| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0200/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/155 |
| Огноо | 2021-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж:Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/155
2021.08.11 2021/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0200/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Ж.Батбаатар
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг гарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж,
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох 2139000000188 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Б нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг, “Тэнүүн чулууны хороо” гэх газарт “...морь үргээсэн, нохой зодлоо...” гэж хэллээ гэх шалтгааны улмаас Г.Д-той маргалдаж улмаар түүний бэлэг эрхтэн рүү нь өвдөглөж, эрүүл мэндэд нь зүүн цавинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Г.Д-ийн өгсөн:... Манайх Батноров сумын 3 дугаар багт “Тэнүүний чулуун хороо” гэх газарт нутагладаг юм. 2021 оны 6 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед би гэрийнхээ гадаа морио аргамжиж байсан юм. Тэгээд манай гэрийн урдуур мотоциклтой хоёр залуу явахад манай нохой тэр хоёрыг дайрсан. Тэгсэн чинь нөгөө хоёр залуу урд мод бариад явж байсан болохоор тэр модоороо манай нохойг зодоод байхаар нь би тэр хоёр залууг дуудсан чинь цаашаа яваад өгсөн. Тэгээд тэр хоёр залуу нэг морь хөлслөөд буцаад явж байхаар нь би очиж уулзсан. Би машинтай явж байсан болохоор тэр хоёр залууг “та 2 яагаад нохой зодоод байгаа юм” гэхэд намайг машинаасаа буугаад ир гэж хэлсэн. Би буугаад очсон чинь өндөрдүү биетэй залуу нь намайг заамдаж аваад салтаа руу өвдөглөсөн. Тэгээд цуг явж байсан залуу нь нийлээд над руу ойртоод байсан. Би хөдөлж чадахгүй байсан болохоор би машинаасаа богино лоом аваад ойртвол цохино шүү гэж хэлэхэд нөгөө хоёр залуу тоохгүй доог хийгээд зогсоод байсан. Тэгээд байж байхад манай эхнэр Цолмонгэрэл ирээд нөгөө хоёр залууг загнаж байгаад явуулсан. Эхнэртэйгээ гэр рүүгээ очиход төмсөг хөндүүрлээд байхаар нь тоогоогүй орондоо орох гээд хувцсаа тайлахад, нойтон мэдрэгдээд байхаар нь хартал цавины хэсэгт хөхрөөд 2 хэсэг газарт язарсан байсан. Тэгээд ээж аав хоёр ирээд сумын эмнэлэгт дуудлага өгч үзүүлсэн. Эмч ирээд шархыг маань цэвэрлэж өвчин намдаах эм өгөөд явсан. Тэгээд 2 хоног хөндүүрлээд босож явж чадаагүй. Тэгээд аав ээж хоёр сумын цагдаад мэдэгдсэн байсан. Би сумын цагдаад өргөдөл бичиж өгсөн...Миний төмсөг хэсэгт хөндүүр байна, хамаагүй ширүүн хөдөлбөл хатгуулж өвдөнө, бас язарсан хэсэгт нь задарчих гээд байна, явахад зовуурьтай байна...Надад гомдол санал байна. Би гэр бүл зохиогоод удаагүй байна. Миний төмсөгт өөрчлөлт орох вий гэж санаа маань зовж байна. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуу/
Гэрч Г.Цолмонгэрэлийн өгсөн:... Манай нөхөр Г.Д гадаа унааны морио аргамжиж байсан. Би гэртээ хоол хийгээд байж байсан юм. Тэгэхэд 20 цаг л болж байсан байх. Тэгсэн чинь гэрийн гадаа нохой хуцаж байснаа гэнэт гангинаад байсан юм. Би яагаад нохой хуцав гээд хаалгаар шагайгаад харсан чинь Г.Д аргамжиж байгаа морин дээрээ байж байсан, мотоциклтой хоёр хүн байсан. Тэгээд би юун хүмүүс юм бол гэж бодоод буцаад гэр рүүгээ орсон. Тэгээд хэсэг байж байгаад Г.Д машинтайгаа хөдлөөд гэрийн урд очсон юм. Тэгээд тэр мотоциклтой хоёр хүнтэй уулзаад зогсож байснаа гэнэт Д уурлаад хашхираад байхаар нь хартал тэр мотоциклтой хоёр залуу мотоциклоо тойроод гүйгээд байхаар нь би очсон чинь Г.Д лоом барьчихсан зогсож байхаар нь би “чи яагаад лоом барьчихсан зогсож байгаа юм” гэхэд тэр өндөр Б гэдэг залуу нь цохичихооч гээд манай нөхрийг өдөөд байсан. Тэгээд би лоомыг нь тавиулсан чинь тэр хоёр залуу хэлэх хэлэхгүй үгээр дайрж, давшлаад өдөөд байсан. Тэгээд манай нөхөр Г.Д чи хүний эмзэг эрхтэн рүү өшиглөлөө чи ингэж болдог юм уу гээд хоорондоо маргалдаад байсан...Манай нөхрийг өвдөглөсөн залууг л харж байсан. Б гэдэг нэртэй хаана байдаг, жинхэнэ нэрийг нь мэдэхгүй. Харин нөгөө цуг явж байсан залууг бол танихгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуу/
Гэрч О.Манлайбаярын өгсөн:.. Би Батнасан гэдэг найзындаа морь уяж байсан юм. 2021 оны 06 дугаар сарын 10-ны орой 2 даагандаа ажил хийж байсан юм. Д-ийн гэрийн урдуур гайгүй сайхан цагаан зам байдаг болохоор тэр замаар даагаа тарлаж байхад Д-ийн нохой дайрсан. Тэгээд 2 дахь даага маань шүдлэн эмнэг, жоохон хүүхдээр унуулж байсан болохоор нохой нь дайраад хүүхэд унагаачих гээд байсан болохоор Б нохойг нь модоор хатгасан. Тэгээд нохой нь гангинаад үлдсэн юм. Даагаа таралчихаад буцаад явж байхад Г.Д машинтайгаа бид хоёрын явж байсан зам дээр амдаж ирээд зогссон. Тэгээд Г.Д машин дотроосоо “нохой яагаад зодоод байгаа юм бэ” гэхэд Б “шүдлэн даагатай болохоор нохой чинь дайраад хүүхэд унагаачих гээд байна” гэж хэлсэн. Ахиад энүүгээр ирээд нохой зодоод байвал ална шүү гэж хэлсэн. Тэгсэн Б “юу гээд байгаа юм бэ, буугаад ир” гэж хэлсэн. Тэгсэн Г.Д машинаасаа бууж ирээд тэр хоёр заамдалцаад авсан. Би мотоцикл дээрээ сууж байсан. Тэгээд гэнэт Г.Д чи төмсөг рүү өшиглөчихлөө гэж орилохоор нь би очиж тэр хоёрыг салгасан. Тэгсэн чинь Д машинаасаа 1 метр орчим лоом гаргаж ирээд Б би чамайг ална гээд хөөсөн. Б машиныг нь тойрч зугтаагаад байж байхад Д-ийн эхнэр ирээд Б-ийг загнаад Д-ийг боль гэж хэлсэн. Тэгээд Б, Д хоёр хоорондоо учраа ол гэж хэлэхээр нь би мотоцикл руугаа явсан. Тэгээд мотоцикл дээрээ очоод байж байхад Д машинаасаа нэг юм аваад Б рүү Д дайраад хутгалж ална гээд хөөцөлдөөд байсан. Тэгээд Б за би чамайг өшиглөсөн юм чинь чи намайг нэг цохь гээд Д Б-ийг нэг цохиод тэгээд салцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/
Б.Б-ий яллагдагчаар өгсөн:... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2139000000188 дугаартай тогтоолтой танилцлаа. Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 272 дугаартай дүгнэлт:
Б.Б-ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 хуу/
Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 59 хуу/
Хохирогч Г.Д-ийн гаргасан “2021 оны 8 сарын 01-нд Б 120.000 төгрөг өгч хохирол барагдуулсан тул би гомдолгүй” гэсэн тодорхойлолт /хх-ийн 62 хуу/
Яллагдагч Б.Б гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 63 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг, “Тэнүүн чулууны хороо” гэх газарт хохирогч Г.Д-той маргалдаж түүний бэлэг эрхтэн рүү нь өвдөглөж, зүүн цавинд нь шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г.Д-ийн өгсөн...Би буугаад очсон чинь өндөрдүү биетэй залуу нь намайг заамдаж аваад салтаа руу өвдөглөсөн... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Цолмонгэрэлийн өгсөн ...Г.Д ёолоод хэвтээд байсан. Тэгээд би яагаад ёолоод байгаа юм гэсэн төмсөг рүү өвдөглөчихсөн өвдөөд байна гэж хэлэхээр нь харсан чинь язарчихсан их цус гарч байсан...гэсэн мэдүүлэг, гэрч О.Манлайбаярын өгсөн...Тэгээд гэнэт Г.Д чи төмсөг рүү өшиглөчихлөө гэж орилохоор нь би очиж тэр хоёрыг салгасан... гэсэн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Д-ийг зодсоны улмаас түүний биед учирсан зүүн цавины 3х0,1 см, доод талд 04.х0.2 см хэмжээтэй шарх гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Б.Б-ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 63 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 64 хуу/ гарган яллагдагчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Б.Бат-Эрдэнэ хүлээн зөвшөөрч /хх-ийн 71 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Б.-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь 2021 оны 06 сарын 10-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн, урьд нь ял шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Иймд Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.- ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ