| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Янжиндулам |
| Хэргийн индекс | 017/2014/0026/З |
| Дугаар | 043 |
| Огноо | 2018-07-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 043
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: "Э" хоршооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/56 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, 10000 метр квадрат газрыг “Э” хоршоонд эзэмшүүлэх захирамж гаргахыг Ховд аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х, Б.Д,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Э хоршооны дарга Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2012 онд Монгол улсын Ерөнхий сайд ирж Баруун бүсийн төв захын үйл ажиллагаатай танилцаж байхдаа Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт заасны дагуу бид төрөөс хувийн хэвшлийг дэмжиж танай аймагт эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангасан битүү зах бариулна гэж амласан.
Улмаар аймгийн Засаг дарга Д.Ц “та бүхэн нийлж, хотын төвд А зэрэглэлийн бүсэд газраа олцгоо” гэсний дагуу худалдаа эрхлэгчид зохион байгуулалтанд орж Э ХХК-ийг үүсгэн байгуулж, нэг худалдаа эрхлэгчээс 2-3 сая төгрөг, нийт 1 тэрбум 95 сая, 500 зуун мянган төгрөг хуримтлуулсан ба тэр мөнгөний тодорхой хэсэг болох 315 сая төгрөгөөр О ХХК-ны эзэмшилд байсан 22135.17 кв метр газраас 10000 кв метр газрыг Э ХХК болон О ХХК-иуд гэрээ байгуулан худалдан авсан юм. Уг гэрээний 5 дахь заалтад худалдаа үйлчилгээний барилга баригдаж дуусах хугацаа буюу 2013 оны 4 сарын 01-нээс 2013 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тус газар Засаг даргын Тамгын газрын мэдэлд байна. Барилга ашиглалтанд орж, хүлээлгэн өгснөөр буюу 2013 оны 10 сарын 01-нээс эхлэн Э ХХК-нийн эзэмшилд уг газар шилжихээр заасан.
Гэтэл Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А/56 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг нь аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлснээр маргаан гарсан юм. 2013 оны 10 дугаар сард барилга ашиглалтад орох байсан боловч тухайн үедээ ашиглалтад орж амжаагүй бөгөөд бид 2014 оны 2 дугаар сард бүх гишүүдийн хурал хийж Э ХХК-ийг өөрчилж Э хоршоо байгуулсан. Хувь нийлүүлсэн 401 хүний хөрөнгө буюу 315 сая төгрөгөөр худалдаж авсан газрыг аймгийн Засаг даргын Тамгын газар өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн учраас бид маргасан. Уг газар нь бидний мөнгөөр худалдаж авсан газар юм. Тухайн газрыг байгууламж ашиглалтад орсны дараа аж ахуйн нэгжид шилжүүлэх заалттай байсан боловч газрыг шилжүүлээгүй. Уг газрыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд шилжүүлсэн нь Э хоршооны гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Хоршооны гишүүд бид 315 сая төгрөгөөр худалдаж авсан газраа хоршооны эзэмшилд шилжүүлэх шаардлага тавьсан бөгөөд энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Г.Х-ийн тайлбарыг дэмжиж байна. Аймгийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А/56 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй. Үүний цаана ард иргэд хохирч байна. Бизнес эрхлэгчдийн 1 тэрбум 200 сая төгрөгийн асуудал яригдаж байгаа юм. Худалдааны төв нь нийт 5 орчим тэрбум төгрөгөөр байгуулагдсан гэхэд хэцүү. Гэтэл бидний оруулсан хөрөнгө байхгүй болсон. Бидний худалдаж авсан газрыг аймгийн Засаг даргын Тамгын газар нэр дээрээ шилжүүлж авсан. Бид халуунд халж, хүйтэнд хөрч олсон ба мөн банкнаас зээл авч байж 1 тэрбум төгрөгийг бүрдүүлсэн. Бид газраа авна гэж бодож байгаа. Хэрвээ газраа авч чадахгүй бол оруулсан хөрөнгөө хүү алдангитай нь төрөөс буцааж авна гэв.
Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга Д.Ц, гуравдагч этгээд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймагт төрийн өмчийн хөрөнгөөр битүү худалдааны төв баригдсаны дараа Төрийн өмчийн хорооны 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор төрийн өмчид бүртгэж, Төрийн өмчийн хорооны 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1а/1853 дугаар албан бичгээр дээрх худалдааны төвийг төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэхээр аймгийн зүгээс санал тавьсныг дэмжиж Засгийн газар, Улсын их хуралд оруулах асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгааг уламжилсан.
О ХХК болон Э ХХК-ний хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу дээрх газрын Э ХХК-нийн 401 хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгөөр худалдан авсан бөгөөд тухайн үеийн Э ХХК-нийн гишүүд нь Э хоршоонд гишүүнээр элссэн эсэх нь тодорхойгүй юм.
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 5 дахь заалтад ...2013 оны 4 сарын 01-ний өдрөөс 2013 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл дээрх газар нь Засаг даргын Тамгын газрын мэдэлд байна, барилга ашиглалтанд орж хүлээлгэн өгснөөр Э ХХК-нийн мэдэлд шилжүүлэхээр заасан. Дээрх гэрээний дагуу уг газрыг Э хоршоонд шилжүүлээгүй, харин “Э” ХХК-нд шилжүүлэхээр тохиролцсон байдаг гэжээ.
Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Э” хоршооны нэхэмжлэлтэй захиргааны хэрэгтэй би Хууль зүйн хэлтсийн даргын ажлыг авахдаа танилцсан ба тухайн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн байсан бөгөөд түдгэлзүүлэх болсон үндэслэл нь арилсан тул миний зүгээс хүсэлт гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/56 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэжээ. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал одоогийн байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Цаг хугацааны хувьд газрыг “Э” хоршоод эсхүл хамтарсан аж ахуйн нэгжид шилжүүлэх нь нээлттэй болно. Уг захирамжаар “О” ХХК-ийн нийт 22135 м.кв газраас 10000 м.кв газрыг аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлж, үлдсэн 12135 м.кв газрыг “О” ХХК-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Учир нь битүү худалдааны төвийг улсын төсвийн 3.7 тэрбумын хөрөнгөөр баригдсан бөгөөд улсын төсвөөр баригдаж байгаа барилга, байгууламжийн доорх газар нь төрийн байгууллагын эзэмшилд байх ёстой ба үүний үндсэн дээр барилга, байгууламжийн зураг төсөл хийгддэг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилгад зураг төсөл заавал байх ёстой. Улсын төсвөөр зураг төсөл нь хийгдсэн учир улсын төсвийн хөрөнгө оруулалтыг авахын тулд уг барилгын газрыг нь аймгийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр захирамж гарсан юм. Улсын комисс нь төрийн байгууллагын өмчлөлд байгаа барилга, байгууламжийг хүлээж авдаг. Хувь хүний нэр дээр байсан бол хүлээж авах боломжгүй байсан. Ингээд тухайн үед харилцан тохиролцож, А/56 дугаар захирамжийг гаргасан байдаг. Түүнээс биш хоёр аж ахуйн нэгжүүд газар худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа нь буруу юм. Хамгийн гол нь улсын төсвийн хөрөнгө оруулалтыг татах зорилготой байсан. Уг газрыг тухайн үед аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд шилжүүлээгүй байсан бол барилгын зураг төсөл нь батлагдахгүй, төсөв нь орж ирэхгүй, худалдан авах ажиллагаа зарлагдахгүй байсан. Үүнээс хойш аймгийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сард А/164 дүгээр захирамж, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр захирамж гаргаж газрыг “Э” худалдааны төвийн лангуу эзэмшигчдийн дундын эзэмшилд шилжүүлсэн. Учир нь барилга байгууламжийг нийтийн эзэмшилд шилжүүлж байж улсын комисс барилгыг хүлээн авах ёстой байсан учир дээрх захирамжууд гарсан юм.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг “Э” хоршооны нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ байх ба гэрээнд нийт 22135 м.кв газраас 10000 м.кв газар нь уг газарт худалдааны үйлчилгээний барилга баригдах хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газарт байхаар шилжүүлсэн байдаг. Уг гэрээ нь Газрын тухай хуулийг зөрчсөн байна. Газар эзэмших эрхээ худалдсан болохоос газрыг худалдаагүй. Тухайн үед “Э” хоршооны үйл ажиллагааг жигдрүүлэх гэж Засаг даргаас хийж байсан үйл ажиллагаа их байдаг. Гэтэл уг барилга нь улсын төсвөөр байгуулагдсан учраас төрийн өмчид бүртгэгдэх ёстой байсан учир төрийн өмчид бүртгүүлж, үүний дараа орон нутгийн өмчид шилжүүлэх асуудал нь УИХ-аар шийдвэрлэгдэх ёстой болсон. Төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлж өг гэх шаардлагыг 2015 оноос эхлэн тавьсан. 2018 оны УИХ-ын ээлжит чуулганаар орон нутгийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтаар битүү худалдааны төвийг орон нутгийн өмчид шилжүүлэхээр 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 61 дүгээр тогтоол гарсан. Одоо орон нутгийн өмчид битүү худалдааны төв шилжиж ирснээр түүнийг хэрхэн ашиглах вэ гэдгийг тохиролцох боломж гарч ирсэн. Үүнийг дагаад бид газрын асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Орон нутгийн өмчид барилга байгууламж нь шилжиж ирэх болсон учраас төрийн болон хувийн аж ахуйн нэгжийн хамтарсан аж ахуйн нэгжид нь газрыг нь шилжүүлж өгье гэж шийдсэн. Одоо УИХ-ын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 61 дүгээр тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооноос тогтоол гарч, төрийн өмчийн хорооноос комисс ирж аймагт уг худалдааны төвийг шилжүүлж өгнө. Ингээд орон нутагт дээрх байгууламж нь шилжээд ирвэл “Э хүч” хоршоотой эзэмших хувиа тохирч, хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, уг хамтарсан аж ахуйн нэгжид газрыг нь шилжүүлэн өгч, удирдлага менежментэд орон нутгийн удирдлагуудаас оролцохгүй гэж бодож байгаа юм. Бид одоо өмнөх алдааг давтахгүй. Бид уг асуудлыг ирэх намар гэхэд шийдвэрлэж дуусгана. Одоо уг асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. Маргаан бүхий газар нь одоо аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байхгүй, хамгийн сүүлийн захирамжаар “Э” худалдааны төвийн нийт лангуу эзэмшигчдийн эзэмшилд шилжүүлсэн байгаа юм. Бидний зүгээс Засаг даргын А/56 дугаар захирамжийг түр түдгэлзүүлж өгнө үү гэж хүсэж байна. Бид энэ хугацаанд шинэ захиргааны акт гаргаж, шинээр хамтран байгуулагдсан аж ахуйн нэгжид шилжүүлж өгнө. Хэрвээ газар нь хоршооны нэр дээр байсан бол татварын асуудал гарах байсан. Мөн хоршооны нэр дээр газар нь байсан бол зураг төсөл нь зохиогдож, төсвийн хөрөнгө оруулалтыг татаж авах боломжгүй байсан. Бид орон нутгийн өмчлөлд худалдааны төвийг шилжүүлж авсны дараа нэхэмжлэгч нартай тохиролцоод явна. Газрын тухай асуудлыг бид шийднэ. Харин нэхэмжлэгч нар гэрээгээ шинээр засаж байгуулах ёстой. Өмгөөлөгчөөс зөвлөгөө авах хэрэгтэй. Бид орон нутаг болон хувийн хэвшлийн хамтарсан аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлнэ. Өмнөх аймгийн Засаг дарга нь газрын асуудлыг шийдвэрлэх гэж явсан ба бид мөн энэ асуудлыг шийдвэрлэх гэж өнөөдрийг хүрсэн. Орон нутгийн өмчид байгууламж шилжиж ирэхэд шинээр байгуулагдах хамтарсан аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлэхэд татгалзах зүйл байхгүй юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч “Э” хоршоо нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/56 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 10000 метр квадрат газрыг “Э” хоршоонд эзэмшүүлэх захирамж гаргахыг Ховд аймгийн засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий акт гаргасан он сар өдрийг андуурч бичсэн болохоо залруулж, Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/56 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/56 дугаар “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” захирамжаар “О” ХХК-ны 0233453 дугаартай Баатархайрхан багийн нутагт байрлах “Их буян” захын нийт 22135,17 м.кв газраас 10000 м.кв газрын газар эзэмших эрхийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Э” хоршоо нь “.... уг газрыг “Э” ХХК нь “О” ХХК-наас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 315 сая төгрөгөөр худалдан авсан. Гэрээний 5 дахь заалтад Худалдаан үйлчилгээний барилга баригдаж дуусах хугацаа болох 2013 оны 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл газар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр байна. Барилга ашиглалтанд орж хүлээлгэж өгснөөр буюу 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Э” ХХК-ны мэдэлд шилжихээр тохирч гэрээ байгуулсан. Гэтэл одоог хүртэл газрыг хоршооны нэр дээр шилжүүлэхгүй байна....” гэж маргаж байна.
Анх аймгийн Засаг дарга Д.Ц 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр задгай зах дээр бизнес эрхлэгчидтэй уулзахдаа битүү зах баригдсан тохиолдолд өмчлөлийн хэлбэр ямар байх, харьцаа хэрхэн шийдэх, газрыг хаана товлох асуудлыг ярилцсан байх ба өмчлөлийн хэлбэр нь төр 70 хувь, бизнес эрхлэгчид буюу олон нийтийн оролцоо 30 хувь байх хувилбар дээр тогтож зах дээрх бизнес эрхлэгч, иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр компанийн дүрэм баталж 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Ховд Э” ХХК байгуулж 000041373 дугаартай бүртгэлийн гэрчилгээ авч улсын бүртгэлийн 1611005038 дугаарт бүртгүүлж, 4073576 регистртэй болж, Ц.Энхтөрийг захирлаар томилсон байна.
“Ховд Э ” ХХК нь “О” ХХК-наас Баатархайрхан багт байрлах Их буян захын хашаанд байрлах 10000 м.кв газрыг 315 сая төгрөгөөр худалдан авч газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ба гэрээний 5-д “Нийт 222135.17 м.кв талбайгаас салгаж 10000 м.кв талбай нь худалдаа үйлчилгээний барилга баригдах хугацаа ба 2013 оны 04 дүгээр сарын 01-нээс 2013 оны 10 дугаар сарын 01-ний хооронд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд байна. ...2013 оны 10 дугаар сарын 01-нээс худалдаа үйлчилгээний барилга ашиглалтанд орж хүлээлгэн өгснөөр “Ховд Э” ХХК-ны мэдэлд шилжинэ” гэж гэрээ байгуулжээ.
Улмаар “Э” ХХК-ны 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 04 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан бичгээр тус компанийн захирал Ц.Энхтөр нь “.....10000 м.кв газрыг Засаг даргын Тамгын газрын мэдэлд түр шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг, “О” ХХК-ны 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар албан бичгийг гаргаснаар тус газрыг Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/56 дугаар захирамжаар “О” ХХК-наас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гаргасан байна.
Хэдийгээр газар эзэмших эрх шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан бөгөөд Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын эзэмшилд дээрх газрыг эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй, гэрээ байгуулаагүй болох нь шүүхээс тус газрын хувийн хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.
Уг захирамж гаргах болсон үндэслэл нь төрийн хөрөнгөөр баригдах барилга байгууламжийг хувийн эзэмшлийн газар дээр барих боломжгүй гэх үндэслэлээр тус газрыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд түр шилжүүлсэн талаараа хэргийн оролцогч нар тайлбарлаж байх ба маргаан бүхий акт болох Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/56 дугаар захирамж гарснаар Ховд аймагт барих “Худалдааны төвийн барилга”–ын зураг төсөл боловсруулах үндэслэл нь болжээ.
Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/497 дугаар “Улсын комисс байгуулах тухай” захирамжаар аймгийн төвд баригдсан битүү зах, худалдааны төвийн барилгын угсралтын ажлыг хүлээн авах комисс байгуулсан байх ба уг комисс 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03/2014 актаар “Энэ барилга байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж зориулалтаар ашиглахад боломжтой гэж үзээд захиалагч байгууллага болох “Э” ХХК-ны мэдэлд 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс ашиглалтанд оруулахыг зөвшөөрөв” гэсэн акт гаргаснаар битүү худалдааны төвийг ашиглалтанд хүлээн авсан байна.
Дээрх “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээнд зааснаар 2013 оны 10 дугаар сарын 01-нд худалдаа үйлчилгээний барилга ашиглалтанд орж хүлээлгэн өгснөөр “Ховд э” ХХК-ний мэдэлд газар шилжихээр заасан бөгөөд улсын комиссын дүгнэлтээр 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус худалдааны төвийг ашиглалтанд хүлээн авсан ба энэ цаг хугацаанаас аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд түр шилжүүлсэн 10000 м.кв газар нь “Ховд э” ХХК-нд буюу өөрчлөн байгуулагдсан “Ховд э” хоршоонд шилжихээр байна.
Өөрөөр хэлбэл “Ховд э” ХХК нь компанийн хэлбэрээ 2014 онд “Ховд э” хоршоо болгон өөрчилж хоршооны даргаар Г.Х-ийг томилж, улсын бүртгэлд өөрчлөлтийг бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар Компаний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Компанийг өөрчлөхөд түүний эрх, үүрэг, хариуцлага шинээр бий болж байгаа компанид шилжинэ” зааснаар “Ховд э” ХХК-ны эрх, үүрэг, хариуцлага “Ховд э” хоршоонд шилжижээ.
Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын ..., аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана”, 27 дугаар зүйлийн 27.2-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” гэж заасан тул “Э” хоршоо нь хуульд заасныг дагуу газар эзэмших эрхтэй байна.
Гэвч үүний дараа дээрх газрыг Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/614 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар “Э” худалдааны төвд лангуу, тасалгаа эзэмшигчдийн дундын эзэмшилд зориулан нийтийн эдэлбэр газар болгон шилжүүлж, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/306 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр байгаа Баатархайрхан багийн нутагт Их буян захын хашаанд байрлах 10000 м.кв газрыг “Ховд эе э” худалдааны төвийн нийт лангуу, павилон эзэмшигчдийн дундын эзэмшилд шилжүүлж, энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/614 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсон бөгөөд А/306 дугаар захирамж одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа, энэ талаар нэхэмжлэгч нар маргаагүй гэж хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч нар шүүх хуралдаан дээр тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Худалдааны битүү захын барилгыг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 61 дугаар тогтоолоор Төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлсэн. Одоо төрийн өмчийн газраас ажлын хэсэг ирж тус худалдааны төвийг орон нутгийн өмчид хүлээлгэн өгсний дараа газрын асуудлыг “Э хоршоотой хамтарсан шинэ аж ахуйн нэгж байгуулж, түүнд уг газрыг эзэмшүүлнэ. Энэ шинэ байгуулсан аж ахуйн нэгжийг “Э ” хоршооныхон удирдаад явах бүрэн боломжтой...” гэсэн эвлэрэх саналыг удаа дараа шүүх хуралдаан дээр илэрхийлсэн, Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 61 дугаар тогтоолоор Худалдааны битүү захын барилгыг төрийн өмчөөс аймгийн өмчид шилжүүлсэн зэргээс дүгнэхэд хариуцагч худалдааны битүү захын барилгыг орон нутгийн өмчид хүлээлгэн өгсний дараа өөрийн эрх хэмжээний хүрээнд Газрын тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн нөхцөл байдлыг сайтар судалж, нэхэмжлэгч “Э” хоршоотой харилцан тохиролцсоны үндсэн дээр газрыг хэрхэн эзэмшүүлэхээр дахин шинээр захиргааны акт гаргах ёстой тул уг актыг гартал Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/56 тоот захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу шүүх гаргасан шийдвэрээ биелүүлэх арга, журам, хугацааг тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн ба өөрөөр хэлбэл хариуцагч нь Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд болон холбогдох журамд нийцүүлэн шийдвэрээ гаргах боломжит хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гурван сар гэж үзэн, энэ хугацааны дотор зохих шийдвэрийг гаргасан байхыг Ховд аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох “Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/56 захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг шүүхээс түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн бусад шаардлага болох “10000 метр квадрат газрыг “Э” хоршоонд эзэмшүүлэх захирамж гаргахыг Ховд аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь нэхэмжлэлд дурдсан маргааны үйл баримтын талаар хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй нөхцөлд маргаан бүхий захиргааны актыг шууд хүчингүй болгох хуулийн зохицуулалттай болно.
Иймд маргааны үйл баримтын талаар захиргааны байгууллага өөрөө дахин авч үзэх шаардлагатай гэж шүүхээс үзэж байгаа нь маргаан бүхий захиргааны актын үр дагавартай холбоотой нэхэмжлэлийн бусад шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-дахь заалтыг төсөөтэй хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э ” хоршооны нэхэмжлэлд хариуцагчаас хэргийн нөхцөл байдлыг судалж, шинэ акт гарах хүртэл Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/56 дугаар захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 10000 метр квадрат газрыг “Э” хоршоонд эзэмшүүлэх захирамж гаргахыг Ховд аймгийн засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/56 дугаар захирамжийг хүчингүй болгохыг мэдэгдсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ