Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 126/2022/0009/З |
Дугаар | 221/МА2023/0297 |
Огноо | 2023-05-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2023/0297
Х.Г-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э
Нэхэмжлэгч: Х.Г
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б/03 дугаартай “Х.Г-ыг албан тушаалаас бууруулах тухай” захирамжийг хүчингүйд тооцуулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл, хөнгөлөлт урамшуулал, ээлжийн амралтын олговор гаргуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 49 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Г, түүний өмгөөлөгч Б.М
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 126/2022/0009/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, 48.1, 48.1.6, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Халиугчин овогт Х-ийн Г-ын Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х.Г-ыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож” шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
2.1. “Нэхэмжлэгчийн зүгээс Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар захирамжтай холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ илт хууль бус захиргааны акт болгохоор тодорхойлсон. Гэтэл шүүгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нь өөрөө өөрчлүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр шийдвэрлэсэн. Энэхүү үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн. Үүгээр ч зогсохгүй нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсний дараагаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ талуудын огт маргаагүй, тогтоогдоогүй асуудлаар “нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.7-д заасан хүрээнд дүгнэлт хийлээ” гэж нэг талыг хэт баримталж, асуудалд хандсан эрх зүйн зөрчилтэй шийдвэр болсон.
2.2. Маргаан бүхий үйл явдалд дурдагдаж буй “Аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч”-ийн сул орон тоог нөхөх тусгай шалгалтад албан тушаалын тодорхойлолтод заасан тус албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг бүртгэсэн, сонгон шалгаруулсан, дүнг баталгаажуулсан үйл явдал хөндөгддөг. Энэхүү асуудлыг нотлох баримтын хүрээнд үнэлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ хууль бус үйл ажиллагаанд нарийн бичгийн бичгийн даргаар ажилласан н.Энхзаяа гэх хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасны дагуу тус үйл явдалтай холбогдогч н.Энхзаяа нь “хэргийн оролцогч” юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10.1-д “үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, хүнийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй гэж заасныг зөрчсөн.
2.3. Шүүх үндэслэх хэсэгтээ “нэхэмжлэгч Х.Г нь албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй хүнийг “аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогч”-ийн албан тушаалд томилсныг давуу байдал олгосон гэж үзнэ. Иймээс түүнд Авлигын эсрэг хуулийн 33.1-д зааснаар хариуцлага хүлээлгэсэн үндэслэлтэй гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн атлаа “... Тамгын газрын даргад Авлигын эсрэг хуулийн 33.1.2 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэхдээ Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ.” гэж заасан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй юм. Гэтэл Хөвсгөл аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Х.Г-т Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ”, 33.1,2-д “...энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу хариуцлага тооцсон.
2.4. Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “эрх бүхий албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ” гэсэн болохоос “эрх бүхий этгээд нь Төрийн албаны хуульд нийцүүлэн сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн хуулийн заалт байхгүй. Мөн Авлигын эсрэг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь авлигатай тэмцэх үйл ажиллагаа, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулна”, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн захиргааны удирдах албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарна” гэж тус тус заасны дагуу Авлигын эсрэг хуульд заасны дагуу хариуцлага тооцсон. Хэрэв шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасны дагуу тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн эрх зүйн хэм хэмжээг баримталж болох юм. Гэтэл Авлигын эсрэг хуулиар зохицуулсан хариуцлагыг үгүйсгэж, нэхэмжлэгчид ашигтай байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.5. Шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 37.6-д заасан тул Төрийн албаны тухай хуулийн 48.5-д заасныг зөрчсөн нь захирамж хууль бус байна” гэжээ. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцсон, ямар хугацаагаар хэтрүүлсэн, ямар нотлох баримтыг үндэслэсэн ийм дүгнэлт хийсэн талаар шүүхийн шийдвэртээ огт тайлбарлаагүй, дурдаагүй атлаа шууд зөрчсөн гэх субьектив дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Нөгөөтээгүүр Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолд “..зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн...” гэдэгт зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын дотор уг зөрчил илрээгүй, мэдэгдээгүй өнгөрсөн байхыг ойлгоно” гэж заасныг хүртэл шүүх хэрхэн хэрэглэсэн талаар тайлбарлах ёстой байсан.
2.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй”, 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж заасныг тус тус зөрчсөн.
2.7. Шүүх “хуулийн хязгаарыг хэтрүүлээгүй” буюу албан тушаал бууруулах санкцыг хэрэгжүүлсэн, “буруу яаж хэрэглэсэн” гэж үзсэн нь тодорхойгүй, “зорилгодоо нийцээгүй байдал” үүсээгүй зэргээс үзэхэд шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ямар ч баримт үндэслээгүй, үйл баримтыг бүрэн гүйцэд, эргэлзээгүй тогтоогоогүй шууд дүгнэлт хийсэн болно. Төрийн албанд түүний дотор аймгийн Засаг даргын Тамгын газарт албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангахгүй иргэнийг ажилд томилсон зэрэг асуудалтай холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Х.Г-ыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ингэснээр нэхэмжлэгч Х.Г нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажиллаагүй байсан. Энэ хугацаанд ажлаас халагдсан этгээдэд хариуцлага тооцох нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасны дагуу түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор заасан байсан. Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцсон нь ойлгомжгүйг харуулж байна.
2.8. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.”, 33.16-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.” гэж тус тус заасныг шүүх хэрэглээгүй, үүнтэй холбогдуулан дүгнэлт хийгээгүй, нэг талыг баримталсан гэж үзэхээр байна. Учир нь аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/61 дүгээр захирамжаар иргэн Х.Г-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад эргүүлэн томилсон бөгөөд ингэснээр түүнд хариуцлага тооцох үндэслэл бий болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан ...”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасныг тус тус зөрчсөн.
Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 126/ШШ2023/0049 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нэхэмжлэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэн. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/13 тоот захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсгийг тус тус үндэслэж, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Г-ыг албан тушаал бууруулж шийдвэрлэсэн. Харин анхан шатны шүүхээс захирамжийн үндэслэлд дурдагдаагүй Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, 48.1, 48.1.6 дахь хэсгийг үндэслэж, Х.Г-ыг албан тушаал бууруулсан шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь буруу юм.
3.2. Түүнчлэн анхан шатны шүүх “....иймээс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасныг зөрчсөн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б/03 дугаартай “Х.Г-ыг албан тушаалаас бууруулах тухай” захирамж нь хууль бус байна...” гэж дүгнэсэн. Гэтэл хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс эхэлсэн гэж үзсэн, хэзээ дуусгавар болсон гэж үзсэн талаараа дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэрт тусгаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн үйлдэл болно. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлгийн үед хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар маргадаггүй. Харин шүүгч шийдвэртээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаар дүгнэлт хийсэн гэж тайлбарласан байдаг. Нэгэнт шүүх өөрийн санаачилгаар тухайн дүгнэлтийг хийж байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс эхлэн тоолсон, хэзээ дуусгавар болсон гэж үзэж байгаагаа шийдвэртээ тодорхой дурдсан байх ёстой.
3.3. “Аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч” Ц.Н нь Х.Г-ын эхнэрийн үеэл бөгөөд тэдний садан төрлийн холбоо Х.Г-ыг эхнэртэйгээ гэрлэсэн үеэс үүссэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” гэж заасан бөгөөд Х.Г Ц.Н-ыг томилохдоо тайлбар гаргаагүй болох нь гэрчийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, тайлбар гаргасан бүртгэлийн дэвтэр зэргээр нотлогддог. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар “Захиргааны акт, гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан ба сонсох ажиллагаа нь шийдвэр гарахаас өмнө хийгддэг ажиллагаа юм. Хэрэгт авагдсан 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлийн 2 дахь хуудаст Х.Г нь Ц.Н-ыг “манай эхнэрийн хамаатан” гэж хэлсэн нь тусгагдсан байдаг. Тиймээс шийдвэр гарахаас өмнө сонсох ажиллагааны үеэр аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн садан төрлийн хүн гэдэг нь тогтоогдчихсон буюу Х.Г өөрөө хүлээн зөвшөөрсөн байхад шүүх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс анхан шатны шүүх “... дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй шийдвэрлэсэн нь .... хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэснийг зөрчсөн байна” гэж дүгнэсэн нь буруу юм.
Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 126/ШШ2023/0049 дүгээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй тул хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. Учир нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “хэргийн нөхцөл байдлыг тодруулах” үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д зааснаар “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн...” хэргийг шийдвэрлэсэн нь 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцээгүй гэж үзлээ.
2.2. Нэхэмжлэгч Х.Г-оос Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б/03 дугаартай “Х.Г-ыг албан тушаалаас бууруулах тухай” захирамжийг хүчингүйд тооцуулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл, хөнгөлөлт урамшуулал, ээлжийн амралтын олговор гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.3. Хөвсгөл аймгийн Засаг дарга маргаан бүхий 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаартай “Х.Г-ыг албан тушаалаас бууруулах тухай” захирамжаар “Х.Г нь Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэх хугацаандаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулж, албан тушаалын тодорхойлолтод заасан тус албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох мэргэжлийн шаардлага хангаагүй, өөртэй нь хамаарал бүхий иргэн бүртгүүлснийг мэдсээр байж давуу байдал олгон сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулан нэрийг дэвшүүлж, албан тушаалд томилсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Х.Г-ын албан тушаалыг бууруулж, түүнийг ахлах түшмэлийн албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд холбогдох хууль тогтоомжийн дагуу томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
2.4. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн хуулийн зохицуулалттай.
2.5. Харин анхан шатны шүүх “...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасныг зөрчсөн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б/03 дугаартай “Х.Г-ыг албан тушаалаас бууруулах тухай” захирамж нь хууль бус байна...” гэж дүгнэхдээ дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэзээ гаргасан зөрчилд нь хэзээнээс эхлэн хэрхэн тооцсон эсэх нь ойлгомжгүй, энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байх тул үндэслэлийг хянах боломжгүй байна. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй.
2.6. Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Г-ыг тус аймгийн салбар зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэж байхдаа Ц.Н-ыг шаардлага хангаагүй байхад төрийн албаны сул орон тоог нөхөх тусгай шалгалтад бүртгэсэн, мөн тухайн албан тушаалд томилуулахаар санал хүргүүлсэн, эсхүл нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс Аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилсон болон Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолоор уг зөрчил илэрсэн зэрэг аль үйл явдлын хугацаагаар сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
2.7. Түүнчлэн Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журмын 5 дугаар зүйлийн 5.9-д “Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа биелүүлээгүй, хууль тогтоомж, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бол түүнд сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг Төрийн албаны зөвлөл, эсхүл Салбар зөвлөлөөс томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж заасан.
2.8. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргаас маргаан бүхий актыг гаргахдаа дээр дурдсанчлан “Х.Г нь Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэх хугацаандаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулж, албан тушаалын тодорхойлолтод заасан тус албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох мэргэжлийн шаардлага хангаагүй, өөртэй нь хамаарал бүхий иргэн бүртгүүлснийг мэдсээр байж давуу байдал олгон сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулан нэрийг дэвшүүлж, албан тушаалд томилсон” гэх үндэслэлээр түүнийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын хувьд биш Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн даргын албан тушаалтны хувьд хариуцлага ногдуулсан нь ойлгомжгүй байна.
2.9. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.4-т “...Төрийн албаны зөвлөл нь Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг тус тус томилж, чөлөөлнө” гэснээс үзвэл Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн даргын удирдах дээд албан тушаалтан нь Төрийн албаны зөвлөлийн дарга байхад дээрх журмын дагуу хариуцагчаас Х.Г-т сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн эсэхийг шүүхээс тодруулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасантай нийцээгүй, хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
2.10. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь “тухайн үед Ц.Н-ыг аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхдээ даатгалын эдийн засагч мэргэжилтэй хүнийг Төрийн албаны зөвлөлөөс бүртгэж болох эсэхийг удаа дараа тодруулсан, үүний хариуг амаар өгсөн гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд дээрх хүсэлттэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд чиглэл хүргүүлсэн эсэхийг тодруулах шаардлагатай байна.
2.11. Иймд маргаан бүхий актыг гаргахдаа холбогдох журмын дагуу эрх бүхий этгээдээс санал авсан эсэхийг нотлох үүднээс шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулах замаар хариуцагчийн шийдвэрийн үндэслэл шалтгаан, шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан эсэхийг бүрэн тодруулж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэгэнт дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 49 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА