гэж хэлсний дагуу гараад хартал манай байшингийн баруун хойд талд байсан 5 ширхэг төмөр хашаа алга болчихсон байсан.Тэгээд би Л.Сг хашааны цаанаас дуудаад “ манай төмөр хашаанууд хаана байна вэ, чи яагаад манай хайргыг хулгайлаад байгаа юм бэ” гэж хэлэхэд Л.С “ чамд амар юм биш үү, би хийгээд өглөө ш дээ” гэж хэлэхээр нь би хийгээд өглөө ш дээ” гэж хэлэхээр нь би “чамайг хэн хийгээд өг гэсэн юм бэ, хашаанууд хаана байна вэ” гэж хэлсэн. Тэгээд би хүүгээ хүрз, лоом аваад ир гэж хэлсэн. Тэгээд би гагнасан хэсгийг салгахад Л.С цаанаас ирээд хашааны цаанаас гараараа миний зүүн талын шанаа руу цохиж улмаар хашааны наана цаанаас Л.С бид хоёр түлхэлцэж байхад Л.С “чи манай газар луу орох гээд байна” гээд модоор миний баруун талын булчин хэсэг рүү цохиж, харилцан барилцаж зууралдсан. Эхэлж Л.С намайг зүүн талын шанаа руу гараараа цохиж авахад нь харилцан бие биеэ заамдалцаж харилцан цохисон. Гар хүрч цохисон асуудал байгаа.Миний биед халдсан тул гомдолтой, тохойны зураг авхуулсан зураг, сорвины тос зэрэг авсан байгаа эдгээрийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28- 29 дүгээр хуудас/,

Гэрч Р.Доржготовын “...Б.Б өөрөө л толгойны зүүн талын шанаанд , баруун гарын бугалганы дотор талд шулуун зүсэгдсэн шарх учирсан гэж эргүүлийн офицер Д.Оюунбаатар бид хоёрт харуулсан. Харин Л.Сгийн биед ил харагдах шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7358 дугаартай “...Б.Бгийн биед баруун бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, мөрний үений зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн шанаанд зулгаралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Хохирогч Л.Сгийн “...2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр би 102-луу залгаад сонгуультай холбоотой үйл ажиллагаа эхлэх гэж байна. Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслан руу явах гэж байна та нар намайг хамгаалаарай гэж мэдэгдчихээд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо зуслан руу явсан тэгээд зуслангийнхаа байшинд засварын ажлаа хийж эхэлсэн. Б.Бгийн хашаа манай хашаатай залгаа юм тэгээд байшингийнхаа хажууд хэсэг газар хашаагүй тэгээд намайг байхгүй үед хашаанд хог байгаад байдаг байсан надад хэцүү байдаг байсан тэгээд би 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэг залуугаар хашааг нь гагнуур хийлгээд бөглөчихсөн юм. Тэгээд тэр гагнуур хийсэн хүнээ гаргаж явуулаад хашааны хаалга хаагаад гэр лүүгээ орох гэж байхад хажуу хашааны айлын Мөнхцэцэг гэх эмэгтэй намайг дуудахаар нь очтол Мөнхцэцэг танайд орж үзье гэхээр нь хашааны цаана, наана хаалга руу алхаж байтал зүүн хашаанаас Б.Б хүүтэйгээ миний гагнуулаад удаагүй, хөлийг нь цементлээд бэхжиж амжаагүй байхад хашааны цаанаас орилж, хашаа түлхээд байхаар нь би утсаараа зургийг нь дартал манай хашаанд ороод ирсэн тэгээд над руу ирээд миний толгойтой үснээс зулгаагаад доошоо дарж байгаад намайг өшиглөж зодсон миний толгой, хүзүү, нүд рүү цохисон. Миний гар утсыг газар унатал хүү нь аваад өмдний халаасандаа хийсэн байхаар нь утсаа авъя гэтэл өгөхгүй Б.Б хүүгээ дагуулаад гэр лүүгээ орчихсон. Тэгээд би араас нь очоод цонхоор нь яриаг нь сонстол Б.Б хүүгээ загнаж байгаад миний дарсан зургийг устгуулж байсан тэгээд буцаж гарч ирэхээр нь би утсаа авъя гэтэл өгөхгүй гээд тэгээд миний утсыг Б.Б өвс рүү шидчихсэн тэгэхээр нь би хашаа руу ороод утсаа авах гэтэл Б.Б хашааны цаанаас хүрзний ишээр миний хөл, гар, шагай, өвдөг, элэг, цээж, толгой, таарсан газар луугаа хүчтэй цохиод байсан тэгээд би хашаанаас холдоод холоос миний утсыг өгөөч гэтэл Б.Б нэг хүн рүү утсаар яриад хувцсаа өмсөөд гараад ир гээд байсан тэгээд удалгүй Доржготов гэдэг цагдаа ирсэн. Би тэгээд Доржготов цагдаад утсаа авмаар байна гээд Доржготов миний утсыг авч өгсөн. Тэгээд би цагдаад гомдол гаргасан.Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон бүх хохирлоо төлүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-31 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Т.Амартүвшин, Ч.Эрдэмболор нарын гаргасан 1117 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7348 дугаартай дүгнэлтэд ГССҮТөвийн үзлэгийн эмчийн тархи доргилт гэж тавьсан онош нь шинжээч эмчийн Л.Сгийн биед хийсэн үзлэгээр батлагдаагүй тул дүгнэлтэд тусгаагүй байна. Шинжээч эмч нь 2020.06.23-ны өдрийн мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолд тавигдсан асуултын дагуу гэмтлийн зэргийг тус тусад нь дүгнэж гаргасан байна. 2020.06.29-ний өдрийн шинжээчийн 7348 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. 2.4.6 Л.Сгийн биед учирсан зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн баруун сарвууны ар гадаргуу, зүүн өвдөгний үений суналт, умдагны цус хуралт гэмтлүүд нь шинэ гэмтэл ба 2020.06.22-ны өдөр үүссэн байх боломжтой. Харин зүүн бугалга, баруун шууны цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл ба 2-оос дээш хоногийн хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой байна. 3,5,7,8 Л.Сгийн биед 2020.06.22-ны өдөр учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, унах үеийн аль үед үүсэх боломжтой, цохилтын хүч, үүссэн дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. 9. Л.Сгийн биед учирсан зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн баруун сарвууны ар гадаргуу, зүүн өвдөгний үений суналт, умдагны цус хуралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаа, Ө.Сарангэрэл, Б.Ариунзул, Н.Туяа, С.Чулуунсүх нарын гаргасан 287 дугаартай “...Шүүх эмнэлгийн 7348 болон 1117 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Хохирогч 2020.6.29-ний өдөр соронзон резонанст томографийн шинжилгээ хийлгэсэн байх ба энэ нь 7348 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй байна. Шүүх эмнэлгийн 7348 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Шүүх эмнэлгийн 1117 дугаартай дүгнэлтэд тусгагдсан өвдөгний үений суналт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62, 63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 102, 103/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 190, 191/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.С нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Жигжид зуслан 4 дүгээр гудамжны137 тоотын гадна хохирогч Б.Бтай маргалдаж улмаар түүний зүүн талын шанаа руу гараараа цохиж, харилцан зодолдох явцдаа модоор баруун гарын булчин хэсэг рүү цохих зэргээр эрүүл мэндэд нь “...баруун бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, мөрний үений зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн шанаанд зулгаралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Жигжид зуслан 4 дүгээр гудамжны 137 тоотын гадна хохирогч Л.Стай маргалдаж улмаар харилцан зодолдож, түүний биеийг өшиглөж цохин эрүүл мэндэд нь“зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн баруун сарвууны ар гадаргуу, зүүн өвдөгний үений суналт, умдагны цус хуралт гэмтлүүд бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Бгийн мэдүүлэг /хх-ийн 28- 29 дүгээр хуудас/, гэрч Р.Доржготовын мэдүүлэг /хх-ийн 42-43/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7358 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/, хохирогч Л.Сгийн мэдүүлэг /хх-ийн 26-31 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Т.Амартүвшин, Ч.Эрдэмболор нарын гаргасан 1117 дугаартай дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаа, Ө.Сарангэрэл, Б.Ариунзул, Н.Туяа, С.Чулуунсүх нарын гаргасан 287 дугаартай  дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Л.С, Б.Б нар нь маргалдаж, харилцан зодолдож хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгч нарын үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан, хэргийг няцаан үгүйсгэсэн талаар шүүгдэгч Л.С шүүх хуралдаанд баримтаар нотолж чадаагүй болно.

Шүүгдэгч Л.С, Б.Б нар бие биеийнхээ эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн, өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй болно.

Харин шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэл хүлээн зөвшөөрөхгүй, цагаатгах байр сууринаас оролцож санал, дүгнэлтээ гаргасан болно. Дүгнэлтдээ хэргийн зүйлчлэл буруу, танхайн сэдэлттэй гэмт хэрэг, Л.С Б.Б-г зодсон нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байна гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Л.С, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар Л.С, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг өршөөлд хамрагдаж байх тул хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Л.С, Б.Б нарын гаргаж өгсөн эмчилгээний гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй /хуулбар баримт, албан ёсны е-баримт биш / байх тул шүүх үнэлэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч нар нь нотлох баримтын шаардлагыг ханган иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.С, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Л.С,   Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар Л.С, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Хохирогч Л.С, Б.Б нар нь эмчилгээний зардлаа нотлох баримтын шаардлагыг ханган иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Л.С, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.С, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ