Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Д.Аянагүл,

хохирогч Б.М ,

шүүгдэгч М.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт М.Г д холбогдох эрүүгийн 2107000000120 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Налайх дүүрэг, 1 дүгээр хороо,   тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй,

           Б  овогт М.Г  /РД: ............./.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч М.Г  нь Налайх дүүргийн .... дүгээр хороо ................. тоотод 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М ыг үсдэж хоолойг боож унагаан хөл, гар, нуруу хэсэг рүү нь цохиж биед нь баруун зүүн бугалга, баруун зүүн тохой, баруун зүүн шуу, бүсэлхий, баруун зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. М.Г  намайг үстээд боохдоо тохой хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд 1-2 удаа цохисон. Намайг 5-10 минут үстээд боосон. Тэр үед ухаан алдсан байсан. Тэгээд босож ирээд цагдаа дуудсан чинь миний утсыг хана руу шидсэн. Утас засуулах гэж 200.000 төгрөг авсан, толгойгоо бариулах гэж 150.000 төгрөг авсан, 1 ширхэг дусал авсан. Нийт хохиролд 400.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай найз Ч  төрсөн өдөр гээд би “.................” гэх зоогийн газарт найз эмэгтэйгээ хүлээгээд ганцаараа сууж байсан юм. Миний сууж байсан ширээний хажуу талын ширээнд сууж байсан гурван залуугийн нэгийг нь зүс танина гэхдээ нэрийг нь мэдэхгүй. Тэгээд мэнд ус мэдээд тэр зүс таних залуу ганцаараа сууж байгаа юм бол ирээд сууж хамт суухгүй юу гэхээр нь очоод хамт сууж байсан. Тэр газар хаах дөхсөн байсан. Миний зүс таних залуу эхнэр нь залгаад түрүүлээд явсан. Би нөгөө хоёр танихгүй залуутай үлдсэн. Тэгээд ганц нэг пиво уух уу гэхээр нь би тэгье гээд цуг шөнө 01 цаг өнгөрч байхад явсан. Яг очсон газрынхаа хаягийг сайн мэдэхгүй байна. Нисэхийн гүүр салаад хажуу талд нь далий гудамжнууд байдаг юм байна лээ. Тэнд айлд намайг зодсон М.Г  гэгч манай гэр байгаа юм одоогоор ах, эгч байгаа гээд бид гурав орсон. М.Г  намайг архи уу гэхээр нь би уухгүй пиво ууя, утсаа цэнэглээдэхье одоо манай найз нар хотоос ирж байгаа гэсэн. Гэтэл М.Г  чи яахаараа архи уудаггүй юм гэснээ чи хийж өгөөч гээд тэр айлд байсан эгч рүү уурлаад босоод ирсэн. ...цагдаа руу дуудлага өгөөд байж байх хооронд М.Г  ирээд миний утсыг булааж аваад гал тогоо руу шидчихсэн. Тэгээд шууд намайг үстэж, хоолой боогоод том өрөө рүү оруулаад орон дээр хэвтүүлж байгаад миний хоёр гар, нуруу, хөл гээд бүх бие рүү цохисон. Тэгээд миний хоёр гарнаас хазсан. Тэгээд би ухаан алдсан. Би ухаан алдчихаад сэрэхэд миний утас дуугараад байхаар нь М.Г д чи утас аваад өгөөч гэхэд тэр муу цагдаа нар чинь яадаг юм надад үйлчлэхгүй шүү гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Г  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Би 2021 оын 06 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн үед Налайх дүүргийн 8 дугаар хороо “.................” зоогийн газарт сууж байгаад өөрийгөө М  гэх эмэгтэйтэй танилцсан юм. Ингээд бид хоёр хоорондоо танилцаад би түүнд “хоёулаа ганц хоёр пиво уух уу” гэж асуухад зөвшөөрөөд манай ах Алтайгийн Налайх дүүргийн ............ тоотод очсон. Тэгээд бид хоёр очоод 0.75 литрийн Эдэн нэртэй архи 1 шилийг, Сэнгүр нэртэй пиво хувааж ууцгаасан. Тэгээд байж байтал би гэнэт тасарчихсан юм. Нэг сэрсэн үүрээр 06 цагийн үед цагдаа нар намайг сэрээх үед сэрсэн тэгээд намайг эрүүлжүүлэх байр лугаа аваад явсан. Тэндээ очоод юу болсон талаар асуухад надад “М  гэх эмэгтэйг архи уу гэж шахахад уухгүй байсан гэх шалтгаанаар түүний биед халдсан гэж” хэлж байсан. Өөр надад энэ асуудлын талаар санаж байгаа зүйл алга. Дээрх гэмтлийг би тухайн үед архи уучихаад тасарчихсан байхдаа түүнийг архи уусангүй гэх шалтгаанаар бага зэрэг маргалдаж баруун гарынх нь бугалгыг хазаж, биед нь цохиж халдаж дээрх гэмтлүүдийг үүсгэсэн юм шиг байна лээ. Би Б.М ын эмчилгээнд нийт 400.000 төгрөг төлж түүнийг хохиролгүй болгосон байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 312 дугаар:

            “1. Б.М ын биед баруун зүүн бугалга, баруун зүүн тохой, баруун зүүн шуу, бүсэлхий, баруун зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

            Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

            Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн тэмдэглэл /хх-ийн 44-45 дугаар хуудас/,          

 

            Шүүгдэгч М.Г  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 28-35 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Г  нь Налайх дүүргийн 1 дүгээр хороо ................. тоотод 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М ыг үсдэж хоолойг боож унагаан хөл, гар, нуруу хэсэг рүү нь цохиж биед нь баруун зүүн бугалга, баруун зүүн тохой, баруун зүүн шуу, бүсэлхий, баруун зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүгдэгч М.Г  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “М.Г  намайг үстээд боохдоо тохой хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд 1-2 удаа цохисон. 5-10 минут намайг үстээд боосон. Тэр үед ухаан алдсан байсан. Тэгээд босож ирээд цагдаа дуудсан чинь миний утсыг хана руу шидсэн. Өөр зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дуудлага өгөөд байж байх хооронд М.Г  ирээд миний утсыг булааж аваад гал тогоо руу шидчихсэн. Тэгээд шууд намайг үсдэж, хоолой боогоод том өрөө рүү оруулаад орон дээр хэвтүүлж байгаад миний хоёр гар, нуруу, хөл гээд бүх бие рүү цохисон. Тэгээд миний хоёр гарнаас хазсан гэх мэдүүлэг,

 

            Шүүгдэгч М.Г  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. ...бид хоёр очоод 0.75 литрийн Эдэн нэртэй архи 1 шилийг, Сэнгүр нэртэй пиво хувааж ууцгаасан. Тэгээд байж байтал би гэнэт тасарчихсан юм. Нэг сэрсэн үүрээр 06 цагийн үед цагдаа нар намайг сэрээх үед сэрсэн тэгээд намайг эрүүлжүүлэх байр лугаа аваад явсан. Тэндээ очоод юу болсон талаар асуухад надад “М  гэх эмэгтэйг архи уу гэж шахахад уухгүй байсан гэх шалтгаанаар түүний биед халдсан гэж” хэлж байсан. Өөр надад энэ асуудлын талаар санаж байгаа зүйл алга. Дээрх гэмтлийг би тухайн үед архи уучихаад тасарчихсан байхдаа түүнийг архи уусангүй гэх шалтгаанаар бага зэрэг маргалдаж баруун гарынх нь бугалгыг хазаж, биед нь цохиж халдаж дээрх гэмтлүүдийг үүсгэсэн юм шиг байна лээ” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 312 дугаар дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас, Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн тэмдэглэл зэрэг болно.

 

Хохирогч Б.М ын эрүүл мэндэд учирсан “баруун зүүн бугалга, баруун зүүн тохой, баруун зүүн шуу, бүсэлхий, баруун зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, бүсэлхийд зулгаралт” гэмтэл нь шүүгдэгч цохих, хазах, өшиглөх зэргийн улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч М.Г  нь хохирогч Б.М ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Г д дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч М.Г  нь хохирогч Б.М ын бие махбодид хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь хохиролтой холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй, хохирогч шүүх хуралдаанд “Хохиролд 400.000 төгрөг авсан, өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дугаараа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, түүний үйлдсэн хэрэг нь уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарч байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох саналыг шүүхэд гаргаж байнагэсэн дүгнэлт, шүүгдэгч шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо ямар нэгэн санал, тайлбар гараагүй болно.

 

            Шүүгдэгч М.Г  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.М д 400.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, шүүгдэгч М.Г  нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэхгүй байхаар зохицуулсан 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг зохицуулж, уг зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

 

Шүүх дээрх хууль хэрэглэх журмыг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Г д холбогдох эрүүгийн 2107000000120 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Б  овогт М.Г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г д холбогдох эрүүгийн 2107000000120 дугаартай эрүүгийн хэргийн өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч М.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг

дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНХЖАРГАЛ