Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/848

 

 

 

 

  

 

 

 

 2021        07           23                                  2021/ШЦТ/848

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э,

Шинжээч эмч Ц.Г, Ц.Н /онлайн/,

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч А.Туул, Х.Цэцэгхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Г-гийн Б-д холбогдох эрүүгийн 2003 00000 0456 дугаартай хэргийг шүүх 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар төрсөн, 36 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ДЮЦ” ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цэн 1-44 Г тоотод, оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар 00000000, Б овогтой Г-гийн Б.

 

/Холбогдсон хэргийн талаар/

 

Шүүгдэгч Г.Б 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөний хойд замд “ДЮЦ” ХХК-ийн эзэмшлийн Daewoo BS106 маркийн 0000 улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Х.Н-г мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “…2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 цаг 30 минутын алдад зүүн дөрвөн замаас дээшээ сансрын түнэл рүү  өгсөж яваад буудал дээр зогсоод эвтэй дөрвөн амьтнаар зүүн эргэх гээд баруун талын хөдөлгөөнөө хараад зүүн эргээд ортол хохирогч миний урд явж таарсан. Тэгээд би эмнэлэг цагдаа дуудсан... Гэм буруутай гэдгээ ойлгож байна. Миний эрхийг хасахгүй байж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э мэдүүлэхдээ: “...Тухайн үед хориотой байсан боловч нийтийн тээврийн үйлчилгээ хуваариар явдаг байсан. Тэр үед автобус явж байсан учраас иргэд явж болно гэсэн үг юм. Миний ээж тэр үед тэтгэврээ авах гээд явж байсан. Миний ээжийн бие маш муу байгаа юм. Шүүгдэгч бол маш соёлгүй, зальтай, муу хүн байсан. Ээжийг нь гэмтлийн эмнэлэгт байхад нэг удаа очоод байхгүй. Би аргаа бараад залгатал ярихын завдалгүй урдаас доромжилж байсан. Надад орлого байхгүй гэж хэлсэн. Би тэр үед өөрийг нь ямар хүн бэ гэдгийг ойлгосон. Маш их доромжилсон байдал одоо болтол үргэлжилж байна. Хүндэвтэр гэмтэл гэж доромжилсон. Би гомдол гаргаад хүнд гэмтэл гэж өөрчлөгдсөн. Би хавтаст хэрэгт итгэхгүй байна. А гэдэг хошууч юу ч хийдэггүй. Пүрэвсүрэн шүүгчийн нэр солигдлоо гээд хууль өөрчлөгдөхгүй. Би хэргээр солиогүй юм. Ийм байна гээд өөрт нь үзүүлээд цагдаад үзүүлэхэд доромжлоод байдаг. Хохирсон байгаа хүнд үе байна. Надаас маш их зардал гарсан. Манай улсад НӨАТ-ын баримт өгөхгүй байна. Гэмтлийн эмнэлэгт зүрхний эхо бичлэг хийлгэсэн баримт өгөөгүй. Би аргаа бараад А гэх мөрдөгчид гэмтлийн эмнэлгийн тэрийг шалгаад өгөөч гэж хэлэхэд шалгадаггүй. Би бусдыг нь хаанаас нь хайгаад олохгүй байна. Цагдаа нь ажлаа хийдэггүй, прокурор нь ажлаа мэддэггүй. Хэрэг хаагаад яллах дүгнэлт бичээд ороод ирдэг. Би улсын яллагчид маш их гомдолтой байна. Цагдаа нь юу ч хийдэггүй. Монгол Улсыг сүйрүүлж байгаа байгууллага нь цагдаагийн байгууллага. Би цагдаатай биечлэн уулзаад гуйсан байхад хуулийн дагуу явагдаагүй. Би хавтаст хэрэгтэй нарийн танилцаагүй. Манай эрүүгийнхэн арай дэндүү байсан. Би иргэн захиргаагаар голлож явдаг. Иргэн, захиргааны шүүх нарын байдаг. Цагдаа, прокурорт маш их гомдолтой байна. Миний ээж хүнд гэмтэлтэй. Нэг сүүж нь цоорсон. Цагдаа намайг, миний ээжийг доромжлоод байгаа юм. 13.000.000 төгрөгийн хохирол байгаа юм гэж цагдаад хэлсэн. Миний ээж социализмын үед баазад хэлтсийн дарга байсан. Шүүгдэгчийг жолооч гээд өрөвддөг. Би цагдаад 13.000.000 төгрөгийн хохирол байгаа гэж хэлээд байхад Солонгос улс руу явчих гэж хэлээд байдаг. Би аргаа бараад цагдаад Солонгос улс гэдэг нь хол байдаг. Бид нарын үзүүлэх гээд байгаа хөх хот эрээний цаана байдаг гэж хэлж доромжилж байгаа юм. Солонгосын эмчилгээ дэндүү үнэтэй байдаг. 130.000.000 төгрөгтэй байсан ч эмчлэхгүй. Хөх хотын 13.000.000 төгрөгийн эмчилгээнд явъя гэж байна. Ээжийн найз эмчилгээний зардалд тусалъя гэж байхад би ийм балайр хүнтэй таарсандаа дургүй хүрч байна. Би маш их гомдолтой байна. Би автобус компанийн удирдлагатай уулзаж үзээгүй. Би баримтыг олж чадахгүй бачимдаад яваад байна. Баримт өгдөг газар байдаггүй. Баримт олдохгүй байна. Би цагдаад шалгаж өгөөч гэж цагдаад хандсан. Баримт олдоогүй учраас авч ирж чадаагүй... Би тээврийн жолооч 18 жил хийсэн. Би олон жил жолооч хийсэн. Шүүгдэгчийн буруутай үйлдэл байгаа. Миний хохирол гарахгүй бол би гомдолтой байна. Би цагдаад хохирол гарвал хүнтэй зарга хийгээд байх бодол алга хурдхан ээжийгээ эмчлүүлэх хүсэлтэй байна гэдгээ хэлсэн. Хэрэв гарвал эрхийг нь хасаад байх хэрэггүй, байгууллагад гомдол гаргаад байх хэрэггүй гэж хэлсэн. Би буруутан болоод шуналтай хүн шиг харагдаж байна. Хэрэв хохирол гарахгүй бол хэргийг нэмэлт ажиллагаанд буцааж өгөөч гэж хүсэж байна. Хогийн ажлаа хийж чаддаггүй цагдаагаас болж би муухай харагдаж байна. Монголын цагдаа юу ч хийдэггүй. Баримтуудыг цагдаагаар шалгуулах хүсэлтэй байна. Надад баримтууд байна. Хүнсний дэлгүүрийн жижиг баримтуудыг цуглуулъя гэж бодоогүй. Би тэрийг хэрэггүй байх гэж бодож байна. Эмнэлгийн эм тангийн талаар өгөхгүй байна. Цагдаа үүнийг хийх ёстой. Цагдаа юу ч хийгээгүй. Гэмтлийн эмнэлгийн тодорхойлолтыг хөөгөөд өгөөч гэж хүсэж байна. Би үүнийг цагдаагаар шалгуулмаар байна. Би энэ хавтаст хэргийг хууль бус гэж бодож байна. Би маш их гомдолтой байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.Н мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн тогтоолын дагуу Х.Н-ийн биед үзлэг хийж өвчний түүх, мэс заслын тэмдэглэл зэргийг үндэслэж дараах дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтэд Х.Н-ийн биед зүүн дунд чөмөг ясны зүүн хэсгийн далд хугарал, дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саармагжуулах тул гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт гаргасан. Эрүүл мэндийн сайд болон хууль зүйн сайдын хамтарсан журмын 3.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дунд чөмгөний хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт хамааруулж үзнэ. Дунд чөмөг ясны бүдүүн хэсгийн хугарал хүнд ангилалд хамаарахгүй учраас хүндэвтэр гэмтэлд хамааруулж авч үзсэн. Хүндэвтэр зэрэг гарсны дараа хагалгаанд орсны дараа гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Ясны хугарлыг ил болон далд хугарал гэж ангилдаг. Яагаад хүнд зэрэг гаргасан бэ гэдгийг дүгнэлт гаргасан шинжээч нараас асуух хэрэгтэй. Бид нар дураараа гэмтлийн зэрэг гаргадаггүй. Журмын дагуу дүгнэлт гаргадаг. Х.Н-ийн биед бүдүүн хэсгийн хугарал гэмтэл гарсан. 3.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэдэг нь өөр гэмтэл.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.Г мэдүүлэхдээ: “...Х.Н-ийн зүүн дунд чөмгөний хүзүү хугарсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6 дугаар зүйлийн 2 дахь заалт байдаг. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах учраас хүнд зэрэгт хамаарч байгаа юм. Онош нь өөрчлөгдөөгүй. Дунд чөмгөний хүзүүний хугарал гэх оношоор хагалгаа хийсэн. Хүн толгой хэсгээр цусан хангамж авдаг. Уг гэмтэл хэвийн байдалдаа орохгүй. Хагалгаа хамааралгүй, анхны оношоор дүгнэлт гарсан. Уг оношоор эмчлэгдсэн. Дунд чөмгөний хүзүү хэсгийн хугарал хүнд зэрэг болоход 4 шалгуур шаарддаг. Үүний нэг нь хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр алдагдуулах шалгуурт орж байгаа юм. Их хэмжээгээр хөдөлмөрийн чадвар алдагдах учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хавтаст хэргийн материал болон өвчний түүхийг үндэслэж дүгнэлт гаргасан гэв. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан шинжээч Ц.Нийн дүгнэлт үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг бид гаргасан. Өөрсдийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /16/, хохирогч Х.Н-ийн өгсөн мэдүүлэг /хх-18-19/, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 357 дугаартай шинжээчийн дүгнэлт 203-206/, шинжээчийн өгсөн мэдүүлэг /хх-211-212/, мөрдөгчийн магадалгаа /51-52/, шүүгдэгч Г.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-74/, шинээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-гийн зүгээс гаргасан хохирол нэхэмжилсэн 1 хуудас, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн үйлчилгээний газарт хүргүүлсэн мэдэгдэл 6 хуудас  зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Г.Б 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөний хойд замд “ДЮЦ” ХХК-ийн эзэмшлийн Daewoo BS106 маркийн 0000 улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Х.Н-г мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Н-ийн өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутын үед би ганцаараа Баянзүрх дүүргийн Сансрын эвтэй 4 амьтантай хөшөөний арын замаар урдаасаа хойшоо зам хөндлөн гарч явтал урдаасаа баруун тийшээ эргэсэн автобус баруун урд хэсгээрээ миний баруун бие хэсэг рүү мөргөсөн. Миний бие зүүн талаараа газар унасан ...” гэх мэдүүлэг /хх-18-19/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчийн төлөөлөгч Т.Загдрагчаагийн өгсөн: “...Компаний зүгээс хохирогчтой уулзаагүй байгаа. Утсаар манай жолооч ярьсан гэсэн. Хохирогч эхлээд уулзана гэж байгаад сүүлдээ манай хүүхэдтэй уулз гэж хэлсэн. Манай зүгээс хохирлыг даатгалаас тодорхой хувийг, үлдсэн хувийг нь компанийн зүгээс төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-24/, 

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дүгээр сарын 14-ны өдрийн 357 дугаартай дүгнэлтэд:

1. Н-ын биед зүүн дунд чөмөгт ясны хүзүүний хэсгийн хугарал, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Зүүн дунд чөмөгт ясны хүзүүний хэсгийн далд хугарал нь 2014.12.05-ны өдрийн А/16/422/, Хуул зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 3.6.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Зүүн шилбэний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Нармандах нь өнөөдрийг хүртэл хугацаанд хэвтрийн байдалтай байгаа нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-206-209/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б-гийн яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд би ДЮЦ ХХК-ийн эзэмшлийн Daewoo маркийн 0000 улсын дугаартай автобустай, Баянзүрх дүүргийн сансрын эвтэй 4 амьтантай уулзвараар урдаасаа зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр баруун гар тийш 100 чиглэлтэй эргэх үйлдэл хийх үедээ урдаасаа хойшоо зам хөндлөн гарч явсан эмэгтэй хүнийг мөргөсөн. Тухайн үед би Сансарын Тунелын автобусны буудал дээр зогсож хүмүүсээ буулгачхаад 100 айл руу явж байсан юм. Осол болохын өмнө Сансарын эвтэй 4 амьтантай уулзвар луу явсан байсан юм. Осол болохын өмнө Сансарын эвтэй 4 амьтантай уулзав руу урдаасаа хойшоо явж очоод зүүн гар тийшээ буюу ертөнцийн зүгээр баруун тийш 100 айл руу эргэх үедээ зүүнээсээ баруун тийшээ явж байсан автомашинуудыг харж уулзвар луу орох үедээ урдуур нь зам хөндлөн гарч явсан хүнийг харалгүй мөргөсөн ...” /хх-73/ гэх мэдүүлэг,  

 

Мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 233 дугаартай дугаартай магадалгаанд:

     1...” Daewoo BS106 маркийн 0000 улсын дугаартай автобусны жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн
хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Х.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний гарч буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн нь үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /хх-52/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэргийн газарт хэмжилт хийсэн бүдүүвч зураг /хх-6-11/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-15/,

Хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-16/,

“Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 888110 дугаартай дүгнэлт /хх-45-48/,

Гэмтэл Согог судлалын Үндэсний төвөөс ирүүлсэн Х.Н-д ирүүлсэн өвчний түүх /хх-61-69/,

Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-120-129/,

           Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-14, 116/,

Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-74/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Б-гийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөний хойд замд “ДЮЦ” ХХК-ийн эзэмшлийн Daewoo BS106 маркийн 0000 улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Х.Н-г мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

         

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

         

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Н нь баримтаар 1.893.475 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Г.Б-гийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 1.900.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.Н-д шилжүүлэх нь зүйтэй байна.

 

            Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-гийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн гэм хорын хохирол, нөхөн төлбөртэй холбоотой нийт 13.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

            Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж хуульчилсан байх тул хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн гэм хорын хохирол, нөхөн төлбөр, эмчилгээний зардалтай холбоотой зардлыг иргэний хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хариуцагч “ДЮЦ” ХХК нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

            Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг баримтаар нөхөн төлсөн, хохирогчийн буруутай үйлдэл байсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Г.Б-д ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг  нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ял шийтгэлийг оногдуулахаар тогтов.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

 

Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтын хэмжээнд барагдуулсан, хохирол төлөхөө илэрхийлсэн бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна. 

 

          Иймд шүүгдэгч Г.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаарх маргаагүй хүлээн зөвшөөрсөн учир түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Мөн шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.2-д заасан “гэмт хэргийн хор уршгийн талаар арга хэмжээ авах” үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, шүүгдэгчийн В, С, Д ангиллын 254929 дугаартай жолоочийн үнэмлэхийг Лизенцийн төвд шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгахаар тогтов.

 

            Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэж байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Г-гийн Б-г авто тээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

          4. Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.2-д заасан “гэмт хэргийн хор уршгийн талаар арга хэмжээ авах” үүргийг хүлээлгэсүгэй.

 

          5. Г.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, шүүгдэгчийн В, С, Д ангиллын 254929 дугаартай жолоочийн үнэмлэхийг Лицензийн төвд шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

7. Хохирогч Х.Н болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Э нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын болон зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хариуцагч “ДЮЦ” ХХК, болон Г.Б нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хариуцагч “ДЮЦ” ХХК нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шүүгдэгч Г.Б-гийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 1.900.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.Н-д шилжүүлсүгэй.

 

          10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Г.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

      13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,                                     Э.ЧИНГИС

                      ШҮҮГЧ