Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 045

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ  БАТАЛЖ ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор би Ж.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-ын Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Д.Г-д холбогдуулан гаргасан “Ц ХХК-нийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн улсын байцаагчийн бүртгэл нь хууль зөрчсөн эсэх тухай дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “Ц” ХХК-нийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн улсын байцаагчийн бүртгэл нь хууль зөрчсөн эсэх тухай дүгнэлт гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.О нь 2010 оны 10 сарын 18-ны өдөр нэр бүхий 8 иргэний хамтаар Ховд аймгийн тээвэрчдийн зөвлөгөөний шийдвэр, нийт тээвэрчдийн саналын дагуу Ховд аймгийн тээвэрчдийн холбооны дэргэдэх “Ц” ХХК-ийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, 2010 оны 10 сарын 28-ны өдөр улсын бүртгэлд тус компанийн үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн бөгөөд 2011 оны 3 сарын 25-ны өдөр тус компанийн дүрмийн өөрчлөлтөөр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр бүртгүүлсэн.

Улмаар 2012 оны 3 сарын 31-ний өдөр компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Ж.О ТУЗ-ийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Ц.Болдбаатар нь ТУЗ-ын гишүүнээр сонгогдсон болох нь 12024 тоот хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа. Гэтэл Ц ХХК-нийн ТУЗ-ын дарга болон гишүүдийн гарын үсэг бүхий 009 дугаартай албан бичигт компанийн дүрмийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болон хаягийн өөрчлөлтийг шинэчлэн бүртгүүлэхээр шийдвэрлэсэн ба Улсын бүртгэлийн хэлтэст батлагдсан маягтын дагуу гаргасан өргөдөлд ТУЗ-ийн гишүүнээс Ж.О-ыг хасч, Ц.Болдбаатарыг нэмж оруулах өөрчлөлтийг бүртгүүлэхээр хандсан байдаг.

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгч нь Ц ХХК-нийн дүрмийг шинэчилсэн үүсгэн байгуулагчийн шийдвэр гараагүй байхад, мөн Ц.Болдбаатар нь компанийн үүсгэн байгуулагч биш байхад үүсгэн байгуулагчаар Ц.Болдбаатарын гарын үсэг зурагдсан, үүсгэн байгуулагчийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 05 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан гэх хуурамч, хууль бус дүрмийг шинэчлэн бүртгэж, Ж.О-г компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс хасч, Ц.Болдбаатарыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд Ц.Болдбаатарыг 11.1 хувийн хувьцаа эзэмшигчээр оруулсан дүрмийг бүртгэсэнд гомдолтой байна.

Миний хувьд Ц ХХК-нийн ТУЗ-ын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаас бус үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс татгалзаж хасуулах шийдвэр гаргаагүй байхад Ж.О-г үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс хассан хууль бус дүрмийг бүртгэсэн нь Ж.О-н эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Ж.О-ын хувьд Ц ХХК-нийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс хасагдсан болохоо хүү О.Батмонголоос 2018 оны 3 дугаар сарын эхээр утсаар мэдэгдсэн байдаг ба улсын бүртгэгчийн хууль бус үйлдлийг хүчингүй болгуулахаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан боловч хугацаа хэтэрсэн байна гэж үзэж гомдлыг хүлээн аваагүй болно.

Монгол улсын Засгийн газрын 2010 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын бүртгэлийн хяналтын дүрэм”-ийн 2.1.3-д заасны дагуу улсын байцаагч нь “ бүртгэлд засвар өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай дүгнэлт гаргах” эрхтэй байна. Мөн дүрмийн 4.3-д “Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу улсын бүртгэлийн улсын байцаагчийн хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг гаргуулахыг хүсч байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Д.Х-ын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Д.Г-д холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан эрхийнхээ дагуу тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Д.Г-т холбогдуулан Ц ХХК-нийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн улсын байцаагчийн бүртгэл нь хууль зөрчсөн эсэх тухай дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “Ц” ХХК-нийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн улсын байцаагчийн бүртгэл нь хууль зөрчсөн эсэх тухай дүгнэлт гаргахыг даалгахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.О нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэлээр Д.Х “нэхэмжлэлээсээ татгалзах” эрх олгосон байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа  дуусгавар  болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Ж.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-ын Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Д.Г-д холбогдуулан гаргасан “Ц ХХК-нийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн улсын байцаагчийн бүртгэл нь хууль зөрчсөн эсэх тухай дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “Ц” ХХК-нийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн улсын байцаагчийн бүртгэл нь хууль зөрчсөн эсэх тухай дүгнэлт гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.СОНИНБОЛОР