Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/144

 

 

2021 оны 08  сарын 02 өдөр                     2021/ШЦТ/144                             Хэрлэн сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэргийн индекс: 180/2021/0150/ Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч                                                   Ж.Баянжаргал

            Шүүгдэгч                                                          М.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                   Г.Баярсайхан нарыг оролцуулан  шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Д-д холбогдох 2139000180059 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Д-д нь 2020 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Н.А-тай бүлэглэн Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Түмэнхаан” гэх газраас хохирогч Н.Ө-ын эзэмшлийн хонин сүргээс олон тооны мал буюу 31 хонь, 12  ямаа нийт 43 тооны бог малыг машин механизм ашиглан хулгайлж бусдад 4.910.000  төгрөгний хохирол учруулсан,

2020 оны 12 дугаар сарын 07-ноос 15-ны өдрийн хооронд Н.А-тай бүлэглэн Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр багийн нутаг “Шар-Өндөр” гэх газраас хохирогч А.Д-ын эзэмшлийн хонин сүргээс олон тооны мал буюу 20 тооны хонийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгний хохирол учруулсан,

 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Түмэнхаан” гэх газраас ганцаараа хохирогч П.- ий эзэмшлийн хонин сүргээс 15 тооны хонь буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж бусдад 2.100.000 мянган төгрөгний хохирол учруулсан,

2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Баян-Өлзийт” гэх газарт байрлах өөрийн гэрийнхээ гадуур ирсэн хохирогч П.Б-ний эзэмшлийн үхэр сүргээс улаан зүсмийн охин бярууг ганцаараа хулгайлж бусдад 700.000 мянган төгрөгний хохирол учруулсан,

Н.А-тай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Түмэнхаан” гэх газраас хохирогч П.-Б ний эзэмшлийн үхэр сүргээс машин механизм ашиглан улаан зүсмийн шүдлэн эр үхэр хулгайлж бусдад 900.000 мянган төгрөгийн хохирол нийт бусдад 11.410.000 /арван нэгэн сая дөрвөн зуун арван мянган /төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Н.Ө-ын өгсөн:... Би 2020 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Норовлин сумын 1 дүгээр багийн нутаг Түмэнхаан гэх газраас 43 тооны бог мал хулгайд алдсан. Хонь ямаагаа хулгайд алдсан талаараа 2020 оны 12 дугаар сарын 08-ны өглөө хонь ямаагаа бэлчээрт гаргах гэсэн чинь зүсээрээ нэг ямаа харагдахгүй байса. Тэгээд хонь ямаагаа тоолж үзсэн чинь хонь 31, ямаа 12 байхгүй байсан. Ингээд хонь ямаагаа хайгаад ойр орчмоор сураглаад явж байтал Норовлин сумын 1 дүгээр багийн иргэн Нямсүрэнгийн хүү нэрийг нь сайн мэдэхгүй байна. Шар гэж дуудаад байдаг айлд манай алдсан ямаанаас 5 эр ямаа зүсээрээ имээрээ байсан. Тэр 5 ямааны 4 ямааны эврийг нь улаан өнгийн будгаар будсан байсан...Тэгээд би Шар гэх залууг дагуулан хонин дээр нь очоод өөрийн ямаагаа харуулахад Шар тийм байна аа дүү нь бол сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би шарын хонин дээр эхнэр Баттуяаг хүлээж байгаад ирэхээр нь ямаагаа харуулсан. Тэгээд буцаад эхнэр бид хоёр Нямсүрэн ахын гэрт нь очсон. Манай эхнэр Нямсүрэнгийн А-тай утсаар ярьсан. Тэгээд манай эхнэр Н.А сумын төвөөс ирээд авчих надад унаа байхгүй байна гэж хэлсэн байсан. Тэгээд манай эхнэр Баттуяа, Бат-Эрдэнэ гэх хүний эхнэр Эрка гэх хүнтэй хамт явсан. Манай эхнэр Баттуяа сум ороод орой гэртэй ирэхдээ Н.А нь манай алдсан 31 хонь, 12 ямааг хулгай хийж авсанаа хүлээн зөвшөөрч байна. Н.А-тай хамт манай баруун хойно байдаг Д-д гэх хүнтэй хамт хулгай хийсэн гэж байна...Тэгээд би А-тай уулзахад А нь Оршихоо ахаа дүүгээ уучлаарай дүү нь үнэнгээ хэлье Д-д ах надад Шалз гах газраас хэдэн хонь тасраад ирсэн тэр хэдэн хонийг айлын хашаанд хашсан байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Д-д ахын хонь хашсан хашаан дээр очиход хонь байгаагүй, тэгээд бид хоёр танай хонь руу очсон танай хашаатай хонин дээр очин баруун талын хашааг нь онгойлгон хонь ямаа тасдаж аваад баруун хойш нь явган туугаад айлын саравчин дээр хашаад Доржханд ахын машинаар ачсан гэж надад А хэлсэн... Манай  нядалсан 5 хонины оронд  нь  9 хонь илүү  илүү өгсөн...Манайх хулгайд  алдсан хонь ямаанаасаа  12 ямаа 21 хонь авсан. Үлдэгдэл 10 хонио Д-аас  авсан.  Д-аас авахдаа өөрийн имтэй  5 хонь  амьдаар нь авсан. Нядалсан  5 хониныхоо оронд 14 хонь  авсан...надад одоо ямар нэгэн санал хүсэлт, гомдол би өөрийн алдсан хонь ямаагаа тоо ширхэгээр нь бүрэн хүлээж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6-9 хуу/

Гэрч Б.Баттуяагийн өгсөн:.. нөхөр Өлзий-Орших найз Ган-Эрдэнэ бид гурав Нямсүрэн ахын гэрт нь очоод гэрт нь ороход Нямсүрэн түүний эхнэр Одонгэрэл нар нь байсан. Тэгээд Одонгэрэл нь өөрийн хүү Абуюу талийгаач хүүтэйгээ утсаар ярьж байсан. Тэгээд би Нямсүрэн ахад та юу болсон талаар мэдсэн үү гэж асуухад Нямсүрэн ах тиймээ мэдсэн цагдаа шүүх болоод яах вэ хэдүүлээ хоорондоо эндээ шийднэ биз гэж хэлсэн. Тэгээд би манай хонь ямааг хулгай хийсэн Нямсүрэн гэх хүний хүү А-тай утсаар ярьсан утсаар ярихдаа би эгчийн дүү юу хийсэн талаараа мэдэж байгаа биз гэж асуухад Н.А нь одоо гэр лүү очлоо та надыг сумын төвөөс ирээд авчих надад унаа байхгүй байна гэж хэлсэн...Тэгээд А руу утсаар залган хаана байгаа талаар нь асуухад Оргио гэх айлын хашааны үүдэнд байна ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд бид хоёр очиж аваад юм асууж амжаагүй байхад А нь уучлаарай эгч танай хонь ямаа гэдгийг мэдээгүй авсан шүү гэж хэлж байснаа Д-д ахтай хамт танай хонь ямаанаас авсан гэж хэлсэн...Тэгээд манай хонь ямааг А, Д-д нар аваачиж өгсөн. Тэгж очихдоо 21 хонь 12 ямаа аваачсан байсан. Үлдэгдэл 10 хонийг нь Д-д сумын төв рүү зарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-15  хуу /

Гэрч С.Бямбадоржийн өгсөн:...Тиймээ би Д-д гэх хүнээс мөнгөний авлагатай байсан тэр мөнгөнийхөө оронд 2020 оны 12 дугаар сарын 10, 11, 12-ны аль нэг өдөр нь яг хоногийг нь сайн мэдэхгүй байна.  Д-д нь над руу хөдөө гэрээсээ өдөр утсаар ярин би танд өрөндөө мал аваачиж өгөх гэсэн хаана аваачиж өгөх вэ? Тэгэхлээр нь би өөрийн туслах малчин Мөнх-Оргил дээр аваачаад өгчих гэж хэлсэн. Тэгээд тэр оройгоо надад авчирч өгөөгүй харин утсаар ярьсаны маргааш нь манай малчин Мөнх-Оргил нь Д-ыг 7 тооны хонь авчирч өгсөн. 2 хонь нь аав Мөнхчулууны өр, 5 хонь нь Д-ын өрөнд өгсөн хонь шүү гэж хэлсэн...Өлзий-Оршихын эхнэр ирээд надтай уулзан Д-д нь таньд 10 хонь авчирч өгсөн үү гэж асуусан тэгэхлээр нь би надад Д-д нь 10 хонь авчирч өгөөгүй 7 хонь өгсөн. Тэр долоо хонь нь манай малчин Мөнх-Оргил дээр байгаа очиж хар гэж хэлсэн. Тэгээд Өлзий-Оршихын эхнэр нь яваад өгсөн. Маргааш буюу 2020 оны 12 дугаар сарын 16-нд нь Нарангарав утсаар яриад танайд өрөндөө өгсөн 5 хонь нь Д-ын авчирч өгсөн хонь байсан юм тэр 5 хонь нь Өлзий-Оршихын хониноос Д-д нь хулгай хийсэн хонь байна гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 18, 19-ний үед намайг мал дээрээ байхад Д-д, А нар нь нөгөө өрөндөө өгсөн 7 хониноос 5 хонийг нь машин дээрээ ачаад аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/

Гэрч Ю.Нарангаравын өгсөн:...Норовлин сумын 1 дүгээр багийн иргэн Д нь 2019 оны 11 сард мал өгнө гээд 150,000 төгрөг зээлсэн байсан түүнийхээ оронд 2020 оны 12 дугаар сарын 9,10-ны үед надад 5 хонь авчирч өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу /

Хохирогч Н.Өлзий-Оршихын алдсан 43 тооны хонь, ямааны үнэлгэээг нийтэд 4.910.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2021ШД17 тоот дүгнэлт /хх-ийн 35-37 хуу /

4753 ХЭА улсын дугаартай HYUNDAI Porter маркийн  тээврийн хэрэгслийн  үнэлгээг 6.955.200 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2021 оны 03 дугаар  сарын 10-ны өдрийн 2021ШД-101 тоот дүгнэлт /хх-ийн 44-47хуу /

М.Д-ын яллагдагчаар өгсөн:... Н.Аюуш 2020 оны 12 дугаар сарын  07-ны  өдөр  намайг цугтаа  Н.Өлзий-Оршихын малыг   хулгайлья гэхээр нь   тус сарын 07-ноос 08-ны шилжих шөнө  би Н.А-тай  Портер маркийн 47-53 ХЭҮ  улсын дугаартай автомашинаа унаж очоод  Н.Өлзий-Оршихын  гэрт хүн байхгүй байсан болохоор  2 удаагийн  зөөлтөөр  43 орчим  тооны хонь  ямааг машиндаа   ачаад  А-ийн  ах дүү нарыг унтаж байх үед   нь  хонинд нь нийлүүлсэн. Харин би тухайн хонь ямаанаас 10 тооны  хонийг л  авсан.  тэгээд  цагдаад   баригдаад  би бүх  хонь ямааг  нь цуглуулаад  Н.Өлзий-Оршиход  өгсөн. Би хийсэн  үйлдэлдээ  маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 75 хуу/

     Хохирогч А.Даваажавын өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хонто тоолж үзэхэд манай хонь ямаанаас нийт 73 тооны мал дутуу байсан, 72 хонь 1 ямаа дутуу байсан. Тэгээд дутуу малаа энд тэнд тасарсан байж магадгүй гээд ойр хавийн айлуудын бэлчээрээр харахад манай өөрийн малын бэлчээр дээр 28 хонь 1 ямаа байсан... 2020 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн орчим Цоомоо гэх айлынд очин манай хонь хэд байгааг нь харах гээд очиход Цоомоо нь Д-д надаас 2.000.000 төгрөг авсан, түүнийхээ оронд 20 тооны хонь авч ирж өгсөн гэж хэлсэн...Цоомоогийн хонинд цагдаатай очиж тоолоход манай имтэй 21 тооны хонь байсан...би Д-аас манай хонийг хэнтэй яаж хулгай хийсэн талаар нь асуухад Д нь талийгаач А-тай хамт манай гэрийн гаднаас хашаатай байсан хониноос хашааны хаалга онгойлгож байгаад авсан гэж Д өөрөө хэлсэн. Тэгээд би байхгүй байгаа 24 тооны хонио яасан талаар Д-аас асуухад Д бид хоёр танайхаас 20 тооны хонь л хулгай хийсэн, өөр хонь хулгай хийгээгүй гэж хэлсэн...манай 20 тооны хонь Д авсан гэдэг нь тодорхой болсон болохоор үлдэгдэл хонийг маань авсан байх гэж бодсон, тэрнээс биш үлдэгдэл хонио Д авсан гэж хэлээгүй манай хонь яг хэзээ алга болсон талаар бас манай хонь хэсэг хэсгээрээ олдсон болохоор бас өөр айлын хониор тасарсан байж болох юм...гэх мэдүүлэг /хх-ийн 86-88, 238  хуу /

Гэрч Г.Цолмонгийн өгсөн:...манай гэрээс урагш 15-20 км зайд байх Даваажав нь эхнэрийн хамтаар манай гэрт ирээд хонио алдсан, танай хониор харья гэх хэлсэн, тэгээд манай хониор хараад Доржхандын авч ирж өгсөн хонийг алдсан хонь байна гэж надад хэлсэн. Ингээд Д нь надад өртэй байсан түүнийхээ оронд 20 хонь авч ирж өгсөн тэр хонь нь энэ хонинууд гэж хэлсэн. Тэгээд би Д-тай уулзаж байгаад юу болсон талаар нь асуусан юун хонь надад авч ирж өгсөн талаар, тэгээд надаас ирж хонио аваарай гэж хэлсэн. Тэгээд би Д-тай уулзахад Д нь тиймээ би Даваажав ахын хониноос хулгай хийсэн юм гэж хэлсэн....Тэр авч ирж өгсөн 20 хониноос нь нэг хонь явж чадахгүй хэвтээд байхаар нь нядлаад хүнсэндээ хэрэглэсэн. Тэр хонины өрөөсөн хаа нь тэр чигээрээ нөж мөн хоёр хавирга нь хугарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 100-102 хуу/

Хохирогч А.Д-ын алдсан 20 тооны  хонийг 2.800.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн 2021ШД119 тоот дүгнэлт /2 хх-ийн 03-05 хуу /

М.Д-ын яллагдагчаар өгсөн:... би А-ийн  хамтаар  А.Д гэх  айлаас  20 тооны  хонь  шөнө унтаж  байх үед  нь хашаанаас нь миний  машинд ачаад  авч явсан.  Харин А үлдсэн  25  тооны  хонийг  нь авсан байх би  20 тооны  хонийг аваад хүнд өрөндөө  өгсөн байсныгаа  буцаагаад А.Д-д өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 123  хуу/

Хохирогч П. Б-ий өгсөн:..Би 2020 оны 12 дугаар сарын 07-ны өглөө хонь ямаагаа тоолж үзхэд манай хонь ямаанаас 15 хонь дутуу байсан тэгээд би ойр хавийн айлуудын малаар харж явахад ямар нэгэн сураг чимээ гараагүй. Тэгээд би өөрийн алга болсон 15 хониноос 6-7 хонийг нь зүсээр нь мэдээд байсан. Тэгж байтал манай хажуу айл болох Ө-ын 40 гаран тооны хонь ямаа алга болсон. Тэгээд манай энэ хавьд нэг хүн мал хулгай хийгээд байна гэдгийг нь мэдсэн. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 15-ны орой Ө-ыг эхнэрийн хамт гэртэй дуудаад би нэг хүн сэжиглэж байна. Танай манай хонь ямааг авсан байж магадгүй гээд дуудсан. Тэгээд ирэхээр нь манайх 2020 оны 12 дугаар сарын 07-ны орой бой хийсэн тэр өдөр Д-д манай гэрт ирсэн, мөн А ирсэн байсан. Тэгээд бүгдээрээ хойшоо яваад Д-ын гэрт нь ороход бид нартай хамт явах байсан А нь гэнэт л үлдэхээр болсон, харин тэр шөнө танай хонь алга болсон гэж ярилцаад маргааш нь Ө нь А-ын аав буюу Нямсүрэн гэх айлын хониор орж харахаар болсон. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Нямсүрэн гэх хүний хүүхэд Шар гэх хүний хонь ямаагаар нь Ө орж харахад нөгөө Ө-ийн хулгайд алдсан ямаа байсан, мөн тэр ямаануудын эврийг нь улаан өнгийн будгаар будсан гэж Ө эхнэр Баттуяад хэлээд хүрээд ир гэж хэлсэн. Ингээд Ө эхнэр Баттуяа явахдаа манайхаар ирэн эхнэр Ган-Эрдэнийг хамт аваад ирсэн байсан. Тэгээд би орой нь Ө-той хамт Нямсүрэн ахын хонинд манай алга болсон хонь байж магадгүй гээд цуг явхад Нямсүрэн ахын хүү Шарын хонинд нь манай алга болсон 15 тооны хонь зүсээрээ буюу имээрээ байсан. Тэгээд би хэн манай хонийг авчирч өгсөн талаар асуухад манай хойд талын айл болох Д авчирч өгсөн гэж хэлсэн. Мөн манай хонийн имийг нь өөрчилж имнэсэн байсан. Ингээд Д-аас асуухад манай хонийг бэлчээр дээр нь байхад мотоциклтой явж байгаад тасдаад хөөж яваад Шар гэх айлынд аваачиж өгсөн гэж хэлсэн. Өөр хүн цуг яваагүй гэж надад хэлсэн....мөн 2020 оны 12 дугаар сарын 10-ны орой үхрээ бүртгэж үзэхэд манай үхрээс 1 тооны бяруу дутуу байсан. Мөн миний малтай хамт байдаг манай дүүгийн эрээн нүүртэй ногоон халзан шүдлэн үхэр дутуу байсан...тэгээд манай хонийг авсан Д л авчихлаа гэж бодож байгаад Д-ын гэрт ороход шинэ зуух авсан байсан, тэр зуух нь манай сумын иргэн Батжаргалын гэх хүний хийцтэй зуух байсан болохоор Батжаргал ах руу утсаар ярин Д-д таниас зуух авсан байна. Юугаар худалдаж авсан бэ гэж асуухад Батжаргал ах Д-д нь надад улаан зүсмийн охин бяруу өгсөн гэж хэлсэн. Тэгээд л манай хулгайд алдсан бяруу байна гэдгийг нь мэдээд наад бяруугаа байлгаж байгаарай бид хэд очиж байгаад харна Д-ыг авна гэвэл битгий өгөөрэй гэж хэлээд бид хэд урдаас тэр шөнөдөө ирж харахад манай хулгайд алдсан бяруу им зүсээрээ байсан. Тэгээд Д-аас хэнтэй хулгай хийсэн талаар асуухад би ганцаараа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 132-135  хуу/

Гэрч Б.Батжаргалын өгсөн:....Би 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай сумын 1 дүгээр багийн иргэн Д нь манай гэрт ирээд зузаан төмөр пийшин 1 ширхэгийг аваад өртөг болох 400,000 дөрвөн зуун мянган төгрөгний оронд нь нэг тооны бяруу өгнөө гэж хэлээд манайхаас төмөр пийшин аваад явсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчим манай гэрт Д нь өөрийнхөө цэнхэр өнгийн бонго маркийн машинаар улаан хүрэн зүсмийн охин бяруу авчирч өгсөн. Тэр бяруугаа авчирч өгөхдөө Д нь ганцаараа байсан. Харин нь Д-ын авчирч өгсөн охин бярууны имийг нь бол анзаарч хараагүй. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 17-ны орой 18 цагийн орчим Норовлин сумын 1 дүгээр багийн иргэн Бат-Эрдэнэ түүний эхнэр Ган-Эрдэнэ мөн Бат-Эрдэний хүргэн Галуухай нар нь жижиг тэрэгтэй ирэн Д--ын манайд өгсөн бярууг хараад Бат-Эрдэнэ нь энэ манай хулгайд алдагдсан бяруу байна та байлгаж байгаарай гэж хэлчихээд яваад өгсөн. Харин маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д нь манай гэрт өөрийн цэнхэр өнгийн машинтайгаа ирэн авчирч өгсөн бяруугаа ачаад надтай ямар нэгэн үг дуугаралгүй яваад өгсөн. Мөн бяруу ачихдаа бярууны эзэн болох Бат-Эрдэнэ түүний эхнэр Ган-Эрдэнэ нар нь хамт явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 136-138 хуу/

П.Б-ий алдсан 2 тооны үхрийн үнэлгээг 1.600.000 төгрөгөөр 15  хонины үнэлгээг 2.100.000 төгрөгөөр нийт 3.700.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2021ШД51 тоот дүгнэлт /хх-ийн 161-163  хуу/

М.Д-ын яллагдагчаар өгсөн:... П.Б-ний 15 тооны хонийг  би ганцаараа  аваад  талийгаач   Н.А-ийн  дүүд  нь өртэй  байсан болохоор  аваачиж өгсөн.  Дараа нь цагдаад  баригдаад  П.Б-д  буцаагаад  өгчихсөн. Бас  П.Б-ийн  1 тооны  улаан зүсмийн  охин бярууг   ганцаараа хулгайлж  авсан байсан  ч гэсэн бас  буцаагаад  өгсөн, би  хохирлоо төлсөн. Харин  П.Б-ээс  2021 оны 12 дугаар сарын  10-нд  А-тай   хамт   хулгайлсан  шүдлэн  үхрийг  Н.А авч өөртөө  зарцуулсан. Би ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 180 хуу/

М.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 196 хуу/

Н.А нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болохыг тодорхойлсон нас барсны бүртгэлийн лавлагаа / хх-ийн 212 хуу/

4753 хэа улсын дугаартай Hyundai porter маркийн автомашины эзэмшигч нь М.Д болохыг тодорхойлсон тээврийн хэрэгслийн лавлагаа / хх-ийн 215 хуу/

М.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 214 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл / 2-хх-ийн 07-14 хуу/

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн “хохирогч П.Б-д шүдлэн үхрийн төлбөрт нийт 900.000 төлсөн тухай, П.Б-ий тодорхойлолт, орлогын мэдүүлгийн баримт /2 хх-ийн.........хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч М.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд  шүүгдэгч  М.Д нь 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Түмэнхаан” гэх газраас хохирогч П.Б-ний 15 тооны хонийг 4753 хэа улсын дугаартай Hyundai porter маркийн автомашин ашиглан хулгайлж 2.100.000 мянган төгрөгний хохирол учруулсан,

2020 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Н.А-тай бүлэглэн Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Түмэнхаан” гэх газраас хохирогч Н.Ө-ын 43 тооны хонь, ямааг  4753 хэа улсын дугаартай Hyundai porter маркийн автомашин ашиглан хулгайлж 4.910.000 төгрөгний хохирол учруулсан,

2020 оны 12 дугаар сарын 07-ноос 15-ны өдрийн хооронд Н.А-тай бүлэглэн Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр багийн нутаг “Шар-Өндөр” гэх газраас хохирогч А.Д-ын 20 тооны хонийг 4753 хэа улсын дугаартай Hyundai porter маркийн автомашин ашиглан хулгайлж 2.800.000 төгрөгний хохирол учруулсан,

ганцаараа 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Баян-Өлзийт” гэх газраас хохирогч П.Б-ий улаан зүсмийн охин бярууг хулгайлж 700.000 мянган төгрөгний хохирол учруулсан,

Н.А-тай бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Түмэнхаан” гэх газраас хохирогч П.Б-ний улаан зүсмийн шүдлэн эр үхрийг 4753 хэа улсын дугаартай Hyundai porter маркийн автомашин ашиглан хулгайлж 900.000 мянган төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

 

 Шүүгдэгч Д нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч Н.Ө,  А.Д, П., гэрч Б.Баттуяа,  С.Бямбадорж, Ю.Нарангарав,  Г.Цолмон, Б.Батжаргал нарын  мэдүүлгээр нотлогдож байгаа, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч М.Д нь  тухайн гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн портер маркийн 47-53 ХЭҮ  улсын дугаартай автомашиныг малыг ачиж, тээвэрлэх зэрэгт ашигласан болох нь түүний яллагдагчаар өгсөн “портер маркийн 47-53 ХЭҮ  улсын дугаартай автомашинаа унаж очоод  Н.Ө-ын  гэрт хүн байхгүй байсан болохоор  2 удаагийн  зөөлтөөр  43 орчим  тооны хонь  ямааг машиндаа   ачсан”, “А.Д гэх  айлаас  20 тооны  хонь  шөнө унтаж  байх үед  нь хашаанаас нь миний  машинд ачаад  авч явсан” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон байна гэж үзлээ.  Шүүгдэгч М.Д нь Н.А-тай бүлэглэн нийт 78 хонь, 2 үхэр хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт -Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж  найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно...гэж заасан байх тул шүүгдэгч М.Д-ыг  олон тооны мал хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Д-тай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн Н.А нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч М.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан буюу  мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж,  олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ө-д 4.910.000 төгрөгийн, хохирогч А.Д-д 2.800.000 төгрөгийн, хохирогч П.Б-д 3.700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь хулгайлсан малаа буцааж өгөх, хохирлыг нь мөнгөөр төлөх зэргээр гэмт хэргийн улмаас учруулсан  хохирлоо төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч М.Д-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4753 ХЭА улсын дугаартай HYUNDAI Porter маркийн   автомашины үнэ 6.955.246 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг  хэрэглэх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нь 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих дүгнэлт тус тус гаргасан.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 5  удаа үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн  хувийн байдал, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн  2 дахь  хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Доржхандын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 4753 ХЭА улсын дугаартай HYUNDAI Porter маркийн   автомашиныг хурааж, улсын төсөвт шилжүүлэх  хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг  хэрэглэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь 2020 оны 11-12 сард үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн, урьд нь ял шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь  хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”  хүн хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан ба тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь  хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино ” гэж заажээ.

 

Иймд шүүгдэгч М.Д-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч М.Д-д 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Норовлин сумын хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй гэж заасан байх тул шүүгдэгчид хэрэглэсэн 4753 ХЭА улсын дугаартай HYUNDAI Porter маркийн   автомашиныг хурааж, улсын төсөвт шилжүүлэх  хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ өршөөлд хамаарахгүй болохыг дурдсугай.

            Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  4753 ХЭА улсын дугаартай портер маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Д-ийг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Д-ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч М.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар  хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4753 ХЭА улсын дугаартай HYUNDAI Porter маркийн   автомашиныг хурааж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй. 

5. Шүүгдэгч М.Д-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жил  1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

6. Шүүгдэгч М.-д 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Норовлин сумын хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.

7. Шүүгдэгч М.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  4753 ХЭА улсын дугаартай портер маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.  Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ОДХҮҮ

 

 

 

: 180/2021/0150/ Э