| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0128/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/145 |
| Огноо | 2021-08-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ж:Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/145
2021.08.04 2021/ШЦТ/145/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0128/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Ж.Баянжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Дүүриймаа
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Б-д холбогдох 2139001520156 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.Б нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Марзад” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны орчим Л.З-аас итгэмжлэн хариуцуулсан адуун сүргээс хүрэн зээрд зүсмийн “S” тамгатай 1 тооны гүүг завшиж бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Хар чулууны үзүүр” гэх газраас 2019 оны 6 дугаар сарын 10-ны үед Э.Н-ын итгэмжлэн хариуцуулсан хонин сүргээс урдаасаа хөндлөн хайчтай, баруун чих араасаа догол, зүүн чих урдаасаа хайчтай имтэй 5 тооны хонийг Б.У-д миний эзэмшлийн хонь гэж худал хэлж 89-52 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачуулан Өмнөдэлгэр сумын төвд ченжид заруулан завшиж бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч С.Б нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, учруулсан хохирлоо төлсөн” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Э.Н-ын өгсөн:..Би 2019 оны 6 сард өөрийн эзэмшлийн хониноос 5 хонь хулгайд алдсан. Тухайн үед манайх Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг Хурхын гол гэх газарт нутаглаж байсан юм. Тэгээд хулгай хийсэн хүмүүс баригдсан талаар сонсоод Цагдаагийн байгууллагаар шалгуулах гээд өргөдөл өгсөн байгаа. ...Буруу чих араасаа догол, зөв чих урдаасаа хайчилсан сэмэрсэн имтэй хонинууд байгаа...Сэжиглэж байгаа хүн гэвэл манай малчин байсан залуу Б нь авсан байж болзошгүй гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/
Иргэний нэхэмжлэгч Б.У-ын өгсөн:... 89-52 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм л даа. ...С.Б өөрөө миний 5 тооны хонь л гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуу/
Гэрч Б.У-ын өгсөн:...2019 оны 7 дугаар сарын эхээр Өмнөдэлгэр сумын иргэн Б-ын гэрийнх нь гаднаас өөрийн эзэмшлийн портер маркийн 89-52 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5 тооны хонь ачаад Өмнөдэлгэр сумын төвд байрлах ченжид зарсан. Тухайн 5 тооны хонь нь төлөг байсан ба би 1 төлөгийг нь 80.000 төгрөгт өгөөд 400.000 төгрөг аваад 50.000 төгрөгт нь шатахуун хийгээд 350.000 төгрөгийг Б-д өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуу/
89-52 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “Hyndai Porter” маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай тогтоол /хх-ийн 13-14 хуу/
89-52 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “Hyndai Porter” маркийн автомашины үнэлгээг 6.160.300 сая төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 215 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-21 хуу/
89-52 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “Hyndai Porter” маркийн автомашин нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Б.У-ын нэр дээр бүртгэлтэй тухай Хэнтий аймгийн Автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 23 хуу/
Яллагдагч С.Б-ын өгсөн: би 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шиг санаж байна Э.Н-ын эзэмшлийн бог малыг маллаж байхдаа өөрийн найз болох Б.У-тай таарч түүнд хандан надад мөнгөний хэрэг гараад байна энэ 5 тооны хонь миний эзэмшлийх байгаа юм гэж худлаа ярьж түүдн итгүүлж тухайн үед У-ын унаж явсан цагаан өнгийн 8652 хэа улсын дугаартай ачааны машинд асуулан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төв рүү явуулж 300.000 төгрөгөөр зарж борлуулсан...би хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 111 хуу/
Хохирогч Э.Н-ын алдсан 5 тооны төлгөн хонины үнэлгээг 300.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 190 дугаартай дүгнэлт / хх-ийн 42-44 хуу/
Хохирогч Э.Н-ын гаргасан “хохирол болох 300.000 төгрөгийг төлж барагдуулсан тул С.Б-д гомдолгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримт /хх-ийн..............хуу/
Хохирогч Л.З өгсөн:...Би 2020 оны 7 сарын 22-ноос 2020 оны 12 дугаар сар хүртэл Б гэх залууд адуугаа харуулсан юм. Тэгээд 2020 оны 11 дүгээр сард Б надад ирээд таны хүрэн гүү алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би хүрэн гүүг олоорой гэж хэлчихээд тэгээд 2020 оны 12 дугаар сарын 02-нд адуугаа тоолж авахад 1 тооны хүрэн гүү дутсан байсан. Тэгээд эхнэр бид хоёр Эрдэнэбилэг гэх айлд очиход Б нь ганцаараа сууж байхаар нь чи адуугаа ахиад тоолж өгөөрэй гэж хэлэхэд за гээд үлдсэн...Саран дэвсгэртэй зуузай тамгатай хүрэн зээрд гүү байгаа...Сэжиглэж байгаа хүн байгаа манай малчин залуу Б надад хэлэхдээ би хүрэн гүүгээ алдчихлаа гэхэд та надад тэгээд минийх гэж хэлэхгүй яасан юм бэ гэж хэлсэн. Би тэрийг л гайхаад байгаа юм...гэх мэдүүлэг / хх-ийн 60 хуу/
Гэрч Б.У өгсөн:...2020 оны 11 сард Б-оос манайх идэшний адуу авсан...Хүрэн зүсмийн гүү байсан тамга тэмдгийг сайн анзаарч хараагүй ээ. ...Тухайн адууг манайх 500.000 төгрөгөөр худалдаж авсан...Гэхдээ мөнгийг нь 2020 оны 10 дугаар сард 500.000 төгрөг өгсөн байсан. Өгөхдөө даага юм уу, шүдлэн өгөөрэй гэж хэлээд өгсөн...Б нь тухайн гүүг миний гүү байгаа юм. Бүрлээч Эрдэнэчимэг гуай амьд байхдаа надад өгсөн юм гэж хэлж манайд зарсан. Би идшиндээ хэрэглэсэн...Манай гадаа адуутай нь хөөж ирээд хашиж байгаад хүрэн гүүг барьж өгөөд өөрөө яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 69 хуу/
Яллагдагч С.Б-ын өгсөн:...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий 3 дугаар баг хөдөө эхсэгт оршин суух Э.Н гэх хүний туслах малчинаар, мөн хажуугаар нь Л.З гэх хүний 230 гаран адууг давхар малладаг юм. Манай гэр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий 3 дугаар баг хөдөө хэсэг Хурхын гол гэх газарт нутагладаг. Би 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шиг санаж байна Л.З гэх хүний адууг маллаж байхдаа бор азаргатай адуунаас нь хүрэн зээрд зүсмийн S үсгэн тамгатай 1 тооны гүүг өөрийн найз У-д 500.000 төгрөгөөр идэшний адуу болгож зарсан. Тухайн үед би Ууганбатаас 500.000 төгрөгийг нь 2020 оны 10 дугаар сард аваад оронд нь идэшний адуу өгнө гэж хэлж байсан. Тэгээд л дээрх 1 тооны адуун У-д өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 117 хуу/
Хохирогч Л.З алдсан 1 тооны адууны үнэлгээг 1.200.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 172 дугаартай дүгнэлт / хх-ийн 83-88 хуу/
С.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 120 хуу/
С.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 123, 126 хуу/
Хохирогч Л.З гаргасан “Б нь хохирол барагдуусан гомдолгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн.............хуу/
Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 134, 135 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Б нь хохирогч Л.З адууг маллаж байхдаа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Марзад” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны орчим хүрэн зээрд зүсмийн “S” тамгатай нэг тооны гүүг бусдад зарж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Харин С.Б нь Э.Н-ын малыг маллаж байхдаа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Хар чулууны үзүүр” гэх газраас 2019 оны 6 дугаар сарын 10-ны үед 5 тооны хонийг Б.У-ын 89-52 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр тээвэрлэн Өмнөдэлгэр сумын төвд бусдад зарж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байх бөгөөд 300.000 төгрөг нь бага хэмжээний хохиролд хамаарч байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн Тайлбарт -Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй гэж заажээ.
Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч Л.З, гэрч Б.У, Э.Баярсүрэн нарын мэдүүлгээр нотлогдож байгаа, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хохирогч Л.З нь ...Би 2020 оны 7 сарын 22-ноос 2020 оны 12 дугаар сар хүртэл Б гэх залууд адуугаа харуулсан юм. Тэгээд 2020 оны 11 дүгээр сард Б надад ирээд таны хүрэн гүү алга болчихлоо гэж хэлсэн...гэж, яллагдагч С.Б нь “Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий 3 дугаар баг хөдөө эхсэгт оршин суух Э.Н гэх хүний туслах малчинаар, мөн хажуугаар нь Л.З гэх хүний 230 гаран адууг давхар малладаг юм” гэж мэдүүлэг өгсөн байх бөгөөд эдгээр нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Б нь хохирогч Л.З малыг итгэмжлэн хариуцаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж тэнсэх дүгнэлт тус тус гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь 2020 оны 11 сард үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн, урьд нь ял шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.
Иймд шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.
Шүүгдэгч С.Б-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт Б.У-ын эзэмшлийн 89-52 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “Hyndai Porter” маркийн автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх үндэслэлээр битүүмжилсэн байх бөгөөд “Э.Н-ын малыг маллаж байхдаа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Хар чулууны үзүүр” гэх газраас 2019 оны 6 дугаар сарын 10-ны үед 5 тооны хонийг 89-52 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “Hyndai Porter” маркийн автомашин ашиглан завшсан” гэх хэргийг шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй байх тул уг автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.З-д 1.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь “хохирол барагдуусан гомдолгүй” гэсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгч С.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.У-ын эзэмшлийн 89-52 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “Hyndai Porter” маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Хар чулууны үзүүр” гэх газраас 2019 оны 6 дугаар сарын 10-ны үед Э.Н-ын итгэмжлэн хариуцуулсан хонин сүргээс урдаасаа хөндлөн хайчтай, баруун чих араасаа догол, зүүн чих урдаасаа хайчтай имтэй 5 тооны хонийг Б.У-д миний эзэмшлийн хонь гэж худал хэлж 89-52 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачуулан Өмнөдэлгэр сумын төвд ченжид заруулан завшиж бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч С.Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
6. Шүүгдэгч С.Б-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.
7. Шүүгдэгч С.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.У-ын эзэмшлийн 89-52 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai Porter” маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ