| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/00../Э |
| Дугаар | 2021/ШЦТ/153 |
| Огноо | 2021-08-10 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж:Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/153
2021 оны 07 сарын 24 өдөр 2021/ШЦТ/ Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/00../Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Ж.Баянжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э-д холбогдох 2139000000048 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Д.Эрдэнэхүү нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг “Хавцалын ам” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 12 ширхэг шинэс төрлийн мод хөрөөдөн бэлтгэж, зээрд зүсмийн мориор тээвэрлэн байгаль экологид 94.110 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын өгсөн:.. Цагдаагийн байгууллагаас хууль ёсны төлөөлөгч томилох тоот ирсэний дагуу миний бие Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар баг хариуцсан байгаль хамгаалагчийн хувьд уг хэрэгт хохирогчоор оролцож байна...Тус сум ойн ангитай учраас мод бэлтгэх эрхийн бичгийг ойн ангиас олгоно...Гэм буруутай этгээд ойн санд учирсан хохирлыг төлж барагдуулах санал хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуу/
Гэрч С.Нарангэрэлийн өгсөн:...Э нь төмөр замын дэр дөрвөлжин мод авчирч өвөлжөөний ханыг босгосон. Хойд хаваржааныхаа дээврийг авчирж өвөлжөөний дээврийг хийсэн. Өвөлжөөний дээврийн мод нэг талдаа жоохон дутсан байсан. Би хонио хариулаад өдөр явж байгаад орой ирсэн чинь дээврийн модыг гүйцээсэн, хар цаас дээр нь тавиад дулааж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/
Хууль бусаар бэлтгэсэн 0.31 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээг 94.110 төгрөгөөр тогтоосон Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ойн анги ТӨААТҮГ-ын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 хуу/
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гинжит гинжит хөрөөний хөрөөний үнэлгээг 144.000 төгрөгөөр, олсны үнэлгээг 20.000 төгрөгөөр тус тус тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШД39 дугаартай дүгнэлт /хх-ийн 37 хуу /
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зээрд зүсмийн морины үнэлгээг 1.000.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШД57 дугаартай дүгнэлт /хх-ийн 43 хуу /
Яллагдагч Д.Э-ийн өгсөн... Манай өвөлжөө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Хавцалын ам” гэх газар байдаг юм. Тэгээд хаваржаагаа Загаст гацаанаас Хавцалын ам руу зөөгөөд малын саравчаа барихад саравчны дээвэрэнд мод дутаад байхаар нь тухай үед зарах шургааг мод хайсан боловч олдоогүй. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай өвөлжөөнөөс 500 метр зайд байх газраас цахилгаан хөрөө ашиглан 12 ширхэг хуурай шургааг мод хөрөөдөж унагасан. Тэгээд хөрөөдөж унагасан модоо 5 метрийн урттай богиносгож тайрсан юм. Тухайн газар маань машин явах боломжгүй өгсүүр хад чулуу ихтэй болохоор хөрөөдсөн модоо уяагаар оосорлоод мориор өвөлжөө рүүгээ зөөж ойртуулсан юм...Тухайн үед мод бэлтгэх ямар нэгэн эрхийн бичиг аваагүй...Би мод бэлтгэхдээ ганцаараа явсан...БНХАУ-д үйлдвэрлэсэн миний өөрийн эзэмшлийн цахилгаан хөрөө байгаа юм...96 гэсэн тоон тамгатай зээрд морь байсан, тухайн морь маань хөгшин байсан болохоор энэ жил идшиндээ хэрэглэчихсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 55 хуу/
Хэргийн газарт үзлэг хийж хэрэг болсон гэх газар нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар баг, Хавцалын ам гэх газар бөгөөд N47 43 22 05, E108 32 15 8 гэсэн байршилд байгаа, тус газарт 10-14 см диаметр хэмжээтэй 12 ширхэг шинэс модны хожуул байсныг тэмдэглэж авсан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 5-7 хуу/
Эд мөрийн баримтаар 0.31 м3 хэмжээтэй 12 ширхэг шинэс мод, гинжит хөрөө, 6.40 см мертийн урттай олс зэргийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12 хуу/
Уг эрүүгийн хэрэгт байгаль хамгаалагч ажилтай Д.Б-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаартай захирамж /хх-ийн 14 хуу/
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт N47 43 22 05, E108 32 15 8 цэг нь Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт хамаарахгүй болохыг тодорхойлсон Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай албан бичиг /хх-ийн 65 хуу/
М.Э нь Цэнхэрмандал сумаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй тухай Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ойн анги ТӨААТҮГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай албан бичиг /хх-ийн 66 хуу/
Д.Э-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 82 хуу/
Д. нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 хуу/
Д.Э нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын байгал хамгаалах сангийн Хаан банкин дахь 100180655408 дугаарын дансанд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 282.330 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн баримт / хх-ийн 97 хуу/
Д.Э нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын байгал хамгаалах сангийн Хаан банкин дахь 100180755408 дугаарын дансанд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Э уг 62032830 байгал орчны нөхөн төлбөр” гэсэн гүйлгээний утгаар 282.330 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн баримт / хх-ийн 97 хуу/
Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 159-160 хуу/
Д.Э-ээс гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 98, 157 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Э-үүд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг “Хавцалын ам” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 12 ширхэг 0.31 м3 хэмжээтэй шинэс модыг гинжит хөрөө, олс ашиглан бэлтгэж, уналгын мориор тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Э нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б болон гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд , яллагдагч Д.Э нь ... “тухайн үед мод бэлтгэх ямар нэгэн эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг, М.Э нь Цэнхэрмандал сумаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй тухай Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ойн анги ТӨААТҮГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Д.Эрдэнэхүүг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэж дүгнэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Д.Э-ийн бэлтгэсэн модын хэмжээг 0.31 м3, уг модны экологи эдийн засгийн үнэлгээг 94.110 төгрөг гэж тогтоосон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /94.110 х3=282.330/ хоёр зуун наян хоёр мянга гурван зуун гучин төгрөг гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Э нь 282.330 /хоёр зуун наян хоёр мянга гурван зуун гуч/ төгрөгийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын төлбөрт тооцож төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Д.Э-ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 157 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 158 хуу/ гарган яллагдагчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гинжит хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 1.000.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх, 6.4 м урттай олсыг устгах хөрөнгө орлого хураах албадлаын арга хэмжээ авах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Д.Э хүлээн зөвшөөрч /хх-ийн 166-167 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна
Иймд шүүгдэгч Д.Э.г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналгын морины үнэ болох 1.000.000 төгрөг, гинжит хөрөө болон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 5 метр урттай 12 ширхэг модыг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 6.4 м урттай олсыг устгах хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэх хэрэг биш тул Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийг хэрэглэх боломжгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын байгал хамгаалах сангийн Хаан банкин дахь 100180655408 дугаарын дансанд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 282.330 төгрөг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын байгал хамгаалах сангийн Хаан банкин дахь 100180755408 дугаарын дансанд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Эрдэнэхүү уг 62032830 байгал орчны нөхөн төлбөр” гэсэн гүйлгээний утгаар 282.330 төгрөг шилжүүлсэн тухай баримтууд хэрэгт авагдсан бөгөөд Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно гэж заасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 6.4 м урттай олсыг устгах, 5 м урттай 12 ширхэг шинэс мод болон хул шар өнгийн гинжит хөрөөг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Э зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Э-д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналгын морины үнэ болох 1.000.000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 5 м урттай 12 ширхэг 0.31 м3 хэмжээтэй шинэс модыг тус тус хурааж улсын төсөв шилжүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 6.4 м урттай олсыг устгах хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 6.4 м урттай олсыг устгах, 5 м урттай 12 ширхэг шинэс мод болон хул шар өнгийн гинжит хөрөөг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ