| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0111/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/120 |
| Огноо | 2021-07-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Д.Аянагүл /томилолтоор/,
хохирогч М.Б ,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Г.Б д холбогдох эрүүгийн 2107000000119 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймаг, Жаргалант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй, “.........” ХХК-д талбайн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй,
М овогт Г.Б /РД: .........../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” нэртэй амралтын газарт М.Б тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэнд цохиж биед нь зүүн шанаа, хүзүү, зүүн шуунд цус хуралт, хүзүү, төвөнхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Толгойгоо Хараагүйчүүдийн төв дээр очиж бариулсан. Тэр хүмүүсээс мөнгө төлсөн баримт авах гэсэн боловч баримт үйлдэж өгөөгүй. Баримт шүүхэд хэрэг болно гэж мэдээгүй. Гаргасан хохирлыг мөнгөн төлбөрөөр барагдуулбал болно, тэрнээс биш Г.Б д гомдсон зүйл алга. Наашаа цаашаа явахад зарцуулсан бензиний зардал, толгойгоо бариулсны зардал ойролцоогоор 500.000 төгрөг болох байх үүнийгээ нэхэмжилж байна.” гэв.
Хохирогч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай ажлынхан амралтанд явахаар болоод 15 цаг өнгөрч байхад ажлаас гарч 17 цагийн үед “......” гэх газарт байдаг “.....” нэртэй амралтын газарт очсон. Бид нар хорхог хийж идчихээд архи согтууруулах ундааны зүйлсээ задлаад ууж эхэлсэн. Би 23 цаг өнгөрч байхад 00 орчихоод гараад явж байтал өөдөөс Г.Б ирж байсан. Тэгээд бид хоёр таараад хажуугаар нь зөрөөд явах гэтэл зай тавьж өгөхгүй байхаар нь би Г.Б г түлхсэн. Тэгээд Г.Б надруу дайраад бид хоёр ноцолдож байгаад хамт газар унасан. Г.Б миний дээр гараад суухаар нь би хоолойг нь боотол буцаагаад миний хоолойг боосон. Тэгээд миний гар хүрэхгүй байхаар нь боож байсан гараа тавиад босох гэж оролдоод чадахгүй болохоороо Г.Б ы миний хоолойг боогоод байсан гарыг нь тавиулах гээд гэдэс, хэвлий хэсгээс нь базсан тэгтэл миний нүүр, толгой хэсэг рүү 7-8 удаа цохисон. Тэгээд холоос нэг хүн болиоч гээд орилтол Г.Б босоод явчихсан. ...Миний нүүрний зүүн тал хавдаад хөхөрчихсөн, хүзүү төвөнх их хөндүүртэй цус хурчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай ажлынхан 17 цагийн орчимд Ж нэртэй амралтын газарт очсон. Бид нар хорхог, хоол ундаа хийж идчихээд амралтын газрын саравчинд авчирсан архиа уугаад сууцгааж байхад М.Б нилээн согтчихсон өөртөө архи аягалж уугаад бусадтай эвгүй харьцаад юм болвол хэрэлдчих гээд байсан. 23 цаг өнгөрч байхад би 00 орох гээд явж байх замдаа М.Б тай таарсан. Тэгтэл М.Б надтай юу ч ярилгүй шууд миний цээж рүү түлхээд намайг унагаах гэж оролдохоор нь тогтоод үлдтэл дахиж унагаах гэж оролдож байгаад надтай хамт унаад би дээр нь унасан юм. Тэгээд газар унасан чигтээ миний хоолойноос боохоор нь би зөрүүлээд хоолойноос нь боогоод намайг боож байсан гарыг нь тавиултал миний хэвлий хэсгээс гараараа базсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд оролдтол гараа доошлуулаад миний бэлэг эрхтэнээс базсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулаад “чи одоо яагаад байгаа юм” гээд М.Б ын зүүн хацар, шанаа хэсэг рүү нь 4 удаа алгадсан. Тэгтэл амралтын газрын хүн “болиоч ээ” гээд холоос хашгирахаар нь би босоод явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 310 дугаар:
“1. М.Б ын биед зүүн шанаа, хүзүү, зүүн шуунд цус хуралт, хүзүү, төвөнхөд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 311 дугаар:
“1. Г.Б ы биед хүзүү, цээж, хэвлийд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Б ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 35 дугаар хуудас/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 36-52 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 53-56 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ж” нэртэй амралтын газарт М.Б тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэнд цохиж биед нь зүүн шанаа, хүзүү, зүүн шуунд цус хуралт, хүзүү, төвөнхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Б надруу дайраад бид хоёр ноцолдож байгаад хамт газар унасан. Г.Б миний дээр гараад суухаар нь би хоолойг нь боотол буцаагаад миний хоолойг боосон. Тэгээд миний гар хүрэхгүй байхаар нь боож байсан гараа тавиад босох гэж оролдоод чадахгүй болохоороо Г.Б ы миний хоолойг боогоод байсан гарыг нь тавиулах гээд гэдэс, хэвлий хэсгээс нь базсан тэгтэл миний нүүр, толгой хэсэг рүү 7-8 удаа цохисон” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “.... Тэгтэл М.Б надтай юу ч ярилгүй шууд миний цээж рүү түлхээд намайг унагаах гэж оролдохоор нь тогтоод үлдтэл дахиж унагаах гэж оролдож байгаад надтай хамт унаад би дээр нь унасан юм. Тэгээд газар унасан чигтээ миний хоолойноос боохоор нь би зөрүүлээд хоолойноос нь боогоод намайг боож байсан гарыг нь тавиултал миний хэвлий хэсгээс гараараа базсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд оролдтол гараа доошлуулаад миний бэлэг эрхтэнээс базсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулаад “чи одоо яагаад байгаа юм” гээд М.Б ын зүүн хацар, шанаа хэсэг рүү нь 4 удаа алгадсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 310 дугаар дүгнэлт, 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас зэрэг болно.
Хохирогч М.Б ын эрүүл мэндэд учирсан “зүүн шанаа, хүзүү, зүүн шуунд цус хуралт, хүзүү, төвөнхийн зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь хоолойг нь боох, гараараа цохисны улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Г.Б нь хохирогч М.Б ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Б ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь хохирогч М.Б ын бие махбодид хөнгөн хохирол учруулсан, хохирогч шүүх хуралдаанд “хохиролд 500.000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлж байгаа боловч хохирогч М.Б нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул энэ тогтоолоор шүүх шийдвэрлэх боломжгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэхтэй эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Б ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дугаараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул бусдад төлөх төлбөргүйд тооцсон, түүний үйлдсэн хэрэг нь уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарч байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нар шүүх хуралдаанд өөрөө өөрсдийгөө өмгөөлөн оролцохдоо ямар нэгэн санал, тайлбар гараагүй болно.
Шүүгдэгч Г.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцсон, шүүгдэгч Г.Б нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэхгүй байхаар зохицуулсан 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг зохицуулж, уг зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.
Шүүх дээрх хууль хэрэглэх журмыг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б д холбогдох эрүүгийн 2107000000119 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ