Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00578

 

 

Т.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03001 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2423 дугаар магадлалтай,

Т.Хын нэхэмжлэлтэй

“ШЭЛС”д холбогдох

Ажилгүй байсан хугацааны олговорт 6 538 900 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ШЭЛС”д нарийн бичгээр ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас халагдсаны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж буцаад ажилдаа томилогдсон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар намайг Шинэ эхлэл сургуулийн нарийн бичгийн ажилд эргүүлэн томилж, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг талууд эс зөвшөөрч гомдол гаргаснаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны шийдвэр 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гарсан. Шинэ эхлэл сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/19 тоот тушаалаар намайг ажилд эгүүлэн томилсон. Шүүхийн шийдвэр гарч хариуцагч тал намайг ажилд эгүүлэн томилох хүртэл буюу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 7 сар 16 хоног /ажлын 165 хоног/ ажилгүй байсан хугацааны /7 сар х 869 095 = 6 083 665 төгрөг, ажлын 11 хоног х 41 385 = 455 235 төгрөг/ цалинд нийт 6 538 900 төгрөгийг Шинэ эхлэл сургуулиас гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Хын нэхэмжлэлтэй “ШЭЛС”д холбогдох хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2832 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн ба шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... хариуцагчаас 6 456 060 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох гэж заасан. Уг шийдвэрийг үл зөвшөөрч хариуцагч тал давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийг 103 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 1 778 612 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Магадлалыг Улсын дээд шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 641 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан өдрөөс эхлэн хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх нөхцөл байдал үүссэн. Энэ өдрөөс хариуцагч тал нэхэмжлэгчтэй уулзаж шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр түүний 95551500 дугаарын утсаар холбогдох гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Түүний өмгөөлөгчөөс 98820232 дугаарын утастай гэж мэдээд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр холбогдож, мөн оны 06 дугаар сарын 07-ны өдөр Т.Х ажилдаа эргэж орох тухай хүсэлт гаргаж, мөн сарын 11-ний өдөр түүнийг тушаал гаргаж ажилд нь томилсон. Иймд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03001 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “ШЭЛС”иас 1 455 228 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ход олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 083 672 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 119 572 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38 572 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2423 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03001 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ШЭЛС”иас 6 346 411 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ход олгож, уг мөнгөнөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 192 489 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг 38 572 гэснийг 116 492 гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг хяналтын гомдолдоо: Магадлал хууль ёсны бегөөд үндэслэл бүхий болоогүй учир дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Өмнө нь Т.Хын нэхэмжлэлтэй, “Шинэ эхлэл” Олон улсын лаборатори сургуульд холбогдох иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2832 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, нэхэмжлэгч болон хариуцагч аль аль талаас давах болон хяналтын гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 641 дүгээр тогтоолоор хянаж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг тогтоол гарснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээрх иргэний хэргээр зөвхөн хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтныг хүсэлт гаргасны дагуу ажилд нь эгүүлэн авах үндэслэлтэй эсэх асуудлыг шийдвэрлэж, хүсэлт гаргасан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчаас уг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Нөгөөтэйгүүр дээрх шийдвэрээр нэхэмжлэгч Т.Хыг ажилд нь эгүүлэн тогтоосон боловч тэрээр тухайн ажлын байранд ажиллах хүсэл сонирхолгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар мөн тогтоогдсон. Тодруулбал, Т.Х нь хүүхэд асрах чөлөө авсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн, түүний ажиллаж байсан нарийн бичгийн ажлыг өөр хүн түр хийж байсан учир тэрээр дээрх шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсноос хойш ажилдаа хэзээнээс орох боломжтой талаараа хүсэлт гаргах ёстой байсан ч хүсэлтээ гаргаагүй, харин ч шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хариуцагч байгууллагаас удаа дараа түүнтэй холбогдохоор түүний бүртгэлтэй утас руу холбогдож байсан боловч утас нь холбогддоггүй байсан. Энэ нь хэрэгт авагдсан сургуулийн 2 удаагийн хуралдааны тэмдэглэл, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн “...шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацаанд хөдөө байсан...” гэх тайлбар болон 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ажилд орох хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогддог. Үүнээс гадна түүнийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар түүнийг ажилд нь томилсон байхад тэрээр 1 өдрийн дараа буюу 06 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу түүнийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан бөгөөд үүнээс харахад тэрээр нарийн бичгийн ажилдаа ажиллах сонирхолгүй байсан болох нь мөн тогтоогдож байгаа болно. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу захирлын тушаалаар ажилдаа томилогдож, нарийн бичгийн ажлыг хүлээн авч, ажлаа хийгээгүй байхад энэ хугацааны цалинг олгох ямар ч боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчийг ажилд томилсон 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртлэх хугацаанд хариуцагч байгууллага нь түүний нийгмийн даатгалын шимтгэлийг хүүхэд асарсны чөлөөтэй байгаагаар төлж байсан. Дээрх байдлаар хариуцагч нь хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, нэхэмжлэгчийг ажилдаа орох хүртэл хугацаанд хариуцагчийн буруутай үйлдэл байхгүй байхад давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтын дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Т.Х нь “ШЭЛС”д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 6 538 900 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч маргаж, шүүхийн шийдвэр гарсны дараа Т.Х ажилдаа эргэн орох талаар хүсэлт гаргаагүй, шийдвэрийг биелүүлсэн гэсэн үндэслэл заажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 1 455 228 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулж, хариуцагчаас 6 346 411 төгрөгийг гаргуулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02832 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 103 дугаар магадлал, Улсын Дээд шүүх 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/00641 дүгээр тогтоолоор Т.Хыг “ШЭЛС”ийн нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны 1 778 612 төгрөгийн олговрыг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

“ШЭЛС” шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/19 тоот тушаалаар нэхэмжлэгчийг нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн томилсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны олговор нь ажил олгогчийн хууль бус тушаал, шийдвэрийн улмаас ажилтан албан үүргээ гүйцэтгэж, авах байсан цалин хөлсөө авч чадаагүй учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүртэл хугацаанд гаргуулах цалин хөлс байдаг тул ажилгүй байсан хугацааг  ажил олгогчийн хууль бус тушаал гарч, ажилтан ажиллаагүй үеэс ажилд эгүүлэн тогтоолгох хүртэл хугацаагаар тодорхойлох ёстой байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 11 хүртэл байхад анхан шатны шүүх хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан өдрөөс хойш тогтоосон нь хууль зөрчжээ.

Нэхэмжлэгч нь ажилдаа эргэн орох хүсэлт гаргаагүй, шүүхийн шийдвэрийг өөрөө биелүүлээгүй гэх байдлыг хариуцагч баримтаар нотлоогүй тул “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2423 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116 492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА