Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/137

 

 

 

 

2021.07.06                                            2021/ШЦТ/137

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0198,156

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  :

Улсын яллагч                               Ж.Батбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Г.Баярсайхан

Шүүгдэгч                                       Л.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар  хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л.Б-д холбогдох 2039002560172 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар  сарын 30-ны  өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  Л.Б нь  2020 оны 05 дугаар сарын  29-ний өдөр Хэнтий аймгийн  Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутгаас Л.Л-ын эзэмшлийн  44-99 УБЛ  улсын дугаартай Тоёото Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгслийг дураараа авч  зугатаан зам тээврийн осол гаргаж бусдад 19.190.000 төгрөгийн  хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Л.Б нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, учруулсан хохирлоо ажил хийж төлнө, надад үл хөдлөх хөрөнгө, мөнгөн хадгаламж, мал, автомашин байхгүй” гэжээ.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Л.Л-ын өгсөн:..Миний бие  Зам тээврийн  хөгжлийн төвд  хяналтын инженер  хийдэг бөгөөд  одоогийн байдлаар  Хэнтий аймгийн  Өмнөдэлгэр  сумын  Хэнтий бригадын  Хурх гол  дээр гүүр барих  ажил дээр хяналт  тавьж ажиллаж байна. 2020 оны 05 дугаар  сарын 28-ны өдөр  өөрийн эзэмшлийн  44-99 УБЛ улсын дугаартай  Ланд крузер-100 маркийн  тээврийн хэрэгслийг  Хэнтий аймгийн  бригадын  төв  дээр байрлаж  байгаа  байшингийн  гадна  цонхныхоо доор байрлуулаад  2020 оны 05 дугаар  сарын 29-ний  өдөр  машинаа огт  хөдөлгөөгүй, тэгээд  орой 20 цагийн  орчимд би  унтсан бөгөөд  намайг  унтах  үед  миний машин  байсан. Тэгтэл  өнөөдөр  өглөө  буюу  2020 оны 05 дугаар сарын  30-ны  өдөр  цагдаагийн газраас  таны машин онхолдсон байна гэж  хэлэхээр  нь гараад  хартал  миний машин  алга болсон  байсан. Манай хөрш айлын дэлгүүр ажиллуулдаг эгч өчигдөр 22 цаг 30 минутын үед Эрдэнээ гэх залуу машиныг чинь унаад явсан гэж хэлсэн...2001 онд үйлвэрлэгдсэн, 2011 онд орж  ирсэн Ланд крузер  маркийн  тээврийн хэрэгсэл би  2019 оны 06 сард 25.500.000 төгрөгөөр  худалдан авч  байсан...сэлбэгэнд өгчихсөн, сэлбэгэнд өгөөд өөрийн нэр дээр байсан улсын дугаарыг Автотээврийн төвийн бүртгэлээс хасалт хийлгэсэн, сэлбэгэнд 2.000.000 төгрөгөөр зарсан...Би гомдолтой байна...Би үнэлгээгээр гарсан 23.000.000 төгрөгөөс  зарсан 2.000.000 төгрөгөө хасаад 21.000.000 төгрөг, авто тээврийн  төвийн шинжээчид төлсөн 88.000 төгрөг нийт 21.088.000 төгрөгийг нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 99-101 хуу/

Гэрч Ц.Сүхбатын өгсөн:... 2020.05.29-ний  орой 21 цаг  өнгөрч байхад  ажилчдын  байрладаг  гэрт амрах гээд  байж байхад гүүрэн дээр  ажилладаг Эрдэнээ гэж дууддаг Хэнтий аймгийн харъяат  ах ажилчдын  гэрийн зүүн  талаар Ланд-100 маркийн саарал өнгийн  автомашинтай  урагш Өмнөдэлгэр  сумын замаар  явж байгаад  буцаад гэрийн гадаа ирсэн. Тэр үед би гадаа ажлын байр луугаа явах гээд  гэрийн гадаа  зогсож  байхад  Эрдэнэ ах  машинаас  бууж ирээд  надад хандан  2-лаа Хэнтий аймаг яваад ирэх үү?  удахгүй би  эхнэр хүүхдүүдтэйгээ  уулзаад  өглөө  эртхэн  хүрээд ирнэ  гэж гуйгаад  байхаар нь  хамт явсан. Анх машинд суухад Эрдэнээ ахаас  архи үнэртэхгүй байсан. Харин  жоохон  явж байгаад  замд  гэнэт архи  үнэртэж  түүнийг архи  уусан гэдгийг  мэдээд  би ер нь үлдмээр байна гэсэн чинь  удахгүй ээ яваад ирье гээд  хамт явсан. Бид 2 засмал  зам дээр гараад миний нойр хүрээд  унтчихсан. Тэгээд нэг сэрэхэд  машин  замын  хажуу тал руу  гараад  дээшээ  харсан  байдалтай  зам тээврийн  осолд  орсон байсан...Би инженерээс машиныг  нь гуйж  аваад  явж байгаа  юм  гэж  хэлэхээр  нь үнэмшээд  хамт явсан... миний биед ямар нэгэн зовиур байхгүй, ямар нэгэн гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

Гэрч Г.Эрдэнэбилэгийн өгсөн:...2020 оны 05 дугаар сарын 29-ний 21 цагийн  орчимд  Өмнөдэлгэр  сум Хэнтий бригад, Хөвчийн зам ХХК-д туслах ажилтнаа  хийж байгаад  амрах  гээд ажилчдын  гэртээ  байж байхад  гэрийн гадаа  манай инженерийн машин ирсэн. Тэгээд  Сүхбатыг аваад  явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/

Гэрч А.Хашдоржийн өгсөн:...2020 оны  05 сарын 29-ний 21 цагийн орчимд  би Өмнөдэлгэр  сумын З дугаар багийн гүүрний ажил хийж  байгаад  байрлаж  байгаа гэртээ  байж байхад  гадаа машин ирэхээр нь  хартал  хар саарал манай хяналтын инженерийн  машин байсан. Тэгээд  жолоочийг нь харахад  манай экскаваторын  жолооч Эрдэнээ гэх  ах байсан. Тэгээд  манай ажилчин болох  Сүхбат  машинд нь  суугаад  удалгүй хөдлөөд  яваад өгсөн. Тухайн үед би хаашаа явсныг  мэдээгүй. Маргааш өдөр нь манай хяналтын  инженер  Сугараа ах  миний машиныг  унагаасан байна гээд машин руугаа  очно гээд явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 19 хуу/

Гэрч М.Мөнхболорын  өгсөн:...2012 онд анх  гэр бүл болж  нэг гэрт  орсон. Тэр үеэс  архи согтууруулах ундаа  ихээр хэрэглэдэггүй байсан. Сүүлийн үед ихээр хэрэглэх  болсон. Агсан согтуу тавьдаггүй,  зодож гэр бүлийн  хүчирхийлэл  үйлддэггүй байсан. 2017 оноос Улаанбаатар хотод очиж  ээжтэйгээ амьдрахаар яваад ерөнхийдөө хоёр тийшээ  болсон. Даруухан ааш  зантай хүн...Өвөлдөө ажилгүй гэртээ  зуны улиралд  ажил олдвол  том оврын  ачааны машин  эксковатор  жолооддог байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуу/

Toyota Land Criuser-100 маркийн 44-99 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээг 19.190.000 төгрөгөөр  тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 06 сарын 14-ний өдрийн 6083 дугаартай  дүгнэлт /хх-ийн  30 хуу/

Хэнтий аймгийн  Авто тээврийн төвийн  инженер Б.Нямдоржийн  2020 оны 10 сарын 26-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт:

1. 44-99 УБЛ улсын дугаартай  Ланд крузер-100 маркийн тээврийн  хэрэгслийг  нүдээр үзэхэд үндсэн кузав 90% эвдрэлтэй, урд гупер хагарч, их гэрэл, нүүр  хагарч, масло болон  тосолын  хөргөлтийн  радиатор  хумигдаж  цоорсон, урд  салхины  болон  хаалга багажны  шил хагарч бутарсан, 4 амортизатор  гулзайсан, урд  2 крыло  хойш  гүйж гацсан, хойд  2 крыло доош  хумигдаж  чихэгдсэн, зүүн  талын  2 дугуй хагарсан, баруун болон  зүүн толь хугарсан, 5 хаалга  гулзайж  гэмтэж

2. Үндсэн кузов, урд гупер,  их гэрэл, нүүр, масло болон  тосолын  хөргөлтийн  радиатор, урд  салхины  болон 4-н хаалга багажны  шил, 4 амортизатор, урд  2  крыло, хойд 2 крыло, зүүн талын  2 дугуй, баруун  болон зүүн  толь, 5 хаалга

3.Тээврийн хэрэгслийн  эвдрэл нь тухайн  ослоос болж үүссэн эвдрэл.

4. Тодорхойлох боломжгүй.

5. Ослоос  өмнөх  техникийн  байдал нь  осол болоход нөлөөлөөгүй гэх дүгнэлт /хх-ийн 105-106 хуу/

 Л.Б-ний  яллагдагчаар  өгсөн:..Хэнтий аймгийн  Хэрлэн суманд миний төрсөн дүү  Л.Төмөрдөш төрөх гээд өвдөөд  байна гэхээр нь Л.Л-ийн  машиныг  зөвшөөрөлгүй аваад  Сүхбатын хамт  Өмнөдэлгэр  сумаас Хэрлэн  сум чиглэлтэй  явсан. Тэгээд Дуутын даваа  гэх газар  осол  болсон...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх  мэдүүлэг /хх-ийн 51 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 5-9 хуу/

Л.Б-ний  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 хуу/

Л.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 хуу/

44-99 УБЛ улсын дугаартай  Ланд крузер-100 маркийн автомашины өмчлөгчдийн мэдээлэл /хх-ийн 108 хуу/ 

Төрийн банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 109 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 65-66, 111-112 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Б нь  2020 оны 05 дугаар сарын  29-ний шөнийн 22 цагийн үед Хэнтий аймгийн  Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч Л.Л-ын эзэмшлийн  44-99 УБЛ  улсын дугаартай Тоёото Ланд крузер-100 маркийн автомашиныг зөвшөөрөлгүй авч, жолоодож яваад Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг Дуутын даваа гэх газарт онхолдсон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Л.Б нь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Л.Лувсансугар, гэрч Ц.Сүхбат, Г.Эрдэнэбилэг, А.Хашдорж нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч нь тухайн автомашиныг “төрсөн дүү  Л.Төмөрдөш төрөх гээд өвдөөд  гэхээр нь  дүү дээрээ очих зорилгоор авч явсан” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн Гэрч Ц.Сүхбат нь ...Эрдэнэ ах  машинаас  бууж ирээд  надад хандан  2-лаа Хэнтий аймаг яваад ирэх үү?  Удахгүй, би  эхнэр хүүхдүүдтэйгээ  уулзаад  өглөө  эртхэн  хүрээд ирнэ  гэж гуйсан... гэж мэдүүлэг өгсөн зэргээс үзэхэд Л.Б нь  тухайн автомашиныг завших зорилгогүй байсан, түүний үйлдэл нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Б нь Л.Л-ынэзэмшлийн  44-99 УБЛ  улсын дугаартай Тоёото Ланд крузер-100 маркийн автомашиныг зөвшөөрөлгүй авч жолоодож яваад онхолдсоны улмаас 19.190.000 төгрөгийн  хохирол  учирсан болох нь  шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.  Хохирогч нь эвдэрсэн автомашинаа сэлбэгэнд зарж олсон  2.000.000 төгрөгийг нэхэмжлэлээсээ хасаж тооцно гэж мэдүүлэг өгсөн байх тул  шүүгдэгчийг хохирогч Л.Л-т 17.190.000 төгрөгийн төлбөртэй гэж үзлээ. Хохирогч нь автомашиныхаа хохиролд 23.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 19.190.000 төгрөгийн хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзсэн болно. Мөн хохирогч Л.Л-ын нэхэмжилсэн автотээврийн шинжээчид төлсөн гэх 88.000 төгрөгтэй холбоотой баримтаас үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 88.000 төгрөгийг “тогтоолын мөнгө тушаав Л.Лувсансугар цв 67080875 у-89897345” гэсэн гүйлгээний утгаар  АТҮТөвийн төрийн банкин дахь дансанд шилжүүлсэн байх ба энэ нь тухайн хэрэгт хамааралтай гэж үзэхэд эргэлзээтэй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нэг жил байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж заажээ.

Л.Б-ийг дээрх гэмт хэрэгт холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад яллагдагчаар татсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Л.Б-ийг автотээврийн хэрэгслийг  зөвшөөрөлгүйгээр авч явах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Шүүдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хйилгэх ялыг оногдуулж, уг  ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулж өршөөн хэлтрүүлэх тухай дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Л.Б-дэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгйн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулж  шийдвэрлэв.

 

  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ. 4.2 дахь хэсэгт Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд хамрагдахаар байгаа боловч Л.Энь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байна. Шүүгдэгч нь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө учруулсан хохирлоо ажил хийж нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч энэ нь бодитой хэрэгжих үндэслэл тогтоогдоогүй,  шүүгдэгч нь үл хөдлөх хөрөнгө, мал, бэлэн мөнгө, мөнгөн хадгаламж байхгүй гэж мэдүүлэг өгсөн бөгөөд зөвхөн мэдүүлгийг нь үндэслэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул  Л.Б-доногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бат-Эрдэнээс 17.190.000 /арван долоон сая нэг зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Л.Лувсансугарт олгож, шүүгдэгч Л.Энь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу  автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.-Б-ийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.Б нь нийтэд тустай ажил  хийлгэх ялыг  биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нийтэд  тусгай ажил  хийлгэх ялын 8 цагийн ажлыг  1 хоногоор  тооцож  хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Л.Б  17.190.000 /арван долоон сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж  хохирогч  Л.Л-т олгосугай.

 

6. Хохирогч Л.Л-ын Л.Бат-Эрдэнэ нэхэмжилсэн шинжээчид төлсөн гэх 88.000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй  орхиж,  хохирогч нь иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар нэхэмжлэх  эрхтэйг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ