Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2023/0299

 

  

  

 

 

 

Ж.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц

Нэхэмжлэгч: Ж.Э

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А-1/843 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Ж.Э нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 2/2016 дугаартай Контрактын гэрээ, 1 дугаартай Контрактын нэмэлт гэрээг дүгнэхийг хариуцагчид даалгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 154 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, өмгөөлөгч М.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0729/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Э нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А-1/843 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Ж.Э нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 2/2016 дугаартай Контрактын гэрээ, 1 дугаартай Контрактын нэмэлт гэрээг дүгнэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 154 дүгээр шийдвэрээр: “...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-ийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А-1/843 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Ж.Э нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 2/2016 дугаартай контрактын гэрээ, 1 дугаартай контрактын нэмэлт гэрээг дүгнэхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож…шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгч Ж.Э нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар томилогдсон бөгөөд тухайн өдрөө 2/2016 дугаартай Контрактын гэрээ, 1 дугаартай контрактын нэмэлт гэрээг 4 жилийн хугацаатай байгуулсан. Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/266 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

3.2. Ажлаас чөлөөлсөн шалтгаан нь нэхэмжлэгч Ж.Э-ээс шалтгаалаагүй, сахилгын болон Контрактын гэрээг дүгнэхгүй байх ямар нэгэн үр дагавар үүсгээгүй бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар болон байгуулагдсантай холбоотой. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг удирдах чиг үүрэг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжсэн ба Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг захиргааны байгууллага учир контрактын гэрээг дүгнэх үүрэгтэй.

3.3. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолуудад заасны дагуу ажилтантай байгуулсан Контрактын гэрээг ажил олгогч байгууллага заавал дүгнэх үүрэгтэй байна. Түүнчлэн тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн контрактын гэрээг дүгнэх талаар хөдөлмөрийн дотоод журамд заасан, эрх үүрэг нь шилжин ирсэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ч хэрхэн дүгнэх талаар заавар, зөвлөмж байгаа.

3.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, мөн нотлох баримтуудыг дутуу цуглуулсан, хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримтуудтай танилцах боломжоор хангаагүй. Мөн Ж.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг буюу аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлыг томилох буюу өөрчилнө гэснийг баримталсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0154 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А-1/843 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Ж.Э нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 2/2016 дугаартай Контрактын гэрээ, 1 дугаартай Контрактын нэмэлт гэрээг дүгнэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 571 дүгээр тогтоолоор “...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг захиргааны байгууллага болохынхоо хувьд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулсан 02/2016 дугаартай контрактын гэрээг дүгнэх үүрэгтэй...” гэж дүгнэсэн байх боловч маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл уг маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, захиргааны байгууллагын захирамжилсан үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

2.3. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна” гээд 11.1.1-д “захиргааны акт”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн хуулийн зохицуулалттай.

2.4. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэхээр байна.

2.5. Гэтэл нэхэмжлэгчийн маргаж буй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А-1/843 дугаартай албан бичиг нь дээрх хуульд заасан захирамжилсан шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийн гэрээнд заасан ахуйн эд зүйлийг авах эрхийг зөрчсөн үр дагавар үүсгээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гэхээс илүүтэй хувийн эрх зүйн харилцаанд хамаарахаар байх тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

2.6. Нөгөөтээгүүр, “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Ж.Э нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 2/2016 дугаартай “Контрактын гэрээ”-ний 1 дугаартай Контрактын нэмэлт гэрээнд Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захиралд Компаниас дараах бусад хангамжийг олгоно гээд 7-д “ажилд томилогдоход албаны автомашинаар хангах бөгөөд анх ажилд орсноос хойш 1-ээс дээш жилийн дараа ТУЗ-ийн шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн бол компаниас олгосон автомашиныг өөрт нь үнэ төлбөргүй олгоно”, 8-д “Анх ажилд ороход Эрдэнэд хотод бүрэн тавилгатай 4 өрөө орон сууцаар хангах бөгөөд нийтийн аж ахуйн төлбөрийг компани хариуцан төлнө. Ажилд орсноос хойш 1 жилийн дараа ТУЗ-ийн шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн бол орон сууцыг хувьд нь олгоно” гэж тус тус тохиролцсон, харин маргаан бүхий Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А-1/843 дугаартай албан бичгээр “...“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас контракт дүгнэх талаар зохих журмын дагуу зөвшөөрөл олгохыг манай газарт ирүүлсэн. Үүнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А-1/2237 дугаартай албан бичгээр тухайн контрактыг дүгнэх боломжгүй гэдэг хариуг хүргүүлсэн...” гэх агуулгатай хариуг нэхэмжлэгчид өгсний улмаас гэрээнд тусгагдсан эд зүйлийг авах боломжгүй болсон гэж тайлбарлаж байх хэдий ч маргаан бүхий албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн дээрх эрх сэргэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2.7. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар “контракт”-аар үүрэг гүйцэтгэх харилцаа нь нийтийн эрх зүйд хамааралгүй буюу иргэний эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах харилцаа байдаг. Мөн маргаан бүхий энэ тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг захиргааны байгууллага хэдий ч Компанийн тухай хуульд заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийг хэрэгжүүлж “контрактын гэрээг дүгнэх” эсэх асуудал нь хувийн эрх зүйн харилцаанд хамаарна.

2.8. Мөн шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц-д 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс мөн өдрийн шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшлуулах хүсэлтээ ирүүлээгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан байгаа нь шүүх нэхэмжлэгчийн хуульд заасан эрхээ эдлэх бүхий л боломжит байдлаар хангасан гэж үзэхээр байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Иймд шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А-1/843 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Ж.Э нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 2/2016 дугаартай Контрактын гэрээ, 1 дугаартай Контрактын нэмэлт гэрээг дүгнэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 154 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Ж.Э-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А-1/843 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Ж.Э нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 2/2016 дугаартай Контрактын гэрээ, 1 дугаартай Контрактын нэмэлт гэрээг дүгнэхийг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                      Д.ОЮУМАА