Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/140

 

2021 оны 07 сарын 23 өдөр                              2021/ШЦТ/140              Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0073

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                 Б.Нарангэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Г.Анхбаяр

Шүүгдэгч                                                          Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Болдбаярт холбогдох 21390001100033 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар  багийн нутаг “Хурхын бургас”  гэх газарт  иргэн П.Б-ийн  тус газарт эвдрээд орхисон 67-56 УНА улсын дугаартай  Тоёото Приус-20 маркийн  тээврийн хэрэгслийн эд анги  болох 3 ширхэг дугуй, ком батерей, аккумляторыг  хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар  хулгайлж 1.256.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч П.Б-ийн  өгсөн:...2020 оны 12 дугаар сарын 27-нд Батширээт сумаас  Багануур дүүрэг рүү миний  аав болох  Пүрэвийн  бие өвдөөд  эм авахаар найз болох  Батсүхтэй яваад эргээд 27-ндоо  буцаад Батширээт  сум руу  буцахдаа  Ууганаа ахын охин болох  Цолмонг суулгаад явж байхдаа Өмнөдэлгэр сумын 2  дугаар багийн нутаг Хурхын бургас  гэх газар машин  маань асаалттай явж байгаад  гэнэт унтараад зогссон. Тэгээд Элгэн гэх газар луу 10 гаран км  алхаж очоод  тухайн айл руу ороод  машин эвдэрсэн тухайгаа   яриад холбуулах  гэж тухайн айлын машинтай  өөрийн машин дээр очсон. Тэгээд  холбох гээд асаагүй, тэгээд ойрхон нэг айл руу очоод  нарийн төмөр утас аваад  эргэж очоод  холбох  гэж үзтэл  асаагүй, тэгээд  машинаа тэнд нь үлдээгээд нөгөө машинтайгаа  тухайн айлдаа очоод  утсаар яриад Батширээт  сумаас  машин  дуудаад  энэ айлдаа хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу  2020 оны 12 сарын 28-нд Батширээт сумаас дуудсан машин болох ногоон өнгөтэй “УАЗ 469” маркын  автомашинтай Сундуй, Ууганаа  ах хоёр ирээд  тэгээд айлаасаа  хөдлөөд өөрийн  машин дээрээ ахиж очоод  холбох гэж үзээд асаагүй. Тэгээд  чирэх гэхэд шууд унтарсан болохоор  4-н дугуй нь хөдлөхгүй байсан  болохоор чирч  болохгүй байсан. Тэгээд тэнд нь  үлдээгээд Батширээт сум руу  эргээд явсан,  явахдаа машиныхаа  3-н хаалгаа түгжээд  зүүн урьд талын хаалга  онгорхой орхисон. Эргээд  2021 оны 01 дүгээр сарын 01-нд Батширээт сумаас Өмнөдэлгэр сум руу  машин үлдээсэн  газраа очиход  машины маань  урд 2 дугуй,  запас 1 ширхэг дугуй, аккумльятор, ком баттерей  зэрэг эд зүйл  маань байхгүй тонуулсан байсан...Тухайн үед  миний 67-56 УНА улсын дугаартай цагаан өнгийн Тоёото приус  20 маркийн  тээврийн хэрэгсэлд  дугуй тайлах  зориулалт бүхий  данхраад  дугуйн  дорцоов  зэрэг эд  зүйлс мөн  бусад түлхүүр багаж байсан. Намайг  машин дээрээ   тонуулсны дараа ирэхэд  дээрх данхраад   дугуйн дорцоов  бусад  түлхүүр багаж  байсан бөгөөд  хүн хэрэглэсэн юм шиг  гаргаад  орхисон байсан... тухайн үед  би машинаа асахгүй болохоор нь  машиныхаа арын  суудал доор байдаг ком баттерейг түлхүүр багажаар тайлж үзсэн боловч   юу нь эвдэрснийг сайн мэдэхгүй   болохоор  эргэж   машиндаа боолгүйгээр   мэддэг хүн авч ирж   харуулья гээд сул орхисон байсан юм...Надад одоогоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Холбогдогч тал миний хохирлыг  барагдуулж өгсөн. Би гомдолгүй  гэж албан  бичгийг  цагдаагийн байгууллагад хийж  өгсөн байгаа....гэх мэдүүлэг /хх-ийн 27, 152 хуу/

 

Гэрч Д.Мөнхчимэгийн  өгсөн:.. Манай нөхөр Б нь 2020 оны 12 дугаар сарын 26-нд  хөдөө самаранд  хүн гаргах гэж яваад  машин эвдрээд айлд  2 хоноод 2020 оны 12 дугаар сарын 31-нд миний төрсөн ах болох М-ыг  гуйгаад хөдөө манай нөхрийг авахаар  явсан. Тэгээд орой 21 цагийн үед  гэртээ ирээд  эргээд ойрхон  явчихаад  ирье гээд М-ын ахын машинтай гараад  явсан. Тэгээд он солигдохын  10-20 минутын өмнө гэртээ  орж ирсэн орж ирэхдээ  том төмөр машины баттерей  оруулж ирээд  галын хажууд  тавьсан. Тэгээд  би угаасаа  надтай ярихдаа  машины маань  баттерей нурсан  байна гэж  байсан болохоор  тэрийг л авчирсан юм байна  гэж бодоод  айхтар тоогоогүй болохоор  асуугаагүй. Тэгээд манай нөхөр  2021 оны 01 дүгээр сарын 02-нд  хөдөө  айл руу яваад  2021 оны 01 дүгээр сарын 03-ны орой  20 цагийн  орчимд гэртээ  орж ирсэн...Тэгээд маргааш  өглөө нь  босоод  амбаараасаа  юм авах  гээд ортол  3-н дугуй, аккумулятор  байсан би  хэнийх юм гэж  асуугаагүй тэгээд л өнгөрсөн. Манай машины дугуй  бол биш байсан...Миний нөхөр болох Б нь төлөв даруу  зантай, хамт  олонч  найрсаг  хүнтэй  их эвсэг байдаг. Миний нөхөр урьд өмнө  хулгайн  хэрэгт холбогдож  байгаагүй энэ  удаа л ийм  асуудал боллоо тухайн автомашины эд анги  манай машинд  таардаг  болохоор замд  эвдрээд зогссон  машиныг  тоносон юм байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуу/

 

Гэрч О.Өлзийсүрэнгийн өгсөн:... 2020 оны 12 дугаар  сарын 28-нд орой хөдөө гэртээ байж байхад  22 цаг өнгөрч байхад танихгүй 2 эрэгтэй 1 эмэгтэй  манай гэрт  орж ирсэн. Тэгээд яаж яваа талаар нь  асуухад  машин эвдэрээд холбож  өгч  асааж өгч  тус болооч гээд  би өөрийхөө  экстрал маркийн  цагаан өнгийн 07-20 ХЭҮ  улсын дугаартай  автомашинтай  нөгөө 3-н хүнээ  суулгаад машин эвдэрсэн  газар нь  аваад  очсон.  Манайхаас 10 гаран км зайд эвдэрсэн  байсан. Хурхын голын урд  бэлд зам дээр  байсан. Өмнөдэлгэр сум болон  Батширээт  сум ордог  зам дээр  зогсож  байсан. Тэр хэд хаанаас хаа хүрэх гэж яваа хүмүүс вэ гэж асуухад Батширээт  сум орох  гэж явна аа гэж  хэлсэн  хаанаас яваагаа хэлээгүй би ч  айхтар асуугаагүй. Тэгээд  цагаан өнгийн Приус 20 маркийн  автомашины түлхүүр  барьж байгаад  асаах гээд үзэхэд  асахгүй байсан. Тэгээд ойр байдаг  Сумьяа гэх айл руу  очоод ахиад  холбогч асуугаад  очтол  холбогч байхгүй байсан тэгээд  буцаад шууд манайх руу  явсан....Тэрийн бол сайн мэдэхгүй байна...Чирхүү гэсэн D дээр явж  байгаа л шууд  унтарсан болохоор  N  дээр  байгаа   болохгүй байхаа  энд нь орхиод явья гээд манайх руу явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуу/

Гэрч М.Мөнх-Эрдэнийн өгсөн:...12 сарын 30-нд Өмнөдэлгэр  сум  орох гээд  явж байхад  зам дээр  цагаан өнгийн приус  зогсож байсан анзаараад байхад бүрэн бүтэн  арын гупер байхгүй зогсож байсан. Тэгээд би сум руу очоод  хоночихоод  12 сарын 31-нд  эргээд ирэхэд зогсож л байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуу/

Гэрч Д.Мөнхбатын өгсөн:... Би 2020 оны 12 дугаар сарын 31-нд гэртээ байсан.  Манай дүүгийн  нөхөр болох  Болдбаяр  нь хөдөө 2 дугаар баг Бурхан халдун хайрханы  энгэрт   ууланд самар  түүхээр явсан 8 хүн буулгахаа  2010 оны 12 дугаар сарын 26-нд  яваад ирэх замдаа өөрийнх нь машин болох  Естима  маркийн  автомашин эвдрээд  Тэнүүн гэх газраас  машинаа чирүүлж  Ц.Энхээ гэх айлд хүргүүлээд  асахгүй байхаар нь тэндээ  хэд хоноод  намайг  2020 оны 12 дугаар сарын  31-нд  Энхээ гэх айлаас утасдаад  машин маань асахгүй байна  та намайг  аваач гэхээр нь  шинэ он  гарахаас өмнө  гээд гялс  давхичаад ирье  гээд явсан.  Тэгээд намайг  явж байхад  тус багийн нутагт  байх Хурхын  бургас гэх  газар намайг  ганцаараа явж байхад  цагаан өнгийн Приус 20  маркийн тээврийн хэрэгсэл  зогсож байсан, тухайн тээврийн хэрэгсэл нь 2020 оны 12 дугаар сарын 29-нд  намайг уулнаас самаранд  яваад буугаад  сум руу явж байхад  зогсож байсан. Тэгээд би  дотроо одоог болтол  зогсож байна  ирж аваагүй юм байхдаа гэж бодчихоод  хажуугаар нь өнгөрөөд л явсан. Тэгээд Ц.Энхээ гэх айлдаа очоод  хүргэн дүү болох  Б-ыг аваад сум руу эргээд  явсан  сум руу буцаж байхад  Б нь  энэ юун машин  зогсож байгаа юм  гээд асууж  байсан намайг 12 дугаар сарын 29-нд уулнаас  буухад л  зогсож  байсан,  тэр машин мөн шиг  байна гэж  хэлээд  өнгөрч яваад  сумын төвд  21 цагийн орчимд  гэртээ ирцгээсэн, ирээд  манай эхнэр  Болорцэцэг нь соёлын төвөөс  зохион байгуулж байгаа  Live тоглолтонд оролцохоор явсан би 3-н охиноо хараад гэртээ байж  байхад  хүргэн дүү Б ирээд  ах машинаа өгчих  гялс ойрхон явчихаад  ирье гээд  машин аваад гарсан, он солигдохын  өмнө ирээд машин  тавьчихаад  гэр рүүгээ  харилаа гээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуу/

Гэрч М.Нандин-Одын өгсөн:...2000 оноос хойш найзлаж  нөхөрлөж явж байна...Миний найз Б  нь олонтой  нийтэч  элдэв буруу муу  зан байхгүй хийсэн  ажилдаа  үнэнч  хүнд их  тусархаг сайхан сэтгэлтэй  мундаг залуу  гэж бодож явдаг.  Бид 2 найзалж нөхөрлөөд  одоо 21 жил  болж байна нэг удаа  муудалцаж маргалдаж  үзээгүй сайхан найзууд. Миний найз Б нь  машин тэрэг засдаг   сэтгэлээсээ хийдэг. Мөн  иргэдийнхээ дунд нэр хүнд сайтай ам сайтай байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 52 хуу/

Гэрч Б.Дугаржавбаатарын өгсөн:...Б-ын аав болох  Баатартай хар багаасаа  найзлаж нөхөрлөж  явсан болохоор сайн мэднэ...Миний найзын хүү Б нь  элдэв муу  зан байхгүй, би бага  байхаас нь  сайн мэднэ. 2019 онд одоо миний ажиллаж байгаа  уурын зууханд ажиллаж  байсан хамт  ажиллаж байсан болохоор   зан араншинг нь сайн  мэднэ. Б нь  хулгай зэлгээ  элдэв муу  юманд орооцолдож байгаагүй сайн дүү байгаа. Нутаг орныхоо иргэдийн дунд  нэр хүнд сайтай  ах дүү нар нь ч муу зүйл хийж  явдаг хүмүүс  байхгүй их найрсаг  сэтгэлтэй улсууд байдаг....гэх  мэдүүлэг  /хх-ийн 54 хуу/

Гэрч Ц.Энхбаатарын өгсөн:...Би тухайн үед Хэнтий  аймгийн Өмнөдэлгэр  сумын   Баянзүрх  2 дугаар  хөдөө хэсэг  Тэнүүн гэх   газарт   эхнэр хүүхдүүдийнхээ  хамтаар мал маллаж  амьдарч  байсан юм. Тэр  үед буюу  2020 оны  12 дугаар сарын  28-ны   өдөр шиг  санаж  байна манай   сумын  Б.Б-ын   машин нь эвдэрчихсэн  манай гадаа  машинаар чирүүлж ирсэн.  Тухайн үед би  ямар машинаар   хэнээр   чирүүлж   ирснийг   нь бол   сайн мэдээгүй.  Ингээд Б манайд   машинаа   янзлах   санаатай  2 хоносон  шиг  санаж  байна.  Тэгээд  машин нь  засагдахгүй  болохоор  нь манай  саравчинд   байсан  өөрийнхөө  хээр зүсмийн   хязаалан  насны  морийг   унаад   Өмнөдэлгэр  сумын   төв рүү гэр лүүгээ   явлаа   гээд явсан. Ингээд нэлээн  удаж  байгаад   цагийг   нь сайн  санахгүй байна.  Б.Б нь  эргэж манай гэрт  ирээд тэр  өдрөө  бил үү   маргааш нь бил үү  хүргэн   ах  болох  манай сумын  М-ыг  дуудаад  гэрлүүгээ   явсан.  Б.Б  нь тэгж  манайхаас  яваад   эргэж  ирээгүй бөгөөд  2021 оны  02 билүү 03 дугаар сард  манай гэрт  ирээд машинаа  янзлаад  аваад явсан...Б..Б  нь надад  Баянзүрх  2 дугаар баг  хөдөө хэсэг  Хурхын бургас   гэх эвдэрсэн  цагаан өнгийн   приус-20 маркийн  машин  байна гэж  хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 173-174 хуу/

 

 Б.Б-ын яллагдагчаар өгсөн:... Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны  өдөр Хэнтий  аймгийн  Өмнөдэлгэр сумын  2 дугаар баг  хөдөө хэсэг  Хурахын бургас  гэх газарт байсан  67-56 УНА  улсын дугаартай цагаан өнгийн  автомашины 3-н дугуй, ком баттерей аккумулятор зэргийг хулгайлсан. Би гэмт хэрэг үйлдсэндээ өөрөө маш их харамсаж байгаа... Би ганцаараа хулгай хийсэн юм...Би тухайн үед 67-56 УНА  улсын дугаартай цагаан өнгийн  автомашин руу очихдоо   өөрийн эзэмшлийн сартай  арвай тамгатай хээр  зүсмийн морьтой  очоод машины эд  зүйлийг тайлж аваад  морин дээрээ ганзаглаад  ойролцоох  эзэнгүй айлын  саравчинд аваачиж нуусан. Нуусан саравч маань  уг машинаас  барагцаагаар  1 км гаран л байсан...Уг морь маань  хязаалан   насны  сартай  арвай тамгатай  хээр морь  байгаа юм...бүх хаалгыг нь татаж үзэхэд жолоочийн эсрэг талын хаалгай онгойсон, тэгээд машин дотор юу юу байгааг үзэхэд машины ком батерей, аккумлятор зэргийг салгасан, өргөж авахад бэлэн байхаар нь би эхлээд дээрх батерей, аккумлятор зэргийг  өргөж гаргаад машин дотор байсан машины данхраад, дугуйн дорцов зэргийг ашиглаж тухайн машины 3 дугуйг салгаж авсан, тэгээд машиных нь данхраад дугуйн дорцов зэргийг тэнд нь үлдээсэн... эмээл дээрээ эхлээд ком батерейг ачиж уяад аккумляторыг нь нэг гартаа бариад морио хөтлөөд замын хойно байх саравч руу очоод саравчны зүүн урд буланд үлдээгээд эргэж морьтой очиж 3 дугуйгаа хооронд нь уяж холбож морины эмээл дээрээ ганзагалаад ком батерей үлдээсэн газарт мөн 3 дугуйгаа үлдээгээд эргээд морьтой Ц.Энхбаатар ахынх руу явсан...би М ахыг ирэхээр нь шууд Өмнөдэлгэр сум руу яваад гэрийх нь гадаа Д.М ахыг буулгачихаад ойрхон яваад ирье машинаа өгчих гээд машиныг нь аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72, 181 хуу/

 

Тоёото Приус   маркийн 67-56 УНҮ  улсын дугаартай автомашинаас алдагдсан батерей, аккумлятор, 3 ширхэг дугуйн үнэлгээг нийтэд нь 1.256.000 төгрөгөөр  тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны  өдрийн 2021/ШД09 дугаартай  дүгнэлт /хх-ийн  58 хуу/

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хязаалан насны  сартай арвай  тамгатай хээр зүсмийн  адууны үнэлээг 850.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 01 сарын 27-ны  өдрийн 2021/ШД28 дугаартай  дүгнэлт /хх-ийн  64 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 9-16 хуу/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд / хх-ийн 147-151 хуу/

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Хангалын 106 тоот хашаанд байх модон байшинд үзлэг хийж  аккумлятор, 3 ширхэг автомашины дугуй хураан авсан,  мөн уг хаягт байх  гэрээс автомашины батерей хураан авсан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 11-16 хуу/

 Приус 20 маркийн автомашины аккумлятор, 3 ширхэг дугуй, батерей зэргийг хохирогч П.Батмөнхөд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 23 хуу/

Б.Б-ын  иргэний үнэмлэхний лавлагаа  / хх-ийн  73 хуу/

Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 хуу/

Мөрдөн шалгах ажиллагааны туршилтын үр дүн бүхий бичлэгтэй CD-г эд мөрийн баримаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 145 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 183-184 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар  багийн нутаг “Хурхын бургас”  гэх газарт  эвдрээд орхисон байсан 67-56 УНА улсын дугаартай  Тоёото Приус-20 маркийн  автомашины  3 ширхэг дугуй, ком батерей, аккумляторыг  уналгын морь ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч П.Батмөнхөд 1.256.000 төгрөгийн  хохирол учруулсан  нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч П.Б, гэрч Д.Мөнхчимэг, А.Батсүх, О.Өлзийсүрэн,  Д.Мөнхбат, Ц.Энхбаатар нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Б-д 1.256.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь хохирлоо төлүүлсэн, гомдолгүй тухай мэдүүлэг өгсөн,  тодорхойлолт  /хх-ийн 110 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгчийг уналгын морь ашиглан гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд уг морийг хэргийн газарт түргэн очих, буцах, хулгайлсан эд зүйлийг зөөж хэргийн газраас холдуулах зэргээр үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан болох нь тогтоогдсон гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Б.Б-ыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй  байна.

 

            Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу өвлийн улиралд эвдэрээд орхисон байсан автомашины эд ангийг нь хулгайлсан,  учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 8 сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан ба тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1  дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хорих  ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул  Б.Б-т оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж, 8 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэж шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзлээ. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Б-т гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 850.000 төгрөгийн үнэ бүхий морийг хурааж улсын төсөвт шилжүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ  хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий  CD-г хэрэгт хадгалж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг  8 /найм/ сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.-т оногдуулсан 8 /найм/ сарын  хугацаагаар  хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-т гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 850.000 төгрөгийн үнэ бүхий хязаалан насны сартай арвай тамгатай хээр зүсмийн морийг хурааж улсын төсөвт шилжүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

6.  Б.Б-ыг 8 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.

7. Шүүгдэгч Б.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий  CD-г хэрэгт хадгалж,  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 850.000 төгрөгийн үнэ бүхий хязаалан насны сартай арвай тамгатай хээр зүсмийн морийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Э.ОДХҮҮ