| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | : 180/2020/0188/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/149 |
| Огноо | 2020-08-09 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ж:Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/149
2020 оны 8 сарын 09 өдөр 2020/ШЦТ/149 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0188/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Ж.Баянжаргал
Хохирогч Д.Хувьзаяа
Шүүгдэгч Г.Х, Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Л.Наранчимэг нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж,
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б, Х нарт холбогдох 2139001090171 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Х, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багийн нутаг “Хорхойн бүрд” гэх газраас Д.Х-ийн эзэмшлийн 1 тооны хар зүсмийн үнээг машин механизм болох 22-75 ХЭҮ улсын дугаартай портер маркийн автомашин ашиглан хулгайлж Д.Х-д нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч Г.Х, Б.Б нар нь: “бусдын үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Хохирогч нь: “алдсан үхрээ Х-аас нэхэмжилнэ, Б нь манай туслах малчнаар ажилладаг, сарын 400.000 төгрөгийн цалинтай” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.Х-ийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд нөхөр хүүхдийн хамт мал маллан амьдардаг. 2018 оны 8 сарын эхээр Жаргалтхаан сумын 4 дүгээр баг Харганы зүүн талд байх бэлчээрээсээ баруун чих хойноосоо чандага, зүүн чих урдаасаа чандага имтэй хар сувай үнээ алдсан юм. Тухайн үедээ бид олдох байх гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. 2020 оны намар манай малчин болох Баяржаргал нь манай хар үнээг Г.Хатанбаатар хулгайлсан гэж хэлсэн юм. Иймд Г.Х-ыг холбогдуулан шалгаж өгөх хүсэлт гаргасан юм....Г.Х нь манай малыг захиран зарцуулах эрхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 хуу/
Иргэний нэхэмжлэгч Н.Г өгсөн:...2275 хэү улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 1997 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд шиг санаж байна Монгол улсад орж ирсэн миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Мөн тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр нь миний нэр дээр байдаг... Г.Х нь миний төрсөн хүү байгаа юм. Харин Б.Б нь урьд манай охин Г.О-ай хамтран амьдарч байсан. Одоо тэгэхдээ салчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуу/
Гэрч Г.Отгонтуяагийн өгсөн:...Би Б.Б-тай 9 жил хамт амьдарсан. ...Дүү бид хоёр тусдаа малын А данстай. Г.Х нь 50 гаруй тооны бог малтай. Би 200 гаруй тооны бог малтай... гэх мэдүүлэг /хх-ийн 64 хуу/
Хохирогч Д.Х-ийн алдсан нэг тооны үхрийг үнэлгээг 800.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ий шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 141 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-71 хуу/
Г.Х яллагдагчаар өгсөн:...2018 оны 8 дугаар сарын эхээр санагдаж байна. Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут 4 дүгээр багийн нутаг хөдөө хэсэг Хорхойн бүрд гэх газраас Б.Б тай бүлэглэн 1 тооны хар зүсмийн үхрийг аавынхаа 22-75 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машин ашиглан хулгайлсан. Миний хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. ...Тухайн үед Б.Б бид хоёр хулгайлсан нэг тооны хар зүсмийн үхэр нь чоно нохойд их хазуулсан хариугүй амь тавих гэж байхаар машиндаа ачаад аваад явсан юм. ...Би тухайн үхрийг идчихсэн л юм даа...гэх мэдүүлэг /хх-ийн 84 хуу/
Б.Б-ын яллагдагчаар өгсөн:.. Би Г.Х-тай хамт тухайн 1 тооны үхрийг хулгайлсан...гэх мэдүүлэг /хх-ийн 126 хуу/
22-75 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “Hyndai Porter” маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 44 дугаартай тогтоол /хх-ийн 14 хуу/
22-75 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “Hyndai Porter” маркийн автомашины үнэлгээг 3.955.280 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 232 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-24 хуу/
22-75 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “Hyndai Porter” маркийн автомашин нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Н.Ганпүрэвийн нэр дээр бүртгэлтэй тухай Хэнтий аймгийн Автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 17 хуу/
Г.Х, Б.Б нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90, 97 хуу/
Г.Х, Б.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93, 100 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 113, 114, 115, 116 хуу/
Шүүгдэгч Г.Х нь хохирогч Д.Х-д гэмт хэргийн хохиролд тооцож 400.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн...........хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Х, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Х, Б.Б нар нь 2018 оны 08 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багийн нутаг Хорхойн бүрд гэх газраас хохирогч Д.Х-ийн нэг тооны хар зүсмийн үнээг бэлчээрээс нь 22-75 ХЭҮ улсын дугаартай портер маркийн автомашинд ашиглан хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г.Х, Б.Б нар нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь хохирогч Д.Х, гэрч Г.Отгонтуяа нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч нар нь хохирогч Д.Х-ийн үхрийг бэлчээр дээрээс нь 22-75 ХЭҮ ХЭА улсын дугаартай “Hyundai porter” маркийн автомашинд ачиж явсан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд уг автомашиныг өөрсдийн үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.
2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэж, машин механизм ашиглаж гэсэн хүндрүүлэх шинжүүдийг нэмж өөрчлөлт оруулсан бөгөөд шүүгдэгч нарт холбогдох хэргийг зүйлчлэхдээ гэмт хэрэг гарах үед буюу 2018 оны 08 сард дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь тэдний эрхзүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзлээ. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. Гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Гэж, 2 дахь хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Г.Х, Б.Б нарын хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул тэднийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчид 800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Хатанбаатар нь хохирогч Д.Х-д 400.000 төгрөг бэлнээр төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл”-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Х-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн хохирлоос өөрт ногдох 400.000 төгрөгийг хохирогч Д.Х-ийн малыг малласаны цалин, хөлсөө авсаны дараа нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд энэ нь биелэгдэх бодит боломжтой гэж үзлээ.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Г.Х-т 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Б-д 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүгдэгч Г.Х, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журмалан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х 7 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Б-д 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь нар нь 2018 оны 8 дугаар сард үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн, урьд нь ял шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарч байх тул шүүгдэгч Г.Х-т оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солих үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Г.Х, Б.Б нарт зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт 22-75 ХЭҮ улсын дугаартай “Hyndai Porter” маркийн автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэсэн үндэслэлээр битүүмжилсэн байх бөгөөд уг автомашин нь Н.Ганпүрэвийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон, уг автомашиныг хураах боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт уг автомашины үнэ болох 3.955.280 төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус 1.977.640 төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй гэж заасан байх тул шүүгдэгч нарт хэрэглэсэн 2275 ХЭА улсын дугаартай HYUNDAI Porter маркийн автомашины үнэ болох 3.955.280 төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус 1.977.640 төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ өршөөлд хамаарахгүй болохыг дурдсугай.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Х-д нийт 800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Х нь гэмт хэргийн хохирлоос өөрт ногдох 400.000 төгрөгийг хохирогч Д.Х-д төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдааны үед хохирлоос өөрт ногдох хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар түүнээс 400.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Х-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Х, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Hyndai Porter” маркийн 22-75 ХЭА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 44 дугаартай тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х, Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ыг 7 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Б.Б-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-т оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан Г.Х, Б.Б-д нарт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины үнэ болох 3.955.280 төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус 1.977.640 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
5. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Х-т оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.
6. Шүүгдэгч Г.Х, Б.Б нарт эрх бүхий байгууллагын хяналтанд өөрсдийн оршин суугаа газар болох Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих боломжтой нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч Г.Х нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын өөрт ногдох 400.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Hyndai Porter” маркийн 22-75 ХЭА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 44 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 400.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Х-д олгосугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ