Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/ШШ2023/0007

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б, А.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Нэхэмжлэгч: Г.Б, А.Б

Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/42 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”

Гомдол гаргасан тогтоол: Монголын Өмгөөлөгчийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/42 дугаар тогтоол

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Г.Б, А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Иргэдийн төлөөлөгч: Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 221/2022/0040/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Б, А.Б нар нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/42 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/42 дугаар тогтоолын:

1 дэх заалтаар гомдол гаргагч Х.Байдолдагаас Г.Бд холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Г.Бг Өмгөөллийн тухай 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.5, 14.1.9, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтуудыг, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг,

А.Бийг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.5, 14.1.9, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.13 дахь заалтуудыг, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус зөрчсөн болохыг тогтоож,

3 дахь заалтаар Г.Б, А.Б нарын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг тус тус хүчингүй болгожээ.

3. Нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

3.1. Нэхэмжлэгч Г.Бгаас “Г.Б миний бие 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хорооноос гаргасан МТ/42 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн шаардлага Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт заасны дагуу бидэнд авагдсан тогтоолыг гаргахдаа захиргааны хэм хэмжээний акт нь нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байсан тул эрх зүйн үйлчлэл үзүүлэх боломжгүй тул хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү”,

3.2. Нэхэмжлэгч А.Боос “Миний бие өмнө нь мөрдөн байцаагч болон прокуророор ажиллаж байсан. Тагнуулын Ерөнхий газрын нууцад хяналт тавьж байсан. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хорооноос гаргасан тогтоол хууль бус гэж үзэж байна. Өмгөөлөгчдийн тухай хууль 2019 онд батлагдаж 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурал хуралдаж зохион байгуулагдсан байхад 7 жилийн өмнөх бүртгэлтэй байгууллагад хамааруулан бүртгэгдсэн байгаа нь хууль бус болохыг нотолж байна. Өмгөөлөгч би үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хуульд заасан зарчмаар мөрдөж, хуулиар хориглоогүй арга хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах үүргээ хэрэгжүүлсэн. Ингэж үүргээ хэрэгжүүлэх явцад мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарыг илт хууль зөрчсөн үйлдлээс шалтгаант холбоотойгоор өмгөөлөгч нарыг чимээгүй өнгөөрөх ямар ч боломжгүй байдалд хүргэсэн. Тухайлбал:

- Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс хуурамч нотлох баримт үйлдэж, хэрэг үүсгэсэн байсан. Гадаадын тангуулын байгууллага алба, тагнуулчаа ч олж чадахгүй учраас ямар нэгэн шалгах ажиллагаа хийгдээгүй. Нотлох баримтгүйгээр үйлчлүүлэгчийг минь хилсээр яллаж байна.

- 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн МН-4/02 дугаартай яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эсрэг хууль бусаар хамтран ажиллахаар тохиролцсон гэж Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн тусгай ангид ийм гэмт хэрэг зохицуулагдаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангиар зохицуулагдаагүй харилцааг гэмт хэрэгт тооцсон прокуророос татгалзан гарахаар хүлээн авахгүй байгаа шүүгч нарыг зөвтгөх нь эрүүл бус үйлдэл юм.

- 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд нотлох баримт эргэлзээтэй, гэмт хэргийн субъектив шинжийг бүрэн гүйцэт тогтоогоогүй гэж үзээд Нийслэлийн Прокурорын газарт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн.

- 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн Хэргийн Давж заалдах шатны шүүхээс нийслэлийн Прокурорын газарт буцаасан нь үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж анхан шатны шүүх рүү буцаасан.

- 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нотлох баримтын эргэлзээг арилгахгүйгээр субъектив шинжийг бүрэн тогтоохгүйгээр гэм буруутайд тооцсон үндэслэлээ дурдахгүйгээр гэм буруутай гэсэн ганц өгүүлбэрээр 10 жилийн хорих ял оноосон.

- 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Монгол Хятадын харилцаанд сэв суулгасан, хил хаахад хүргэсэн гэм буруутай гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Ингэж хуулийг ноцтой зөрчиж байхад өмгөөлөгч нар чимээгүй л хамтраад хууль зөрчөөд явах боломжгүй байсан. Тэр ч байтугай өмгөөлөгч нарын гарын үсгийг хуурамчаар хэрэглэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн гэж хавтаст хэрэгт хуурамч 8 хуудас материалыг нөхөж хийсэн.

- Улсын Дээд шүүх хуралдааны тогтоолоо одоо ч гардуулаагүй 4 дэх сардаа хүнд суртал гаргаж хуулийг зөрчсөөр байна. Тоолж баршгүй, өнгөрөөх боломжгүй ноцтой гэмт хэргийн шинж бүхий хууль бус дээрх үйлдлүүдтэй эвлэрээгүй тул өмгөөлөгч нарт дарамт шахалт үзүүлж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхийг хүчингүй болгосон нь шударга ёсонд нийцэхгүй байна.

- Өмгөөлөгч нар гэмт хэргийн шинжтэй дээрх үйлдлүүдийг шалгуулахаар холбогдох хуулийн байгууллагад хүсэлт гаргасан боловч хараат бусаар шалгаж, үнэн бодит байдлыг тогтоохоос татгалзсаар байна. Энэ нь өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд заасан өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах баталгааг алдагдуулж хэргийн оролцогч нарт ялгавартай хандсан, өмгөөлөгч нарыг санаатайгаар эрүүдэн шүүсэн үйлдэл болоод байна.

- Өмгөөлөгч АБатдорж би шүүгч нар зөвлөлдөх тасалгаанд орсон, шүүхийн шийдвэр хүлээж байх үед прокурорт хандаж “Цаг цагаараа байдаггүй” гэсэн ардын зүйр үгийг зөвлөх шугамаар хэлсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэл болсон арга ядсан асуудал юм.

- Эрхэм шүүгчээ Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны МТ/42 дугаартай А.Бийн миний өмгөөлөх үйл ажиллагаа эрх эрхийг хүчингүй болгосон нь шударга бус, гэмт хэргийг хаацайлсан байж болзошгүй, Тогтоол болох хууль бус бүртгэгдээгүй захиргааны хэм хэмжээний актыг хүчингүйд тооцож өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 42 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т шударга ёсыг сахих, 4.3-т хүний эрх эрх чөлөө нэр төр алдар зэргийг хүндэтгэн өмгөөллийн нууцыг хадгалах, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад өмгөөллийн нууц, өмгөөллийн эрхлэх үйл ажиллагаанаас олж авсан төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх, бусад этгээдүүдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж ёс зүйн дүрмийг баримтлах, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтад өмгөөллийн нууцыг задруулахгүй байх, 15.1.13 дахь заалтад улс төрийн нам түүний харьяа салбар бүтцийн нэгжид орон тооны ажил хавсран гүйцэтгэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон” гэв.

ХЯНАВАЛ:

1. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/42 дугаар тогтоолын 1 дэх заалтаар гомдол гаргагч Х.Байдолдагаас Г.Бд холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Г.Бг Өмгөөллийн тухай хуульд заасан хууль дээдлэх, шударга ёсыг сахих, хүний эрх, эрх чөлөө, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх, өмгөөллийн нууц хадгалах, мөн өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх, хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх, бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж ёс зүйн дүрмийг баримтлах, өмгөөллийн нууцыг задруулах заалтуудыг, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт итгэмжлэн мэдэгдсэн төр байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалана, өмгөөлөгч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглоно, өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх эсхүл шийдвэр гаргасных нь төлөө тэднийг сайшаах, буруутгахыг хориглоно гэх заалтуудыг зөрчсөн.

А.Бийг Өмгөөллийн тухай хуульд заасан хууль дээдлэх, шударга ёсыг сахих, хүний эрх, эрх чөлөө, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх, өмгөөллийн нууц хадгалах, өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх, хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх, бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, ёс зүйн дүрмийг баримтлах, өмгөөллийн нууцыг задруулах, улс төрийн нам, түүний харьяа салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт итгэмжлэн мэдэгдсэн төр байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалана, өмгөөлөгч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглоно, өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх эсхүл шийдвэр гаргасных нь төлөө тэднийг сайшаах, буруутгахыг хориглоно, хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, албан тушаалд томилогдсон тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ түдгэлзүүлэх хүсэлт гаргах үүрэгтэй гэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж Г.Б, А.Б нарын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг тус тус хүчингүй болгожээ.

2. Нэхэмжлэгч нараас гомдолдоо “гэрч нар өөр хоорондоо зөрүүтэй тайлбар өгсөн байхад үнэн, зөв эргэлзээгүй нотлох баримтаар тогтоолоо гэж үзсэн нь, бидэнд төрийн маш нууц материал гэж тухайлан танилцуулагдсан зүйл байхгүй, төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйл огт авагдаагүй байхад өмгөөлөгч нь мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн нууцыг чанд хадгалах заалтыг зөрчсөн гэж үзсэн нь, үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үг хэлэх, ярилцлага өгөх, хэвлэн нийтлэх хуулиар хориглоогүй арга хэрэгсэл ашиглан хамгаалсан байхад өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглох гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн нь маргааны хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдоогүй байхад бидний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна.” гэжээ.

3. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “хянан шалгагч, бүрэлдэхүүн нь тухайн маргаанд хамааралтай, хууль болон энэ журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг маргааныг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж тус тус заасны дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан болон холбогдсон өмгөөлөгчийн тайлбар, үндэслэл, түүнд хамаарах баримтыг бүрэн цуглуулж, тал бүрээс судалж, үнэлэлт өгөх байдлаар нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.

3.1. Мэргэжлийн хариуцлагын хорооны МТ/42 дугаар тогтоолын 2.3.1.5-д “хариуцагч Г.Б хуралдааны явцад хэвлэлд хэлсэн үгээ хүлээн зөвшөөрсөн байна”, 2.10-т “хариуцагч А.Б, Г.Б нарт холбогдох ёс зүйн зөрчлүүд нь маргааны явцад цугларсан баримтуудаар бүрэн тогтоогдсон, уг баримтууд тодорхой, эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтууд болно” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгч нарын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосон нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасантай нийцсэн гэж үзэхээргүй байна.

3.2. Тодруулбал, нэхэмжлэгч нарыг буруутгаж буй зөрчил тус бүрийг шалган тогтоож, холбогдох нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлээгүй, гол буруутгаж буй зөрчилтэй холбогдуулан гэрчүүдээс авсан тайлбар, мэдүүлэг зөрүүтэй, тухайлбал, нэхэмжлэгч А.Боос “...намайг хаалгаар гарч байхад шатаар Баасан уруудаж байсан. Би ширээн дээр сууж байгаад бичиг баримтаа авч үлдсэн. Дараа нь миний хойноос дагаж 2 прокурор гарч ирсэн. Сүүлд хаалга онгойж прокурорын өрөөнөөс 2 өөр прокурор гарч ирсэн. Үүн дээр Баасан хаалга онгойлгож 3 удаа хятадын шээс гэж хэлсэн зүйл огт байхгүй байхад Эрдэнэбаатар, Батбямба гэх 2 хүн мэдүүлэгт ижил илт худал зүйл бичсэн байна. Прокурорын хаалга онгойлгосон гэдэг нь авцалдаагүй мэдүүлэг...” гэж, нэхэмжлэгч Г.Бгийн “...хэргийн материалд 6 хүн мэдүүлэг өгсөн. Шүүх танхимд байсан цагдаа Тулга мэдэхгүй гэсэн байгаа. Шүүгчийн туслах Чингүнжав худал мэдүүлэг өгсөн. Баянжаргал нь Алтантүлхүүрийг байсан эсэхийг мэдэхгүй байгаа. Зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Өдий насны хүн тийм ухамсар байхгүй...” гэж шүүх хуралдаанд гарсан тайлбар, мөн нэхэмжлэгч нараас маргааны хэрэгт авагдсан ямар баримтаар нууц задруулсан гэж буруутгаж буй нь тодорхойгүй байхад ерөнхийд нь дүгнэж, шууд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосон гэснээс үзэхэд хариуцагч нь Өмгөөллийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлээгүй, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг бүрэн тогтоогоогүй гэж дүгнэхээр байна.

3.3. Түүнчлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 89 дүгээр зүйлийн 89.1-д “Тогтоол нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.” 89.2-т “Удиртгал хэсэгт тогтоолын дугаар, гаргасан он, сар, өдөр, газар, даргалагч болон бусад гишүүн, нарийн бичгийн дарга, хянан шалгагч, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, хуралдаанд оролцсон орчуулагч, хэлмэрч, шинжээчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, маргааны товч агуулгыг заана.” 89.3-т “ Үндэслэх хэсэгт дараах зүйлийг дэлгэрэнгүй, ойлгомжтой тусгана:” 89.3.1-д “зөрчлийн хэлбэрийг тогтоосон маргааны нөхцөл байдал”, 89.3.2-т “хэд хэдэн хариуцагчид холбогдох маргааныг шийдвэрлэж байгаа бол хариуцагч тус бүрийн үйлдэл, оролцоо”, 89.3.3-т “хариуцагчийг буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг маргаанд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн хянан шалгагч, хариуцагчийн саналын үндэслэл болгосон баримт”, 89.3.4-т “хуралдаанаар тогтоогдсон зөрчлийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”, 89.3.5-д “хэд хэдэн хариуцагчаас зарим хариуцагчид холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгосон, эсхүл хариуцагчид холбогдох хэд хэдэн зөрчлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон бол буруутгасан нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулга”, 89.3.6-д “маргааныг хэрэгсэхгүй болгосон үндэслэл, түүний нотлох баримтын агуулга, хянан шалгагчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” нь ойлгомжтой дэлгэрэнгүй байдлаар тусгагдахаар заасан байх бөгөөд маргаан бүхий МТ/42 дугаар тогтоол нь үндэслэх хэсэг байхгүй зөвхөн тодорхойлох болон тогтоох хэсгээс бүрдэж, үндэслэх хэсэгт тусгагдах ёстой зөрчлийн үйл баримт, хариуцагчийг буруутайд тооцсон тогтоолын үндэслэл болсон нотлох баримтыг хэрхэн үнэлсэн байдал, зөрчлийн гэм бурууг хянасан хянан шалгагчийн санал зэргийг тусгаагүй нь журмын ноцтой зөрчилд тооцогдоно. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

3.4. Иймд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/42 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

4. Иргэдийн төлөөлөгч Б.Ариунзаяа дүгнэлтдээ: “Г.Б, А.Б нар  өмгөөлөгчийн дүрэм, журмыг зөрчсөн гэх шалтгаанаар маргаан гарсан. Өмгөөлөгч байх эрхийг хассан учраас эрхээ сэргээх гэж нэхэмжлэл өгсөн байна. Д.Баатархүүгээр даргалсан шүүгч нарын шийдвэрийг дагна” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.3-т заасныг тус тус баримтлан

ТОГТООХ нь:

1. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/42 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан Г.Бгаас гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА