Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 153

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Шүүгч Г.Алгирмаа би, Дорноговь аймаг * тоотод оршин суух Г овогт С. М /РД: */-ийн нэхэмжлэлтэй Дорноговь аймаг *багт оршин суух У овогт И. И /РД: */-д холбогдох 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.И нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр миний өмч болох хээлтэй хонгор гүү, даагыг хулгайлан авч зарж борлуулсан билээ. Иргэн И.И, эхнэр Б нартай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр харилцан тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 1,000,000 төгрөг, даагыг авахаар гэрээ байгуулсан. Би мөнгөө авах гэж олон удаа уулзсан боловч 2016 оны 04 дүгээр сард 100,000 төгрөг өгөөд дахиад юу ч өгөөгүй. Хүний эд хөрөнгийг санаатайгаар хулгайлсан И.И хулгайн гэмт хэргийн улмаас миний эд хөрөнгөд учирсан хохирол болох хээтэй гүүний үлдэгдэл төлбөр 900,000 төгрөг, соёолон насны адууны үнэ 400,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагаа 400,000 төгрөгөөр багасгаж, И.И 900,000 төгрөгийг өгнө гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. И.И нь 400,000 төгрөгийг өөрт хамааралгүй гэж бичсэн байна. Иймээс уг асуудлыг Цагдаагийн байгууллагаар шийдүүлж хэн буруутайг нь тогтоолгоно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.И шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь адууны үнэ 1,000,000 төгрөгийг өгөх ёстой байсан бөгөөд үүнээс 100,000 төгрөгийг С.М өгсөн тул одоо 900,000 төгрөгийг л өгнө. Харин дааганы үнэ 400,000 төгрөгийн тухайд мэдэхгүй. Яаж үхсэн байсныг харж үзсэн хүн байгаа гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч И.И холбогдуулан 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч С.М нь нэхэмжлэлийн шаардлагаа 400,000 төгрөгөөр багасгаж, 900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч И.И төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч И.И нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 900,000 төгрөгийг нэхэмжлэгч С.М төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн багасгасан шаардлагын улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,750 төгрөгийг улсын орлогоос, 13,750 төгрөгийг хариуцагч И.И тус тус гаргуулж нэхэмжлэгч С.М олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийн үлдэх хэсэг буюу 22,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч И.И нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.АЛГИРМАА