Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 638

 

                                                       Ж.М-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ж.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэг, түүний өмгөөлөгч А.Бүдханд,

шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Б.Оюунням,

иргэний хариуцагч Ц.Билэгдэл,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 587 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэгийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан давж заалдах гомдлоор Ж.М-д холбогдох эрүүгийн 1803000010043 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Од овгийн Ж.М-, 1988 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, хадам эцэг, ах, бэр, дүү нарын хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            Ж.М- нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 3-ны  өдөр 21 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Офицеруудын ордны зүүн замд Ц.Билэгдэлийн эзэмшлийн “Тоёота Приус 20” загварын, 79-22 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс П.Энхтуяагийн жолоодон явсан “Тоёота Веросса” загварын 82-08 УБР улсын дугаартай, Ж.Цэвэгмидийн жолоодон явсан “Тоёота Приус 11” загварын 76-76 УНЭ улсын дугаартай автомашинуудыг мөргөж, уг ослын улмаас “Тоёота Приус 20” загварын 79-22 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ц.Батбаярын амь нас хохирч, “Тоёота Веросса” загварын 82-08 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан /8 настай/ С.Ганбаганы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч П.Энхтуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота Веросса” загварын 82-08 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид нийт 4.905.000 төгрөгийн, “Тоёота Приус 11” загварын 76-76 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид нийт 628.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн Прокурорын газраас: Ж.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.М-г согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэг нь гэм хорын хохирол, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд, иргэний хариуцагч Ц.Билэгдэл нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Ж.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэгийн өмгөөлөгч А.Бүдханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэг нь гэм хорын хохирол болон насанд хүрээгүй охины тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 8.921.532 төгрөг, орон сууцны зээлийн төлбөр болох 53.000.000 төгрөг нийт 61.921.532 төгрөгийг гэм буруутай этгээд болон иргэний хариуцагч Ц.Билэгдэл нараас нэхэмжилсэн боловч шүүгч хохирлын асуудлыг бүрэн дүүрэн үнэлж хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Талийгаач Ц.Батбаяр нь ам бүл 3, сарын 1.200.000 төгрөгийн цалинтай, нийгмийн даатгалын шимтгэлд 11 хувь буюу 132.000 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 96.800 төгрөг тус тус төлдөг болох нь /хх-ийн 11-29/ нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул түүний охин Б.Ирмүүнбилэгт тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох 8.921.532 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж болох байсан. Талийгаач Ц.Батбаяр нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 105 дугаар байрны 84 тоот 52,29 мкв 2 өрөө орон сууцыг 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр худалдан авах зорилгоор Төрийн банкнаас 59.996.500 төгрөгийн ипотекийн зээлийг авч цалингаараа банкнаас гаргасан графикийн дагуу төлж байсан зээлийн асуудлыг шүүх огт үнэлж дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэг хүүхдээ харан ажил хөдөлмөр эрхлэлгүй, зээлийн байрандаа зээлийг төлөх эх үүсвэргүйгээр амьдарч байна. Иймд анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын асуудлыг бүрэн шийдвэрлэж чадаагүй тул шийтгэх тогтоолын 7 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нөхөр маань нас бараад 7 сарын хугацаа өнгөрсөн. Үүнээс болж ар гэрт маань нөхөж баршгүй гарз, хохирол учраад байна. Охин маань өсч томрохын хэрээр хэрэглээ нь ихсэж байгаа. Өнөөдөр тэжээгчээ алдсаны тэтгэвэр 280.000 төгрөгөөр тогтоогдсон боловч охин бид хоёрын амьдралд хүрэлцэхгүй байна. Мөн орон сууцны зээлийн төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдалд хүрлээ...” гэв.

Шүүгдэгч Ж.М-гийн өмгөөлөгч Б.Оюунням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Тэрээр өөрийн гэм бурууг ойлгон гэмшиж байгаа. Тухайн үед анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн амь хохирогчийн цалингийн талаарх нотлох баримтууд зөрүүтэй гэсэн үндэслэлээр тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн хохирлын асуудлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Харин орон сууцны зээлийн асуудлын тухайд гэвэл энэ талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байсан. Шүүгдэгчийн зүгээс амь хохирогчийн ар гэрт туслах боломжтой тухайгаа илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хохирогчийн эрх ашгийг зөрчсөн зүйлгүй байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Иргэний хариуцагч Ц.Билэгдэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх зүйлгүй...” гэв.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д заасан шаардлагыг хангаагүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой тул шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Ж.М- нь Ц.Билэгдэл, Ц.Батбаяр нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 21 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Офицеруудын ордны зүүн замд Ц.Билэгдэлийн эзэмшлийн “Тоёота Приус 20” загварын, 79-22 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс эсрэг урсгалд орж П.Энхтуяагийн жолоодон явсан “Тоёота Веросса” загварын 82-08 УБР улсын дугаартай, Ж.Цэвэгмидийн жолоодон явсан “Тоёота Приус 11” загварын 76-76 УНЭ улсын дугаартай автомашинуудыг мөргөж, уг ослын улмаас “Тоёота Приус 20” загварын 79-22 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ц.Батбаярын амь нас хохирч, “Тоёота Веросса” загварын 82-08 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан /8 настай/ С.Ганбаганы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч П.Энхтуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота Веросса” загварын 82-08 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид нийт 4.905.000 төгрөгийн, “Тоёота Приус 11” загварын 76-76 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид нийт 628.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэг /1хх-ийн 98-100/, П.Энхтуяа /1хх-ийн 88-94/, иргэний нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнэ /1хх-ийн 104-107/, иргэний хариуцагч Ц.Билэгдэл /1хх-ийн 123-127/, гэрч Ж.Цэвэгмид /1хх-ийн 128-129/, шүүгдэгч Ж.М- /1хх-ийн 124/ нарын зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл, уг ослын улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд /1хх-ийн 49/, жолооч, зорчигч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 53-59/, осолд өртсөн тээврийн хэрэгслүүдийг жолоодон явсан этгээдүүд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрсөн эсэх талаарх Замын цагдаагийн албан техникийн шинжээчийн №678 дугаартай дүгнэлт /1хх-ийн 230-231/,

- хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн №2387, 15021, 15016 дугаартай дүгнэлтүүд /1хх-178-179, 185, 187/, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээний тайлан /1хх-ийн 164, 171/ зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ж.М-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулж, хүний амь нас хохирсон хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болсон байна.

Шүүхээс Ж.М-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, ял эдлэх хорих байгууллагын дэглэмийг тогтоосныг хуульд нийцсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.М-гийн гэм буруутай үйлдлийн улмаас Ц.Батбаярын амь нас хохирч, П.Энхтуяа, С.Ганбагана нарын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан байх ба мөрдөн байцаалтын явцад, амь хохирогч Ц.Батбаярын оршуулгын зардал болон бусад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан материаллаг хохирол нөхөн төлөгдсөн байна.

Харин анхан шатны шүүх амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон гэм хорын хохирлыг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг нэг мөр хангаж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн нь ... шүүгдэгч эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэсэн шаардлагад нийцээгүй байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах шаардлагыг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.

Ц.Батбаяр, Б.Отгонцэцэг нар нь 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд Б.Отгонцэцэг нь амь хохирогч Ц.Батбаярын хууль ёсны эхнэр байх тул гэм хорын хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэж үзнэ.

Хэргийн материалаас үзэхэд, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Батбаярын Ирмүүнбилэгт Нийгмийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжид 280.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс сар бүр олгохоор шийдвэрлэсэн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэг нь эрхэлсэн тодорхой ажилгүйгээс байнгын цалин, хөлс орлогогүй, амь хохирогчийн охин Б.Ирмүүнбилэгийг асран хүмүүжүүлж байгаа, мөн орон сууцны зээлийн төлбөрт сар бүр 500.000 төгрөгийг төлдөг болох нь тогтоогдож байна.

Иймээс Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох 43.733 төгрөгийг амь хохирогчийн охин Б.Ирмүүнбилэгийг 18 нас хүртэл сар бүр /43.733 х 204 сар = 8.921.532/, мөн орон сууцны зээлийн үлдэгдэл 53.000.000 төгрөг /8.921.532 + 53.000.000 = 61.921.532/ нийт 61.921.532 төгрөгийг шүүгдэгч Ж.М-, иргэний хариуцагч Ц.Билэгдэл нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэгт олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.  

Давж заалдах шатны шүүх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тогтоохдоо: Амь хохирогчийн дундаж цалин, орлогыг ам бүлийн нэг хүнд ногдох хэсэгт хувааж, үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасаж /971.200 : 3 - 280.000 = 43.733/ 43.733 төгрөгөөр тооцсон болно.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэгийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэг нь цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ж.М- болон иргэний хариуцагч Ц.Билэгдэл нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 587 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 7 дахь заалтын “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэг нь гэм хорын хохирол, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд, иргэний хариуцагч Ц.Билэгдэл нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.” гэснийг “Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ж.М-, иргэний хариуцагч Ц.Билэгдэл нараас 61.921.532 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу Ж.М-гаас 30.960.766 төгрөгийг, Ц.Билэгдэлээс 30.960.766 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэгт олгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэг нь цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ж.М- болон иргэний хариуцагч Ц.Билэгдэл нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                   Д.МЯГМАРЖАВ

                                                                                                     Н.БАТСАЙХАН