Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/142

 

 

2021 оны 07 сарын 29 өдөр                              2021/ШЦТ/142              Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0173/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                 Б.Нарангэрэл

Шүүгдэгч                                                          Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 2139000000070 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Б.Б нь  2021 оны 01 дүгээр сарын 28-ны  өдрөөс  30-ны  өдрийн хооронд 10 ширхэг үхрийн мах  авчирч зарна гэж иргэн С.О-г хуурч  зохиомол байдлыг зориудаар бий болгох,  бодит  байдлыг нуух  замаар  төөрөгдөлд  оруулж улмаар  Ж.М-ийн  эзэмшлийн  Хаан банкны  5954349615 дугаартай дансаар  450.000 төгрөг, Б.М-ын эзэмшлийн  Хаан банкны 5954323102 дугаартай дансаар  100.000  төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч нь: “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлнө” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

            Хохирогч С.О-ийн өгсөн:...Би хувиараа мал  мах түүхий  эд худалдаж  авдаг юм.  2021 оны  01 дүгээр сарын  28-ны орой  хэсэг хүмүүс надад  мах зарсан,  тэр хүмүүс дотор Б  гэх залуу байсан. Б гэх залууг урьд таньдаггүй  байсан. Б  гэх залуу одоо  байнга мах таньд  өгч байна гэж хэлсэн.  Ингээд 2021 оны  01 дүгээр сарын 28-ны орой  98971757 дугаарын утаснаас  залгаад Б байна  маргааш таньд 10 тооны үхрийн мах  зарна гэж хэлээд  надаа 100.000 төгрөг  авсан. Б надад мөнгө  шилжүүлээч гээд 5954349675 гэсэн данс явуулсан.  Би тэгээд үхрийн мах надад  зарна гэсэн болохоор 100.000  төгрөгөө дараа нь суутгаад  авна гэж  хэлээд Б-ын өгсөн хаан банкны  дансанд 100.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б  мөн дугаараас  залгаад  мах ачиж  явсан  машин эвдэрсэн Хэнтий аймгийн Мөрөн суманд байна сэлбэг  авах мөнгө хэрэгтэй байна гэсэн тэгээд 50.000 төгрөгөөр 2 удаа  5954349675  тоот данс руу  шилжүүлүүлж  авсан. 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр  Б манайд   нэг танихгүйн эмэгтэйн хамт ирсэн. Б одоо Мөрөн сум руу явж махтай машинаа авчирах  гэж байна.  Машины бас нэг сэлбэг  авахаар болчихлоо. Махтай  машиныг  нэг  настай хүн  хүүхэд хоёр хараад сууж байгаа  гэж хэлсэн. Тэгээд дахиж 100.000 төгрөг 5954349675 тоот дансаар шилжүүлж авсан. Хэсэг хугацааны дараа  утсаар яриад  Мөрөн суманд ирлээ  махтай машин  харж байгаа настай хүн хүүхэд хоёрыг түрүүлээд аймаг явууллаа. Дахиад 150.000 төгрөг шилжүүлээч  гэж хэлсэн, би  150.000 төгрөгийг  Бошоолын өгсөн 5954349675  дансанд шилжүүлсэн. Мөн хэсэг хугацааны дараа  дахиж  мөнгө хэрэг боллоо гээд  5954323102  тоот дансанд 100.000 төгрөг шилжүүлээч  гэхээр дахиад шилжүүлсэн. Ингээд Б-ыг ирэхгүй болохоор  утсаар нь  залгасан чинь гар утсыг нь   согтуу эмэгтэй хүн аваад  юун мах вэ Б байхгүй байна гэж хэлсэн.  Ингээд би Б намайг залилсан байна  гэдгийг  мэдсэн. Б  надад 10 тооны үхрийн  мах зарах  гээд ачаад  Хэнтий рүү  ирж байна  машин эвдэрсэн сэлбэг  бинзен  тосны  мөнгө хэрэгтэй байна  гэж худал хэлж нийт 550.000 төгрөг авч  залилсан. Би Бошоолоос 550.000 төгрөгөө  нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуу/

             Гэрч  Н.Дугарсүрэнгийн өгсөн:...Би 2021 оны 01 дүгээр сарын  28-ны 18 цагийн үед  би тус  сумын  иргэн Батсайхан, Цогтсайхан  нарын хамт Цогтсайханы  эзэмшлийн  Бонго-2 маркийн  тээврийн хэрэгслээр Хэнтий аймгийн төв рүү  явсан.  Тухайн үед Дэлгэрхаан  сумын иргэн  Болд нь  өөрийн эзэмшлийн  Пробокс  маркийн  тээврийн  хэрэгсэлтэй  эхнэр  Сувдаа  мөн үл  таних  залуугийн  хамт  аймгийн  төв рүү  явсан.  Хэнтий аймгийн  төвд очоод  Цогтсайхан  1 тооны үхэр, 1 тооны адууны мах  толгойных нь хамт, Батсайхан  10 тооны хонь, 10 тооны  ямааны  мах Одонтуяа  гэх ченжид зарсан.  Болд 5 тооны  ямаа  1 тооны   адууны   мах мөн  адил тус  ченжид  өгсөн. Одонтуяа мах  зарах үед Батсайхан, Цогтсайхан, Болд  түүний эхнэр  Сувдаа үл таних  залуугийн  хамт бид 6 байсан...Б гэдэг  нэртэй  гэсэн. Б нь  Дэлгэрхаан сумаас Хэнтий  аймгийн  төв  орох  зорилготой  Болдын  машинд  сууж  хамт  явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

            Гэрч Б.Мөнгөнсувдын өгсөн:...Би Хэнтий аймгийн  Хэрлэн  сумын  5-р баг  Сариг 05-11 тоотод оршин  суудаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 30-ны  өдөр 15 цагийн  орчимд манай дүү  Б ганцаараа   манай гэрт ирсэн. Тэгээд эгчээ та  дансаа  өгөөч  дансанд чинь  100.000 төгрөг  хүнээр  хийлгээд авчих гэсэн юм гэсэн. Би  хаан банкны  дансны  дугаараа  өгсөн. Хаан банкны  виза  картыг  Б  авч  яваад  удалгүй  буцааж өгсөн. Миний дансанд 100.000 төгрөг  орлоо гэсэн  мэдээлэл  гар утсанд ирсэн Б  хаан банкны  виза  карт авч явсны  дараа  удалгүй 100.000 данснаас  хасагдсан гэсэн  мэдээлэл миний гар  утсанд ирсэн. Би Б-лыг   хэнээс  мөнгө  авсан  талаар  мэдэх зүйл байхгүй. Дахиж  Б  орж  ирээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/

            Гэрч Э.Мөнгөншагайгийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Хэрлэн  сумын 2-р баг Өргөө 02-13 тоотод оршин  суудаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны  өдөр 21 цагийн орчимд  манай нөхрийн  ах Б ганцаараа  манай гэрт ирсэн. Тэгээд  ахын  дүү  дансанд  чинь  хүнээр  мөнгө  хийлгээд авчих гэсэн юм гэсэн. Тэгээд  миний хаан банкны  виза  картыг Б ах  авч явсан. Б ах  миний  хаан банкны  дугаарыг  мэддэг юм. Удалгүй миний  дансанд нэг удаа 100.000 дараа нь 50.000 төгрөг  орлоо  гэсэн мэдээлэл гар утсанд  ирсэн  байхыг нь  харсан. Тэгээд  1 дүгээр  сарын 30-ны виза  картыг  авчирч  өгсөн. Би Б-ыг  хэнээс  мөнгө  авсан талаар  мэдэх зүйл  байхгүй. Дахиж Б манайхаар  орж ирээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/

            Гэрч Б.Мөнгөнтовчийн өгсөн:...Б 1996 онд Хэнтий  аймгийн  Бэрх  тосгонд төрсөн.  25 настай. Бид нар эцэг эхээс 7-уулаа. Б айлын дээрээсээ 6 дахь  хүүхэд  байгаа  юм. Б сургуулийн  өмнө  Хэнтий аймгийн Батноров сум 7 дугаар баг  Бэрх тосгоны  цэцэрлэгт сурч байсан. 2002 онд Бэрх  тосгоны Ерөнхий  боловсролын сургуульд  орж  суралцаад 2013 онд Бэрх тосгондоо 12 дугаар  анги төгссөн. 2013 онд Аварга  биеийн  тамирын  дээд сургуульд  биеийн  тамирын  багш дасгалжуулагчийн  ангид орж  суралцаж  байгаад удаагүй сургуулиас гарсан. Улаанбаатар  хот 032 дугаар  цэргийн  ангид 2014-2015 онд  цэргийн  алба  хаасан, цэргээс ирээд  эрхэлсэн тодорхой  ажилгүй байгаа, монгол Үндэсний  бөхийн  сумын  заан цолтой, сагс тоглодог, төлөв даруу  зантай, архи тамхи  хэрэглэдэг, аавынхаа  хамт  амьдардаг, Б нь Мягмарсүрэн гэх  эмэгтэйтэй гэр  бүл болж амьдарч байгаад  салсан.  Нэг охинтой Анухатан  гэдэг  ээжээрээ  овоглодог...гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/

           

Б.Б-ын яллагдагчаар өгсөн:..Би өөрийн  гэм буруугаа  хүлээж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуу/

 

Гэрч Б.Мөнгөнсувдын ХААН банкин дахь 5954323102 тоот дансанд 2021 оны 01 дүгээр сарын 30-ний  өдөр 5959222111 дугаарын данснаас 100.000 төгрөг “odnoogoos” гэсэн гүйлгээний утгаар орлого орсон,  гэрч Э.М-ийн  ХААН банкин дахь 5954349675 дугаарын дансанд 2021 оны 01 сарын 28-ний өдөр  5959222111 дугаарын данснаас 100.000 төгрөг,  “odnoogoos” гэсэн гүйлгээний утгаар,  мөн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний  өдөр 12 цаг 51 минутад 50.000 төгрөг, 13 цаг 33 минутад 50.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын  30-ны өдрийн 13 цаг 21 минутад “odnoo” гэсэн гүйлгээний утгаар 100.000 төгрөгийн,  14 цаг 24 минутад “odnoogoos” гэсэн гүйлгээний утгаар  150.000 төгрөгийн  орлого орсон  тухай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 57, 59  хуу/

Б.Б-ын  иргэний үнэмлэхний лавлагаа  / хх-ийн  51 хуу/

Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 43 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл / хх-ийн 65-66 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-д  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь “10 ширхэг үхрийн мах  зарна” гэж хохирогч С.О-г хуурч 2021 оны 01 дүгээр сарын 28-30-ны  өдрийн хооронд бэр дүү Ж.Мөнгөншагайгийн  эзэмшлийн  Хаан банкны  5954349615 дугаартай дансаар  450.000 төгрөг, эгч Б.Мөнгөнсувдын эзэмшлийн  Хаан банкны 5954323102 дугаартай дансаар  100.000  төгрөг, нийт 550.000 төгрөгийг шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч С.О, гэрч нарын мэдүүлэг, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Иймд шүүгдэгч Б.Б-ыг залилах гэмт хэргийг  бусдыг хуурч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй  байна.

 

            Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

 

   Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо малаа зарж олсон мөнгөөр нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч энэ нь бодитгойгоор биелэгдэх боломжтой гэж үзэх үндэслэлгүй,  Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул  Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг  дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар  шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.

 

Иймд шүүгдэгч Б.Б-д зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-оос 550.000 төгрөг гаргуулж хохирогч С.Одонтуяад олгуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл,  34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч  Б.Б-ыг залилах гэмт хэргийг бусдыг хуурч  үйлдсэн  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын   хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б-д 1 жил 6 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох  үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Б-оос  550.000/ таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж  хохирогч  С.О-д олгосугай.

6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ