Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 639

 

                                                       Б.А-од холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.А-,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлоор Б.А-од холбогдох эрүүгийн 1709023090242 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овгийн Б.А-, 1995 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Багахангай дүүрэгт оршин суух,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 927 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан /РД:/,

            Б.А- нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11-73 тоотод Х.Цолмонг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

            мөн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 4-59 тоотод оршин суух Х.Цолмонгийн гэрээс булган шуба 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Б.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие урьд нь насанд хүрээгүй байхдаа бусдад уруу татагдан гэмт хэрэгт холбогдож 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүхээр хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр суллагдсан. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс Хөхтэнгэр гэх хүнтэй хамтарч мужааны цех байгуулан сийлбэртэй тавилга хийж эхэлсэн бөгөөд 2018 оны 4 дүгээр сард Дашзэвэг гэх хүнтэй гэрээ байгуулж 3 ширхэг гэрийн сийлбэр бэлтгэж өгөхөөр тохиролцсон. Мөн өөрийн амьдралыг шинээр эхэлж, эхнэртэйгээ хамт амьдарч байгаа болно. Миний бие нийгэмд болон бусдад учруулсан гэм буруугаа ойлгон ухамсарлаж байна. Хохирогч Х.Цолмонгийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулан хохиролгүй болгосон. Би хорих ангид ял эдэлж байхдаа элэгний цероз, сүрьеэ өвчнөөр өвчилж, улмаар уушиг устаж, эм ихээр ууснаас болж ходоод муудсан. Үүнийгээ мэдэлгүй явсаар ходоодны дуранд харуулахад том хэмжээний шарх үүсч, цус шүүрсэн байсан. Цаашид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай боловч эм уугаад гадуур байгаа болно. Би захиалгын гэрүүдээ наадмаас өмнө бэлтгэж дуусгах ёстой болохоор өглөөнөөс шөнө дунд хүртэл ажиллаж байна. Иймээс дээрх шалтгаануудыг харгалзан үзэж надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж, эсхүл тэнсэн харгалзах ял оногдуулж өгөхийг хүсье...” гэв.

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн тул түүнд оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзах боломжгүй. Анхан шатны шүүх түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.А- нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11-73 тоотод бусадтай нийлэн архидан согтуурсан үедээ, хамт явсан Х.Цолмонтой эр эмийн хардалтын асуудлаас маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 4-59 тоот буюу Х.Цолмонгийн гэрээс булган шуба 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдлоо.

Хохирогч Х.Цолмон нь Б.А-од зодуулж биедээ гэмтэл авсан, мөн өөрийн гэрээс эд зүйл алдагдсан талаар /хх-ийн 10, 33/ тус тус тодорхой мэдүүлсэн байх бөгөөд  түүний мэдүүлэг нь яллагдагч Б.А-ын “...миний уур хүрээд Цолмонгийн нүүр лүү нь 2 удаа гараараа цохисон... тэгээд маргааш нь Цолмонгийн гэрээс явахдаа унтлагын өрөөний орны хажуугийн тавиур дээр байсан 2 ширхэг булган шубыг цүнхэндээ хийгээд аваад гарсан...” /хх-ийн 39/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14801 дугаартай “Х.Цолмонгийн биед дух, уруул, эрүү, цээж, хэвлийд зулгаралт, баруун зовхи, цээж баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 18/ зэргээр нотлогдсон байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүгдэгч Б.А- нь давж заалдах гомдолдоо “...шүүхээс надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлүүдэд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхийн зэрэгцээ, нийгэмшүүлэхэд оршдог тул шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн эрх ашиг, сонирхолд нийцүүлэх шаардлагагүй юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.” гэж заасан тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй байна.

Иймд ял шийтгэлийн талаар гаргасан шүүгдэгч Б.А-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-т Б.А-ыг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан гэж тэмдэглэсэн байх боловч энэ талаар холбогдох шийдвэрийн хуулбар хэрэгт авагдаагүй байгааг анхааруулж дурьдвал зохино.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                     ШҮҮГЧИД                                                   Д.МЯГМАРЖАВ

                                                                                                        Н.БАТСАЙХАН