Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/150

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 10 өдөр                              2021/ШЦТ/150                           Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0189

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                               Ж.Батбаатар

Шүүгдэгч                                       Д.Ц     нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар   хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Ц-т холбогдох 2139000080042 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар  сарын 22-ны  өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  Д.Цогтбаатар нь 2020 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар Сариг баг 12-05 тоотод байх өөрийн гэртээ Ж.Баттулгатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж гурилын элдүүрээр нүүр болон толгойн зулай хэсэгт тус тус цохиж зулайн хуйх, баруун хөмсөгний дээд хэсэг духны зүүн хэсгийн шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ж.Б-ын өгсөн:... 2020 оны 12 дугаар сарын 16-ны орой Цогтбаатар, Мөнхбат, Ганчимэг, Ц-ын ах Тулгаа нарын хамт Ц-ын гэрт пиво уусан. Би нэлээд согтсон байсан. Ц гурил элддэг бөөрөнхий модоороо миний толгой хэсэгт цохисон, тэгээд миний толгойноос цус гарсан. Тэгээд эмнэлэгт дуудлага өгсөн миний толгойн орой хэсэг, баруун шанаа хэсэгт 10-аад оёдол хийсэн....Би согтуудаа юм хэлсэн, тэгсэн Ц уурлаад намайг зодсон. Би харин Ц-т юу гэж хэлснээ санахгүй байна. Миний хувьд бол Ц-т гар хүрээгүй.... Ц гэрийнхээ хойд хэсэгт ширээтэй. Ширээн дээр  нь гурил элддэг бөөрөнхий мод байсан. Тэр модыг авч Ц намайг цохисон. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

                Гэрч Ц.Ганчимэгийн өгсөн:.. 2020оны 12дугаар сарын  16-ны өдөр гэртээ байж байсан чинь манай нөхөр Мөнхбатын утас руу Ц залгаад манай ээж нас бараад 49 хоног нь маргааш болно маргааш хоногоо хураах гэж байгаа юм аа та 2 ирж салаадны төмс арилгаад гэрийн ажилд тус болооч гэж гуйсан. Тэгэхээр Мөнхбат бид 2 Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р баг Саригийн 12-05 тоотод байдаг  Ц-ын  гэрт нь очсон. Тэгээд би өөх шахаад зулын тос хийсэн. Мөн салаадны  төмс арилгаад хэрчиж бэлдсэн. Тэгээд байж байсан  чинь Ц хүн өгсөн юм аа гээд  Мөнхбатад 1 савтай 2.5 литрийн пиво гаргаж ирсэн. Тухайн пивийг Ц, Мөнхбат, Б, Тулга бид 5 хувааж ууж дуусаад байж байсан,  Б пиво аваад ирье гээд дэлгүүр яваад ирэхдээ 2 савтай пиво авч ирэхээр нь бид 5 хувааж уусан. Ц  хуушуур хийгээд байж байсан чинь Б Ц-ын хийж байсан хуушуур дээр тохойлдож дараад Ц-ыг загинаад байж байсан чинь Ц хуушуур дараад байна та цаашаа суу гээд маргалдаад байж байсан. Тухайн үед би нойл орж бие засчихаад ирье гээд гарсан. Тэгээд ороод ирсэн чинь Ц гурилаа элдээд сууж байсан харин Б нь намайг Ц цохичихлоо   гэчихсэн толгойных нь зулай хэсэгээс мөн хөмсөгнөөс цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд Б дүүгийнх рүүгээ явлаа гээд гарахаар нь би Мөнхбатыг аваад гэрлүүгээ харьсан. Тэгээд маргааш нь Ц-ын гэрт ирж ажил явдалд нь  оролцоход Ц надад хэлэхдээ Б ах намайг цагдаад өгчихсөн байна лээ гэж байсан.... гэх мэдүүлэг/ хх-ийн 14 хуу/

Гэрч М.Мөнхбатын өгсөн....Тэгээд Ц хуушуурынхаа гурилыг элдээд байж байсан чинь хажууд нь пиво тавьчихсан Б сууж байсан тэгсэн чинь Ц Б-ыг хуушуур дараад байна та цаашаа суу гээд маргалдаад байж байсан.   Тухайн үед Ганчимэг би нойл  орж бие засчихаад ирье гээд гарсан. Тэгээд би Ганчимэгийг дуудахаар нь би ардаас нь гарах гээд хаалга руу явж байтал Ц Б нар муудалцаад Ц нь хуушуурын гурил элдэж байсан элдүүрээрээ Б-ын толгойн тус газар нь 3 цохьсон, тэгээд харсан чинь баруун хөмсөг, зулайн орой хэсгээс  цус гараад байсан чинь Тулга, Б-ын толгойг нь даавуугаар боож янзалж өгнө гээд байсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 16 хуу/

           

           

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар    сарын 18-ны   өдрийн 5 дугаартай дүгнэлт:

1. Ж.Б-ын  биед зулайн хуйх,  баруун  хөмсөгний дээд хэсэг, духны  зүүн хэсэгт  шарх, зүүн  нүдний  дээд доод зовхинд цус  хуралт,  баруун, зүүн  хацарт  зургаралт гэмтлүүд  тогтоогдлоо.

2. Дээрх  гэмтлүүд нь   мохоо зүйлийн  олон удаагийн  үйлчлэлээр  үүсгэгдэнэ.

3. Дээрх  зулайн хуйх, баруун хөмсөгний  дээд  хэсэг, духны зүүн хэсгийн  шарх  гэмтлүүд  нь тус  бүрдээ  эрүүл  мэндийг  түр хугацаагаар  сарниулах тул шүүх  эмнэлгийн  гэмтлийн  зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар  гэмтлийн  хөнгөн зэрэг, зүүн нүдний  дээд, доод зовхины  цус  хуралт, баруун  зүүн  хацрын  зулгаралт гэмтлүүд нь тус  бүрдээ  гэмтлийн  зэрэг  тогтоох журмын 2.6-д  зааснаар  гэмтлийг  зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн  чадвар  алдалтанд  нөлөөлөх эсэх нь эмчилгээ  эдгэрэлтээс  хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 36 хуу/

Д.Ц-ын яллагдагчаар өгсөн:... 2020 оны 12 дугаар сарын 16-ны оройоос 17-ныг шилжих шөнө 01 цагийн үед би Ж.Б-тай маргалдаад гурилын элдүүрээр 3 удаа толгой тус газарт нь цохисон.... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/

Д.Ц-ын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 хуу/

Д.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 4-7 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 79-80 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар Сариг баг 12-05 тоотод байх өөрийн гэртээ хохирогч Ж.Б-тай маргалдаж гурилын элдүүр модоор 3 удаа цохиж зулайн хуйх, баруун хөмсөгний дээд хэсэг, духны зүүн хэсэгт  шарх бүхий гэмтэл  учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Д.Ц нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Б гэрч Ц.Ганчимэг,  М.Мөнхбат нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.  

Хохирогч Ж.Б-ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Д.Ц-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Д.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь 2020 оны 12 сард үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн, урьд нь ял шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.  

Иймд Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.  

Хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ц  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  47 см урттай гурилын элдүүр модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-т 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Ц нь нийтэд тустай ажил  хийлгэх ялыг  биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нийтэд  тустай ажил  хийлгэх ялын 8 цагийн ажлыг  1 хоногоор  тооцож  хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 4 дүгээр  зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 47 см урттай гурилын  элдүүр модыг  устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ