Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
Хэргийн индекс | 186/2021/0180/Э/220/2021/0362 |
Дугаар | 2021/ШЦТ/426 |
Огноо | 2021-07-26 |
Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1., |
Улсын яллагч | А.Азжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/426
2021 07 26 2021/ШЦТ/426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч А.Азжаргал,
шүүгдэгч Д.Х /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хас овогт Дангаагийн Д.Хд холбогдох эрүүгийн 2011 01856 0180 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, тоотод түр оршин суух хаягтай,
-урьд 1995 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
1997 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 507 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хорих ял,
2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 523 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял,
2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 687 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан,
2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 35 дугаартай шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад тус тус зааснаар 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамрагдах, 7 хоног баривчлах шийтгэлээр шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагнал байхгүй,
Д.Х /РД: /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.Х нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Алтансувдыг, 2019 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалтын 13 дугаар гудамжны 327 тоотод “гэртээ хоол хийлгүй цайны газарт мөнгө үрж хоол идлээ” гэх шалтгааны улмаас гараараа толгойн тус газарт цохиж Н.Алтансувдын зүүн чихийг сэтэлж гэмтэл учруулсан,
2020 оны 07 дугаар сарын үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод монгол” шатахуун түгээх станцын орчимд “гэртээ ирэхгүй удлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж өөрийн эзэмшлийн машин дотроо зодсон,
2020 оны 09 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалтын 13-327 тоотод маргалдсаны улмаас гараараа толгойн тус газарт цохиж ухаан алдуулсан,
2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалтын 13-327 тоотод “хаагуур тэнэж яваад ирсэн янхан бэ” гэх шалтгааны улмаас зүүн шанаан тус газарт гараараа 3 удаа цохиж биед зүүн хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Н.Алтансувдын “...Би өөрийн хамтран амьдрагч Д.Хтай 2019 оноос хамтран амьдарч байгаа бөгөөд бид хоёр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын гудамжинд байрлах нийтийн байранд амьдарч байгаа юм. Д.Х уг нийтийн байрны эзэн юм...Намайг өмнө зодож миний биед гэмтэл учруулаад 2019 онд шүүхээс торгох ялаар шийтгэгдэж, мөн намайг 2019 оны сүүлээр зодож шүүхээр баривчлагдаж байсан...2019 оны зун 7 сараас 8 сарын орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 13-327 тоотод байрлах нийтийн байрныхаа хашаан дотор байх үедээ Д.Х намайг “цайны газар мөнгөөр хоол идлээ” гэж уурлан маргалдаж байгаад миний чихийг сэт цохиж гэмтээж байсан юм...2019 онд намайг зодож миний биед хөнгөн хохирол учруулаад шүүхээс торгох ялаар шийтгэгдэж байсан...2019 оны сүүлээр дахин зодож шүүхээс баривчлах шийтгэлээр шийтгэгдэж байсан...2020 оны 07 дугаар сарын орчимд наадмаас өмнөхөн намайг манай дүү Бат-Өлзийгийн гэрээс авч яваад харихдаа “гэртээ ирэхгүй удлаа” гэж уурлан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод монгол” шатахуун түгээх станцын орчимд машин дотроо зодож байгаад нийтийн эргүүлүүдэд баригдаж байсан. Би тухайн үед нь Д.Х надаас гуйгаад байхаар нь цагдаагаар шалгуулаагүй. Энэ талаар манай гэрийнхэн мэднэ. Тухайн үед миний зүүн шанаа болон хамар гэмтэж байсан. Эмнэлэгт эмчлүүлээгүй...Миний хамрыг гэмтээж байсан...2020 оны 09 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын гудамжинд байрлах нийтийн байрандаа хамаатны ах Одхүүгийн хамт байхдаа хэрэлдэж, намайг цохиж ухаан алдуулж байсан...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалтын 13-327 тоотод өглөө намайг унтаж байтал Д.Х “шөнө хаагуур тэнэж яваад ирсэн бэ янхан минь, миний халаасанд байсан мөнгө хаана байна, зайл гээд хөөгөөд байсан. Би түүнийг согтуу байхад үрчихэд магад гэж бодоод 100.000 орчим мянган төгрөгийг нь өөрт нь харуулж байгаад халаасандаа хямгадсан байсан юм. Ингэж агсам тавьж байхдаа миний зүүн шанаа орчим гараараа 3 удаа цохихоор нь би агсам тавихаа болихгүй бол би цагдаа дуудлаа шүү гээд утсаа автал миний утсыг шидэж хагалчихаар нь би гүйж гараад дээд талын айл руу орж цагдаад дуудлага өгсөн. Энэ үед бид хоёрын хажууд хүн байгаагүй. Би шүүх эмнэлэгт 2 удаа үзүүлсэн тус бүр нь 8000 төгрөг. Комьпютер томографик хийлгэсэн 120.000 төгрөг нийт 128.000 төгрөгийн баримт гарган өгсөн...Би Д.Хтай уг асуудлаас хойш хамтран амьдрахгүй байгаа бөгөөд харилцаа холбоо байхгүй байна...Би гар утсаараа цагдаа дуудах гэтэл намайг яриулахгүй гэж утсыг минь авч шидсэн. Манай ээж өмнө нь удаан хугацааны турш хэрэглэж байсан хуучин загвар нь тодорхойгүй, товчлууртай утас байсан. Их л болж 20.000 төгрөгний үнэтэй утас байсан юм. Д.Х энэ асуудлын дараа надад 50.000 төгрөгөөр арай шинэ загварын гар утас авч өгсөн болохоор утастай холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33, 42-43-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12212 дугаартай “...Н.Алтансувдын биед зүүн хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-47 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай “...Н.Алтансувдын биед хамар ясны хуучин хугарал, таславчийн хуучин мурийлт, зүүн чихэнд сорви гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд хэзээ үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Н.Алтансувдын биед учирсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн чихний сорви гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-63 дугаар хуудас/,
Гэрч Н.Жаргалсайханы “...Миний том хүү Д.Х 1977 оны 11 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн...Сүүлд Алтансувд гэж эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа...Гэр бүлийн багахан маргаанаас болж Алтансувдыг зодсон юм шиг байна лээ. Тухайн үед нь би хамт байгаагүй...Миний мэдэхээр Алтансувдыг Д.Х зодсоноос болж Алтансувдын нүүр нь хавдаж манай хүү 7 хоног баривчлах шийтгэл хүлээж байсан. Мөн түүний өмнө шүүхээр 750.000 төгрөгөөр торгуулах үед нь Алтансувдыг харахад мөн нүүр нь хавдсан харагдаж байсан. Өөрөөр гэмтсэн байхыг нь харж байгаагүй. Яг хоорондоо маргалдаж бие биенээ цохиж зодож байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,
Гэрч Т.Болортуяагийн “...миний санаж байгаагаар 2019 оны орчим Алтансувд нь Д.Х бид хоёр маргалдаад миний чих толгой хэсэгт миний чих сэтэрсэн гэж хэлж байсан. Энэ үед би түүнийг анзаарч сайн хараагүй болохоор чих нь гэмтсэн эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,
Гэрч Д.Одхүүгийн “...энэ хоёр өдийг хүртэл хамт амьдарч байхдаа маргалдах үедээ хоорондоо ноцолдож зодолдоод л байгаа харагдаж байсан. Би 2020 оны 09 дүгээр сарын дундуур хөдөөнөөс ирэхэд Алтансувд нь нэг нүд нь хөхөрчихсөн байдалтай байсан...Нүд нь хөхөрсөн байхыг л нэг удаа харж байсан. Өөрөөр бэртэж гэмтсэнийг хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,
Гэрч Н.Бат-Өлзийгийн “...Алтансувд хааяа манайд ирэхдээ Д.Хтай маргалдлаа гээд ирдэг бөгөөд удалгүй араас нь Д.Х нь ирээд бөөн юм болж байгаад буцаагаад аваад явдаг. Удалгүй Алтансувд зодуулсан байдалтай ирдэг байсан. Би тухайн үед сонирхож асуудаггүй байсан ба Алтансувд ч надад юм яриад байдаггүй байсан. Харин сүүлд 2020 оны 07 дугаар сарын эхээр Д.Хд гудамжинд зодуулсан гээд Алтансувд цус нөжтэйгөө холилдоод ирж байсан. Энэ хоёр нийтийн байранд хамт амьдардаг, дундаасаа хүүхэд байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, /хавтаст хэргийн 107-113 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Х-ы “...2020 оны 07 сарын орчим би Алтансувдыг түүний төрсөн дүү Бат-Өлзийгийн гэрээс очиж авч гэр рүүгээ машин бариад явж байхдаа замдаа Сод монгол ШТС-ын орчим машин дотор гэртээ харихгүй удлаа гэх шалтгаанаар маргалдаж байгаад над руу дайраад нүүр ам руу цохиж маажаад байхаар нь зүүн гараараа болиулах санаатай Алтансувдын цааш түлхтэл гарын ар хэсэг түний хамар тус газарт таарч хамарнаас нь цус гарсан. 2019 оны зун машин түрээсэлж байхдаа Алтансувдыг гэртээ ороод хоол хийчих гэсэн чинь ганцаараа явж хоолны газар хоол идчихээд ирэхээр нь би уурлаж мөнгөөр хоол гадуур хоол идэж байхаар машиныхаа түрээсийг төлөхгүй, гэртээ хоол хийгээд идчихгүй гэж түүнтэй маргалдаж байгаад микро автобус дотор сууж байхдаа Би Алтансувдын толгой руу нэг удаа алгадсан чинь сандлын төмөрт чихээ цохиж сэтэлж байсан. 2020 оны 10 сарын 22-ны өглөө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо жаргалантын 13-0327 тоотод байрлах нийтийн байрны өрөөндөө өмнөх шөнийн үлдээсэн жаахан архиа уучхаад эхнэртэйгээ өмнө нь болсон асуудлаас болж хэрэлдэж маргалдсан. Алтансувдыг гэрээс гарч явсан талаар нь ярьж байсан санагдаж байна. Тэгээд эхнэр намайг 2 удаа алгадахаар нь би эхнэрээ зөрүүлээд зүүн хацарт нь 2 удаа алгадчихсан юм...Би Алтансувдыг байнга зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн Алтансувдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 82/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 75/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 76/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 77/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 78/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 79/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар тогтоол /хх 126/, хохирогч, шүүгдэгч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 124-125/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Х нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Алтансувдыг, 2019 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалтын 13 дугаар гудамжны 327 тоотод “гэртээ хоол хийлгүй цайны газарт мөнгө үрж хоол идлээ” гэх шалтгааны улмаас гараараа толгойн тус газарт цохиж Н.Алтансувдын зүүн чихийг сэтэлж гэмтэл учруулсан, 2020 оны 07 дугаар сарын үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод монгол” шатахуун түгээх станцын орчимд “гэртээ ирэхгүй удлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж өөрийн эзэмшлийн машин дотроо зодсон, 2020 оны 09 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалтын 13-327 тоотод маргалдсаны улмаас гараараа толгойн тус газарт цохиж ухаан алдуулсан, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалтын 13-327 тоотод “хаагуур тэнэж яваад ирсэн янхан бэ” гэх шалтгааны улмаас зүүн шанаан тус газарт гараараа 3 удаа цохиж биед зүүн хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Н.Алтансувдын мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33, 42-43-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12212 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-47 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-63 дугаар хуудас/, гэрч Н.Жаргалсайханы мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/, гэрч Т.Болортуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/, гэрч Д.Одхүүгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/, гэрч Н.Бат-Өлзийгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, /хавтаст хэргийн 107-113 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Хы мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Х нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Хохирогч Л.Алтансувд нь “..Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Д.Х-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий хүн /хамтран амьдрагч Н.Алтансувд/-ийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Х-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий хүн /хамтран амьдрагч Н.Алтансувд/-ийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Х-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ