Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/00583

 

“Ө” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03323 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2513 дугаар магадлалтай,

“Ө” ХХК-ний нэхэмжлэлтэй

“Б Д”ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Оюундарийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Булган, хариуцагчийн төлөөлөгч З.Отгонбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн төлөөлөгч Ш.Оюундарь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэвэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө” ХХК нь “Б Д”ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах Д.Саранцэцэгийн үйлчилгээ, оффисын барилгын өөрчлөлтийн зураг төсөл боловсруулах, “Б Д”ХХК нь зургийн ажлын үнэнд 45 000 000 төгрөг төлөхөөр тохиролцож, гэрээний дагуу 25 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөөгүй. “Ө” ХХК нь гэрээт хугацаандаа ажлын зургийг боловсруулж дуусган, улсын магадлалаар хянуулан захиалагчид үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөгийг төлөөд зургаа ав гэсэн боловч одоогоор зургийн мөнгө төлөх боломжгүй байна, барилгаа барьж дуусгаад өгье гэж гуйх болсон. Компаний удирдлагаас 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зургийг хүлээлгэж өгсөн бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 22-нд албан ёсоор акт үйлдсэн. “Б Д”ХХК нь 2016-2017 онд барилгаа барьж дуусгасан байна. Гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцоход /хоногийн алданги 60 000 төгрөг/ 430 хоногийн алданги 25 800 000 төгрөг боловч 50 хувиас хэтрэхгүй тул алдангид 10 000 000 төгрөг, үндсэн үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Отгонбаяр шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ”Ө” ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үйлчилгээ, оффисын барилгын өөрчлөлтийн зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан. Гэрээгээр зураг төсөл нь 7 давхар барилгын зориулалттай байх атал ”Ө” ХХК нь 5 давхар барилгын зураг төсөл боловсруулж өгсөн нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэж байна. Гэрээний үнийг 45 000 000 төгрөгөөр тохиролцсон нь үнэн бөгөөд 25 000 000 төгрөгийг манай компани төлж барагдуулсан. Одоо ”Ө” ХХК-иас анх байгуулсан гэрээний дагуу 7 давхар барилгын иж бүрэн зураг төслийг зохих байгууллагуудаар баталгаажуулан манай талд хүлээлгэн өгсөн тохиолдолд нэхэмжилж буй мөнгийг төлнө. Алдангийн хувьд нэхэмжлэгч тал гэрээнд заасан хугацааг хэтрүүлж ажлыг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн тул алданги төлөх боломжгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03323 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б Д”ХХК-иас 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2513 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03323 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...20 000 000... гэснийг ...10 000 000... гэж, ...10 000 000 төгрөгийг... гэснийг ...20 000 000 төгрөгт холбогдох хэсгийг... гэж, 2 дах заалтад ...257 950... гэснийг ...174 950... гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Оюундарь хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна. Учир нь шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа бөгөөд магадлалын зарим хэсгийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал, манай компани 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 246 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар 1 давхар зоорьтой 5 давхар барилгын зураг төсөл баталснаар 7 давхар барилгыг барих боломжгүй болох нь тогтоогдсон байна гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу манай компани 5 давхар барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэснийг хариуцагч хүлээн авах үедээ мэдэж байсан боловч гомдлын шаардлага гаргаагүйн зэрэгцээ хариуцагч тал шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбар, татгалзлаа ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн атлаа “Б Д”ХХК-иас “Өрнөл проект” ХХК-д өгөх ёстой гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 20 000 000 төгрөгийг 10 000 000 төгрөг болгон өөрчилж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Үүрэг гүйцэтгүүлэгч нь ажлаа бүрэн гүйцэт хүлээн авчихаад гэрээний дагуу төлөх ёстой мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй хугацаа хожимдуулсан нөхцөл байдал тогтоогдсон гэж бид үзэж байна. Гэтэл манай компанийг гэрээний дагуу 7 давхар барилгын ажлын зургийг гүйцэтгэх боломжгүй гэдгээ мэдэгдээгүй гэдэг үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг бууруулан тогтоож шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 5 давхар барилга л барих боломжтой байтал бид 7 давхар барилгын ажлын зураг гаргах боломжгүй бөгөөд хэрэв 7 давхраар зураг гаргавал Барилгын тухай хууль, холбогдох журмыг зөрчинө. Үүнийг ч хариуцагч мэдэж байсны үндсэн дээр эскиз зураг гаргуулан, эскиз зургаа өөрийн гарын үсэг, тамгаар баталгаажуулж ажлыг эхлүүлсэн байгаа. Гэтэл хариуцагчийн гомдлоор, шүүх хуралдааны үеэрх хариу тайлбар, татгалзлаа нотлоогүй байхад нь нэхэмжлэгч талын авах ёстой гэрээний үндсэн төлбөрийн 20 000 000 төгрөгийн үлдэгдлийг 10 000 000 төгрөг болгон бууруулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж 2018 оны 2513 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс үнэлж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй, гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд зайлшгүй хийвэл зохих эрх зүйн зарим дүгнэлтийг хийгээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч “Б Д”ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлж ажлыг хүлээлгэн өгсөн тул хөлс, алданги төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний дагуу “Ө” ХХК нь Баянгол дүүрэг, 5 дугаар хороонд баригдаж буй иргэн Д.Саранцэцэгийн орон сууцны барилгын 5 давхар каркасан барилгын зориулалтыг өөрчилж, шинээр төлөвлөх, түүнтэй залгаж барьсан суурийг буулгаж, суурин дээр 7 давхар каркас барих, уг 2 каркасыг нийлүүлж үйлчилгээ, оффисын барилга болгох зураг төсөл боловсруулж, хүлээлгэн өгөх, “Б Д”ХХК нь ажлын хөлсөд 45 000 000 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээжээ.

“Б Д”ХХК урьдчилгаанд 25 000 000 төгрөг шилжүүлсэн, Өрнөл проект ХХК 2016 оны 05 сарын 20-ны өдөр зураг төслийн хуулбар хувийг хүлээлгэн өгсөн, энэ талаар 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр захиалагчид хүлээлгэж өгсөн акт гэсэн баримт үйлдсэн байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл гэрээгээр тохирсон ажлын үр дүн, ажлын хөлсний хэмжээ, ажлыг бүрэн биелүүлсэн эсэх асуудал зохигчдын хоорондох маргааны зүйл болсон байна.

Хариуцагч “Б Д”ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “нэхэмжлэгч нь 7 давхар барилгын зураг төслийг хүлээлгэн өгөх ёстой байхад 5 давхар барилгын зураг төслийг өгсөн, 7 давхарын төслөө бүрэн хийж өгсөн тохиолдолд үлдэх төлбөрөө төлнө” гэсэн бол нэхэмжлэгч “Ө” ХХК “...2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 246 дугаар барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 7 давхар барилга барихыг зөвшөөрөөгүй, өмнөх 2014 онд батлагдсан 7 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, 5 давхар барилга болгохыг зөвшөөрсөн учир 5 давхар барилгын зураг төслийг боловсруулсан, энэ талаар нэхэмжлэгч мэдэж байсан тул ажлын үр дүнг хүлээн авсан, 45 000 000 төгрөгийн төсөв нь анхнаасаа 5 давхар барилгын зураг төсөл байсан...” гэсэн үндэслэл зааж маргасан байна.

Анхан шатны шүүх “...хариуцагч “Б Д”ХХК нь доголдолтой болохыг мэдсээр байж зураг төслийг хүлээн авсан тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-д заасан шаардлага гаргах эрхээ алдсан...” гэж үзэж, хариуцагчаас 20 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч “Ө” ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг бүрэн биелүүлээгүй, ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн болон хэргийн бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзээд үлдэгдэл ажлын хөлсийг бууруулах боломжтой...” гэж үзэж хариуцагчаас 10 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Зохигчдын байгуулсан гэрээнд “...7 давхар барилгын зураг төсөл боловсруулах..., уг ажлын хөлс нь 45 000 000 төгрөг...” гэж заасан боловч ажлын үр дүн өөрчлөгдөж, 5 давхар барилгын зураг төсөл боловсруулах байсан эсэх, гэрээнд заасан ажлын хөлс 7 давхар эсвэл 5 давхарын зураг төсөл боловсруулах хөлс аль нь болох, давхраас шалтгаалж ажлын хөлсний зөрүү ямар хэмжээтэй байх талаар тодруулаагүй, зохигчид энэ талаар мэтгэлцэж маргааны зүйлийг тодорхой болгоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

2014 онд батлагдсан 7 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон талаар захиалагч болох “Б Д”ХХК мэдсэн эсэх нь гэрээний зүйлийг тодорхойлоход ач холбогдолтой байна.

Гэрээний зүйл буюу ажлын үр дүн бодитой тогтоогдсоноор доголдол байх эсэх асуудал, доголдолтой бол доголдлыг арилгуулах, хөлсийг бууруулах, эсвэл шаардах эрхээ алдсан эсэх эрх зүйн асуудлыг дүгнэх учиртай байна.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03323 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2513 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА