Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг * тоотод оршин суух Г овогт Ц. С /РД: */-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цэцэрлэгт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,029,788 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн төлөөлөгч Х.Батчимэг, нарийн бичгийн дарга У.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цэцэрлэгт 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн багшаар ажилд орсон бөгөөд Уг ажилд орсноос хойш өөрийн хуваарьт ажлыг хангалттай сайн гүйцэтгэж байсан. Гэвч намын шугамаар хуучин ажиллаж байсан эрхлэгч нь солигдож эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажилд томилогдсон Х.Б 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б/03 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Учир нь уг тушаалдаа намайг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, албан тушаалд тэнцэхгүй, ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангахгүй гэсэн байсан. Миний хувьд ажил үүргээ гүйцэтгэхийн хажуугаар сурч боловсорч мэргэжил эзэмших боломж нөхцөл их байна. Мөн миний оронд ажилд авсан хүн нь биеийн тамирын багш мэргэжилтэй хүн байна. Иймд миний хөдөлмөрлөх эрхийг сэргээж ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2,029,788 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажилласан бөгөөд өмнөх эрхлэгч Д.Э нь Ц.С 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүлгийн багшийн ажилд томилсон тушаал гаргасан. Д.Э нь Ц.С ажилд томилохдоо түүнд бүлгийн багшийн ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй мөн түүнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байсан болно. Ц.С нь нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд өмнө нь Сайхандулаан сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 216 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудад заасан үндэслэлээр ажлаас халагдсан байсан. Ц.С бүлгийн багшаар ажиллаж байх хугацаанд дээрх үндэслэлээр халагдсаныг мэдээгүй байсан ба Ц.С дуудаж Д.Э эрхлэгч тантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх ба таны өмнөх ажлаас чөлөөлөгдсөн тушаал чинь хэрэгтэй байна гэхэд би өмнөх ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн надад тэр тушаал байхгүй гэж худал хэлж байсныг сүүлд мэдсэн. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3/2117 дугаартай албан бичигт Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болон цэцэрлэгийн бүлгийн багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан боловсон хүчнийг авч ажиллуулахыг даалгасан байсан. Одоо Ц.С оронд бүлгийн багшаар ажиллаж байгаа багш мэргэжилтэй Д.Ц нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манайд ажилд орох хүсэлтээ гаргасан тул миний бие бүлгийн багшийн ажлын байрны тодорхойлолт болон аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан бичгийг мөрдөж нягтлан бодогч мэргэжилтэй Ц.С Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2 дахь заалтуудыг үндэслэн 2017 оны 01 дүгээрсарын 23-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймд Ц.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.С нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,029,788 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч талаас Ц.С нь өмнө эрхэлж байсан албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж ажлаас чөлөөлөгдөж байсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ц.С нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар тус цэцэрлэгт бэлтгэл бүлгийн багшаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ажлаас халагдсан ба ажил олгогч нь нэхэмжлэгч Ц.С хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Ажил олгогч нь Ц.С Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т заасан үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх-3 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна.

Мөн Ц.С нь өмнө эрхэлж байсан албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж ажлаас чөлөөлөгдөж байсан нь түүнийг цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багшийн ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй гэж үзлээ.

Тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар зохицуулсан байна.

Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй үндэслэлийн тухайд: Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12.1-т Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана. 12.2-т Багш нь багшлах эрхтэй байна гэж заасан байх ба нэхэмжлэгч Ц.С нь Сэрүүлэг дээд сургуулийг 2010 онд Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн менежмент мэргэжил эзэмшиж төгссөн болох нь нотлогдож байна.

Ц.С нь нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд цэцэрлэгийн багшаар сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана гэсэн хуульд заасан болзол шаардлагыг хангахгүй болох нь талуудын тайлбар, дипломын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа боловч ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасан Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэх заалтыг зөрчсөн байх тул Ц.С тус цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөр нийгэм хангамжийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 6, 7а дугаарт заасны дагуу ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтэр болон цалингийн цэст бичигдсэнийг үндэслэн тооцвол Ц.С нь 2016 оны 11 дүгээр сард 166,495 төгрөг, 12 дугаар сард 751,774 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 387,616 төгрөг нийт 1,305,885 төгрөгийн цалин авч байсан байх тул нэг хоногийн дундаж цалин хөлс нь 1,305,885/ 41 хоног=31,850 төгрөг болох ба түүний ажилгүй байсан хугацааны буюу 1 дүгээр сард 7 хоног, 2 дугаар сард 20 хоног, 3 дугаар сард 23 хоног, 4 дүгээр сард 8 хоног нийт 58 хоногийн цалин 31,850*58=1,847,300 төгрөгийг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цэцэрлэгээс гаргуулан Ц.С олгож, 182,488 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг тус цэцэрлэгт даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.5 дахь хэсэгт зааснаар дээрх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цэцэрлэгээс 114,706 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.С Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар буруу халсан үеийн олговорт 1,847,300 төгрөгийг хариуцагч Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цэцэрлэгээс гаргуулан нэхэмжлэгч Ц.С олгож, ажилгүй байсан үеийн олговорт нэхэмжилсэн шаардлагын үлдэх 182,488 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.С нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цэцэрлэгт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.5 дахь хэсэгт зааснаар дээрх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цэцэрлэгээс 114,706 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, түүний өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА