Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0313

 

 

 

 

 

 

 

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н

Нэхэмжлэгч: Ж.Б

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/303 дугаар Ж.Б-ыг төрийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У, Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0601/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7, 17.1.8, 19 дүгээр зүйлийн 19.4.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Б-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/303 дугаар Ж.Б-ыг төрийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

2.1. “...Шийдвэрт “... тэрээр цахим мэдээллийн сан дахь мэдээллийг боловсруулан маргаан бүхий лавлагаануудыг гаргахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох”, 19.4.7-д “улсын бүртгэлийн талаарх мэдээлэл, лавлагааг иргэн, хуулийн этгээдэд хуульд заасны дагуу гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй, мөн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан ...архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно...” гэснийг баримтлаагүй нь улмаас энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-т “...лавлагаа, мэдээллийг ...нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх...” бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох үйлдлийг гаргасан гэж шүүх үзлээ” гэжээ

 

2.2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А/207 дугаар тушаалаар батлагдсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 1.5-т “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэж, иргэний улсын бүртгэлийг хөтлөхөд дараах дарааллыг баримтална: 1.5.1-т мэдээллийн сангаас тухайн бүртгэл хөтлөхөд шаардагдах мэдээллийг нягтлан шалгаж, холбогдох лавлагааг хэвлэн хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулж, хуульд заасны дагуу бүрдүүлэх баримт бичигт хавсаргах” хэмээн заасан.

 

2.3. Хүсэлт гаргагч иргэний мэдээллийг цахим мэдээллийн сангаас шалгаж үзэхэд шууд гарч ирж байсан тул өөр бусад мэдээллийг шалгах шаардлагагүй учраас лавлагааг хэвлэн, баталгаажуулж өгсөн. Хэрэв тухайн мэдээллийг хуурамчаар тухайн үед бичиж оруулсан гэж үзвэл өөр газраас түүнийг хэвлэж болохгүй. Түүнчлэн уг мэдээлэл нь е-mongolia цахим санд ч орох боломжгүй. Учир нь оруулсан мэдээллийг хянан шалгаж, баталгаажуулсны үндсэн дээр цахим мэдээллийн сан руу оруулах эрх нь зөвхөн улсын ахлах бүртгэгчид байдаг ба баталгаажуулаагүй бол өөр бусад газраас түүнийг хэвлэх ямар ч боломжгүй. Тэгэхээр цахим санд байсан мэдээллийг хэвлэж өгсний төлөө шийтгэл хүлээх нь шударга ёсонд нийцэхгүй байна. Иймээс дурдаж буй хуулийн заалтыг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

2.4. Шийдвэрт “Түүнчлэн шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч, хариуцагчийн эргэлзээтэй тайлбарын зөрүүг арилгахын тулд шүүх үзлэг, туршилтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын бүртгэл хяналтын нэгдсэн системд хийхэд “...системд иргэний мэдээллийг гараар шивж оруулж тухайн иргэний нэрийг болон регистрийн дугаарыг засварлаж болж байсан ... цахим мэдээллийн санд хадгалагдаж байгаа баримтаас зөрүүтэй лавлагаа гаргаж болох ... нөхцөл байдал тогтоогдсоноор дээрх шүүхийн дүгнэлтийг бататгасан” гэжээ.

 

2.5. Нэг компьютер дээр суугаад бусдын мэдээллийг засах боломжтой гэдгийг нэхэмжлэгчийн хувьд зөвшөөрч байсан ба энэ талаар огт маргаагүй. Харин уг засварласан мэдээллийг өөр компьютероос тэр байтугай е-mongolia цахим сангаас хэвлэж авч болохгүй хэмээн анхнаасаа тайлбарлаж, зөрчлийг зөвшөөрөхгүй хэмээн маргасан ба өөр газраас хэвлэж, Ц.Эы гаргаж өгсөн бөгөөд хэрэг дотор байгаа лавлагаануудыг эш татан нэмж тайлбарласан ч шүүхээс үзлэг хийхдээ энэ талаар анхаарч авч үзээгүй тул үндэслэлгүй дүгнэлт хийж байна. 

 

2.6. Шийдвэрт “... Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх" төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ сахин биелүүлээгүй гэж үзэн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг үндэслэл болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэл гаргагчийн зөрчлийн шинж байдалд тохирсон, хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр болсон байна” гэжээ.

 

2.7. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” хэмээн заасан ба уг журмыг баримтлах нь хууль дээдлэх зарчимд хамаарна. “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын холбогдох заалтыг хариуцагч зөв хэрэглэсэн эсэх тал дээр шүүхээс дүгнэлт хийсэнгүй. Дээрх журмын 6.1-т заасан “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэснийг шүүх анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл урьд өмнө нь нэхэмжлэгч шийтгүүлж байгаагүй байх бөгөөд гаргасан гэх зөрчлийн улмаас нийтэд болон хувь этгээдэд ямар нэг хохирол учраагүй байхад төрийн албанаас халсан нь үндэслэлгүй шийтгэл болно.

 

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

3. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Ж.Б-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/303 дугаар Ж.Б-ыг төрийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

3.2. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” гээд 37.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэсэн хуулийн зохицуулалттай.

 

3.3. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч Ж.Б нь цахим мэдээллийн сан дахь мэдээллийг боловсруулан маргаан бүхий лавлагаануудыг гаргахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох, 19.4.7-д улсын бүртгэлийн талаарх мэдээлэл, лавлагааг иргэн, хуулийн этгээдэд хуульд заасны дагуу гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан ...архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно... гэснийг баримтлаагүйн улмаас энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-т ...лавлагаа, мэдээллийг ...нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх... улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох үйлдлийг гаргасан...” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

3.4. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 9 дүгээр зүйлийн 9.4-т “Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Улсын бүртгэгч цахим мэдээллийн санд мэдээллийг эх нотлох баримт бичигт үндэслэж, улсын бүртгэлийн байгууллагаас зөвшөөрөгдсөн программ хангамж, тоног төхөөрөмжийг ашиглан үнэн зөв оруулна”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гээд 20.1.12-т “лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх” гэж тус тус заасан.

 

3.5. Маргаан бүхий тохиолдолд Ж.Г, Ц.Э нарыг 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн гэх 49 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар хэрэгт хавсаргагдсан байх боловч улсын бүртгэлийн нэгдсэн архивт хадгалагдаж байгаа тухайн оны бүртгэлийн дэвтрийн 49 дугаарт Г.Галбаатар, Б.Үржинбадам гэсэн өөр гэрлэлтийн бүртгэл байгаа болох нь Улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3430 дугаар дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд мөн улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд гэрлэсний бүртгэлийн 59 дугаарт ЖА55101671 регистрийн дугаартай Жалмаагийн Гантөмөр, ЧМ59061065 регистрийн дугаартай Хандын Эрдэнэчимэг нарын гэр бүл болсныг Дархан-Уул аймагт бүртгэсэн үйл баримтууд авагдсан байна.

 

3.6. Гэтэл нэхэмжлэгч Ж.Баас дээр дурдсан 59 дугаарт өөр бусад этгээдийн гэрлэлтийн бүртгэл байхад 2021 оны 12 дугаар сарын 17, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ЧП61020235 регистрийн дугаартай Зэндмэнэ овгийн Ж.Г, ЧП60102306 регистрийн дугаартай Өлзийт овгийн Цэвэгжавын Энхсайхан нарын гэрлэсний лавлагаа олгосон, түүнчлэн дээрх улсын байцаагчийн дүгнэлтэд “Ж.Б-ын лавлагаа олгосон цаг хугацаанд Ж.Г, Ц.Э нарын гэрлэсний бүртгэл цахим санд бүртгэлгүй байсан. Энэ талаар Мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн Дэлгэрмөрөнгөөр лог шүүлгэж шалгуулахад гараар шивж гаргасан лавлагаа байна” гэж дурдсан, мөн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ж.Г нь өөрөө лавлагаа авахад гэрлэлт бүртгэгдээгүй байсан зэргээс үзвэл нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-т заасан “лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх” гэсэн хориглосон заалтыг зөрчсөн байна.

 

3.7. Мөн Сүхбаатар аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор Ц.Э нь Ц.Энхбаатар гэх нэрээ одоогийн Ц.Э нэрээр сольсон байгаагаас үзвэл бодит нөхцөл байдалд 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн гэх 49 дугаартай гэрлэлтийн гэрчилгээнд Ц.Э нэрээр байх боломжгүй.

 

3.8. Нэхэмжлэгч Ж.Б нь иргэн Ц.Эд лавлагаа өгөхдөө Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 1.5-т “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэж, иргэний улсын бүртгэлийг хөтлөхөд дараах дарааллыг баримтална” гээд 1.5.1-т “мэдээллийн сангаас тухайн бүртгэл хөтлөхөд шаардагдах мэдээллийг нягтлан шалгаж...” гэсэн үүргээ хэрэгжүүлэлгүй, ажил үүргээ гүйцэтгэхдээ хайхрамжгүй хандсан зөрчил гаргасан гэж үзнэ.

 

3.9. Хэдийгээр нэхэмжлэгчээс “иргэний мэдээллийг цахим мэдээллийн сангаас ... мэдээллийг шалгах шаардлагагүй учраас лавлагааг хэвлэн, баталгаажуулж өгсөн. тухайн мэдээллийг хуурамчаар бичиж оруулсан гэж үзвэл өөр газраас түүнийг хэвлэж болохгүй” гэж тайлбарлаж байгаа боловч тус лавлагаа, мэдээлэл бүртгэлийн зөрүүтэй байдлыг нягталж, шалгах нь улсын бүртгэгчийн хуулиар хүлээсэн үүрэг тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. 

 

3.10. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгч шийтгүүлж байгаагүй байх бөгөөд гаргасан гэх зөрчлийн улмаас нийтэд болон хувь этгээдэд ямар нэг хохирол учраагүй байхад төрийн албанаас халсан нь үндэслэлгүй...” гэж тайлбарлаж байх боловч дээрх алдаатай лавлагааны улмаас Ж.Гийн өв залгамжлалтай холбоотой маргаан үүсэж, үр дагавар бий болсон бодит үйл баримт тогтоогдож байна.

 

3.12. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48.1.4-т “төрийн албанаас халах”, 48.3-т “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж тус тус заасан байгаа энэ тохиолдолд Ж.Б-ын гаргасан зөрчилд эрх бүхий албан тушаалтнаас сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй.  

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА