| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0142/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/133 |
| Огноо | 2021-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/133
2021.07.02 2021/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0142/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ш.Б холбогдох 2139000900131 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ш.Б нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.О-тэй малын цалин хөлсний асуудлаас шалтгаалан маргалдаж улмаар Л.О-ийн нүүр болон толгойн хэсэгт 5-6 удаа гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь нүүрний зөөлөн эдийн няцралт, цус хуралт, уруулын салстын язралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч Ш.Бнь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Л.О-ийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 02 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед хонио эргэхээр хөрш айл болох Б-гийн гэрт орсон юм. Гэтэл Б00 цаг хүртэл хонио харъя тэр болтол пиво ууж сууя гэж хэлсэн, тэгэхээр нь би зөвшөөрөөд Б-гийн гэрт Б түүний эхнэр Энхцэцэг бид 3 том савтай Сэнгүр пиво хувааж уугаад байж байтал дахиад 1 шил Улаанбаатар архи гаргаад ирэхээр нь би архи уудаггүй юм аа гэж хэлээд амсаад өгтөл тавьж байгаад уучих гээд Б эхнэрийнхээ хамт шахаад байсан. Тэгээд архи дуустал Б дахиад 1 шил архи гаргаад ирсэн. Тэгээд тэр архинаас би уугаагүй юм, тэгтэл удалгүй Б би танай малыг өвөлжөөндөө байлгаж байгаа танайх их малтай манайх цөөхөн малтай манай малыг та нар үнэгүй харах ёстой гэж хэлээд над руу гараа зангидаад пизда минь гээд орилоод байхаар нь гар руу нь түлхтэл миний нүүр болон толгойн хэсэг рүү 5-6 удаа гараараа цохьсон. Тэгтэл Б-гийн эхнэр бид хоёрыг салгатал Б эхнэрээ үсдээд урдаа дарчихсан байсан. Тэгээд манай охин Батхишиг намайг салгаад аваад гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Гэрч О.Батхишигийн өгсөн:...Шөнө унтаж байхад 01 цагийн орчим байх Б-гийн Мягмардарь ганцаараа манайд ирээд манай гэрт зодоон болоод байна гэж хэлсэн, яасан юм гэж Мягмардариас асуухад манай аав Б ээж, О эгч хоёрыг үсдээд өвдгөн доороо дарчихаад босгохгүй байна гэж хэлсэн. Би тэгээд Мягмардарийн хамт Б-гийнд хамт очсон. Намайг очиход Энхээ газар хэвтэж байсан. Бнь манай О-ийг заамдаад тавихгүй байсан. Ээж О шанага аваад Б-ийг цохисон, би ээж О-ийг салгаад гэртээ ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/
Гэрч Б.Энхцэцэгийн өгсөн:...Би 2021 оны 02 сарын эхээр нөхөр Б-гийн хамтаар Багануур дүүрэгт явж ирсэн. Би Багануур дүүргээс 1 шил архи, 1 ширхэг пиво худалдаж авсан юм. Манай зүүн талд байдаг Одхүүгийн эхнэр Отгоо гэх хүн манайд ганцаараа ирсэн. Би Отгоод 1 ширхэг пиво гаргаж өгөөд Батзориг, О бид гурав хувааж уусан. Пиво ууж дуусаад О манайд монгол архи байгаа гээд явсан. Тухайн үед 20 цаг өнгөрсөн байсан. О гэрлүүгээ явж ирээд 1.250 грамм савтай монгол архи авчирсан. Тэр монгол архины талыг нь хүртэл ууж байгаад би Багануур дүүргээс авчирсан 0.5 граммтай Улаанбаатар архийг гаргаж өгсөн. Тэр архийг ууж байгаад би согтоод унтаад өгсөн байсан. Намайг унтаж байхад хүн орилоод байсан, намайг сэрсэн Огалын хайч барьчихсан манай нөхөр Б-ийг цохиж байсан. Би галын хайчийг нь аваад шидсэн. О шанага аваад Б-ийг цохисон О-ийг хорьж дийлэхгүй байсан тул охин Мягмардарийг Оийн гэр рүү явуулж хүүхдийг нь дуудаж ирүүлсэн. Оийн охин нь ирээд О-ийг аваад явсан...Оийн нөхөр Одхүү нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл манай малыг малласан юм. Одхүүд 300.000 төгрөг өгсөн...манай нөхөр хөлөө хугалсан байсан тул Одхүү манайд тус болж байсан. Одхүүгийнх 2020 оны намар анх манайхтай ойрхон нутаглаж байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/
Насанд хүрээгүй гэрч Б.Мягмардарийн өгсөн:...2021 оны 02 дугаар сарын 21-ний орой би өдөр хонинд явж ирчихээд гэртээ унтаж байсан юм. Тэгтэл нойрон дунд хүн орилоод байх шиг болохоор нь сэрээд хартал Л.О гэх эгч галын хайч барьчихсан манай аавыг цохиод байхаар нь би ноцолдож байгаад галын хайчийг нь аваад гэрийн хаалгаар гаргаад гадагш шидчихээд эргээд хартал Л.Онь манай тогооны тавиур дээр байсан 3 хувинтай усыг татаж асгаад хананд байсан шанага аваад аав руу дайраад байхаар нь ээж урдуур нь ортол ээжийн гар руу цохиж зуух руу түлхэж унагасан. Тэгээд ээж намайг миний охин гэрт нь очоод охиныг нь дуудаад ир гээд явуулсан юм. Тэгээд би хөрш айлдаа ороод Л.Огэх хүний охин О.Батхишиг эгчийг дуудаад ээжийг нь өгөөд явуулсан...гэх мэдүүлэг / хх-ийн 57 хуу/
Гэрч Б.Одхүүгийн өгсөн:...би Батзоригтой уулзах гэтэл тасраад унтаж байна гэхээр нь эхнэр Энхцэцэгээс юу болсон талаар асуухад Бсогтуудаа бид хосрыг зодсон, надад учирсан гэмтэл байхгүй, толгой л өвдөж байна гэж байсан... Намайг эзгүй үед ийм асуудал болсон байсан...манай эхнэрийн баруун талын нүд нь улайж хөхөрч хавдсан, мөн зүүн талын шанаа нь хөхөрч хавдсан, уруулын баруун хэсэг нь хөхөрч язарсан шарх үүссэн байсан. Өөр гэмтэл шарх учраагүй байсан...манай эхнэрийн ярьснаар цалин нэхлээ гэж зодсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 204 дугаартай дүгнэлт:
1. Хэнтий аймгийн ШША-ны шинжээчийн 2021.02.16-ний өдрийн 97 дугаартай дүгнэлтэд гэмтлийн зэргийг үндэслэл муутай тогтоосон байна.
2. Л.О-ийнбиед нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстын язралт гэмтлүүд учирсан нь тогтоогдсон байх бөгөөд эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт / хх-ийн 40-42 хуу /
Ш.Б-гийн яллагдагчаар өгсөн:..Миний хувьд санаатай О-ийг цохиж зодсон асуудал байхгүй ээ. Л.Оөөрөө л намайг цохиж зодох гээд над руу дайраад байхаар нь л би өөрийн биеэ хамгаалсан юм... санаатай хөнгөн хохирол учруулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 68 хуу/
Ш.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн /85 хуу/
Ш.Бнь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 89-90 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Б-тхолбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ш.Бнь 2021 оны 02 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Амгалан даваа гэх газар байх гэртээ согтуурсан үедээ хохирогч Л.О-тэй маргалдаж нүүрэнд нь гараараа цохиж нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстын язралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Хохирогч Л.О-ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ш.Б нь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Л.О, гэрч О.Батхишиг, Б.Одхүү нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ш.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Ш.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгйн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Л.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэл гаргаагүй, хэргийн материалтай танилцах үедээ “санал хүсэлт байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ш.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ш.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ