Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/147

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 06 өдөр                              2021/ШЦТ/147              Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0196

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                 Ж.Баянжаргал

Шүүгдэгч                                                          Ж.А нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн Ж.А-д холбогдох 2139001320132 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Ж.А-ийг   2021 оны 02 дугаар сарын  27-ны өдөр  Хэнтий   аймгийн Хэрлэн  сумд байхдаа  өөрийн фэйсбүүк  хаяг болох “Аминаа Амика”  гэх нэртэй хаягийг  ашиглан П.Л-т  өөрийгөө  нягтлан бодогч ажилтай, зарах 1100 ширхэг “ard coin”  байгаа гэж   зохиомол  байдлыг  зориудаар  бий болгон, хуурч  өөрийн охин  Э.А-ын  5108075106 дугаартай Хаан  бакны дансаар 308.000  төгрөгийг шилжүүлэн  авч  бодит байдлыг  нуух замаар  өөрийн фэйсбүүк  хаягны нэрийг өөрчилж,  мөн өөрийн   охины  утасны дугаар  гэж 99012302 дугаарыг  П.Л т өгч итгүүлэн  төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

            Хохирогч П.Л-ын өгсөн:..Миний бие Шинжлэх ухааны их сургуулийн  4 дүгээр курсын оюутан бөгөөд  хөл хорионы улмаас Хэнтий аймгийн  Биндэр суманд гэртээ байгаа юм.  2021 оны 02 дугаар сард “ард coin” буюу цахим мөнгөний ханш өссөн тул хүнээс  coin худалдаж аваад зарах зорилгоор “ард coin сонирхогчдийн групт” зар тавьсан юм. Гэтэл “Аминаа Амика”  гэх фэйсбүүк хаягнаас  1100 coin  зарна гэж над руу чат бичсэн. Тэгээд надад  99012302 дугаарын утас өгөөд удалгүй устгачихсан би тэр дугаар руу нь залгаад “Аминаа Амика гэсэн хаягтай хүн мөн үү” гэж асуухад биш гэж хэлсэн. Тэгээд чатаар энэ тухай хэлтэл наад чинь  миний охины дугаар хичээл дээрээ байгаа гэж хэлсэн. Тэгээд надад би нягтлан хийдэг хүн худлаа ярихгүй, чи эхлээд мөнгөө хийчих би дараа нь  coin-оо  шилжүүлье гэхээр нь итгээд өөрийнх нь өгсөн Хаан банкны 5108075106  дугаарын Э.А гэсэн нэртэй данс руу 308000 төгрөг шилжүүлсэн, тэгтэл “одоохон байж байгаарай” гэж нэг  чат бичээд удалгүй намайг блок хийсэн. Би надад өгсөн  99012302 дугаар руу залгахаар “би тийм хүн танихгүй дугаар андуураад байх шиг байна” гэсэн хариу өгөөд байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна...гэх...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...Миний хохирол төлбөр төлөгдсөн...эх мэдүүлэг /хх-ийн 21, 27 хуу/

            Гэрч Н.Отгончимэгийн өгсөн:...Би А-тай төрөл садангийн холбоо байхгүй. А-тай  4 жилийн өмнөөс найзалж байна....Би саяхан  цагдаагаас А руу залгахаар нь ямар хэрэгт шалгагдаж байгаа талаар нь өөрөө нь дуулсан.... Миний найз А маань их сэргэлэн цовоо, хамт олонтойгоо их нийтэч , их хөдөлмөрч ажилсаг хүн байгаа юм. А одоохондоо  ажилгүй байгаа бөгөөд өмнө нь ванны үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд ванны үйлдвэрийнхээ ажилчдын дунд нэр хүнд  сайтай байсан... Ж.А одоо надтай хамтаар байшин түрээсэлж амьдраад 2 сар гаран болж байна. Хүүхэд нь Дархан-Уул аймагт ээж дээр нь байдаг, арван жилээ төгсөөд, Хөдөө аж ахуйн их дээд сургуульд элсээд, оюутан байхдаа жирэмсэн  болж хүнтэй суугаад сургуулиа орхисон гэсэн. Одоогоор ганц бие надтай хамт амьдарч байгаа. Улаанбаатар хотод төрөл садангийн хүмүүс А-д байдаггүй... гэх мэдүүлэг/ хх-ийн  40-41 хуу/                  

            Гэрч Б.Хандсүрэнгийн өгсөн:...Би А гэх хүнийг танина. Төрөл садангийн холбоогүй. Харин найз нөхөд юм....Ж.А-тай 2020 онд танилцаад түүнээс хойш найзын холбоотой байна. Манай найз А нь нөхрөөсөө салсан хүүхэд нь ээж дээр нь Дархан-Уул аймагт амьдарч байгаа...Одоо 32-н тойрогт найзынхаа хамт амьдарч байгаа. Ж.А нь тамхи татдаг харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Төлөв даруу зантай, ямар нэгэн зуршилгүй, найз нөхөдтэйгээ зөв боловсон харьцдаг, хүнд тусархаг, сэтгэл сайтай эмэгтэй юм.  Би Ж.А-ийг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг   өнөөдөр мэдсэн...гэх мэдүүлэг/ хх-ийн 43 хуу/

             Ж.А-ийн яллагдагчаар өгсөн:... Би 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн фэйсбүүк хаяг болох Амина Амика хаягаар Очироо Очирхүү гэх хүнтэй ард койн авна, зарна гэсэн постоор дамжуулан холбогдсон. Би уг О гэх хүнд 1100 койн худалдана  гэж хэлээд, өөрийн 5108075106 дансаар  308000 төгрөг авсан. Надад тухайн үед ард койн байхгүй байсан болохоор уг койныг нь О гэх хаягтай хүнд өгч чадаагүй юм.... Би койн гэж мэдэхгүй. Надад койны ямар нэгэн ойлголт байхгүй....Би хөлсөлж байгаа байрныхаа түрээсийг өгөх хэрэгтэй болчихоод уг хүнд сүүлд нь койн олоод өгчихнө гэж бодоод мөнгө авсан юм. Надад тухайн үед 1100 койн байгаагүй....5108075106  дугаарын данс миний төрсөн охин А-ын данс байгаа юм. Би уг дансыг ашигладаг юм...гэх мэдүүлэг/ хх-ийн 97 хуу/ 

Энхбаярын А гэх хүний Хаан банкин дахь  5108075106 тоот дансанд 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 5959129983 дугаарын данснаас 308.000 “ard coin” гэсэн гүйлгээний утгаар орлогын гүйлгээ хийгдсэн тухай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 16  хуу/

Хохирогч П.Л-ын  ХААН банкин дахь 5959129983 тоот данснаас  2021 оны 02 дугаар  сарын 27-ны өдөр 5108075106  дугаарын данс руу  308.00 төгрөг “ard coin ” гэсэн гүйлгээний утгаар зарлагын гүйлгээ хийгдсэн тухай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29  хуу/

Хохирогч П.Л-ын  ХААН банкин дахь 5959129983 тоот дансанд  2021 оны 04 дугаар  сарын 21-ны өдөр 5045508506  дугаарын данснаас 308.00 төгрөг “аманка аманка” гэсэн гүйлгээний утгаар орлогын гүйлгээ хийгдсэн тухай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 32  хуу/

 

Аминаа Амика гэх нэртэй Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14 хуу/

Ж.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 53 хуу/

Ж.А-ийн  иргэний үнэмлэхний лавлагаа  / хх-ийн  61 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл / хх-ийн 87-88 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.А-д  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.А нь Хэнтий  аймгийн Хэрлэн  суманд байхдаа  2021 оны 02 дугаар сарын  27-ны өдөр  “Аминаа Амика”  гэх нэртэй фэйсбүүк  хаягийг  ашиглан хохирогч П.Л-т  1100 ширхэг “ard coin”  зарна гэж өөрийн охин  Э.А-ын  5108075106 дугаартай Хаан  банкны дансаар 308.000  төгрөгийг шилжүүлэн  авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.А нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч П.Л-ын  мэдүүлэг, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Ж.А нь “надад тухайн үед ард койн байхгүй байсан болохоор уг койныг нь О гэх хаягтай хүнд өгч чадаагүй юм. Би койн гэж мэдэхгүй. Надад койны ямар нэгэн ойлголт байхгүй. Би хөлсөлж байгаа байрныхаа түрээсийг өгөх хэрэгтэй болчихоод уг хүнд сүүлд нь койн олоод өгчихнө гэж бодоод мөнгө авсан юм” гэж мэдүүлэг өгсөн байх бөгөөд энэ нь бусдыг хуурсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан  гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч Ж.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу залилах гэмт хэргийг бусдыг хуурч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Л-т 308.000 /гурван зуун найман мянга / төгрөгийг хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь уг хохирлыг төлсөн болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Аймгийн Прокурорын газраас Ж.А-ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 100 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 101 хуу/ гарган яллагдагчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Ж.А хүлээн зөвшөөрч /хх-ийн  106-107 хуу/  гарын үсэг зуржээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Ж.А-ийг  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн  нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, шүүгдэгчид хорих ял оногдуулаагүй, мөн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх хэрэг биш тул шүүгдэгч Ж.А-д Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих журмыг  хэрэглэх боломжгүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан буюу залилах гэмт хэргийг бусдыг хуурч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ийг  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ж.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ж.А нь  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ